Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 08

 

  Д.Урантуяагийн нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баянбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 801 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Урантуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Ганхуягт холбогдох

15.500.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 9.500.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Урантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баянбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Д.Урантуяа нь 2014 оны 10 дугаар сард Г.Ганхуягаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 28-12 тоотод байрлах 10*10 харьцаатай. дүнзэн байшин хоёр тал банзан хашааг нийтэд нь 25.000.000 төгрөгөөр худалдаж авахаар амаар ярилцан, тохиролцсон байдаг. Тус хашаа, байшингийн үнэд Вонго маркийн ачааны машиныг 9.500.000 төгрөгт тооцож өгөөд, үлдэгдэл 15.500.000 төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцож 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Г.Ганхуягийн эхнэр Цэцгээгийн ХААН банкны данс руу 8.000 000 төгрөг, мөн 1.000.000 төгрөг, дараа нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 4.000.000 төгрөг шилжүүлж, бэлнээр 1.000.000 төгрөг,          1 500 000 төгрөгийг тус тус өгч, нийт 15.5000.000 төгрөгийг Г.Ганхуягт өгсөн байдаг. Д Урантуяагийнх тус хашаа байшинд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нүүж очин 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл амьдарсан бөгөөд энэ хугацаанд тус байшинд шороо ордог, орон сууцны зориулалтаар ашиглахад шаардлага хангахгүй, хүйтэн байсан, мөн 9.500.000 төгрөгт тооцож өгөх Вонго маркийн машиныг тохирсон ёсоор авахгүй гэсэн учир тэд ярилцаад наймаа буцаж, Г.Ганхуяг нь хашаа байшингаа зарчихаад Д.Урантуяагийн өгсөн 15.500.000 төгрөгийг өгөхөөр тохиролцож, хашаа байшингаа хүлээж аваад түлхүүрээ буцааж авсан байдаг. Мөн Д.Урантуяа тус байшинд 600.000 төгрөгийн засвар хийсэн төдийгүй хэрэглэсэн тог цахилгааныхаа төлбөрийг бүрэн төлөөд тооцоо дуусгаад гарсан учраас тус байшинг ашигласны төлбөр төлөх боломжгүй гэж нэхэмжлэгч тайлбарладаг юм. Тус хашаа байшинг худалдах, худалдан авахдаа ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Д.Урантуяад өмчлөх эрх нь шилжээгүй, хашаа байшин банкны барьцаанд байдаг, одоо ч                  Г.Ганхуягийн нэр дээр бүртгэлтэй байгаа юм. Одоо тус хашаа байшинд өөр айл амьдардаг бөгөөд Г.Ганхуяг хашаа байшингаа зарагдахаар 15.500.0000 төгрөгийг өгөхөөр тохирсон боловч өгөхгүй өдий хүрсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хашаа байшингийн наймаа буцсан учраас түүний үнэд төлсөн 15.500.000 төгрөгийг Г.Ганхуягаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ганхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 28-12 тоотод байрлах 3 тал банзан хашаатай, 10*10 хэмжээтэй дүнзэн байшин нь 2 давхар, зуны улиралд 2 давхартаа амьдрах, өвлийн улиралд 1 давхартаа амьдрах боломжтой, үүдний тамбортай, эд зүйл хураах амбаартай байшинг ярилцаад 25.000.000 төгрөгөөр өгч авахаар тохирсон. Тус хашаа байшин 30.000.000 төгрөгийн үнэ хүрч байсан боловч танай байшин манай хүүхдүүдэд таалагдаад байна, заавал үүнийг авна гэж байна гээд гуйсаар байгаад авахаар болж, 2014 оны 11 дүгээр сард хашаа байшиндаа нүүж орохдоо бэлэн 25.000.000 төгрөг өгье гэж хэлсэн учраас итгээд хашаа байшиндаа оруулсан юм. Түүнчлэн Д.Урантуяа хашаа байшингийн үнэд оролцуулаад Вонго машин авчих гэсэн бөгөөд надад 2, 3 машин байгаа, би машин авахгүй гэдгээ хэлж байсан. Гэтэл Д.Урантуяа нь миний 10.000.000 төгрөгийг манай дүү надаас зээлж авчихаад Улаанбаатар хот яваад хулхидаад алга болчихлоо, ноолуур гарахаар хавар мөнгийг тань гүйцээж өгье гэж гуйхаар нь зөвшөөрсөн. Хүн амьдрах боломжгүй гэдэг нь худлаа юм. Байшингийн тасалгаа хийгдээгүй байсан бөгөөд би банзаа өгч тасалгаа хийлгэж байсан. Өөр байшинд засвар хийх зүйл байгаагүй. Би хүүдээ барьсан боловч хүү маань Улаанбаатарт амьдрах болсон учир зарсан. Д.Урантуяагийнх 2014 оны 11 дүгээр сард манай хашаа байшинд орж 2014 оны 11 дугээр сарын 03-ны өдөр “Эрчим хүч” хязгаарлагдмал хариуцлагатай компанид өргөдөл өгч өөрийн нэр дээр гэрэл тавиулаад 2015 оны 06 дугаар сард тооцоо хийж хашаа байшингаас гарсан байсан. Д.Урантуяагаас мөнгөө авахаар залгахад түүний эхнэр утас авч би өвчин туссан, хашаа байшинг буцааж өгмөөр байна, мөнгийг минь өг гээд элдэв зүйл яриад байсан. Д.Урантуяа утсаа авахгүй байхаар нь үлдэгдэл мөнгөө авъя гээд мессэж бичихэд таны мөнгийг өгөх боломжгүй, банкны өрд орсон учраас хашаа байшингаа буцааж өгье гэсэн мессэж ирүүлж байсан. 2015 оны 7 дугаар сард мессэж бичсэнийхээ дараа, Д.Урантуяа намайг эзгүй үеэр ирээд байшингаа зараад мөнгийг минь өгөөрэй гэж хэлээд эхнэрт маань байшингийн түлхүүрийг хүчээр үлдээсэн байдаг. Байшингийн цонх хагалаад байхаар нь сахиул маягаар байшиндаа айл оруулсан нь үнэн. Хашаа байшингийн гэрчилгээ банкны барьцаанд байгаа бөгөөд үлдсэн 9.500.000 төгрөгөө аваад хашаа байшингийн үл хөдлөхийн гэрчилгээг Д.Урантуяагийн нэр дээр шилжүүлж өгөхөөр тохирсон байсан. Манайх тус хашаа байшинг барихаар түүнийг барьцаалж зээл авсан. Тухайн үед миний хашаа байшин 30.000.000 төгрөгөөр зарагдах боломжтой байсан бөгөөд одоогийн хямралтай үед 15.000 000 төгрөгөөр л зарагдах хэмжээнд байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Г.Ганхуяг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Ганхуяг нь 2014 оны 10 дугаар сард Д.Урантуяатай харилцан ярилцсаны үндсэн дээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 28 дугаар гудамжны 12 тоотод байрлах 10*10 хэмжээтэй дүнзэн байшин, 3 тал банзан хашааг 25.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцож зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд миний бие Д.Урантуяад гэрээнд заасны дагуу тухайн байшинг шилжүүлэн өгсөн. Харин гэрээ гэрчилгээ нь банкны барьцаанд байсан тул мөнгийг бүрэн төлж барагдуулсны дараа шилжүүлэхээр тохиролцсон. Д.Урантуяа нь гэрээнд заасны дагуу мөнгийг цувуулан өгсөөр 15.500.000 төгрөг болсон. Одоо 9.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Гэтэл Урантуяа нь наймаа хийснээс хойш 1 жил 4 сарын дараа наймаа буцлаа гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Учир нь:

1.  Д.Урантуяа нь тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авснаас хойш бүтэн 1 жил 4 сарын хугацаа өнгөрсөн буюу хуульд заасан шаардлага гаргах хугацаа өнгөрсөн.

2. Тухайн эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл Д.Урантуяа хийсэн байна. /2014 оны 10 сард худалдаж аваад тухайн байшинд нүүж орсон нь тухайн эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх юм/

3. Дараахь тохиолдолд талууд гэрээний үүргээс татгалзахаар хуульд заасан байна Үүнд: Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй нөхцөл бий болсон, эсхүл худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдол гарсан. Д.Урантуяа нь гэрээнд заасан үүргийнхээ дийлэнх хэсгийг төлж барагдуулсан байх бөгөөд уг хашаа байшинг зориулалтынх нь дагуу одоо ашиглахад бэлэн байгаа тул гэрээнээс татгалзах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Д.Урантуяагаас зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн 9.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баянбилэг сөрөг нэхэмжлэлд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д Урантуяа нь 2014 оны 10 сард хариуцагч Г.Ганхуягаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багт байрлах, хашаа байшинг нь нийтдээ 25.000.000 төгрөгөөр худалдан авахаар ярилцан тохиролцоод үнэд нь Вонго маркын ачааны автомашиныг 9.500.000 төгрөгөөр бодож үлдсэнд нь бэлэн мөнгө өгөхөөр болсон ч худалдах, худалдан авах гэрээг албан ёсоор бичгээр байгуулаагүй байдаг. Нийтдээ 15.500.000 төгрөгийг Г.Ганхуягт шилжүүлэн өгч, Д.Урантуяа нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний үед уг хашаа байшинд нүүж очоод 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэп амьдарч байгаад тухайн байшин нь орон сууцны зориулалтаар ашиглахад шаардлага хангахгүй, мөн үнэд нь өгөхөөр тохиролцсон Вонго маркын ачааны автомашиныг Г.Ганхуяг тохирсон ёсоор авахаа больсон тул дээрх шалтгааны улмаас наймаа буцахаар болсон. Тэгээд Г.Ганхуяг, Д Урантуяа нар 15.500.000 төгрөгийг буцааж өгч авахаар тохиролцсон боловч Г.Ганхуяг нь уг хашаа байшинг хүн худалдаж авахгүй байна зарж борлуулаад мөнгийг буцааж өгнө гэх зүйл ярьж өдийг хүрсэн байдаг. Тэдний хооронд тус хашаа байшинг зээлээр худалдах, худалдан авах гэрээ албан ёсоор байгуулаагүй түхайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь Д.Урантуяагийн нэр дээр шилжээгүй тул хуульд заасан шаардлага гаргах хугацаа өнгөрсөн гэж хариуцагчийн зүгээс тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 9.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Түүнчлэн гэрээ хийгээгүй байхад өмчлөх эрх нь шилжээгүй байхад гэрээ байгуулсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, хийсэн гэрээ байхгүй байгаа. Бэлэн мөнгөний төлбөрөө өгсний дараа Вонго машиныг аваагүй байдаг. Эрхийн доголдолтой байсан учраас наймааг буцаасан. 2015 оны 5 сард түлхүүрийг нь хүлээлгэж өгсөн байдаг ба байшингаа зарагдахаар мөнгийг нь өгнө гэсэн учир харсаар, хүлээсээр 1 жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд одоо тус хашаа байшингаа өөр хүнд зарчихсан айл оруулсан байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 801 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Г.Ганхуягаас 15.500.000 / арван таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан  нэхэмжлэгч Д.Урантуяад олгож, хариуцагч Г.Ганхуягийн 9.500.000 /есөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.450 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.550 төгрөгөөс 166.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганхуягаас 235.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Урантуяад, түүний улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 65.600 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр, хариуцагч Г.Ганхуяг нар давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгч Д Урантуяа нь Хариуцагч Г.Ганхуягаас 15,500,000 төгрөг гаргуулах, хариуцагч Г.Ганхуяг нь 9,500,000 мянган төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзэлгүй, хуулийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан.

... Гэтэл талуудын хооронд хийгдсэн гэрээний агуулгаас үзэхэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-р багийн 28-12 тоотод байрлах 10/10 харьцаатай дүнзэн байшин, банзан хашааг нийтэд нь 25.500.000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцож Г.Ганхуяг нь худалдаж гэрээнд заасны дагуу 15.500.000 төгрөгийг цувуулан өгч үлдэгдэл 10 сая төгрөгийг тухайн онд хэсэгчлэн төлөх үлдэгдэл мөнгийг бүрэн төлж дууссаны дараа Д.Урантуяад банкны барьцаанд байгаа үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлж өгөхөө тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 263-р зүйлийн 263-2-т заасан үндэслэлд нийцэж байна.

Талуудын тайлбараас үзэхэд Г.Ганхуяг нь Д.Урантуяад уг хашаа байшингийн үлдэгдэл мөнгийг зээлээр 1 жилийн хугацаанд дурьдсан хугацаанд үнийг төлөх үүргийг хүлээж тохиролцсон байгаа нь үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 262-р зүйлийн 262-1-д зааснаар зээлээр худалдах худалдан авах хэлцэл талуудын хооронд хийгдсэн байна

Гэтэл Д.Урантуяа нь уг үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилдээ шилжүүлж авсан атлаа үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг хэлцлээр тохирсон хуваарийн дагуу Г.Ганхуягт төлөөгүй болох нь зохигч нарын тайлбараар нотлогддог.

... Нэхэмжлэгч Д Урантуяа нь үл хөдлөх хөрөнгийн үнэнд төлсөн 15.500.000 төгрөгөө буцаан авна гэж шаардаж байгаа нь түүнийг гэрээнээс татгалзаж байна гэж үзэхээр байгаа боловч Д.Урантуяа нь өөрөө хэлцлээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэгүй байхад түүнд татгалзах эрх үүсээгүй байна.

... Мөн талуудын хооронд хийгдсэн хэлцэл Иргэний хуулийн 263-р зүйлийн 263-4-т заасан үндэслэлийг зөрчөөгүй байх тул Д.Урантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 264-р зүйлийн 264-1-т “Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан үндэслэл нь худалдагч тал болох Г.Ганхуягийн гэрээнээс татгалзах эрхийг тодорхойлсон зохицуулалт юм.

... Худалдагч Г.Ганхуяг нь гэрээний үүргээ Иргэний хуулийн 262-р зүйлийн 262-1-т заасан үндэслэлээр үл хөдлөх хөрөнгийн үлдэгдэл мөнгийг шаардах эрхтэй байх тул түүний сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.

... Иймд Д.Урантуяагийн Г.Ганхуягаас 15.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Г.Ганхуягийн сөрөг нэхэмжлэлийг хангаж Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 08 өдрийн 801 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Д.Урантуяа 15.500.000 төгрөг хариуцагч Г.Ганхуягаас гаргуулах, хариуцагч Г.Ганхуяг 9.500.000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан ба  шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д  зааснаар хариуцагч Г.Ганхуягаас 15.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Урантуяа нь 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн  итгэмжлэлээр төлөөлөгч Г.Баянбилэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу олгогдсон нэхэмжлэгчийн эрх, үүргийг шилжүүлсэний үндсэн дээр төлөөлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болох нь хэрэгт авагдсан итгэмжлэл, зохигчдын гаргасан тайлбараар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Ганхуяг нь нэхэмжлэгч Д.Урантуяад холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баянбилэгт гардуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 32  дугаар зүйлд заасныг зөрчсөн байна. /хх-42/

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Урантуяа нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баянбилэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэгчийн эрхийг эдлэх итгэмжлэл олгосон байх ба сөрөг нэхэмжлэлийг гардан авах улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх олгоогүй тул шүүх Д.Урантуяагийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  эрх зүйн үндэслэлийн талаар  давж заалдах шатны шүүхээс дүгнэлт  хийх боломжгүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 801 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 801 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169.500 /нэг зуун жаран есөн мянга, таван зуу / төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                  ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                     Т.ГАНБАТ