Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/06

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Б.Доржсүрэн, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар,

шүүгдэгч Л.Баасандорж, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Баасанхүүгийн Доржсүрэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Лимбийн Баасандорж нарт холбогдох эрүүгийн 1717000030023 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Сартуул овогт Баасанхүүгийн Доржсүрэн /РД:ЗБ79052618/ Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1979 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, Өл гэх газарт нутаглах, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 7, эцэг, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоосон,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигин овогт Лимбийн Баасандорж /РД:ЕЙ81071313/ Дорноговь аймгийн Айраг суманд 1981 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Хар толгойн булаг гэх газарт нутаглах, хувиараа мал аж ахуй эрхэлдэг,  боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд 1998 онд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 81 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29, 39 дүгээр зүйлүүдийг журамлан тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 120 000 төгрөгөөр торгох ялаар, 2007 онд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоосон гэх,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Б.Доржсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Өл” гэх газар иргэн Л.Баасандоржтой маргалдан түүний хэвлий тус газар /дэвссэн/ өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

 

Яллагдагч Л.Баасандорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Өл” гэх газар иргэн Б.Доржсүрэнтэй маргалдан түүний зүүн хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.Доржсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Өл” гэх газарт Л.Баасандоржийг явуулахгүй гэх шалтгаанаар мотоциклийн түлхүүрийг нь булаан авч мотоцизльтой нь хамт тийрч унаган хэрүүл маргаан үүсгэн улмаар хоорондоо зууралдан ноцолдож түүний хэвлий, нуруу тус газар дэвсэн өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

- шүүгдэгч Л.Баасандорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Өл” гэх газарт Б.Доржсүрэнг мотоцикльтай нь хамт өшиглөн унагаасан гэх шалтгаанаар түүний хөл рүү өшиглөж улмаар хоорондоо зууралдан ноцолдож газарт унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.Доржсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 11-нд эхнэртэйгээ хамт адуу хайж байгаад Баярсайханы гэрт очиход Баасандорж, Өлзий-Орших, Баярсайхан нар байсан. Баасандорж нь газарт гудас дэвсээд цаашаа хараад хэвтэж байсан. Яагаад хэвтэж байгаа талаар нь асуухад бие нь өвдөөд бөөлжөөд хэвтэж байна гэсэн. Баярсайханы гэрт уугаад дуусч байсан архинаас надад хийж өгөөд дахин нэг Улаанбаатар нэртэй 0,75 литрийн архи гаргаж ирээд бид нар хувааж уусан. Тэгээд Баасандорж, Өлзий-Орших, Баярсайхан нар Чойр явж архи ууя эсвэл Өлзий-Оршихынд архи ууя өнөөдөр баярын өдөр гэсэн. Бид нар Баярсайханы гэрт муудалцсан зүйл байхгүй. Би манайд ганц хоёр шил архи байгаа ууя гэж хэлэхэд Баярсайхан, Өлзий-Орших, Баасандорж нар нэг мотоцикль дээр сундлаад түрүүлээд хөдөлсөн. Би араас нь эхнэртэйгээ яваад нар шингэж харуй бүрий болж байхад манай гэрт ирсэн. Гэртээ байсан Болор нэртэй нэг шил архийг гаргаж хувааж уусан. Архи дуусч байхад гаднаас Түвшинжаргал орж ирэхээр нь би Алтантүрүү нэртэй нэг шил архи задалж уугаад бүгд халсан. Баярсайхан бид хоёр жаахан маргалдаад над руу агсраад байсан. Би тухайн үед тэнсэн харгалзах ялтай учраас биеэ бариад юм хэлээгүй. Баярсайхан бид хоёр гэрээс гараад шээгээд зогсож байхдаа чи бид хоёрт өс хонзон байхгүй, яагаад над руу агсраад байгаа юм, эвтэй байя гэж хэлтэл Баярсайхан тэгье гэж хэлээд бид эвлэрсэн. Тэгээд эргээд хартал Баасандорж, Өлзий-Орших нар явах гээд мотоциклийн хажууд зогсож байсан. Би түрүүлж очоод хэдүүлээ ямар муудаж сайдсан биш гээд мотоциклийн түлхүүрийг нь авсан. Түүнээс болж маргалдсан. Би өмнө нь Баасандоржийг таньдаг байсан. Өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Согтуу мотоцикль бариад явах гэхэд нь явуулахгүй гэж хамгаалах зорилгоор маргалдсан. Би түлхүүрийг нь аваад халаасандаа хийгээд Баасандоржийг мотоцикльтой нь хажуу тийш нь татаж унагахад Баасандорж уурлаад гүйгээд ирэхээр нь би тэвэрч аваад баруун талын тохойгоороо цээжин хэсэгт нь дараад унасан. Дэвсэж, өшиглөсөн эсэхээ санахгүй байгаа. Нэг удаа өшиглөсөн байх. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 5 000 000 төгрөг төлсөн гэв.

 

1.2. Шүүгдэгч Л.Баасандорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 11-нд Өлзий-Орших бид хоёр морь хайхаар зүүн хойшоо явсан. Замаараа Баярсайханы гэрт адуу сураад очсон. Бид хоёр нэг шил архитай явж байсан. Би 2-3 хундага архи уугаад хэвтээд өгсөн. Намайг унтаж байхад Доржсүрэн ирсэн байсан. Баярсайхан Улаанбаатар нэртэй архи гаргахаар нь би их уугаагүй ба Доржсүрэн, Баярсайхан, Өлзий-Орших нар хувааж уусан. Тэгээд Доржсүрэнгийн гэрт нь очоод цай уугаад Доржсүрэн Болор нэртэй нэг шил архи гаргаж ирэхээр нь би 2-3 хундага уусан. Тэгээд архиа уугаад байж байтал гаднаас Ягаанаа орж ирсэн. Доржсүрэн, Баярсайхан нар нь адуу мал дээрээс болж хоорондоо муудалцаад байсан. Тэгэхээр нь би Өлзий-Оршиход хэдүүлээ одоо явъя гэж хэлээд гараад иртэл гадаа харанхуй болсон байсан. Мотоциклио асаагаад зогсож байтал Доржсүрэн гүйж ирээд муудалцаад гэдэс рүү тийрээд унагаасан. Бид хоёрыг газарт унасан байхад Доржсүрэнгийн эхнэр, Өлзий-Орших, Баярсайхан нар салгасан. Тэгэхээр нь би Доржсүрэнгийн гэрт ороод мотоциклийн түлхүүр алга байна түлхүүрээ авъя гэж хэлээд сууж байтал Доржсүрэн бөөр, нуруу луу өшиглөсөн. Тэгээд түлхүүрээ аваад гэрээс нь гарсан. Тухайн өдөр болсон зүйлийг мэдэж байгаа. Бид нар 3 шил архи уусан. Явна, явахгүй гээд л маргалдсан. Би хөл рүү нь өшиглөөгүй. Харин дээр, доороо орж ноцолдон нүүр лүү нь ганц хоёр удаа цохисон. Доржсүрэнгийн хөл нь хэзээ хугарсаныг мэдээгүй. Хэрэг болсны маргааш нь эмнэлэг дээр үзүүлээд явж байхад Доржсүрэн нь хөл нь хугарсан гэж хэлсэн гэв.

 

1.3. Хохирогч Б.Доржсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мотоциклийн түлхүүрийг нь булааж аваад явуулахгүй гэж маргалдсан. Би Баасандоржийг унагахад над руу дайраад ирэхээр нь тэвэрч аваад газарт унагаж ноцолдож байгаад хөлөө эвгүй болгосон. Зүүн хөлийн яс доод шагай хэсэгтээ цуурсан байсан. Өмнө нь миний хөл зүгээр байсан. Газарт унаад ноцолдож байгаад босоод гишгэхэд хөл эвгүй болсон байсан. Баасандорж уурлаж босож ирээд зүүн талын хөлийн доод хэсэгт нэг удаа өшиглөсөн. Гэхдээ арай ч хөлийн яс цууртал өшиглөсөн гэж бодохгүй байна гэв.

 

1.4. Хохирогч Л.Баасандорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Доржсүрэн нь явуулахгүй гэж маргалдан мотоциклиос тийрч унагаасан. Тэгээд мотоциклийн хажууд зодолдож давхралдан унасан. Доржсүрэнгийн өшиглөсөн үйлдлээс болж би дэлүүгээ авахуулсан. Мөн нойр булчирхай бяцарч, бөөрөнд цус хурсан байсан. Хагалгаа хийлгэсэн. Доржсүрэн намайг мотоцикль дээрээс өшиглөж унагасан мөн гэрт нь байхад нэг удаа өшиглөсөн. Биеийн байдал гайгүй байгаа. Одоо эмчилгээ хийлгээгүй, ямар нэгэн зовиур байхгүй. Эмчийн хяналтанд байгаа. Хүнд юм өргөж болохгүй гэсэн гэв.

 

1.5. Гэрч Ж.Өлзий-Орших мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Урьд өдөр нь Шивээговь суман дээр Отгонбаатар, Баасандорж бид гурав архи ууж байхдаа Баасандорж маргааш Баярсайханыд очоод ирье наадам болж байна гэхээр нь би тэгье, маргааш хүрээд ир, би далимаар нь алдсан адуугаа суръя гэж хэлсэн. Баасандорж бид гурав 2 ширхэг 0.75 литрийн ерөөл архи, 1 ширхэг 2.5 литрийн пиво хувааж уусан. 2017 оны 07 дугаар сарын 11-ний өглөө Баасандорж 11 цагийн үед манайд ирэхэд би гэртээ байсан хар Чингис нэртэй 0.75 литрийн архийг аваад Баярсайханы гэрт очсон. Баасандорж урьд өдөр нь архи уусан болохоор шартсан юм шиг байна лээ архинаас 2-3 хундага татаад хэвтээд унтаад өгсөн. Тэгээд удаагүй Доржсүрэн эхнэрийнхээ хамт гаднаас орж ирсэн. Би Доржсүрэнгийн гэрт очоод нилээн архи уусан, зарим зүйлийг санахгүй байгаа. Доржсүрэн, Баасандорж хоёр хоорондоо муудалцаад, ноцолдоод байсныг бүдэг бадаг санаж байна. Бие биеийгээ яаж цохисныг мэдэхгүй байна. Баярсайханы гэрийн гадаа буцаж ирээд сэргэсэн. Баярсайханыхаас гарахдаа буруу замаар гарсан байсан. Замд явж байхад Баасандорж ёолоод байсан. Юу болсныг асуухад бие эвгүй болоод байна гэсэн. Тэгээд Бат-Ирээдүйн гэрт ирсэн. Баасандорж байн байн гарч ёолоод байхаар нь яаж байна гэсэн чинь Доржсүрэн бөөр лүү өшиглөсөн юм. Тэгээд дотор халуун оргиод баас гарахгүй байна. Дотуур цус алдана гэж байдаг юм уу гэж надаас асуугаад байхаар нь би эмнэлэг дуудах уу гэж асуусан чинь яах юм бэ, эгчийгээ дуудъя гэж хэлсэн. Тэгээд эгч Нямсүрэн нь нөхрийнхөө хамт машинтай ирээд Баасандоржийг аваад явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26-33 хуудас/

 

1.6. Гэрч О.Түвшинжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн үед адуу хайгаад Өл гэх газар нутаглаж байгаа Доржсүрэнгийн гэрт буухад Баярсайхан, Баасандорж, мөн нүд муутай залуу нар Болор нэртэй архи уугаад бараг дуусч байсан. Баасандорж арай гайгүй, ерөнхийдөө бүгд согтуу дуу нь чангарсан байсан. Доржсүрэн, Сайханаа нар хоорондоо шорон яриад, тоглоод ч байгаа юм шиг, муудалцаад ч байгаа юм шиг байсан. Доржсүрэн нэг Алтантүрүү нэртэй 0.75 литрийн архи гаргаж ирээд тэр архинаас нэг нэг хундага ууцгаасан. Доржсүрэн, Сайханаа нар хоорондоо ноцолдоод гарсан. Гадаа гараад Доржсүрэн, Сайханаа хоёрыг салгах гээд Баасандорж голоор нь орсон. Сайханаа согтуу болохоор газар суугаад өгсөн. Баасандорж, Доржсүрэн нар бие биеийнхээ хувцаснаас заамдалцаж байгаад газар унаад өгсөн. Баасандорж унахдаа Доржсүрэнгийн доор нь ороод унасан. Газар унаад Баасандорж өнхөрөөд дээр нь гарчихсан чи муу яршиг шүү гээд сууж байсан. Доржсүрэнгийн эхнэр Отгоо бид хоёр наанаас нь очиж салгасан. Доржсүрэн босоод найзыгаа хүндэлж байгаа бол гэр лүү оръё гээд орцгоосон. Гэрт орсны дараа Доржсүрэн, Баасандоржийг нэг удаа өшиглөсөн. Гэрт орж ирээд удаагүй Баасандорж, Сайханаа, нүд муутай залуу нар явлаа гээд гарсан. Доржсүрэн, Сайханаа нар муудалцаад гарахад би араас нь жаахан байж байгаад гарсан. Намайг гарахаас өмнө юу болсныг мэдэхгүй байна. Доржсүрэн хөл эвгүй болчихлоо гэж байсан. Аль хөлийг нь мэдэхгүй байна. Баасандоржийн биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Доржсүрэн мотоциклийнх нь түлхүүрийг булааж аваад явуулахгүй гээд байсан.  Доржсүрэн гаднаас орж ирээд Баасандоржийн зүүн талаас өшиглөсөн. Би бөгсөн бие орчимд өшиглөсөн гэж бодсон. Баасандорж өөдөөс нь яаж байнаа гээд гарыг нь бариад авсан. Ёолж орилсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33-37  хуудас/

 

1.7. Гэрч Ч.Баярсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед Баасандорж, Өлзий-Орших нар манайд адуу сураад ирсэн. Өлзий-Орших нэг шил 0.75 литрийн архи гаргаад ирсэн. Баасандорж, Өлзий-Орших нар манайд ирэхдээ архи уусан байдалтай ирсэн. Баасандорж архи уухгүй гээд унтаад өгсөн. Өлзий-Орших бид хоёр архи хувааж уугаад сууж байхад гаднаас Доржсүрэн эхнэрийнхээ хамт адуу сураад орж ирээд  архинаас хувааж уусан. Баасандоржийг унтаж байхад Өлзий-Орших дуудаж босгосон. Баасандорж босож ирээд архинаас 2-3 хундага уусан. Архи дуусахаар нь би өөрт байсан Улаанбаатар нэртэй 0,5 литрийн архийг гаргаад мөн хувааж уусан. Баасандорж архинаас ганц, нэг татаад уухгүй байсан. Доржсүрэн манайд нэг шил архи байгаа түүнийг очиж ууя гэсэн. Доржсүрэн гэртээ очоод 1 шил Болор нэртэй 0,75 литрийн архи гаргаж ирсэн. Би тэр архийг хувааж ууж байгаад нэг сэрэхэд гэртээ унтаж байсан. Би тэд нарыг зодолдсон талаар мэдэхгүй байна. Баасандорж манайд ирэхдээ бие өвдөж байгаа талаар яриагүй. Мөн Доржсүрэн нь хөл өвдөж байгаа талаар хэлээгүй. Зүгээр явж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 38-42 хуудас/

 

1.8. Гэрч Э.Азжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед байх Өлзий-Орших, Баасандорж нар мотоцикльтой манайд адуу сураад ирсэн. Мөн сүүлд өндөр залуу эхнэрийнхээ хамт ирсэн. Тэд нар манай их гэрт архи ууж байна гэж хүүхдүүд хэлж байсан. Тэгж байгаад явцгаасан. Манай нөхөр Баярсайхан би Докынд очоод ирье гэж хэлээд гарсан. Шөнө 22 цагийн үед Өлзий-Орших, Баасандорж нар манай нөхрийг бүснээс нь өргөөд чирээд орж ирсэн. Архи уугаад тасарсан байсан. Хүнтэй маргалдсан, зодолдсон талаар юм яриагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 43-44 хуудас/

 

1.9. Гэрч Г.Батзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Сүмбэр сумын 4 дүгээр баг, Цагаан чулуут гэх газарт хүргэн Бат-Ирээдүйн гэрийг болон малыг хараад ганцаараа байсан. Шөнө 00 цаг өнгөрч байхад 2 залуу орж ирсэн. Нэг нь миний нуруу, бөөр өвдөөд явж чадахгүй байна, танайд хоноод явъя. Би Бат-Ирээдүйгийн ангийн хүүхэд нь гэж хэлсэн. Би чамайг хэн гэдэг юм бэ гэсэн чинь Бааска гэж хэлсэн. Тэр хоёр залуу архи уусан байдалтай байсан. Бааска гэх залуу нь бие өвдөөд гээд атиралдаад байсан. Даараад байна гэхээр нь дээлээр хучиж өгсөн. Нөгөө залуу гадаа унтаж байгаад орж ирсэн. Хоорондоо ярьж байхыг нь сонсоход Бааскагаас чи яагаад байна гэсэн чинь Доокоо намайг өшиглөсөн. Бие засмаар санагдаад байх юм, суухаар юу ч гарахгүй байна, эмнэлэг дуудаж үзүүлье, болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд утсаар яриад байсан. Нэг машин ирээд Бааскаг аваад явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 45-46 хуудас/

 

1.10. Гэрч З.Отгонцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр нөхөр Доржсүрэнгийн хамт адуугаа хайж байгаад Баярсайханыд очсон. Бид хоёрыг очиход Баярсайхан, Өлзий-Орших нар архи уугаад, Баасандорж хэвтэж байсан. Баасандорж босож ирээд Доржсүрэнтэй мэнд усаа мэдэлцээд юм яриад байсан. Доржсүрэн бид хоёрыг очиход нэг 0,75 литрийн архи уугаад дуусч байсан. Баярсайхан авдарнаасаа Улаанбаатар нэртэй 0,5 литрийн архи гаргаж ирээд Доржсүрэн, Баасандорж, Баярсайхан, Өлзий-Орших нар ууцгаасан. Архиа ууж дуусаад Баасандорж танайд очъё гэж Доржсүрэнд хэлэхэд Доржсүрэн оч оч гэж хэлсэн. Баасандорж манайд очоод гэрийн гадаа нилээн бөөлжсөн. Доржсүрэн авдарнаас Болор архийг гаргаад тэр хэд хувааж уусан. Баасандорж бие өвдөөд байна гэж байсан. Өлзий-Орших, Баярсайхан нар архи ууж байсан. Баасандорж архи их уугаагүй ганц нэг хундага архи уугаад эрүүл шахуу байсан. Болор архи уугаад бараг дуусч байхад Түвшинжаргал манайд ирсэн. Доржсүрэн дахиад архи гаргасан. Баасандорж Доржсүрэнг нэг хүүхэнтэй холбоотой гэж яриад өдөөд байсан. Би Баасандоржийг энэ хэдийгээ аваад яв гэж хэлсэн. Баасандорж, Баярсайхан, Өлзий-Орших нар явахаар гарсан. Доржсүрэн гаргаж өгөхөөр араас нь гарсан. Би араас нь удаагүй гараад очсон чинь Баасандорж Доржсүрэнг доороо хийсэн дээр нь гараад мордоод суусан байхаар нь би очоод салгах гээд Доржсүрэнг татсан чинь Доржсүрэн дээр нь гараад ирсэн. Тэгээд Түвшинжаргал бид хоёр салгасан. Доржсүрэн босч ирэхдээ миний хөл эвгүй болчихлоо гэж байсан. Би Доржсүрэнг хажуунаас нь түшээд гэр лүү оруулсан. Баасандорж ганц нэг хундага архи уусан эрүүл шахуу байсан мөртлөө Доржсүрэнг ална гээд дайраад байсан. Баасандорж араас орж ирээд мотоциклийн түлхүүр авъя гэхээр нь Доржсүрэнгийн гутлын түрийнээс түлхүүрийг авч өгөөд явуулсан. Доржсүрэнгийн хөл нь ямар нэгэн гэмтэлгүй эрүүл байсан. Баярсайхан, Өлзий-Орших нар мэдэж байгаа. Гэрийн гадаа Баасандоржтой ноцолдож байгаад босож ирэхдээ хөл эвгүй болчихлоо гэж байсан. Тэр шөнөдөө хөл өвдөөд гээд унтаж чадаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 47-48 хуудас/

 

1.11. Гэрч Л.Нямсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 03 цаг 25 минутанд миний төрсөн дүү Баасандорж манай нөхрийн утас руу залгаад би үхлээ дотуур цус алдаад байна, Ирээдүйгийн гэрт байна гэж хэлээд утсаа салгасан. Ирээдүйгийн гэр лүү нөхөр Ганбатын хамт явах замдаа нэг удаа залгасан чинь Баасандорж утсаа аваад бие өвдөөд байна ирж байна уу гэсэн. Тэгээд явсаар байгаад 04 цагийн үед Ирээдүйгийн гэрт очсон. Баасандорж гэрийн гадаа эвхрээд газар хэвтсэн гэдэс өвдөөд байна гээд ёолоод байж байсан. Гэрт нэг өвгөн зүүн талын орон дээр унтаж байсан. Өлзий-Орших баруун талд нь газар унтаж байсан. Тэгээд шууд Шивээговь сумын эмнэлэг рүү аваад явсан. Явах замдаа Баасандорж бие засмаар байна гээд 3 удаа зогсоод юм гарахгүй байна гэж байсан. Шивээговь сумын эмнэлэг дээр очоод үзүүлээд өвчин намдаах тариа хийлгээд Говьсүмбэр аймгийн эмнэлэг рүү авч ирсэн. Баасандоржийн дэлүү, бөөр, нойр булчирхай бяцарсан оноштой байгаа. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа. Хагалгаанд ороод дэлүүгээ авахуулсан. Нойр булчирхай шүүрч магадгүй, хэрэв шүүрэх юм бол дахиж хагалгаанд орно гэсэн. Баасандорж Доржсүрэнгийн гэрт сууж байхад Доржсүрэн нэг удаа маш хүчтэй өшиглөсөн гэж хэлсэн. Өөр надад юм яриагүй, ёолоод байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 49-50 хуудас/

 

1.12. Гэрч Эрдэнэтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр манай нөхөр Баасандорж Өлзий-Оршихын гэрт очоод ирье гэж хэлээд гэрээсээ гарсан. 2017 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед Баасандоржийн эгч Нямсүрэн над руу утсаар яриад Шивээговь сумын эмнэлэг дээр хүрээд ир Баасандоржийн бие өвдөөд байна гэж хэлэхээр нь Шивээговь сумын эмнэлэг дээр очиход Баасандорж гэдсээр өвдөөд дотор муухайраад байна гээд хэвтэж байсан. Би яасан талаар нь асуусан чинь Доржсүрэн намайг өшиглөж зодсон түүнээс болоод бие өвдөөд байна гэж хэлсэн. Би тухайн үед чи шартаад байгаа юм байгаа биз гэсэн чинь би архи их уугаагүй эрүүл шахуу байсан, би шартаагүй ээ, Доржсүрэн намайг зодсон гэж хэлсэн. Баасандоржийн өмсөж явсан футболк нь юу ч үгүй урсан байсан. Баасандорж тухайн үед сандаалтай явсан. Хүн өшиглөсөн гэхэд сандаалтай хүн хүний хөлийг хугалахгүй гэж бодож байна. Говьсүмбэр аймгийн эмнэлэгт ирээд рентгенд үзүүлэхэд Баасандоржийн дэлүү бяцарсан, нойр булчирхай өөрчлөлттэй, бөөр нь бас гэмтэлтэй байна гэж хэлсэн. Өдөр Доржсүрэн аймгийн эмнэлэг дээр эхнэр Отгоогоо дагуулаад машинтай ирсэн. Машинаас буухдаа хөл бага зэрэг хазгар алхаж байсан аль хөл байсныг санахгүй байна. Хөлийнх нь гадна талын арьс нь бага зэрэг юманд үрэгдсэн байдалтай хөх туяатай харагдаж байсан. Би Доржсүрэн замдаа өөрийнхөө хөлийг албаар гэмтээж ирсэн гэж бодож байна. Доржсүрэн машинаас бууж ирээд Баасандорж миний хөлийг ийм болгосон гэхээр нь чиний хөл зүгээр байна, хугарсан хөл гишгэж явахгүй чи зүгээр явж байна гэж хэлсэн. Улаанбаатар хотод очоод эмнэлэгт байж байхад Доржсүрэн над руу утсаар яриад би тэнсэнтэй хэдүүлээ ярьж тохиръё гэхээр нь би ганцаараа шийдэх асуудал биш Баасандорж ах, дүү олонтой. Хэрвээ биеийн байдал нь гайгүй бол болох байлгүй дээ, хүний муу үзэх гээд байх юм байхгүй гэж би хэлсэн. Үүнээс хойш 2-3 удаа утсаар залгаад Баасандоржийн биеийг асууж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 51-52 хуудас/

 

1.13. Гэрч Б.Отгонбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Баасандоржтой 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэрт нь уулзсан. Баасандорж намайг очиход ганцаараа уйдаад байж байна. Өлзий-Орших одоо ирнэ гэсэн гэж надад хэлсэн. Тэгээд Өлзий-Оршихыг ирэхээр нь наадам болж байна ганц юм уух уу гэж хоорондоо яриад Өлзий-Орших бид хоёр Шивээговь сумын төв рүү очоод 2 шил Ерөөл нэртэй архи авсан. 1 нь 0.5 литр нөгөө нь 0,75 литрийн архи байсан санагдаж байна. Тэгээд буцаад Баасандоржийн хөдөө гэрт ирээд 2 архи Өлзий-Орших, Баасандорж бид гурав хувааж уусан. Баасандоржийн дүүтэй хамт Шивээговь сум ороод хонийг төхөөрч янзалж өгсөн. Намайг очиход Баасандоржийн биеийн байдал зүгээр байсан. Бие өвдөж байгаа талаар юм хэлээгүй, гэрээсээ орж гараад мал ахуйгаа хараад зүгээр л байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 53-54 хуудас/

 

1.14. Гэрч Д.Наранбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Надад 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Лимбэ овогтой Баасандорж гэх хүн үзүүлсэн. Энэ хүн хэвлий орчмоор өвдөнө гэсэн зовиуртай Шивээговь сумын эмнэлгээс хүргэгдэн ирсэн. ЭХО-д харахад зүүн бөөр, дэлүүнд өөрчлөлттэй байсан учраас анхан шатны тусламж үзүүлээд Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. Баасандорж өөрийгөө бусдад зодуулсан гэж тухайн үед надад хэлж тэмдэглүүлсэн байна. Баасандоржийн зүүн бөөр дэлүүнд учирсан гэмтэл нь хүчтэй гадны цохилтын улмаас үүсэх боломжтой. Ямар нэгэн гадны нөлөөллөөс дээрх гэмтлүүд нь үүсэх боломжтой. Тухайн хүний биеийн онцлог байдлаас болоод өвдөлтийн хугацаа янз бүр байж болно. Тухайн үед архи уусан байсан бол өвдөлт архи гарах үед ихсэж өвдсөн байж болно. Зүүн бөөрөнд цус хурсан, дэлүү няцрах гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл болохоор хүн 1 жилийн хугацаанд зовиур шаналгаагүйгээр явах ямар ч боломжгүй. Зүүн бөөр цус хурсан, дэлүүний няцрал гэмтэл нь тухайн хүн гэмтэл авсан даруйдаа ямар нэгэн байдлаар биед зовиур мэдэгдэнэ. Баасандоржийн биед учирсан гэмтлийн байдлыг харахад тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалаад дээд тал нь 48 цаг явах боломжтой түүнээс жилийн хугацаанд зовиур шаналгаагүй явах ямар ч боломжгүй. Доржсүрэн 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр үзүүлсэн байна. Зүүн хөлийн бүдүүн шилбэ ясны доод төгсгөлд зөрөөгүй хугаралтай байсан. Тухайн үед гөлтгөнөн боолт (шохой) тавьж, уух эмийн зөвлөгөө өгөөд явуулсан байна. Уг гэмтлийн хувьд хөндүүрлэнэ, гишгэхийн хувьд хазганаж төвөгтэй явна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 55-56 хуудас/

 

1.15. Шинжээч С.Одончимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Баасандоржийн биед учирсан гэмтэл нь нэг болон хэд хэдэн удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой. Гэмтэл учирсан газрыг харахад 2 удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хүчтэй өшиглөх, дэвсэх үед үүсэх боломж нь илүү байна. Өөрөө явган явж байгаад унах үед үүсэх боломжгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 61 хуудас/

 

1.16. Шинжээч Б.Сэргэлэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Б.Доржсүрэн дээрх гэмтлийг авсан даруйдаа болон тухайн өдрөөс хойш өвчин эмзэглэл ихтэй боловч гишгэж явах боломжтой. Учир нь зөрөөгүй хугарал учраас гишгэж явах боломжтой” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 69 хуудас/

 

1.17. Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 9142 дугаартай дүгнэлтэнд: Л.Баасандоржийн биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, хэвлийн арын гялтангийн тархмал цус хуралт, бөөрний хальсны доорх цусан хураа, хагалгааны дараах байдал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-ын  3.1.12-т зааснаар хүнд зэргийн гэмтэл болно. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц, эдгэрэл төгсгөлөөс шалтгаална.

Дүгнэлт гаргасан шинжээч эмч: С.Одончимэг гэжээ. /х.х-ийн 60 хуудас/

 

1.18. Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 264 дугаартай дүгнэлтэнд: Б.Доржсүрэнгийн биед зүүн шаант ясны доод булууны зөрөөгүй далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Г.Ханхүү гэжээ. /х.х-ийн 65 хуудас/

 

1.19. Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 302 дугаартай дүгнэлтэнд: Б.Доржсүрэнгийн биед зүүн шаант ясны доод булууны далд зөрөөгүй хуучин хугарал гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 264 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 74-75 хуудас/

 

1.20. Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 7148 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн “Баасандорж 37/эр” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна.

Дүгнэлт гаргасан: Химийн шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Б.Цогбаяр гэжээ. /х.х-ийн 80 хуудас/

 

1.21. Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 7147 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн “Доржсүрэн 38/эр” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна.

Дүгнэлт гаргасан: Химийн шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Б.Цогбаяр гэжээ. /х.х-ийн 86 хуудас/

 

1.22. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /х.х-ийн 6-13 хуудас/

 

1.23. Яаралтай тусламжийн хуудас, өвчний түүхийн хуулбарууд /х.х-ийн 110-112, 147-169 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Б.Доржсүрэнг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Баасандоржийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Доржсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Баасандоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Л.Баасанхүүгийн өмгөөлөгч Г.Энхжаргал нь гэм буруугийн дүгнэлтэндээ: гэрч, хохирогч нар нь удаа дараа мэдүүлэг өгөхдөө худлаа мэдүүлэг өгсөн, мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй. Мөн хохирогч нь хэрхэн гэмтэл авсан болохоо мэддэггүй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгч чадахгүй байна. Иймд Л.Баасандорж нь Б.Доржсүрэнд гэмтэл учруулсан болох нь нотлогдохгүй байгаа тул гэм буруугүйд тооцож өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: урьд нь болон тухайн өдөр Б.Доржсүрэн нь хөлөндөө ямар нэгэн гэмтэл, эмзэглэлгүй байсан ба шүүгдэгч нарыг зодолдож байхад нь салгахад Б.Доржсүрэн нь босохдоо хөл эвгүй болсон байна гэсэн, мөн Л.Баасандорж нь хөл рүү нь 1 удаа өшиглөн дээр доороо орж зодолдсон болох нь хэрэг хуульд заасан журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.   

 

Шүүгдэгч Б.Доржсүрэнгийн өмгөөлөгч С.Төмөрбаатар нь гэм буруугийн дүгнэлтэндээ: гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй гэсэн болохыг дурдав.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.Доржсүрэн, Л.Баасандорж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Б.Доржсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

 

2.2. Хохирогч Л.Баасандоржийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохиролд 5 000 000 төгрөг төлсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

 

2.3. Гэрч З.Отгонцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Доржсүрэн цайлган цагаан сэтгэлтэй. Мал маллах ухаанд сайн. Үр хүүхэд, хань ижилдээ халамжтай, хар бор ажилд сайн. Архи бол барагтай л бол уухгүй. Архи уухаараа элдэв, янзын ааш байхгүй. Хүн өөдөөс үг сөрөхгүй л бол маргалдаад байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 47-48 хуудас/

 

2.4. Гэрч Б.Отгонбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Баасандоржийн хувьд хөдөө мал маллаж амьдардаг. Хүнтэй эвсэг харьцаатай, мэнд устай явдаг. Элдэв янзын ааш зан байхгүй. Хааяа нэг архи хамт уудаг. Архи уухаараа янз бүрийн зан байхгүй. Архи ууж байгаад зүгээр унтаад өгдөг. Хүнтэй маргалдаж муудаад байдаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 53 хуудас/

2.5. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 127-130 хуудас/

2.6. Шийтгэх тогтоолуудын хуулбар /х.х-ийн 133-145 хуудас/

2.7. Хохирогч Б.Доржсүрэнд хохирол 5 000 000 төгрөг төлсөн баримт зэрэг болно.

Шүүгдэгч Б.Доржсүрэнгийн өмгөөлөгч С.Төмөрбаатар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа: Б.Доржсүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоосон. Түүнээс хойш 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 10 сар 25 хоногийн ялыг эдэлсэн. 1 жил 1 сар 5 хоногийн ял үлдэж байна. Мөн ял шийтгэл оногдуулахдаа 2 хуулийг хольж хэрэглэх нь буруу. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй. Хуучин Эрүүгийн хуулиар тэнссэн нь одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн албадлагын арга хэмжээнд хамаарна. Иймд ял шийтгэл оногдуулсан гэж үзэхгүйгээр шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх, мөн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар улсын яллагчийн санал болгосон 2 жил 6 сарын хорих ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял болгож өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: шүүгдэгч Б.Доржсүрэнд 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаас биеэр эдлээгүй ба тэнссэн хугацааг хорих ял эдэлсэн гэж үзэхгүй болно. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тэнссэн хугацаанаас чөлөөлөх, хөнгөрүүлэх талаар тусгаагүй. Өөрөөр хэлбэл тус заалтанд гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан байна. 

 

Иймд шүүгдэгч Б.Доржсүрэнг гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг, шүүгдэгч Л.Баасандоржийг хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ.

 

Дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч Л.Баасандоржийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан торгох ялаар шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Доржсүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоосон болох нь шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Доржсүрэнгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг, учирсан хохирлыг нөхөн төлсөнийг, хувийн байдлыг тус тус харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

 

Шүүгдэгч Б.Доржсүрэн, Л.Баасандорж нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн баруун энгэр ханцуй хэсэгт урагдалтай цэнхэр судал бүхий шоон хээтэй цамц 1 ширхэгийг, 1 хос түрийтэй хуучирч муудсан хар өнгийн хромон гутлыг, цээжин дээрээ “Nike air” гэсэн бичиглэл бүхий баруун мөр, зах, энгэр, зүүн мөр хэсэгт урагдалтай цэнхэр өнгийн футболк 1 ширхэгийг, 1 хос хүрэн өнгийн сандаалыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Баасанхүүгийн Доржсүрэнг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигин овогт Лимбийн Баасандоржийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Доржсүрэнг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баасандоржийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Доржсүрэнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баасандоржид оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Доржсүрэнд оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баасандорж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч Б.Доржсүрэн, Л.Баасандорж нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн баруун энгэр ханцуй хэсэгт урагдалтай цэнхэр судал бүхий шоон хээтэй цамц 1 ширхэгийг, 1 хос түрийтэй хуучирч муудсан хар өнгийн хромон гутлыг, цээжин дээрээ “Nike air” гэсэн бичиглэл бүхий баруун мөр, зах, энгэр, зүүн мөр хэсэгт урагдалтай цэнхэр өнгийн футболк 1 ширхэгийг, 1 хос хүрэн өнгийн сандаалыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.   

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Баасандоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Доржсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Б.БАТТУЛГА