Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/07

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Г.Түмэндэмбэрэл,

хохирогч А.Ариунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөр овогт Ганболдын Түмэндэмбэрэлд холбогдох эрүүгийн 1717000500027 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Өндөр овогт Ганболдын Түмэндэмбэрэл /РД:ЕЙ92032101/ Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Уулзварын 2-12 тоотод оршин суух, “ООТТ” ХХК-ний Шивээ-Овоо дахь салбарын харуулын албанд тогооч ажилтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Г.Түмэндэмбэрэл нь “Чойр кашмер” ХХК-ний худалдагчаар 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байх хугацаандаа тус компаний бараа бүтээгдэхүүний орлогоос 1670 000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Г.Түмэндэмбэрэл нь “Чойр кашмер” ХХК-нд худалдагчаар 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр  хүртэл ажиллах хугацаандаа хүлээн авсан бараа болон борлуулсан орлогоос нийт  1670 000 төгрөгийг завшсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч Г.Түмэндэмбэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 08 дугаар сарын 05-наас 2017 оны 08 дугаар сарын 31-ны өдөр хүртэл худалдагчаар ажиллах хугацаандаа 1 670 000 төгрөгийн бараа материал дутааснаа хүлээн зөвшөөрч байна. Анх 22 000 000 төгрөгийн бараа, үүн дээр Ариунгэрэлээс 9 ширхэг бараа хүлээж аваад нийт 24 700 000 төгрөгийн бараа хүлээж авсан. Бараа хүлээн авахад худалдагч Төгөлдөр, Ариунгэрэл бид гурав байсан. Мишок, хөнжил, ноосон сүлжмэлийн хувцас гэсэн 3 төрлийн бараа байсан. Би бараа дутагдуулснаа мэдэж байсан болохоор ажлаа хүлээлгэж өгөлгүй явсан. Өдөрт орсон орлогын талыг нь тушаагаад талыг нь үрчихдэг байсан. Мөнгө авахдаа нөхөөд хийчихнэ гэж бодоод үрсээр байтал нэг мэдсэн 1670 000 төгрөг болсон. Дэлгүүрт тооллого хийж дутаасан барааг гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Тооллого хийхэд манай ээж оролцож камераар бичлэг хийсэн байсан. 1 670 000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн. Дахин ийм хэрэг хийхгүй, миний буруу гэв.

 

1.2. Хохирогч А.Ариунгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Түмэндэмбэрэл нь 08 дугаар сарын 04-ний орой худалдагч Төгөлдөрөөс бараа хүлээж авсан. Энэ хооронд 600 000 төгрөгийн борлуулалт орж ирсэн. Орлогыг орой болгон авдаг байсан. Заримдаа орлого орохгүй байна гэдэг байсан. 08 дугаар сарын 31-ний өдөр 14 цагаас тооллого хийнэ гэж хэлсэн. Тооллого хийх гэтэл чөлөө өгөөч, найзууд ирээд хөдөө явж байна гэж мессеж бичсэн. Үүнээс хойш 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл сураггүй алга болсон. Гэрт нь очсон, утсаар ярьсан, мессеж бичсэн боловч хариу өгөөгүй. Тэгээд Түмэндэмбэрэл түлхүүрээ өгөөд явуулчихъя, би мөнгө дутаасан нь үнэн, надад ямар ч гомдол байхгүй тул тооллого хий гэсэн мессеж явуулсан байсан. 09 дүгээр сарын 04-ний өдөр ээжийг нь гэрчээр суулгаад Батчимэг, харуул Очирням, миний бие оролцоод бичлэг хийж тооллогыг хийсэн. 654 ширхэг бараа материал хүлээлгэж өгөх байснаас 613 ширхэг буюу 41 ширхэг сүлжмэл, 16 хөнжил хүлээлгэж өгөх байснаас 14 ширхэг хөнжил хүлээж авсан. Хөнжил нь 1 502 000 төгрөг, сүлжмэл нь 168 000 төгрөг, нийт 1 670 000 төгрөгийн хохирол учруулсан гэв.

 

1.3. Гэрч Д.Оюунчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Түмэндэмбэрэл ажиллаж байгаад Шивээ-Овоогийн Сандаг гэж залуутай 2017 оны 08 сарын сүүлээр явсан. Тэгээд ирэхгүй байж байгаад надад Түмэндэмбэрэл танихгүй хүнээр дэлгүүрийн түлхүүр өгч явуулсан байсан. Хоёр хоногийн дараа “Чойр кашмер” ХХК-ний хүмүүс манай гэрт ирээд Түмэндэмбэрэлийг асуусан. Түмэндэмбэрэлтэй утсаар яриад ирэхгүй болохоор нь намайг харгалзагчаар авч яван дэлгүүрийн бараанд тооллого хийсэн. Тэгээд 1 670 000 төгрөгийн дутагдал гарлаа гэсэн. Тооллогонд бол ямар нэгэн маргаан байхгүй үнэнч шударга явагдсан. Үүнийг төлөх гэж би газрынхаа бичгийг 700 000 төгрөгийн барьцаанд тавиад 600 000 төгрөгийг Түмэндэмбэрэлд өгсөн. Түмэндэмбэрэл хохиролдоо өгсөн эсэхийг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 73-74 хуудас/

 

1.4. Гэрч Б.Батчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 08 дугаар сарын 04-ний орой Түмэндэмбэрэлд 22 590 000 төгрөгийн үнэ бүхий 639 ширхэг хонь, тэмээний ноосон сүлжмэл бүтээгдэхүүн /бэлэн хувцас/, 1 623 000 төгрөгийн үнэ бүхий 18 ширхэг хөнжил, аяны хөнжил /Мишок/ 496 000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг, нийт 3 төрлийн 24 709 000 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш Түмэндэмбэрэл нь худалдагчаар ажиллаж байгаад 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн үдээс өмнө нь ажиллаад үдээс хойш нь ажилдаа ирээгүй. Би Түмэндэмбэрэлийн утас руу удаа дараа залгасан боловч утсаа аваагүй. Түмэндэмбэрэл нь манай нярав Ариунгэрэлийн гар утас руу хөдөө байна, унаа олдохгүй байна, маргааш яг очно гэх мэт мессеж бичсэн байсан. Сүүлдээ  гар утсаа салгаад алга болсон. Нярав Ариунгэрэл рүү Түмэндэмбэрэл утсаар яриад ээж Оюунчимэгт дэлгүүрийн түлхүүр байгаа очоод авчих надад ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлсэн байсан. Түмэндэмбэрэлийн гэрт нь би очиж ээжтэй нь уулзахад Түмэндэмбэрэл миний утсыг ч авахгүй байна, өөрөө ч холбогдож чадахгүй байна гэж хэлсэн. Дэлгүүрийн түлхүүрийг Түмэндэмбэрэлийн ээжээс аваад дэлгүүртээ тооллого хийсэн. Тэгэхэд Түмэндэмбэрэлийн ээж Оюунчимэгийг байлцуулсан.Тооллого хийхэд нийт 1 670 000 төгрөгийн хохирол учирсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 76-78 хуудас/

 

1.5. Гэрч Л.Самданцоодол мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “ 2017 оны 08 дугаар сараас би Түмэндэмбэрэлийг гэртээ дагуулан очсон бөгөөд тэрнээс хойш манай гэрт байх болсон. Ямар хэрэгт шалгагдаж байгаа талаар мэднэ. Түмэндэмбэрэл хэлэхдээ Чойр кашмерт 1 сая төгрөг өгсөн байгаа. Одоо 600 000 төгрөг өгнө гээд байсан. Энэ талаар би Түмэндэмбэрэлд хэлээд цагдаагаас дуудаад байна очиж учир зүйгээ ол гэж хэлэхээр цагдаатай уулзсан болсон. Чамд ер нь ямар хамаатай юм бэ гэж над руу уурладаг. Одоо Түмэндэмбэрэлийг хаана байгаа талаар би мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 85-86 хуудас/

 

1.6. Гэрч Н.Төгөлдөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Түмэндэмбэрэлд ажлаа хүлээлгэн өгөөд амарсан. Дэлгүүрийн барааг Түмэндэмбэрэлд хүлээлгэн өгөхөд нягтлан Ариунгэрэл, Түмэндэмбэрэл бид гурав нийлж тоолоод хүлээлгэн өгсөн. Үүнд: хонь, тэмээний ноосон сүлжмэл бүтээгдэхүүн 22 590 000 төгрөгийн үнэ бүхий 639 ширхэг /бэлэн хувцас/, 1 623 000 төгрөгийн үнэ бүхий 18 ширхэг хөнжил, 496 000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг аяны хөнжил /Мишок/, 3 төрлийн нийт 24 709 000 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн. Түмэндэмбэрэл 15 хоног ажиллаад 2017 оны 08 сарын 20-ны өдөр буцаад надад ажлаа тоолж хүлээлгэн өгөх байсан. Гэтэл миний бие өвдөөд эмнэлгээр явах шаардлагатай болсон учир Түмэндэмбэрэлтэй уулзаж хэлэхэд үргэлжлүүлэн 2017 оны 08 сарын 31-ны өдөр хүртэл ажиллахыг зөвшөөрсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 93-94 хуудас/

           

1.7. Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн бараа материалын тайлан /х.х-ийн 12-26 хуудас/

 

1.8. “Чойр кашмер” ХХК-ны зарлагын баримтуудын хуулбар, бэлэн мөнгөний орлогын баримтуудын хуулбар /х.х-ийн 29-52 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Г.Түмэндэмбэрэлийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Г.Түмэндэмбэрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

2.1. Хохирогч А.Ариунгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирлыг төлж барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

 

2.2. Гэрч Д.Оюунчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 8 хүүхэдтэй бөгөөд Түмэндэмбэрэл миний хамгийн бага охин байгаа юм. Манай хүүхдүүд бүгд тусдаа гарцгаасан. Түмэндэмбэрэл надтай цуг Уулзварын 2-12 тоотод гэрт амьдардаг. Түмэндэмбэрэл Улаанбаатар хотод ерөнхий боловсролын сургууль төгссөн. Их дээд сургуульд сурч байгаагүй. Түмэндэмбэрэл Улаанбаатар хот, Төв аймаг зэрэг газруудад ажиллаж байсан. Ямар учраас ажлаасаа гарсан талаар мэдэхгүй. Одоо Шивээ-Овоо уурхайд тогооч хийж байгаа юм шиг байна лээ. Зан байдлын хувьд гайгүй. Найз нөхөд нь муу хүмүүс байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 74 хуудас/,

 

2.3. Хохирол барагдуулсан тухай баримт /х.х-ийн 70 хуудас/,

 

2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 115-116 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Түмэндэмбэрэл нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Түмэндэмбэрэл нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өндөр овогт Ганболдын Түмэндэмбэрэлийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Түмэндэмбэрэлийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Түмэндэмбэрэлд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Түмэндэмбэрэл нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Түмэндэмбэрэл нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Түмэндэмбэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТТУЛГА