Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2018/ДШМ/14

 

Ял солих тухай материал

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд прокурор Б.Мөнгөнтуяа, ШШГ газар-425 дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунтөгс, нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нарыг оролцуулан

 Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ХМШЗ/34 дүгээр шүүгчийн захирамжтай, Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас ирүүлсэн Г.Түмэндэмбэрэлд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих тухай материалыг прокурор Б.Мөнгөнтуяагийн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Түмэндэмбэрэл нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэнийг хорих ялаар солих саналыг анхан шатны шүүх хянан хэлэлцжээ. 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас ялтан Өндөр овогт Ганболдын Түмэндэмбэрэлд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих  дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хангахаас татгалзаж, гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Мөнгөнтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.31-ний өдрийн 2018/ХМШЗ/34 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. Ялтан Г.Түмэндэмбэрэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байгаа. Прокуророос Г.Түмэндэмбэрэлийг 2018.03.06-ны өдрөөс 2018.04.24-ний өдрийг хүртэлх хугацаанд, 2018.04.25-ны өдрөөс 2018.05.24-ний өдрийг хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оргон зайлж, нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн бөгөөд түүнийг эрэн сурвалжлах ажиллагааны явцад олж илрүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар ялтан хуурамчаар үйлдсэн эмнэлгийн магадлагаа, зохих баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, бие эрхтэн, эрүүл мэнддээ санаатайгаар гэмтэл учруулсан, чөлөөний баримт материалыг хуурамчаар бүрдүүлсэн, зөрчил гаргаж шийтгүүлсэн, эсхүл энэ хуулийн 165.1-д заасан зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солино гэсний дагуу шүүхээс ялтан Г.Түмэндэмбэрэлд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих нь зүйтэй гэж үзээд прокурорын дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн. Ялын тооцооны хувьд 2018.05.24-ний өдрийн байдлаар тасалбар болгоход Г.Түмэндэмбэрэл нь ямар ч  ажил хийгээгүй бөгөөд 2 удаа оргон зайлж, 2 удаа эрэн сурвалжлах ажиллагааны явцад олж ирүүлсэн байгаа. Анх 2018.05.24-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нээгээд хэргийг шалгаж байх явцад ялтан Г.Түмэндэмбэрэлд эрх, үүргийг танилцуулж, гарын үсэг зуруулсан байгаа. Ахлах шийдвэр гүйцэтгэгч Тохижилт Сүмбэр ХХК-д ялтанг хүлээлгэж өгөн, гэрээг байгуулан нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгэх гэхэд ялтан Г.Түмэндэмбэрэл ирээгүй. Тийм учраас уг гэрээ байгуулагдаагүй. Хорихоос өөр төрлийн ялыг гүйцэтгэх журмын дагуу эхний 1 удаа ажил тасалсан тохиолдолд сануулна гэсний дагуу сануулж, зөрчлийн тэмдэглэл үйлдэж, дахиад ажилд нь гаргах гэсэн боловч дахин ирээгүй. Тиймээс давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна гэжээ.

ШШГ газар-425 дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ялтан Г.Түмэндэмбэрэлд 2018.03.29-ний өдөр утсаар ярьж ялыг гүйцэтгэх талаар мэдэгдэн, маргааш өглөө 9 цагт уулзахаар болсон. Маргааш нь 9 цагт өөрийнх нь утас руу холбогдоход ээж Оюунчимэгийн бие муудаад Улаанбаатар хотод сэхээнд сахиж байна гэж хэлсэн. Ээжийнхээ биеийг гайгүй болохоор хэлээрэй гэсэн. Утсаар холбогдоход утсаа авдаггүй. 2018.04.17-ны өдөр холбогдоход маргааш өглөө уулзая гэсэн. Маргааш холбогдоход надруу мессежээр ээж нас барчихлаа гэж бичсэн байсан. Үүнээс хойш холбогдох гэхээр холбогдож чадахгүй болохоор төмөр замын цагдаад ажилладаг эгч рүү нь хэлэхэд ээж нь нас бараагүй гэж хэлсэн. Худлаа ярьсан талаар холбогдоход Баянхонгор аймагт ямаа самнаж байна. Худлаа ярьсанд уучлаарай, маргааш очно гэж хэлсэн. Маргааш нь ирээгүй. Хаяг дээрээ байхгүй байсан учраас Шивээговь сумын хэсгийн төлөөлөгч Зориг-Эрдэнэ гэдэг хүнтэй холбогдож хамтран амьдрагч хүнийхээ гэрт хамт амьдарч байгаа талаар мэдэж авсан гэжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:          

                 Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн материалын бүх ажиллагаа, анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд бүхэлд нь хянав.

           Г.Түмэндэмбэрэл нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байна.

          Ялтан Г.Түмэндэмбэрэл нь нийтэд тустай ажил хийх ялаас санаатайгаар зайлсхийсэн болох нь Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр үүсгэсэн тогтоол, мөн өдөр эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, хүлээх хариуцлагын талаар бичүүлж авсан баталгааны хуудас, ял эдлүүлэх талаар ажил олгогч байгууллагад мэдэгдсэн мэдэгдэл, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газартай харилцан тохиролцож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэх гэрээ, уг гэрээг байгуулахаар ялтаныг дагуулан очсон боловч Г.Түмэндэмбэрэл нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зугтаасан, мөн Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас удаа дараа дуудсан боловч төрсөн эхийгээ өвчтэй болон нас барсан гэх зэргээр худлаа ярьсан талаарх ялтанаас асууж авсан тэмдэглэл, очихоос зайлсхийсэн, мөн оршин суугаа газартаа амьдрахгүй, хаа байгаа нь тогтоогдохгүй учир төрсөн эгч  Г.Отгонгэрэл, төрсөн ах Г.Бат-Эрдэнэ  нараас нь асууж авсан тайлбар, мөн анхан шатны шүүх хуралд ирээд айлд орох нэрээр арын хаалгаар нь гарч зугтаасан, дээрх зөрчилд нь шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунтөгс сануулга өгч, зөрчлийн тэмдэгдлэл үйлдсэн, 2018 оны 4 дүгээр сарын 25-наас 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ял эдлэхээс зайлсхийсэн тул Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулан олж ирүүлсэн зэрэг нь ялтаны хувийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар  тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.  

           Дээрх шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцсэн хэдий ч хэргийн материалд холбогдох нотлох баримтуудыг хуулбарлан хийх шаардлагатай байгааг прокурорын зүгээс цаашид анхаарах нь зүйтэй байна.

          Анхан шатны шүүх ялтан Г.Түмэндэмбэрэлд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр ямар нэгэн байгууллагатай гэрээ байгуулаагүй, түүнийг хүлээлгэн өгөөгүй байна гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх журамд зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газартай ял эдлүүлэх гэрээг байгуулахдаа ялтаныг  биечлэн хүлээлгэн өгсөнөөр хоёр тал гарын үсэг зуран, гэрээ байгуулагдах байтал Г.Түмэндэмбэрэл нь тухайн өдөр товлосон цаг хугацаандаа очилгүй зугтаан, ял эдлэхээс зайлсхийсэн учир уг гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

          Иймд прокурорын эсэргүүцэлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ХМШЗ/34 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, ял солих тухай материалыг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.ТЭГШСУУРЬ

                                           ШҮҮГЧИД                      Х.БАЙГАЛМАА

                                                                               О.ОДНЯМАА