Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 01871

 

 

 

 

 

 

 

 

 

Д.П-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/02251 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.П-ын Ү.Н-д холбогдуулан гаргасан эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд нийт      3 927 285 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ү.Н-, түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Ү.Н- нь 2019 оны 12 сарын 22-ны өдөр 07-13 УБУ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Ачлал их дэлгүүрийн урд 08 цаг 30 минутад зам тээврийн осол гаргаж намайг мөргөж эрүүл мэндэд хохирол учруулсан. Тээврийн цагдаагийн алба хэргийг шалгаж, тээврийн прокурорын газрын 2020 оны 01 сарын 28-ны өдрийн 92 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Энэ ослын улмаас миний эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрх нээлттэй. Миний бие тухайн үед 5 орчим сартай жирэмсэн байсан, биед хэдийгээр хөнгөн гэмтэл учирсан гэх боловч урагт муугаар нөлөөлж болзошгүй учраас томограф болон зарим бусад шинжилгээг өгөх боломжгүйгээс гэмтлийн зэргээ бүрэн тогтоолгож чадаагүй. Ү.Н- нь хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан учир надад учирсан бие махбодын болон эд хөрөнгийн хохирлыг төлөх талаар ямар ч санаачилга гаргаагүй, даатгалаас мөнгө гаргаж өгнө гэж худал хэлж, эм тариа авсан төлбөрийн баримтыг аваад алга болгосон гэж хэлээд буцааж өгөөгүй. Ү.Н- эм тариа авсан 85 855 төгрөг, утасны үнэлгээ тогтоолгохоор төлсөн 18 000 төгрөг, холбогдох хэргийн баримт бичгийг тээврийн прокурорын газрын архиваас хуулбарлан авсны төлбөр 10 000 төгрөгийн баримтыг эх хувиар нь авсан. Би “Начин заан” ХХК-д нярваар ажилладаг бөгөөд 2020 оны 01, 02 сарын цалингийн зөрүү 1 848 157 төгрөг, гар утасны гэмтэл мэргэжлийн байгууллагын үнэлгээгээр 286 700 төгрөг, цүнхэнд байсан гоо сайхны хэрэгсэл 150 000 төгрөг, эм тариа авсан зардал 575 428 төгрөг, гар утас шинжилгээнд өгсөн төлбөр 18 000 төгрөг, холбогдох хэргийн баримт бичгийг тээврийн прокурорын газрын архиваас хуулбарлан авсны төлбөр 10 000 төгрөг, гэмтлийн улмаас хувийн эмнэлэгт төрөхөөс өмнө хэвтэж эмчлүүлэх зардал 700 000 төгрөг, нурууны бүс 135 000 төгрөг, эмчилгээнд шаардлагатай байгаа витаминууд 204 000 төгрөг, нийт 3 927 285 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Би 2019 оны 12 сарын 22-ны өдөр 07-13 УБУ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо Ачлал их дэлгүүрийн урд 08 цаг 30 минутад зам тээврийн осол гаргасан бөгөөд зам тээврийн ослын хэргийг шалгаж байхад гэм хорын хохиролд 1 600 000 төгрөгийг төлж барагдуулсан. Д.П-д төлсөн 1 600 000 төгрөгийг би бусдаас зээлж авч өгсөн учир даатгалаас авсан мөнгөөр өрөө төлж барагдуулсан. Нэхэмжлэлээс гар утасны үнэ 286 700 төгрөг, утасны үнэлгээ тогтоолгоход төлсөн 18 000 төгрөг, хэргийн баримтаас хуулбар хийлгэсэн төлбөр 10 000 төгрөг, нийт 314 700 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин Д.П- “Начин заан” ХХК-д нярваар ажилладаг байсан гэж байгаа хэдий ч энэ байдал бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул 2020 оны 01, 02 сарын цалингийн зөрүү 1 848 157 төгрөг, гоо сайхны хэрэгсэл 150 000 төгрөг, эм тариа авсан зардал 575 428 төгрөг, хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх төлбөр 700 000 төгрөг, нурууны бүс 135 000 төгрөг, витамины 204 000 төгрөг, нийт 3 612 585 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул зөвшөөрөхгүй гэжээ.  

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ү.Н-гээс 664 073 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.П-д олгож, нэхэмжлэлээс 3 263 212 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.П-аас 77 786 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хариуцагч Ү.Н-гээс 20 488 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.П-т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.П- давж заалдах гомдолдоо: “...Миний бие хариуцагч Ү.Н-гээс 2020 оны 01, 02 сарын цалин нэхэмжилж, ажлын газрын цалингийн тодорхойлолт, цалин авдаг дансны хуулга, өвчний түүхийг хавсаргасан. Нөгөө талаар шүүх  хуралдаанд өвчтэй байсан талаараа үнэн зөв мэдүүлсэн. Үүнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байхад шүүх нэхэмжлэлээс 1 848 157 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу. Мөн эмчийн зөвлөгөөний дагуу эмчилгээ хийлгэх нэхэмжлэх болон витамин, нурууны бүсний зардал нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Тухайн үед би 5 сартай жирэмсэн байсан тул төрсний дараа заавал физик эмчилгээг хийлгэх шаардлагатай гэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.П- нь хариуцагч Ү.Н-д холбогдуулан эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд нийт 3 927 285 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаснаас хариуцагч 314 700 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 3 612 585 төгрөгийг эс зөвшөөрч, хэрэг бүртгэлийн шатанд 1 600 000 төгрөгийг төлж барагдуулсан гэж маргажээ.

 

Хариуцагч Ү.Н- нь 2019 оны 12 сарын 22-ны өдөр 07-13 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ачлал” их дэлгүүрийн урд 08 цаг 30 минутад зам тээврийн осол гаргасан үйл баримтын талаар маргаагүй, харин ослын улмаас учирсан гэм хорын хорын хохирлын хэмжээ дээр маргасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.П-ын эмчилгээ, оношлогоонд “Тавин ус” эмийн сан 30 000 төгрөг, “Монос” эмийн сан 131 623 төгрөг, 2 удаагийн эхо оношлогоо хийлгэсэн төлбөр 85 000 төгрөг, МG парм 34 750 төгрөг, шатахууны зардал 68 000 төгрөг, нийт 349 373 төгрөгийн зардал гаргасан /хх 21-22, 26/ болох нь баримтаар тогтоогдсон гэж дүгнэж, мөн хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрсөн үнийн дүн болох 314 700 төгрөгийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтад нийцжээ.

 

Нэхэмжлэгч тал цалин хөлсний зөрүү гэж 1 848 157 төгрөг гаргуулахаар шаардаж, “Начин заан” ХХК-ийн тодорхойлолт, банкны дансны хуулга зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх дээрх баримтуудаар шаардлага нь нотлогдохгүй хэмээн дүгнэж, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг шаардах эрхтэй буюу өмнө авч байсан цалин хөлс болон нийгмийн даатгалын сангаас авсан хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй юм. Гэтэл нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын сангаас авсан тэтгэмжтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйгээс гадна зам тээврийн ослын улмаас 2018 оны 01, 02 сард ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан гэх нөхцөл байдлаа нотлоогүй. Аливаа этгээд хөдөлмөр эрхэлж цалин хөлс авч байгаа бол хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй бөгөөд энэ нь нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэнээр баталгаажих учиртай.  

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо “...нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байхад шүүх нэхэмжлэлээс 1 848 157 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу. Мөн эмчийн зөвлөгөөний дагуу эмчилгээ хийлгэх нэхэмжлэх болон витамин, нурууны бүсний зардалд нийт 3 612 585 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Тухайн үед би 5 сартай жирэмсэн байсан тул төрсний дараа заавал физик эмчилгээг хийлгэх шаардлагатай гэсэн...” гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчид зайлшгүй хийгдэх шаардлагатай эмчилгээний зардал болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн ажилтны заавар, дүгнэлт авагдаагүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/02251 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 786 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

              4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ                                                     

                                                    ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                     Д.НЯМБАЗАР