Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2020/02251

 

 

 

 

 

 

 

 

2020          06          19                                        101/ШШ2020/02251  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, шүүгч Д.Ганболд, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, РД:, Боржигон овогт Д-ын Пын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух, РД:, Боржигон овогтой Ү-ийн Нд холбогдох

Гэм  хорын хохиролд 3.927.285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П, өмгөөлөгч О.О, хариуцагч Ү.Н, өмгөөлөгч В., иргэдийн төлөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.П-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү.Н нь 2019-12-22-ны өдөр УБУ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Баянгол дүүргийн 14 хороо Ачлал их дэлгүүрийн урд 08 цаг 30 минутанд зам тээврийн осол гаргаж намайг мөргөж эрүүл мэндэд хохирол учруулсан.

            Энэ асуудлыг Тээврийн цагдаагийн алба шалгаж, тээврийн прокурорын газрын 2020-01-28-ны өдрийн 92 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр “Хэрэг бүртгэлийн хэрэг”-ийг хааж шийдвэрлэж, энэ ослын улмаас миний эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрх нээлттэй үлдсэн. Миний бие тухайн үед 5 орчим сартай жирэмсэн байсан, биед хэдийгээр хөнгөн гэмтэл учирсан гэх боловч урагт муугаар нөлөөлж болзошгүй учраас томограф болон зарим бусад шинжилгээг өгөх боломжгүйгээс гэмтлийн зэргээ бүрэн тогтоолгож чадаагүй. Н нь хэрэг бүртгэлийн хэрэг нэгэнт хаагдсан учраас надад учирсан бие махбодын болон эд хөрөнгийн хохирлыг төлөх талаар ямар ч санаачилга гаргаагүй, бие давхар жирэмсэн эмэгтэй хүнийг гэмтээчихээд огт санаа зовоогүй, даатгалаас мөнгө гаргаж өгнө гэж худлаа хэлж эм тариа авсан төлбөрийн баримтыг аваад алга болгосон гэж хэлээд баримтыг буцааж өгөөгүй. Эм тариа авсан 85855 төгрөг, утасны үнэлгээ тогтолгохоор төлсөн 18000 төгрөг, холбогдох хэргийн баримт бичгийг тээврийн прокурорын газрын архиваас хуулбарлан авсны төлбөр 10000 төгрөгийн баримтыг эх хувиар нь авсан.

            Би Н ХХК-д няраваар ажилладаг бөгөөд 2020 оны 01, 02-р сарын цалингийн зөрүү 1.848.157 төгрөг, гар утас гэмтсэн бөгөөд мэргэжлийн байгууллагын үнэлгээгээр 286.700 төгрөг, цүнхэн дотор байсан гоо сайхны хэрэгсэл 150.000 төгрөг, эм тариа авсан зардал 575.428 төгрөг, гар утас шинжилгээнд өгсөн төлбөр 18000 төгрөг, холбогдох хэргийн баримт бичгийг тээврийн прокурорын газрын архиваас хуулбарлан авсны төлбөр 10000 төгрөг, гэмтлийн улмаас хувийн эмнэлэгт төрөхөөс өмнө хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байгаа ба санхүүгийн нөхцлөөс шалтгаалан төлбөрөө төлж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийг авч хавсаргасан 700.000 төгрөг, нурууны бүс 135.000 төгрөг, эмчилгээнд шаардлагатай байгаа витаминууд 204.000 төгрөг, нийт 3.927.285 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.    

            Хариуцагч Ү.Н шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2019-12-22-ны өдөр УБУ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Баянгол дүүргийн 14-р хороо Ачлал их дэлгүүрийн урд 08 цаг 30 минутанд зам тээврийн осол гаргасан. Зам тээврийн ослын хэргийг шалгаж байхад гэм хорын хохиролд 1.600.000 төгрөгийг төлж барагдуулсан. Д.Пд төлсөн 1.600.000 төгрөгийг би бусдаас зээлж авч өгсөн учир даатгалаас авсан мөнгөөр өрөө төлж барагдуулсан. Нэхэмжлэлээс гар утасны үнэ 286.700 төгрөг, утасны үнэлгээ тогтоолгоход төлсөн 18000 төгрөг, хэргийн баримтаас хуулбар хийлгэсэн төлбөр 10000 төгрөг, нийт 314.700 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.  

            Харин НХХК-д няраваар ажилладаг байсан гэж байгаа хэдий ч энэ байдал бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул 2020 оны 01, 02-р сарын цалингийн зөрүү 1.848.157 төгрөг, гоо сайхны хэрэгсэл 150.000 төгрөг, эм тариа авсан зардал 575.428 төгрөг, хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх төлбөр 700.000 төгрөг, нурууны бүс 135.000 төгрөг, витамины 204.000 төгрөг, нийт 3.612.585 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул зөвшөөрөхгүй гэв.   

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч Ү.Нгээс гэм хорын хохиролд 3.927.285 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Ү.Н шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээс гар утасны үнэ 286.700 төгрөг, утасны үнэлгээ тогтоолгоход төлсөн 18000 төгрөг, хэргийн баримтаас хуулбар хийлгэсэн төлбөр 10000 төгрөг, нийт 314.700 төгрөгийг төлөхийг зөвшөөрч,

2020 оны 01, 02-р сарын цалингийн зөрүү 1.848.157 төгрөг, гоо сайхны хэрэгсэл 150.000 төгрөг, эм тариа авсан зардал 575.428 төгрөг, хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх төлбөр 700.000 төгрөг, нурууны бүс 135.000 төгрөг, витамины 204.000 төгрөг, нийт 3.612.585 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг “нотлох баримт хуульд заасан шаардлага хангаагүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг бүртгэлтийн шатанд 1.600.000 төгрөгийг төлж барагдуулсан” тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Ү.Н нь 2019-12-22-ны өдөр УБУ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Баянгол дүүргийн 14 хороо “Ачлал” их дэлгүүрийн урд 08 цаг 30 минутанд зам тээврийн осол гаргасан дээр маргаагүй, ослын улмаас нэхэмжлэгч Д.П эмчилгээ болон оношлогоо хийлгэж “Тавин ус эмийн сан 30.000 төгрөг, Монос эмийн сан 131.623 төгрөг, хоёр удаагийн эхо оношлогоо хийлгэсэн төлбөр 85.000 төгрөг, MG парм 34750 төгрөг, шатахууны зардал 68.000 төгрөг” нийт 349.373 төгрөгийн зардал гаргасан болох нь баримтуудаар нотлогдож байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. /хх-ийн 21-22, 26 тал/

Иймд эмчилгээ оношлогооны зардалд 349.373 төгрөг, хариуцагчийн шүүх хуралдааны явцад зөвшөөрсөн 314.700 төгрөг, нийт 664.073 төгрөгийг хангаж, нэхэмжлэлээс 3.263.212 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь: “НХХК-д ажилладаг, 2020 оны 01, 02-р сарын цалингийн зөрүү 1.848.157 төгрөг гаргуулах” НХХК-ний 2019-07-16-ны өдрийн №А,07,162 дугаартай захирлын тушаал, тодорхойлолтонд 700.000 төгрөгний цалинтай гэж тодорхойлсон ч цалин авч байсан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй.

Ослын улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж өвчтэй байсан гэдэг нь нотлогдоогүй. Өвчтэй байх хугацааны цалингийн тооцоо гаргаж ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. /хх-ийн 82 тал/          

Мөн цүнхэнд байсан гоо сайхны хэрэгсэл хэрэглэх боломжгүй болж 150.000 төгрөгний хохирол учирсан, эм тарианы зардал 575.428 төгрөг, гэмтлийн улмаас хувийн эмнэлэгт төрөхөөс өмнө хэвтэж эмчлүүлэхэд шаардагдах зардал 700.000 төгрөг, нурууны бүс 135.000 төгрөг, витамин 204.000 төгрөг, нийт 3.612.585 төгрөгний зардал зэрэг нь осолтой холбоотойгоор эмчийн заавраар хийгдэх байсан гэдэг нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

Нэхэмжлэгч Д.Паас 3.927.285 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 77.786 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хариуцагч Ү.Нгээс 664.073 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 20.488 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Пт олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ү.Нгээс 664.073 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Пт олгож, нэхэмжлэлээс 3.263.212 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Паас 77.786 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хариуцагч Ү.Нгээс 20.488 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Пт олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ                                   Т.БОЛОРМАА 

   ШҮҮГЧИД                                  Д.ГАНБОЛД

                                                            Т.ЭНХЖАРГАЛ