Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 01872

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01864 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Н-ийн Э.Г-д холбогдуулан гаргасан 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Э.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие 2019 оны 11 сарын 01-ний өдөр Олон улсын боловсролын төвтэй зуучлалын гэрээ байгуулан 500 000 төгрөгийг Тайвань улс руу тэтгэлэг авахаар төлсөн боловч өдийг хүртэл нэг ч сургуулиас тэтгэлэгт хамруулах санал ирээгүй байна. Учрыг тодруулахад голч оноо чинь хүрэхгүй байна гэсэн. Гэвч Олон улсын боловсролын төвийн ажилтан Э.Г- гэх хүн гэрээ байгуулахдаа холбогдох бичиг баримтыг шалган гэрээ байгуулсан. Энэ нь мэдсээр байж зуучлалын хөлс авсан залилангийн шинжтэй гэж үзэж байна. Олон Улсын Боловсролын тэтгэлэгт төв гэж байгууллагатай гэрээ байгуулсан гэж анх ойлгосон. Гэтэл уг байгууллагын хувьд улсын бүртгэлийн газарт бүртгэлгүй болох нь тогтоогдсон. Огт байхгүй компаниар хүмүүсийг хуурч байгаа нь буруу. Цаашид олон олон хүн цаг хугацаа хөрөнгө мөнгөөрөө хохирох ёсгүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй учраас өгсөн мөнгө болох 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа: Би 2019 оны 11 сарын 01-ний өдөр Б.Н-этэй Тайвань улсын их, дээд сургуульд сургах талаар гэрээ байгуулсан. Тайвань улсын их, дээд сургуульд элсэх, тэтгэлэг олоход тодорхой шаардлага бий. Гол шалгуур нь магистрын хөтөлбөрт 100 хувийн тэтгэлэгтэй суралцахын тулд бакалаврын голч дүн 3.0 түүнээс дээш байх ёстой. Би тухайн үед Б.Н-эд маш тодорхой тайлбарлаж хэлж байсан. Манайх зуучлалын хөлс гэж урьдчилгаа 300 ам.доллар, тэтгэлэг ирсний дараа 500 ам.доллар авдаг. Тухайн үед би Б.Н-ээс 500 000 төгрөг урьдчилгаа гэж аваад, Тайвань улсын их, дээд сургуульд өргөдөл гаргаж өгнө гэж гэрээ байгуулсан. Үүний дагуу өөрийнх нь сонирхож байгаа гурван их, дээд сургуульд өргөдөл гаргасан боловч Б.Н-ийн өөрийн бакалаврын голч дүн нь 3.0-аас доош байсан тул сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдах боломжгүй нь тогтоогдсон. Улмаар Тайвань улсын Миншинь гэх их сургуульд тэтгэлэггүй ч гэсэн магистрт суралцах урилга буюу эрхийн бичгийг авч өгсөн. Гэвч Б.Н-э тус сургуульд суралцахгүй гэсэн. Үүнийг гэрээний дагуу үндсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Хэрэв Б.Н-ийн бакалаврын голч дүн 3.0 түүнээс дээш байхад тэтгэлэг авч өгөөгүй тохиолдолд 500 000 төгрөгийг буцааж өгөх боломжтой байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Г-аас                                              500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г-аас 15 965 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-эд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Э.Г- давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн нотлох баримт хангалтгүй гэсэн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Тайвань улсын их, дээд сургуулиудын элсэлтийн гарын авлагад үзлэг хийлгэхийг шаардсан боловч үзлэг хийлгээгүй. Учир нь Тайвань улсын бүх их, дээд сургуулиуд хэрэв мастер тэтгэлэгтэй суралцах бол бакалаврын голч дүн 3.0 ба түүнээс дээш байхыг шаарддаг. Монгол улсад ч гэсэн Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуульд мастерт суралцах оюутны бакалаврын голч дүнд шаардлага тавьдаг. Б.Н-э нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2.89 голч дүнтэй төгссөн байсан. Тэтгэлэгт хамрагдахын тулд тухайн оюутны сурлагын голч дүн 3.0 ба түүнээс дээш байх ёстойг зуучлалын гэрээний 7.2-т тодорхой заасан болно. Гэвч Тайвань улсын Миншинь сургуульд элсэн суралцах урилга, эрхийн бичиг авч чадаагүй зөвхөн элсэн суралцах урилга, эрхийн бичгийг авсан болно. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Н-э анх хариуцагч “Олон улсын боловсролын тэтгэлэгт төв”-д холбогдуулан шаардлага гаргаж /хх 1/, хариу тайлбартай холбоотойгоор хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар сольж /хх 29-30/, хариуцагч Э.Г-аас гэрээний дагуу төлсөн 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 14, 35/

 

Талууд 2019 оны 11 сарын 01-ний өдөр 318 тоот “Зуучлалын гэрээ” гэх гэрээ байгуулж, “Олон улсын боловсролын тэтгэлэгт төв” нь Б.Н-ийг Тайвань улсын их, дээд сургуульд 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, Б.Н-э нь хөлс төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх 3/

 

Анхан шатны шүүх хариуцагч Э.Г-аас 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-эд олгож шийдвэрлэсэн нь зөв боловч зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан Зуучлалын гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Олон улсын боловсролын тэтгэлэгт төв гэж байгууллагатай гэрээ байгуулсан гэж анх ойлгосон” хэмээн тайлбарласан бөгөөд хэргийн баримт, зохигчдын тайлбараар ийм байгууллага байхгүй буюу улсын бүртгэлд бүртгэлгүй болох нь тогтоогдсон.

 

Хариуцагч Э.Г- нь гэрээ байгуулахдаа дээрх оноосон нэрийг ашиглаж, гэрээнд “Олон улсын боловсролын тэтгэлэгт төв” гэх дардас дарсан нь гэрээний нөгөө талд итгэл төрүүлж, төөрөгдүүлж, улмаар түүнтэй гэрээ байгуулах хүсэл зоригийг нэхэмжлэгч Б.Н-эд бий болгосон гэж үзэхээр байна. /хх 3/

 

Мөн нэхэмжлэгчийн өгсөн “Олон улсын боловсролын төвийн ажилтан Э.Г- гэх хүн гэрээ байгуулахдаа холбогдох бичиг баримтыг шалган гэрээ байгуулсан” гэсэн тайлбар, хариуцагчийн өгсөн “гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгчийн бакалаврын голч дүн 2.89 байсан гэдгийг мэдэж байсан” гэсэн тайлбар, “Зуучлалын гэрээ” гэх гэрээний 7.2 дахь хэсэгт “хэрэв мастерт суралцах бол бакалаврын голч дүн 3.0 ба түүнээс дээш” гэсэн заалт зэргийг харьцуулан үзвэл хариуцагч Э.Г- мэдсээр байж анхнаасаа хэрэгжих боломжгүй буюу тэтгэлэгт хамрагдах шаардлагыг хангахгүй этгээдийг 100%-ийн тэтгэлэгт хамруулна хэмээн гэрээ байгуулж, ажлын хөлс гэж 500 000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Иймд дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу уг хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу төлсөн 500 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Б.Гэрэлбаяраас хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр үндэслэлгүй хөрөнгөжсөн 500 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Н-эд олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01864 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан...” гэснийг “...59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Г-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 965 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ                                                     

                                                    ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                     Д.НЯМБАЗАР