Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00844

 

 ****- ****ийн нэхэмжлэлтэй

                                                                                 иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х. ****эсувд даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо- ****э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01864 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1872 дугаар магадлалтай, 

****- ****ийн нэхэмжлэлтэй,

****т холбогдох 

500,000 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч ****ын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо- ****ийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****- ****э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ****- ****э нь ****т холбогдуулан 500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01864 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ****аас 500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****- ****эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****аас 15,965 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ****- ****эд олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1872 дугаар магадлалаарСүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/01864 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан... гэснийг ...59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ****аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,965 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсэн байна. 

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж  шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тайваний бүх их дээд сургуулиуд хэрэв мастерт тэтгэлэгтэй суралцах бол бакалаврын голч дүн 3.0 ба түүнээс дээш байхыг шаарддаг. Монгол Улсад ч гэсэн МУИС, ШУТИС-т мастерт суралцах оюутны бакалаврын голч дүнд шаардлага тавьдаг. Мөн ****- ****э нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2.89 голч дүнтэй төгссөн байсан. Тэтгэлэгт хамрагдахын тулд тухайн оюутны сурлагын голч дүн 3.0 ба түүнээс дээш байх ёстойг зуучлалын гэрээний 7.2-т маш тодорхой заасан. Тайваний бүх их, дээд сургуулиуд хэрэв мастерт тэтгэлэгтэй суралцах бол бакалаврын голч дүн 3.0 ба түүнээс дээш байхыг шаарддаг. 

Тэтгэлэгт хамрагдах процессыг маш тодорхой заасан байдаг. Гэсэн хэдий ч Тайвань улсын Миншин сургуульд элсэн суралцах урилга, эрхийн бичгийг авсан бөгөөд энэхүү сургууль болон гэрээний шаардлагын дагуу ****- ****ийн голч дүн хангалтгүй байсан тул элсэн суралцах урилга, эрхийн бичгийг авсан. Маш тодорхой гэрээний заалттай гэрээг байгуулсан. Мөн Тайвань улсын Миншин их сургуульд элсэн суралцах урилга эрхийн бичиг авч өгсөн. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.   

7. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хэргийн  үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасантай нийцэж байна. Тодруулбал: 

8. Нэхэмжлэгч ****- ****э нь Олон улсын боловсролын тэтгэлэгт төвд холбогдуулан шаардлага гаргасан бөгөөд хариу тайлбартай холбоотойгоор хариуцагчийг сольж ****аас гэрээний дагуу төлсөн 500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. 

9. ****- ****э нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Олон улсын боловсролын төвтэй зуучлалын гэрээ байгуулан 500,000 төгрөгийг Тайвань улс руу тэтгэлэг авахаар төлсөн боловч өдийг хүртэл нэг ч сургуулиас тэтгэлэгт хамруулах санал ирээгүй байна. Учрыг тодруулахад голч оноо чинь хүрэхгүй байна гэсэн. Гэвч Олон улсын боловсролын төвийн ажилтан **** гэх хүн гэрээ байгуулахдаа холбогдох бичиг баримтыг шалган гэрээ байгуулсан. Энэ нь мэдсээр байж зуучлалын хөлс авсан залилангийн шинжтэй гэж үзэж байна. ...Олон улсын боловсролын тэтгэлэгт төв гэж байгууллагатай гэрээ байгуулсан гэж анх ойлгосон. Гэтэл уг байгууллагын хувьд улсын бүртгэлийн газарт бүртгэлгүй болох нь тогтоогдсон. Огт байхгүй компаниар хүмүүсийг хуурч байгаа нь буруу. ...өгсөн мөнгө болох 500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлсон байна. 

9.1. Хариуцагч **** “...Тайвань улсын их, дээд сургуульд элсэх, тэтгэлэг олоход тодорхой шаардлага бий. Гол шалгуур нь магистрын хөтөлбөрт 100 хувийн тэтгэлэгтэй суралцахын тулд бакалаврын голч дүн 3.0 түүнээс дээш байх ёстой. ...Тухайн үед би ****- ****ээс 500,000 төгрөг урьдчилгаа гэж аваад, Тайвань улсын их, дээд сургуульд өргөдөл гаргаж өгнө гэж гэрээ байгуулсан. Үүний дагуу өөрийнх нь сонирхож байгаа гурван их, дээд сургуульд өргөдөл гаргасан боловч ****- ****ийн өөрийн бакалаврын голч дүн нь 3.0-аас доош байсан тул сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдах боломжгүй нь тогтоогдсон. Улмаар Тайвань улсын Миншинь гэх их сургуульд тэтгэлэггүй ч гэсэн магистрт суралцах урилга буюу эрхийн бичгийг авч өгсөн. Гэвч ****- ****э тус сургуульд суралцахгүй гэсэн. Үүнийг гэрээний дагуу үндсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Хэрэв ****- ****ийн бакалаврын голч дүн 3.0 түүнээс дээш байхад тэтгэлэг авч өгөөгүй тохиолдолд 500,000 төгрөгийг буцааж өгөх боломжтой байсан. ...2019.10.01-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хуулийн этгээдийн нэрээ авч тамга, тэмдгээ авах хүсэлт гаргасан боловч одоог хүртэл гэрчилгээ, тамга, тэмдэг олгоогүй болно. ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж мэтгэлцжээ. 

10. Талууд 2019.11.01-ний өдөр 318 тоот зуучлалын гэрээ байгуулж, Олон улсын боловсролын тэтгэлэгт төв нь ****- ****ийг Тайвань улсын их, дээд сургуульд 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, ****- ****э нь хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байна. 

11. Хариуцагч **** ****- ****этэй гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгчийн бакалаврын голч дүн 2.89 байсан гэдгийг мэдсээр байж анхнаасаа хэрэгжих боломжгүй буюу тэтгэлэгт хамрагдах шаардлагыг хангахгүй хүнтэй 100 хувийн тэтгэлэгт хамруулна хэмээн гэрээ байгуулж, ажлын хөлс 500,000 төгрөгийг авсан гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

Маргааны зүйл болсон гэрээний агуулга, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг давж заалдах шатны шүүх харьцуулан үзэж, **** гэрээ байгуулахдаа Олон улсын боловсролын тэтгэлэгт төв гэх нэрийг ашиглаж, гэрээнд тус төвийн дардсыг дарснаар гэрээний нөгөө талд итгэл төрүүлж, төөрөгдүүлж, улмаар түүнтэй гэрээ байгуулах хүсэл зоригийг нэхэмжлэгч ****- ****эд бий болгосон гэж үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

12. Иймд давж заалдах шатны шүүх зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэлээ тодорхой заасан байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ****ын хяналтын журмаар гаргасан “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1872 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,965 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ЭРДЭНЭСУВД 

                                    ШҮҮГЧИД                                                         Н.БАЯРМАА 

                                                                                                              П.ЗОЛЗАЯА 

                                                                                                              Б.МӨНХТУЯА

                                                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ