Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 114/2016/0071/З |
Дугаар | 221/МА2017/0779 |
Огноо | 2017-11-08 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2017/0779
2017 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 221/МА2017/0779 | Улаанбаатар хот |
“МҮТЭГТХ” ГҮТББ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч П.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ё.Р, Б.Б нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 49 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “МҮТЭГТХ” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хилийн хяналтын хэлтсийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.Б-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 10 дугаар зүйлийн 10.9.11, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үехийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо” ГҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.Б-ийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-0120/084 тоот дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: ДарханУул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн ургамлын хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.Б миний бие тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “МҮТЭГТХ” ГҮТББ нэхэмжлэлтэй холбогдох хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 49 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-ийг зөрчиж байна.
1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дүгнэхдээ “ ... хог ургамлын үр 1 кг-д 21.6 ширхэг байгаа нь Үрийн буудай сортын болон үрийн чанар. Ерөнхий шаардлага MNS 0246:2010 стандартын 6.1-д заасан тарих үрийн 2 дугаар ангийн шаардлагыг хангаагүй байхад Мэргэжлийн хяналтын газрын ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч 2 дугаар ангилалд хамааруулан дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байх тул улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10-20-012/084 тоот дүгнэлтийг хүчингүй болгох нь зүйтэй байна” гэжээ.
Миний бие Украйны ХАААкадемийг 1990 онд төгсөж, 1990-1995 онуудад Дархан хотын Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1995 оноос одоог хүртэл ургамал хамгаалал, хорио цээрийн улсын хяналтын улсын байцаагчаар улсад нийт 28 жил ажиллаж, ажиллах хугацаандаа богино болон урт хугацааны сургалт, магистр болон докторантурт суралцаж өөрийн мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж ирсэн билээ.
2016 оны хаврын тариалтад зориулан импортоор орж ирсэн үрийн улаан буудайг Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хил хорио цээрийн хяналтад хамруулсан билээ.
“МҮТЭГТХ” ТББ нь дээрх асуудлаар П.Б намайг Авилгатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар, ХХААЯ, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар удаа дараа гомдол гаргаж шалгуулсан билээ.
Гомдлын мөрөөр Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн байцаагч, шинжээч нар газар дээр нь ажиллаж нийт 29 вагоноос дундаж дээж авч лацдан 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хяналтыг зогсоон шалгасан бөгөөд сорилтын дүнгээр 1 кг дахь хог ургамлын тоо 20 ш гарсан. 2016 оны 04 дүгээр сарын 17, 19-ний өдрүүдэд авсан Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын улсын байцаагчийн авсан шинжилгээний сорилтын дүнгээр 1 кг дахь хог ургамлын тоо 20 ш гарсан. МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгээр 1 кг дахь хог ургамал 20 ш гарсан. Мөн Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн авсан дээжинд хийсэн шинжилгээний сорилтын дүнгээр 1кг дахь хог ургамал 18 ш тус тус гарсан байна. Бүх лабораторийн сорилтын дүнгээс үзэхэд 1 кг дахь хог ургамлын тоо тарих үрийн 2 дугаар ангийн шаардлага хангаж байгаа билээ. /Эдгээр сорилтын дүнгүүд 1 дүгээр хавтаст хэргийн 44-48 дугаар хуудаст нотлох баримт болгон авсан./
2. Тарих үрийн чанарыг тодорхойлох арга MNS 487:2001 стандартад зааснаар үрийн улаан буудайд хамгийн гол үзүүлэлт бол үрийн цэвэршилт, соёололт болдог бөгөөд өөрөөр хэлбэл тариалалтын хэрэгцээт чанар юм.
Нийт 88 вагон буюу 5792.3 импортын үрийн улаан буудай нь тарих үрийн стандартын 2 дугаар ангийн шаардлага хангаж байгаа тул хог ургамлыг цэвэрлэж тариалах талаар улсын байцаагчийн дүгнэлт, зөвлөмж, албан шаардлагыг импортлогч аж ахуйн нэгж, ТЭДС-д тус тус өгч ажилласан.
3. Үр тарианы хог ургамалтай тэмцэх олон арга байдаг.
Үүнд: 1. Тарихаас өмнө үрийн цэвэрлэх, 2. Ургалтын хугацаанд хог ургамлыг түүж устгах, 3. Тохирсон гербицидийг цацах, 4. Энгийн уламжлалт арга болон химийн уринш зэрэг бусад аргыг хэрэглэж болно.
Импортын үрийн улаан буудайнаас 146 иргэн, аж ахуйн нэгж ТЭДС-тай гэрээ хийн хаврын тариалалт хийсэн бөгөөд намар өндөр ургац авсан учир одоог хүртэл гомдол санал /соёололт, ургацын талаар/ ирээгүй байна. Үүний үр дүнд гурилын үйлдвэрүүд жилийн хугацаанд жигд ажиллаж, 2017 онд тариалах үр /улсын хэмжээнд/ импортлогдоогүй байна.
4. Импортын үрийн улаан буудай нь экспортлогч орны 1 дүгээр репродукци үр гэсэн чанар, гарал үүслийн гэрчилгээтэй, ХХААЯ-наас үрийн улаан буудай импортлох зөвшөөрөлтэй импортлогдсон тул 2, 3 дугаар ангийн үрийн хувьд худалдан авахад үнэ адилхан байгаа нь ХХААЯ-ны сайдын 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/45 тоот тушаалаар 1 тн дотоодын үрийн улаан буудайг 800.000 төгрөгөөр, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/55 тоот тушаалаар 1 тн импортын үрийн улаан буудайг 815.000 төгрөгөөр ТЭДС-аар дамжуулан тариаланчдад худалдан борлуулахаар тус тус шийдвэрлэсэн байдаг.
Дээрхи байдлаас үзэхэд шүүгч нар хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг бүрэн судалж үзээгүйн улмаас улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгосонд миний бие туйлын ихээр харамсаж байгаа тул улсын байцаагчийн дүгнэлтийг сэргээж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх магадлал, тогтоолд заасан хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай зарим ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “МҮТЭГТХ” ГҮТББ-аас “Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.Б-ийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-0120/084 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 232 дугаар магадлалаар “ ... Хариуцагчийн үрийн буудайны чанарыг тодорхойлсон аргачлал нь ямар хууль, стандарт зэргийг үндэслэсэн болох нь тодорхойгүй, анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй” зэрэг үндэслэлүүдийг зааж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр тогтоолоор “шүүх үрийн улаан буудайн чанарыг ямар аргачлалаар тооцож аль ангид хамаарахыг тогтоодог, тухайлбал үрийн буудайн цэвэршилтийг хэрхэн тооцож тогтоодог, 1 кг-д байх хог ургамлын үрийг хог ургамал тус бүрийн ширхгээр гаргадаг, эсхүл нийт хог ургамлыг тоогоор гаргадаг эсэхийг тогтоох, түүнээс гадна 6 вагоны дунджаар үрийн буудайн чанарыг тодорхойлдог гэх хариуцагчийн тайлбарт дүгнэлт өгөх шаардлагатай” гэж үзэж хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Гэтэл анхан шатны шүүх маргааныг таслан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг тогтоолгүйгээр “шинжилгээгээр хог ургамлын үр 1 кг-д 21.6 ширхэг буюу Үрийн буудай сортын болон үрийн чанар. Ерөнхий шаардлага MNS 0216:2010 стандартын 6.1-д заасан тарих үрийн 2 дугаар ангийн шаардлагыг хангаагүй байхад Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн 2 дугаар ангилалд хамааруулан дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй” гэж дүгнэн шийдвэрлэснээр үрийн буудайн ангиллыг тогтоохдоо 1 кг-д байх хог ургамлыг тоогоор гаргадаг эсэх, 6 вагоны дунджаар үрийн буудайн чанарыг тодорхойлдог эсэх тухай дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй. Гомдолд “... сорилтын дүнгээр 1 кг дахь хог ургамлын тоо 20 ш гарсан. 2016 оны 04 дүгээр сарын 17, 19-ний өдрүүдэд авсан Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын улсын байцаагчийн авсан шинжилгээний сорилтын дүнгээр 1 кг дахь хог ургамлын тоо 20 ш гарсан. МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгээр 1 кг дахь хог ургамал 20 ш гарсан. Мөн Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн авсан дээжид хийсэн шинжилгээний сорилтын дүнгээр 1кг дахь хог ургамал 18 ш тус тус гарсан байна. Бүх лабораторийн сорилтын дүнгээс үзэхэд 1 кг дахь хог ургамлын тоо тарих үрийн 2 дугаар ангийн шаардлага хангаж байгаа билээ. /Эдгээр сорилтын дүнгүүд 1 дүгээр хавтаст хэргийн 44-48 дугаар хуудаст нотлох баримт болгон авсан/” гэж маргажээ.
Үрийн буудай. Сортын болон үрийн чанар. Ерөнхий шаардлага MNS 0246:2010 стандартын 6.2-т “импортоор оруулах болон тариалах үр нь гадаад болон дотоод хорио цээртэй ургамлын өвчин, хортон, хог ургамлын үрээр бохирлогдсон байхыг хориглоно” гэж заажээ. MNS 0246:2010 үрийн буудайн стандартын 6.1-д тарих үрийн чанарын шаардлагад хог ургамлын үр 1 кг тутамд байх хэмжээгээр 3 ангилалд хувааж 1 дүгээр ангилалд 5 ширхгээс дээшгүй, 2 дугаар ангилалд 20 ширхгээс дээшгүй, 3 дугаар ангилалд 70 ширхгээс дээшгүй байхаар тодорхойлсон байх ба анхан шатны шүүх “аймгийн Мэргэжлийн хяналтын газрын магадлан итгэмжлэгдсэн лабораторийн 6 вагоноос шинжлүүлсэн үзүүлэлтүүдийн хүрээнд 52131976 вагонд 20, 52648870 вагонд 20, 52131455 вагонд 20, 5204670064 вагонд 30, 52685930 вагонд 10, 52649035 вагонд 30 гэж дүгнэгдсэнээс дүгнэхэд хог ургамлын үр 21.6 ширхэг байна” гэж үрийн буудайн цэвэршилтийг тооцох ямар аргачлалыг удирдлага болгож дүгнэсэн тодорхойгүй, хог ургамлын үрийн талаар дүгнэсэн хариуцагчийн дүгнэлт нь хууль, холбогдох журамд нийцсэн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай нийцэхгүй байна.
2. Түүнчлэн, нэхэмжлэгч “ГТХ” ТББ-ын гишүүдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь энэхүү улсын байцаагчийн дүгнэлтийн улмаас хэрхэн зөрчигдсөн талаар шүүх дүгнэлт хийгээгүй байна. Шүүх “... актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн ...” гэсэн тодорхой биш дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл, улсын байцаагч шийдвэртээ тарих үрийн 2 дугаар ангийн шаардлага хангаж байна гэж дүгнэснээр нэхэмжлэгч төрийн бус байгууллагын гишүүн ямар хуулийн этгээдийн эрх хэрхэн, ямар байдлаар хөндөгдсөн талаарх нотлох баримт цуглуулж, нэхэмжлэлийн шаардлага дахь захиргааны актын үйлчлэлийн улмаас нэхэмжлэгч ТББ-ын гишүүн хэдэн газар тариалан эрхлэгч хуулийн этгээдүүд ямар хэмжээний тарих үрийг худалдан авсан, түүний улмаас ямар хохирол учирсан зэргийг тодруулах нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 49 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ