Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 01875

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Б-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01911 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Б-ий хариуцагч БГДЭМТ-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Э.Б- нь БГДЭМТ-д 2016 оноос эхлэн сургалтын арга зүйчээр ажиллаж, 2018 онд  хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Гэтэл ажил олгогчийн зүгээс 2020 оны 04 сарын 16-ны өдөр Б/157 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас үндэслэлгүйгээр халсан. Э.Б- нь хариуцагч байгууллагад ажиллаж байх хугацаандаа  ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж байгаагүй. Ажлаас халсан тушаалын үндэслэл болох  “ажлын байраа орхиж явсан” гэх талаар тайлбарлахад байгууллагын хүний нөөцөд утсаар мэдэгдсэн, зохих ёсны эмнэлгийн магадалгааг Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгээс авсан, магадалгаанд 2020 оны 03 сарын 05-ны өдрөөс мөн оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл өөрийн өвөө Ц.Дангаасүрэнг асарсан нь үнэн болох тодорхойлолт авсан байсан бөгөөд өвөө Ц.Дангаасүрэн нь 2020 оны 04 сарын 19-ний өдөр нас барсан. Мөн магадлан итгэмжлэлийн шалгуурт заагдсан өөрийн ажил үүрэгт хамаарах үзүүлэлтийг гаргах боломжгүй болсон талаар байгууллагын нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Н.Болдбаатарт мэдэгдсэн.

Э.Б- нь 2020 оны 02 сард эргүүлийн пост дээр ажиллаад 2020 оны 03 сарын 09-ний өдөр 5 хоногийн чөлөө хүссэн өргөдөл өгөхөд шийдээгүй тул дараа нь материалаа бүрдүүлж болох учраас Дархан-Уул аймаг руу явсан. Түүний асарч байсан өвөө Ц.Дангаасүрэнд 1 сарын хугацаа үлдсэн талаар онош гарсан. Иймд 2020 оны 03 сарын 16-ны өдрөөс 2020 оны 04 сарын 03-ны хүртэл 14 хоногийн чөлөөг бичгээр хүсэхэд “харьяалах албанд цохолт хийлгэсний дараа хандах ёстой” гээд хүлээж авахгүй байсан тул нарийн бичигт нь үлдээгээд явсан. 2020 оны 04 сарын 01-ний өдөр магадалгаа чинь болохгүй байна гээд утсаар залгаад байсан учир ажилдаа орсон. Нэхэмжлэгч нь чөлөө хүсэх өргөдлөө хөдөлмөрийн болон хамтын гэрээний дагуу гаргасан гэж бодож байна. Хамтын гэрээнд өвөө гэсэн үг байхгүй гэдэг шалтгаанаар өргөдлийг цохож өгөөгүй.

Иймд сургалтын арга зүйчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 430 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: БГДЭМТ-ийн даргын Б.157 дугаартай Э.Б-ийг ажлаас халсан тушаал нь үндэслэлтэй болно.Э.Б- нь ажлын цагийн хоцрогдол ихтэй, үүнийг өмнө нь удирдлагын зөвлөлийн хурлаар сануулж байсан, чөлөө хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй байхад ажил орхиж явсан, хавдар судлалын эмнэлгийн магадалгаа нь таньдаг хүнээсээ гуйж авсан нь тогтоогдсон зэрэг асуудлууд байсан болно. Иймд удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж ажлаас халахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй байхад нь халаагүй, хөдөлмөрийн гэрээний 7.10, Хөдөлмөрийн дотоод журмын 8.4-т тус тус захиргааны чөлөө авах тухай заасан.

Э.Б- нь 2020 оны 03 сарын 09-ний өдөр Дархан-Уул аймаг руу явах үндэслэлээр 5 хоногийн чөлөө авсан байдаг. Өргөдөл нь цохогдоогүй байсан тул цохуулаарай гэж хэлсэн. Гэтэл 2020 оны 03 сарын 16-ны өдөр ирж мөн өдрөөс 2020 оны 04 сарын 03-ны өдрийг хүртэл 14 хоногийн чөлөө авах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтдээ ХСҮТ-д эмчид үзүүлсэн гэсэн баримт өгсөн. Эхний 5 хоногийн чөлөөг холбогдох бичиг баримтаа бүрдүүлж өгсөн тохиолдолд чөлөө авах эрх нь нээлттэй байсан. Э.Б- нь Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу чөлөө аваагүй, Дархан-Уул аймаг руу яваад 2020 оны 04 сарын 01-ний өдөр ирэхдээ өвөөгөө асарсан гэсэн холбогдох бичиг баримтыг авчирч өгөөгүй. Э.Б-ий хэрэгт хавсаргасан 1 сарын акт нь тушаал шийдвэр гарсны дараа өгсөн акт байна. Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажлаас нь халсан. Тухайн үедээ Э.Б- өргөдлийн талаар баримтаа дараа нь бүрдүүлж өгнө гэдгээ хэлээгүй. Хөдөлмөрийн гэрээ болон хамтын гэрээнд дараа нь материал бүрдүүлж өгөх тухай заалт байхгүй.

Иймд тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Э.Б-ийг БГДЭМТ-ийн сургалт хариуцсан арга зүйчийн ажилд нь эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар БГДЭМТ-өөс 1 371 040 төгрөгийг гаргуулан Э.Б-д олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Э.Б-ий нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг БГДЭМТ-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Э.Б- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, БГДЭМТ-өөс 36 887 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Сургалтын арга зүйч Э.Б- нь ажлын цагийн хоцрогдол ихтэй байдаг ба ажлын тайлан, үүрэгт ажлаа хугацаандаа хийхгүй байсан тул 2020 оны 01 сарын 14-ний өдрийн удирдлагын шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч сануулсаар атал ажлын цагийн хоцрогдол хэвээр үүрэгт ажлаа цаг хугацаандаа хийдэггүй, алдаандаа дүгнэлт хийдэггүй. Э.Б- нь 2020 оны 03 сарын 10-ны өдрөөс 03 сарын 16-ны өдрийг хүртэл 5 хоног, 03 сарын 16-ны өдрөөс 04 сарын 03-ны өдрийг хүртэл 14 хоногийн чөлөө хүссэн өргөдөл өгсөн боловч өргөдөлдөө холбогдох материал хавсаргаагүй. 2020 оны 03 сарын. 16-ны өдөр дахин чөлөө хүсэхдээ хавдар судлалын эмнэлгийн 2020 оны 03 сарын 09-ний өдрөөс 03 сарын 10-ны өдөр хүртэл чөлөө олгосон магадалгаа авч ирж өгсөн боловч уг магадалгааг таньдаг хүнээсээ гуйж авсан болох нь тогтоогдсон. Хүний нөөцийн албанаас энэ талаар Э.Б-тэй холбогдон хэлж, ирэхдээ эмнэлгийн магадалгаагаа өгөөрэй гэж хэлсэн. Э.Б- нь 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс ирээд, 14 хоног ажиллахдаа чөлөө олгох үндэслэлтэй холбогдох материалаа өгөөгүй. 2020 оны 04 сарын 14-ний өдрийн удирдлагын зөвлөлийн хурлаар Э.Б-ийг байлцуулж, ажлын цагийн хоцрогдол хэвээр, мөн чөлөө хүссэн асуудлыг шийдвэрлээгүй байхад ажил орхиж явсан тухай болон ажлын тайлан өгөхгүй байгаа талаар удирдлагын багийн гишүүд асуулт асуухад “хэлэх тайлбар байхгүй хэлэх газар нь юмаа хэлнэ” гээд тайлбар болон баримтаа өгөөгүй.

Хөдөлмөрийн гэрээний 3.1-д “...ЭЭО дарга, НЭМҮТЭ орлогч болон удирдлагын багийн гишүүд, амбулаторийн эрхлэгч нар нь даргын өмнө үүрэг хариуцлага хүлээнэ”, 3.2-т “...ЭЭО дарга, тасгийн эрхлэгч, удирдлагын бага нь ажиллагсдыг шууд удирдана” гэж заасан. Э.Б- нь шууд удирдах албан тушаалтнууддаа тайлбар баримтаа өгөхгүй, өөр хэнд тайлбар өгөх ёстой гэж ойлгоод байгаа нь тодорхойгүй, хөдөлмөрийн сахилга батгүй байна. БГДЭМТ-ийн даргын 2020 оны 04 сарын 16-ны өдрийн Б/157 дугаар тушаалаар Э.Б-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн .131.1.3, хөдөлмөрийн гэрээний 7.9, 7.10, 7.11, 9.1.4, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.2а, 9.2.2б, удирдлагын зөвлөлийн хурлын 2020 оны 04 сарын. 14-ний өдрийн тэмдэглэл зэргийг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Ингээд 2020 оны 04 сарын 14-ний өдрөөс хойш ажлаас чөлөөлөх тушаал шийдвэр гарсны дараа Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн 2020 оны 03 сарын 05-ны өдрөөс 04 сарын 01-ний өдөр хүртэл 25 хоногийн өвчтөн асарсан гэх хуулбар магадалгааг өргөдөл гомдол хүлээж авдаг ажилтанд өгсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт ...ажилтан үнэнчээр хөдөлмөрлөх хуулиар тогтоосон нууцад  хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн  дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Тушаал шийдвэр гарснаас хойш хуулбарласан магадалгаа өгч байгааг зөвтгөх аргагүй бөгөөд байгууллагын бүх ажилтан албан хаагчид хөдөлмөрийн гэрээ дотоод журмыг бүгд адил тэгш эрхтэй мөрдөж ажиллах ёстой. Хэн нэгэн давуу эрхтэй байна гэсэн ойлголт огт байж болохгүй. Цаашдаа ажилтан албан хаагчид Хөдөлмөрийн ,гэрээ, хөдөлмөрийн дотоод журам дүрмийг дагахгүй байж болох  ойлголттой болох, хүсэлт өгсөн бол чөлөөг олгох ёстой гэсэн ойлголттой болж, хөдөлмөрийн сахилга бат алдагдах эрсдэлтэй.

Шүүх “...Э.Б- нь 2020 оны 03 сарын 09, 16-ны өдөр ажил олгогчид хүсэлтээ өгсөн байхад эрх бүхий этгээд байхгүй, удирдлага нь хүлээж авахгүй байхад хүсэлтээ байгууллагын нарийн бичигт үлдээгээ явсан байгаа нэхэмжлэлийн үйлдлийг буруутгах боломжгүй ажил олгогч байгууллага шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна” гэжээ. Гэтэл хөдөлмөрийн дотоод журмын 8.4.1-т чөлөө олгох талаар тодорхой заасан байгаа бөгөөд ирсэн даруйдаа эмнэлгийн магадалгаа өгөх боломжтой байсан. Манай байгууллагаас Э.Б-ийг чөлөө хүссэн өргөдөл өгөөд явснаас хойш шууд ажлаас  халаагүй бөгөөд ажилдаа эргэж ирснээс нь хойш 14 хоногийн дараа удирдлагын багийн хурлаар оруулж, ажил тасалсан болон бусад үндэслэлүүдээр ажлаас чөлөөлсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Б- нь хариуцагч “БГДЭМТ-” УТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал хуульд нийцсэн гэх үндэслэлээр маргажээ. /хх 1-2, 16/

 

Хэрэгт авагдсан Э.Б-ий нийгмийн даатгалын дэвтэр, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Э.Б-ийг ажлаас халсан тушаал, 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 01 дугаартай “Удирдлагын багийн хурлын тэмдэглэл” /хх 4-5, 8, 20-21, 108-109/, зохигчдын тайлбараас үзвэл, Э.Б- нь хариуцагч байгууллагад 2016 оны 10 сарын 19-ний өдрөөс 2020 оны 04 сарын 20-ны өдөр хүртэл сургалтын арга зүйчээр ажилласан, уг хугацаанд буюу 2020 оны 01 сарын 14-ний өдөр нэхэмжлэгчид “ажлын цагийн хоцрогдол удаа дараа гаргаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй” үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсан үйл баримт тогтоогдож байна. Талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй, харин нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаал хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Хариуцагч “БГДЭМТ-” УТҮГ-ын даргын 2020 оны 04 сарын 16-ны өдрийн Б/157 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 7.9, 7.10, 7.11, 9.1.4, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.2а, 9.2.2б, удирдлагын зөвлөлийн хурлын 2020 оны 04 сарын 14-ний өдрийн тэмдэглэл зэргийг үндэслэн, Э.Б- нь 2020 оны 03 сарын 10-ны өдрөөс мөн оны 03 сарын 16-ны өдөр хүртэл 5 хоног, 2020 оны 03 сарын 16-ны өдрөөс мөн оны 04 сарын 03-ны өдөр хүртэл 14 хоногийн чөлөө хүссэн өргөдөл нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ажлын байраа орхин явж, ажил тасалсан, өргөдөлд хавсаргасан магадалгааг зохих журмын дагуу аваагүй, магадлан итгэмжлэлийн шалгуурт заагдсан өөрийн ажил үүрэгт хамаарах үзүүлэлтийн биелэлтийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан сургалт, сурталчилгаа, мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх үүрэгт ажлаа удаа дараа биелүүлээгүй, урьд нь “сануулах” сахилгын шийтгэл ногдуулж анхааруулсан боловч алдаандаа дүгнэлт хийгээгүй, ажлын цагийн хоцрогдол хэвээр гэсэн үндэслэлээр 2020 оны 04 сарын 20-ны өдрөөс ажлаас халахаар шийдвэрлэжээ. /хх 8/

 

Анхан шатны шүүх дээрх тушаалыг хуульд нийцээгүй гэж дүгнэхдээ нэхэмжлэгч урьд хүлээсэн сахилгын шийтгэл хүчинтэй байгаад талууд маргаагүй, мөн түүний чөлөө авах хүсэлт удирдлагын зүгээс шийдвэрлэгдээгүй байхад ажлын байрыг орхин явсан нь тогтоогдсон зэрэг хэргийн нөхцөл байдлыг анхаараагүйн улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан зохицуулалтыг тухайн тохиолдолд зөв хэрэглээгүй байна. Мөн онцгой шаардлага гарвал чөлөө олгосон захиргааны шийдвэр гарахаас өмнө ажилтан ажлын байрыг орхин явж болохоор Хөдөлмөрийн дотоод журмын 8.4.1-д заасан боловч нэхэмжлэгч Э.Б- нь чөлөө хүссэн хоног нь дуусмагц буюу 2020 оны 04 сарын 03-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг нөхөж өгөөгүй, хожим ажлаас халах тушаал гарсны дараа өгсөн үйл баримтыг дүгнэлгүй орхигдуулжээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь 2020 оны 03 сарын 16-ны өдрөөс мөн оны 04 сарын 01-ний өдөр хүртэл ажилдаа ирээгүй үндэслэлээ, “өөрийн өвөөг эмнэлэгт сахих болсон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлаас чөлөө хүссэн өргөдөл гаргахад ажил олгогчийн зүгээс шийдвэрлээгүй, магадлан итгэмжлэлийн шалгуурт заагдсан өөрийн ажил үүрэгт хамаарах үзүүлэлтийг гаргах боломжгүй болсон талаар байгууллагын нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Н.Болдбаатарт мэдэгдсэн” гэж тайлбарлах боловч тэрээр ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.9-д зааснаар ажил таслахгүй байх, ажлаас чөлөө авах тохиолдолд мөн гэрээний 7.10-т зааснаар Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу авах, 7.11-д зааснаар байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөн ажиллах үүргээ сахин биелүүлээгүй байна.

 

Ажилтан чөлөө олгох тухай хүсэлт гаргаснаар чөлөө олгогдсонд тооцохгүй бөгөөд хүсэлтийг хүлээн авч, чөлөө олгох эсэхийг шийдвэрлэх нь байгууллагын эрх хэмжээнд хамаарна. 

 

Хэрэгт авагдсан баримтаар ажил олгогч нь ажилтан Э.Б-д Хөдөлмөрийн дотоод журмын 8.4-т заасны дагуу чөлөө олгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнийг хөдөлмөрийн гэрээний 9.1.4-т заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 3 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэсэн ажил олгогчийн тушаал үндэслэлтэй байна. Мөн талууд Хөдөлмөрийн гэрээний 9.1.4-д заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах талаар тохиролцсон байхаас гадна нэхэмжлэгч нь 2020 оны 01 сарын 14-ний өдөр авсан сануулах сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан тул түүнийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч Э.Б-ийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан 2020 оны 04 сарын 16-ны өдрийн Б/157 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний дээрх заалтуудад нийцсэн байх тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01911 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай  хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Э.Б-ий хариуцагч БГДЭМТ-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 сарын 30-ны өдөр төлсөн 107 087 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ                                                     

                                                    ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                     Д.НЯМБАЗАР