Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2020/01911

 
 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Э.Б-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:БГДЭМТ-д холбогдох,

 

Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Э.Б, өмгөөлөгч К.С, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2018 оноос БГДЭМТтэй хөдөлмөрийн гэрээ хугацаагүйгээр байгуулж, сургалтын арга зүйчээр 2016 оноос эхлэн ажиллаж, тус байгууллагад 4 дэх жилдээ ажиллаж байна. Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/157 дугаартай Эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Би тус Эрүүл мэндийн төвд ажиллаж байх хугацаандаа  ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж байгаагүй бөгөөд даргын тушаалд дурдагдсан үндэслэл нь ажлын байраа орхиж явахдаа байгууллагын хүний нөөцөд утсаар мэдэгдсэн, зохих ёсны эмнэлгийн магадлалааг Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгээс авсан, магадлагаанд 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл өөрийн өвөө Ц.Д асарсан нь үнэн болох тодорхойлолт авсан байсан бөгөөд өвөө Ц.Д нь 4 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан. Мөн магадлан итгэмжлэлийн шалгуурт заагдсан өөрийн ажил үүрэгт хамаарах үзүүлэлтийг гаргах боломжгүй болсон талаар байгууллагын нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Н.Б-т мэдэгдсэн. Иймд би сургалтын арга зүйчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би тухайн үед манай талийгаач өвөөгийн онош нь тодорхой болсон байсан, би 2 сард эргүүлийн постон дээр ажиллаад 2020 оны 3 дугаар сарын 09-нд 5 хоногийн чөлөө хүссэн өргөдөл өгсөн. Тэрийг тухайн үед шийдэж өгөөгүй. Дараа нь материалаа бүрдүүлж өгч болох учраас Дархан руу явсан. Өвөөгийн маань онош гарч, 1 сар гарангийн хугацаа үлдсэн байсан тул би 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 03-ны хүртэл 14 хоногийн  чөлөө хүсэх хүсэлтээ бичиж өгсөн. Тэгэхэд харьяалах албандаа цохолт хийлгэсний дараа хандах ёстой гэж хэлсэн, би  хүлээлгэж өгөх гэхэд хүлээж авах хүн байхгүй, нарийн бичигт нь үлдээгээд явсан, 2020 оны 4 дүгээр сарын 01-нд магадлагаа чинь болохгүй байна гээд араас утастаад байсан болохоор би ажилдаа орсон. Би чөлөө хүсэх өргөдлөө хөдөлмөрийн болон хамтын гэрээний дагуу гаргасан гэж бодож байна. Хамтын гэрээн дээр өвөө гэсэн үг байхгүй гэдэг шалтгаанаар миний өргөдлийг цохож өгөөгүй, би сургалтын арга зүйчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 430 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч БГДЭМТийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:БГДЭМТийн даргын Б.157 дугаартай Э.Бийг ажлаас халсан тушаал нь үндэстэй болно.Э.Б нь ажлын цагийн хоцрогдол ихтэй, үүнийг өмнө нь удирдлагын зөвлөлийн хурлаар сануулж байсан, чөлөө хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй байхад ажил орхиж явсан, хавдар судлалын эмнэлгийн магадлагаа нь таньдаг хүнээсээ гуйж авсан нь тогтоогдсон зэрэг асуудлууд байсан болно.Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж ажлаас халахаар шийдвэрлэсэн.Иймд тушаал үндэстэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй байхад нь халаагүй, хөдөлмөрийн гэрээний 7.10-т заасны дагуу захиргааны чөлөө авах тухай заасан. Хөдөлмөрийн дотоод журмын 8.4-т захиргааны чөлөө авах тухай заасан байгаа. Э.Б нь эхлээд 5 хоногийн чөлөө олгоно уу гэж 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Дархан явна гэж чөлөө авсан байдаг. Өргөдөл нь цохогдоогүй байсан бөгөөд цохуулаарай гэж хэлсэн. Тэгсэн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ирсэн, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 14 хоногийн чөлөө авах тухай хүсэлт гаргасан. Тэгээд ирэхдээ ХСҮТ-д эмчид үзүүлсэн гэсэн баримт өгсөн. Эхний 5 хоногийн чөлөөг холбогдох бичиг баримтаа бүрдүүлж өгсөн тохиолдолд чөлөө авах эрх нь нээлттэй байсан. Э.Б нь Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу чөлөө аваагүй, Дархан руу яваад 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ирэхдээ өвөөгөө асарсан гэсэн холбогдох бичиг баримтыг авчирч өгөөгүй. Э.Бий хэрэгт хавсаргасан 1 сарын акт нь тушаал шийдвэр гарсны дараа өгсөн акт байна. Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажлаас нь халсан. Тухайн үедээ  Э.Б өргөдлийнхөө талаар дараа нь бүрдүүлж өгчихье гэдгээ хэлээгүй. Хөдөлмөрийн гэрээ болон хамтын гэрээн дээр дараа нь материал бүрдүүлж өгөх тухай заалт байхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч БГДЭМТд холбогдуулан Сургалтын арга зүйчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Э.Б нь БГДЭМТд Сургалт хариуцсан арга зүйчээр ажиллаж байсан болох нь БГДЭМТийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/215 тоот тушаал, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилт болон талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Э.Б  нь хариуцагч байгууллагатай 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

 

БГДЭМТийн даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/157 дугаартай тушаалаар Э.Бд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 7.9, 7.10, 7.11, 9.1.4-т заасан зөрчлийг гаргасан гэж үзжээ.

 

 Дээрх БГДЭМТийн даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/157 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй боловч Э.Бийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.

 

БГДЭМТийн Э.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1.4-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 3 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байна.

 

Гэвч Э.Бий БГДЭМТд 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр болон 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрүүдэд гаргасан чөлөө хүссэн өргөдлийг хариуцагч байгууллага нь хүлээн авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хариуцагч байгууллагын удирдлагын багийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

 

Ажилтан нь хүндэтгэх үзэх шалтгаантай үед ажил олгогчид хүсэлт гаргахад эрх бүхий этгээд нь байхгүй, удирдлага нь хүлээж авахгүй байхад хүсэлтээ байгууллагын нарийн бичигт үлдээгээд явсан байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг буруутгах боломжгүй байна.

 

Харин хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.6-д заасан эрхийнхээ дагуу Э.Бий гаргасан хүсэлтийг ажил олгогч байгууллага нь шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

 

Нөгөө талаар хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.1-т заасан онцгой шаардлага гэж ямар нөхцөл байдлыг ойлгох,  нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан чөлөө хүссэн шалтгаан нөхцөл нь хөдөлмөрийн дотоод журмын аль заалтад хамаарах нь тодорхой бус байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд Э.Бийг эрхэлж байсан БГДЭМТийн сургалт хариуцсан арга зүйчийн ажилд нь эргүүлэн тогтоох үндэстэй байна.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингийн нийлбэрээс дундаж цалинг бодож, түүний ажиллаж байсан болон ажилгүй байсан хугацааны олговорт 1 371 040 төгрөгийг БГДЭМТөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, Э.Бий эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас 36 887 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Э.Б-ийг БГДЭМТийн сургалт хариуцсан арга зүйчийн ажилд нь эргүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар БГДЭМТөөс 1 371 040 /нэг сая гурван зуун гучин далан нэгэн мянга дөчин/ төгрөгийг гаргуулан Э.Бд олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар Э.Бий нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг БГДЭМТд даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Э.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, БГДЭМТөөс 36 887 /гучин зургаан мянга найман зуун наян долоон/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН