Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 01959

 

Н.Э гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/01604 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Э гийн хариуцагч Б.Б д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 57 690 516 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, барьцааны 3 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б ,Н.Э нар 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, 4А байрыг түрээслүүлэхээр 5 жилийн хугацаатай, нэг сарын төлбөрт 3 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Б.Б  нь гэрээний дагуу 2016 онд төлөх түрээсийн төлбөрийг төлсөн боловч 2017 оны 36 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх байсан үүнээс 26 600 000 төгрөгийн төлбөрийг төлж үлдэгдэл 9 400 000 төгрөгийн үлдэгдэлтэй 2018 оны түрээсийн төлбөр 27 000 000 төгрөг, мөн дулааны төлбөрт 2 476 514 төгрөг, цахилгааны төлбөрт 614 002 төгрөгийн төлбөрийг төлөөгүй 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байрыг хүлээлгэн өгсөн. Гэрээний 7.5-д заасны дагуу алданги тооцож байна. Иймд түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 36 400 000 төгрөг, алданги 18 200 000 төгрөг, дулааны төлбөрт 2 476 514 төгрөг, цахилгааны төлбөрт 614 002 төгрөг нийт 57 690 516 төгрөгийг хариуцагч Б.Б  аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Н.Э-тай 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээг сард 3 000 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцон гэрээг байгуулан уг байранд өөрийн зардлаар засвар хийж байж бизнесийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Гэтэл хуулийн байгууллагаас явуулсан шалгалтаар миний бизнесийг зогсоож хаасан тул би цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж гэрээ хэрэгжээгүй тул түрээсийн төлбөр төлөхгүй. 2017 онд түрээсийн төлбөрөө 100 хувь төлсөн тул түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй. 2018 онд үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардсан хуудсыг Эрүүгийн цагдаагийн албанаас наасан. Төрийн байгууллагын шаардлагын дагуу үйл ажиллагаа зогсоосон. Тухайн үед нэхэмжлэгч Н.Э-д мэдэгдэж байсан учир 2018 оны түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй. 2018 онд үйл ажиллагаа явуулаагүй учир дулааны төлбөр 2 476 514 төгрөг болон цахилгааны төлбөр 60 402 төгрөгийг төлөх үндэслэлгүй.

Н.Э-тай 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх тухай гэрээг бичгээр байгуулж, уг түрээсийн гэрээний дагуу 3 000 000 төгрөгийг барьцаанд 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байршуулсан. Уг байршуулсан 3 000 000 төгрөгийг Н.Э нь түрээсийн төлбөрөөс хасахгүй байгаа тул 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр барьцаанд өгсөн 3 000 000 төгрөгийг авна. 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б.Энхтуяад түрээсийн төлбөрт төлсөн 32 600 000 төгрөг, түрээсийн байр болон байрны гадна талбайд засвар үйлчилгээ хийсэн зардалд 37 751 522 төгрөг, ажлын хөлс зардалд 17 300 000 төгрөг нийт 87 651 522 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Б.Б  аас 54 690 616 төгрөгийг гаргуулж Н.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Н.Энхтуяагаас 3 000 000 төгрөг гаргуулж Б.Б д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б.Энхтуяагаас түрээсийн төлбөрт төлсөн 32 600 000 төгрөг, түрээсийн байр болон байрны гадна талбайд засвар үйлчилгээ хийсэн зардалд 37 751 522 төгрөг, ажлын хөлс зардалд 17 300 000 төгрөг нийт 87 651 522 төгрөгт холбогдох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 446 403 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 431 404 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 62 950 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны 3 000 000 төгрөг гаргуулах, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, түрээсийн төлбөрт төлсөн 32 600 000 төгрөг, түрээсийн байр болон байрны гадна талбайд засвар үйлчилгээ хийсэн зардалд 37 751 522 төгрөг, ажлын хөлсний зардалд 17 300 000 төгрөг, нийт 90 651 522 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээгээр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, 4 давхар, 475 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205011553 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон 4А байрыг бүхэлд нь ажлын байрны зориулалтаар 1 сарын түрээсийн төлбөрт 3 000 000 төгрөг төлөхөөр, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 5 жилийн урт хугацаатайгаар түрээслэхээр Н.Э-тай тохиролцож гэрээг байгуулж, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр барьцаанд 3 000 000 төгрөгийг Н.Энхтуяад бэлнээр өгч байршуулсан. Би 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл нийт 32 600 000 төгрөгийг түрээсийн төлбөрт Н.Энхтуяад төлсөн. Гэрээг байгуулах үед түрээслэх байрны дотор интерьер, засал чимэглэл болон гадна талын талбайг цутгаж бетон хийхэд засварын хугацаа шаардлагатай байсан, шууд орж үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байсан. Түрээсийн гэрээний 4.1.6-д заасан үүрэгтэй байсан тул Н.Э эгчээс зөвшөөрөл авч, засвар хийж орохгүй бол үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна гэхэд зөвшөөрч намайг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх эхний 2 сарын түрээсийн төлбөрийг төлөхөөс чөлөөлж, засвар хийх боломжийг олгосноор миний бие 37 300 000 төгрөгийн засварыг өөрийн зардлаар хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мөн түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт болон бусад тохиролцоо \гэрээний хавсралтад\ “....Хэрэв гэрээг цуцалсан тохиолдолд засвар хийсэн төлбөрийг тооцоо зардлыг падаанаар баталгаажуулан түрээслэгч тал нэхэмжлэл гаргана. ...” гэж бичгээр тохиролцсон. Үүгээрээ Б.Э нь Б.Б  надад түрээсийн байр, болон гадна талбайд засвар хийхийг зөвшөөрсөн, гарсан зардлаа падаанаар нэхэмжилж авч болно гэсэн тохиролцоо хийгдсэн. Үүнийг зөвшөөрч засвараа хийсэн болно. Би уг байранд засвар хийхийн тулд өөрийн унаж байсан машинаа зарж, олон жил Солонгос улсад ажил хөдөлмөр эрхэлж олсон мөнгөө оруулж, найзаасаа зээл авч байсан. Барилгын цахилгааны монтаж холболт угсралт үйлчилгээг хийлгэхэд 6 800 000 төгрөг зарцуулсан, уг байрны гадна талбайг бетон болон цемент хийж, бохир болон дулааны шугам хоолойг иж бүрэн сольж, дотор засал хийж интерьерийг бүхэлд нь өөрчилж, агааржуулалтын системийг бүхэлд нь сольж, мөн дотор гадна камержуулалт суулгаж эдгээр олон зүйлсийг засаж, янзалж, солиход барилгын материалын зардалд 30 951 522 төгрөг гаргасан. Гэрч н.Наранбаатар “... Барилгын цахилгааны монтаж холболт угсралт үйлчилгээг хийж материалын зардал, ажлын хөлсөнд 7 000 000 төгрөг авсан” гэдэг. Бохирын хоолойг суулгаж, дулааны шугамыг сольсон засвар хийсэн хүмүүсийн ажлын хөлсөнд 17 300 000 төгрөг төлж, нийт 55 051 522 төгрөгийг зарцуулж хохирсон. Эдгээр гаргасан бүх мөнгийг миний бие данснаас гарсан тухайн үеийн зарлагын баримтуудаар барилгын материал, ажилчдын цалин хөлс, хоол хүнс, урсгал зардлуудыг тооцож гаргасан. Үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ хэлбэрийн хувьд бичгээр хийгдсэн боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 318.3-д заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “хэлцэлийг хуульд заасан хэлбэрээр, ....хийнэ” гэж тус тус заасан. 2016 оны 9 дүгээр сарын 12-ны үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийгдсэн. Шүүхээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээг мөн хуулийн 318.3-т заасны дагуу бичгээр байгуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэсэн. Үүгээр нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардах эрхгүй. Ийм байтал шүүхээс хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгийг ашиглаж байгаа тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хугацаагаар буюу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байр хүлээлцсэн актыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тооцож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Хариуцагчаас 2017 оны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7 400 000 төгрөг, 2018 оны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 27 000 000 төгрөг, нийт 34 400 000 төгрөг, гэрээний 4.1.4-т заасан гэрээний хугацаанд хэрэглээний зардлыг түрээслэгч тал төлөхөөр тохиролцсон тул дулаан 2 476 514 төгрөг, цахилгаан 614 002 төгрөг, хариуцагч түрээсийн төлбөрийн үлдэгдэл 34 400 000 төгрөгийг, гэрээний 7.5-д зааснаар гүйцэтгээгүй үүрэг 34 400 000 төгрөгт алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 17 200 000 төгрөг, нийт 54 690 516 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар 54 690 516 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хуулийн байгууллагаас 2018 оны 01 дүгээр сард явуулсан нэгдсэн арга хэмжээний хүрээнд шалгалтаар миний бизнесийг зогсоож хаасан тул би цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж гэрээ хэрэгжээгүй зогссон. Хэрэв хуулийн байгууллагаас үйл ажиллагааг зогсоогоогүй байсан бол би хэвийн үйл ажиллагаа явуулж орлого олох байсан. Нэгэнт үйл ажиллагааг зогсоосон тул би түрээсийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж түрээсийн байрыг гэрээнд заасан хугацаагаар ашиглаж чадахааргүй болж байрны засварт оруулсан хөрөнгөө олж авахаас өөр аргагүй байдалд орсон. Энэ талаар 2018 оны 01 сард Н.Энхтуяа эгчид мэдэгдэж, Н.Энхтуяа эгч ч бас мэдсэн. Тухайн үед ажиллаж байсан манай ажилчид мэднэ. Гэрч О.Халиунаа, Х.Түвшинбаяр нарын тайлбар зэргээр Б.Б  нь үйл ажиллагаагаа 2018 оны 01 дүгээр сард зогсоосон нь нотлогддог. Шүүх үүнийг анхаарч үзсэнгүй. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр огноолсон мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг шуудангаар Б.Б д хүргүүлсэн гэж бичсэн атлаа шуудангийн баримт, хүлээн авсан, хүлээлгэн өгсөн баримт хэрэгт байхгүй байдаг. Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй хамааралтай, түрээсийн гэрээтэй холбоотой зардал юм. Түрээсийн гэрээг шүүх хүчин төгөлдөр бус гэж дүгнэчхээд хүчин төгөлдөр бус гэрээний заалтыг барьж хариуцагчаас түрээсийн төлбөр, алданги, цахилгаан, дулааны төлбөрийг гаргаж нэхэмжлэгчид олгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр гэж нэхэмжилсэн. Хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэл гаргасан үндэслэл нь түрээсийн гэрээний дагуу нэхэмжилсэн, түрээсийн гэрээний маргаан байдаг. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөнд сайн дуруураа өөрөө мэдэж.... нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй“ гэж заасан. Шүүх түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56.1, 56.1.8, 56.5, 318.1, 318.1.3, 318.1.4, 496.2-д зааснаар Б.Б  аас түрээсийн гэрээний 2.1-д зааснаар шилжүүлсэн 32 600 000 төгрөгийг Н.Энхтуяагаас гаргуулж Б.Б д олгож, Н.Э гийн нэхэмжилсэн 54 690 516 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байтал Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг баримталж эсрэгээр нь шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Харин ч эсрэгээрээ Н.Энхтуяа нь үндэслэлгүй хөрөнгөжих гээд байна. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3, 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Б.Бат Оюунаас 54 690 616 төгрөг гаргуулах гэснийг хүчингүй болгож, Б.Энхтуяагаас түрээсийн төлбөрт 32 600 000 төгрөг, түрээсийн байр болон байрны гадна талбайд засвар хийсэн үйлчилгээ хийсэн зардалд 37 751 522 төгрөг, ажлын хөлсний зардалд 17 300 000 төгрөг нийт 87 651 522 төгрөгийг гаргуулж Б.Б д олгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Б.Б д холбогдуулан түрээсийн төлбөр, алданги болон түрээсийн байр ашигласан хугацааны ус, дулаан, цахилгааны төлбөрт 57 690 516 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган барьцааны 3 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй татгалзлаа “...2017 оны түрээсийн төлбөр төлсөн. Харин 2018 онд үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардсан хуудас ирсэн учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул түрээсийн төлбөрийг төлөхгүй. Гэрээ байгуулахдаа барьцаанд байршуулсан 3 000 000 төгрөгийг хасч тооцоогүй, мөн түрээсийн байр болон байрны гадна талбайд засвар үйлчилгээ хийж зардал гаргасан, уг зардлаа гаргуулан авна” гэх агуулгаар тайлбарлажээ.

 

Маргааны үйл баримтын талаарх талуудын тайлбар зөрүүтэй, маргаанд хамааралтай зарим ач холбогдолтой үйл баримтууд тогтоогдоогүй байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Энэ тохиолдолд хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлан талуудыг хүсэлт гаргах эрхээр хангах, хуульд нийцүүлсэн байдлаар нотлох баримт гаргах, улмаар тухайн баримтуудад дурдагдсан үйл баримтын талаар талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг анхан шатны шүүх бүрэн хийсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй.

 

Талууд түрээсийн байранд засан сайжруулалт хийсэн эсэх талаар маргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн түрээслэсэн үл хөдлөх эд хөрөнгөд дотор интерьер засал чимэглэл хийсэн эсэх, гадна талд бетон цутгалт хийсэн эсэх, бохирын хоолой болон дулааны шугам хоолойг иж бүрэн сольсон эсэх, агааржуулалтын системийг бүхэлд нь сольсон эсэх, хэрэв дээрх засан сайжруулалтыг хийсэн бол эдгээрээс салгаж болох зүйл байгаа эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүйгээс гадна хэргийн оролцогчид уг асуудлаар мэтгэлцээгүй байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг шүүх хангаагүй гэж үзнэ.

 

Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/01604 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 769 661 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.НАРМАНДАХ                                                                                

                          ШҮҮГЧИД                                         Ч.ЦЭНД

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ