Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2016/00425

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч Б.Отгонбямба, Н.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч:  Баяжих овогт П-ын Т /РЭ-***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ач хариад овогт Д гийн Д /РУ-***/-д холбогдох

Гэм хорын хохиролд нийт 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 155/2015/0843/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбууиргэдийн төлөөлөгч П.М, нэхэмжлэгч П.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч С.О- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээМиний бие П.Т нь 2015.5.01-нд Nissan X-trial машин унаж замын хөдөлгөөнд оролцон зогсож байтал ар талаас Д гэх эмэгтэй жолооч Prius-11 маркийн машинаар хүчтэй ирж мөргөн миний машины эд ангийг эвдэлсэн. Хэргийн газар замын цагдаа Эрдэнэбаяр ирж танилцсан. Д гэгч нь зохицоод засуулж өгье гэчихээд өнөөг хүртэл миний хохирлыг барагдуулаагүй сураг чимээгүй алга болсон. Иймд Д гэгчээс хохирол 1.600.000 төгрөг нэхэмжилж байна. Эвдэрсэн Nissan X-trial машины эд анги түүнийг дахин авч засварлахад гупер 350.000 /зөвхөн худалдан авах үнэ/, арын хаалга 300.000 төгрөг /худалдаж авах үнэ/, яндан /кушител/-250.000 төгрөг /худалдаж авах үнэ/, тэнхлэгийн гажилт засах -100.000 төгрөг, дээрхи эд ангийг Улаанбаатар хотод /Вьетнам засвар/ засуулах үнэ, замын зардал /ирж очих/, бензиний өртөг, машины эвдэрсэн цагаас өнөөг хүртэлх зорчсон таксины мөнгө, эдгээрийг тооцож нэг сая зургаан зуун мянга төгрөгийг Д гэгчээс нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч П.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож байхад Д.Д замын хөдөлгөөний дүрэм зөрчин осол гаргаж миний автомашиныг ирж мөргөсөн. Автомашинд хойд гупер, арын хаалга, яндан, тэнхлэг тохиргоо зэрэгт гэмтэл учирсан. 2015 оны 5 дугаар сарын 1-ны өдөр зам тээврийн осол гарч машин эвдэрснээс хойш ажил болон гэрлүүгээ байнга таксигаар явж нийт 760 000 төгрөгний зардал гарсан. Үүнээс машин маань эвдрээгүй байсан бол би автомашиндаа 264 000 төгрөгний бензин авч хийх байсан тул уг мөнгийг 760 000 төгрөгнөөс хасч тооцоод 496 000 төгрөгний бодит зардал надаас гарсан байна. Үүн дээр хойд гупер 350 000 төгрөг, арын хаалга 300 000 төгрөг, яндан 250 000 төгрөг, тэнхлэг тохиргоо 100 000 төгрөгөөр засууланаар байгаа. Ингээд нийт зардал 1 868 000 төгрөг болж байгаа ба анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1 600 000 төгрөг нэхэмжилж түүнд тохирох тэмдэгтийн хураамж төлсөн тул 1 868 000 төгрөгөөс 104 000 төгрөгийг хасч байна. Энэ нь Улаанбаатар хот руу автомашинаа авч явж засуулахад гарах бензиний зардал 372 000 төгрөгнөөс 268 000 төгрөгийг хассан юм. Иймд 1 600 000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 05 дугаар сарын 01-нд жолооч П.Т нь Nissan X-trial маркийн автомашиныг жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний дүрэмд зааснаар зогсох дохио өгөхгүйгээр аймгийн Цагдаагийн газрын өмнөх замын хэсэгт гэнэт зогссоны улмаас осол гарсан. Энэ осолд жолооч П.Т өөрөө буруутай, осол гарах тухайн үед осол гарангуут бидний хажууд ирсэн цагдаагийн газрын орлогч дарга н.У- гэгчид таныг авах гэж гэнэт зогсоод л ийм асуудалд орчихлоо шүү дээ гэж хэлж байснаар нотлогдоно. У- нь тэгэхэд наадах машин чинь сүртэй гэмтээгүй байна, зохицоод л засварын газар очоод засуулчихаач гэж байсан. Тухайн үед бид 2 хоёулаа 102-т дуудлага өгөхөд Эрдэнэбаяр гэдэг замын цагдаа ирж үзсэн боловч хэмжилт хийж тэмдэглэл үйлдээгүй, ул мөрийг бэхжүүлж аваагүй. Тухайн үедээ би машинаа зогсоох арга хэмжээ авсан, тормозлосон мөр нь ч тодорхой байсан. Энэ машин миний машины урд хөдөлгөөнд оролцож байхдаа маш удаан эсвэл гэнэт хурд аваад явсан. Үүнийг миний машинд зорчиж явсан Ү-, Х- нар гэрчлэх бөгөөд тухайн үедээ машин дотор хоорондоо энэ машин чинь явах гээд байгаа юм уу, зогсох гээд байгаа юм уу дохио ч өгөхгүй ухас ухас гээд байх юм гэж ярилцаж явсан. П.Тийн машины хойд гуперын зүүн булан цуурсан боловч машиндаа бэхэлгээтэй хэвээр байсан. Тухайн үедээ П.Т бид 2 тохироод хамгийн сайн засварын газар гэж үзээд А-гийн засварын газар очсон. Засварын хүн үзээд 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн төлбөрөөр засаж хэвийн байдалд оруулж болно гэж үзсэн. Би тэр үед нь засварчинд 80.000 /наян мянга/ төгрөгийг нь бэлнээр өгсөн. Тт 40.000 /дөчин мянга/ төгрөг өгөөд салсан. Ингээд энэ асуудал шийдэгдсэн гэж үзсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан гэмтэл тухайн машинд үүсээгүй байсан. Хэрэв ийм гэтмэл учирсан байгаа бол тухайн ослоос хойш болсон тодорхой байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1 600 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Учир нь тийм хэмжээний эвдрэл тухайн үед гараагүй. Осол гарсны дараа газар дээр нь тохирч жолооч П.Тийн зөвшөөрснөөр авто засварын газарт очиж уг гуперийг осол гарахаас өмнөх байдалд оруулж сэргээн засварлах ажлын үнэлгээг тодорхойлуулахад 120 000 төгрөг болж байсан. П.Т засварлуулахыг зөвшөөрсөн учир машины засварт 120 000 төгрөгийг П.Тт өгсөн. Одоо 200 000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна. Харин 1 600 000 төгрөг төлөх үндэслэлгүй гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч П.Т нь машины эд ангид учирсан гэм хорын хохирол 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг хариуцагч Д.Дгээс гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигч 2015 оны 5 дугаар сарын 1-ны өдөр зам тээврийн осол гарч машин эвдэрснээс хойш ажил болон гэрлүүгээ байнга таксигаар явж нийт 760 000 төгрөгний зардал гарсан. Үүнээс машин маань эвдрээгүй байсан бол би автомашиндаа 264 000 төгрөгний бензин авч хийх байсан тул уг мөнгийг 760 000 төгрөгнөөс хасч тооцоод 496 000 төгрөгний бодит зардал надаас гарсан байна. Мөн автомашинаа Улаанбаатар хот руу авч явж засуулахад гарах бензиний зардалд 372 000 төгрөг, автомашинд хойд гупер, арын хаалга, яндан, тэнхлэг тохиргоо зэрэгт гэмтэл учирсан бөгөөд хойд гупер 350 000 төгрөг, арын хаалга 300 000 төгрөг, яндан 250 000 төгрөг, тэнхлэг тохиргоо 100 000 төгрөг. Бүгд 1 868 000 төгрөг болж байгаа ба анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1 600 000 төгрөг нэхэмжилж түүнд тохирох тэмдэгтийн хураамж төлсөн тул 1 868 000 төгрөгөөс 104 000 төгрөгийг хасч байна. Энэ нь Улаанбаатар хот руу автомашинаа авч явж засуулахад гарах бензиний зардал 372 000 төгрөгнөөс 268 000 төгрөгийг хассан юм. Иймд 1 600 000 төгрөгийг гаргуулж авна,

 

хариуцагч Д.Д 1 600 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Учир нь тийм хэмжээний эвдрэл тухайн үед гараагүй. Осол гарсны дараа газар дээр нь тохирч жолооч П.Тийн зөвшөөрснөөр авто засварын газарт очиж уг гуперийг осол гарахаас өмнөх байдалд оруулж сэргээн засварлах ажлын үнэлгээг тодорхойлуулахад 120 000 төгрөг болж байсан. П.Т засварлуулахыг зөвшөөрсөн учир 120 000 өгсөн. Одоо 200 000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна. Харин 1 600 000 төгрөг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь

 

Д.Д нь зам тээврийн осол гаргаж П.Тийн автомашинд гэмтэл учруулсан болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Д.Д нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Приус маркийн ******** УБА улсын дугаартай автомашин жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 8-р зүйлийн 8.11 дэх хэсэгт заасныг зөрчин зам тээврийн осол гарган иргэн П.Тийн жолоодож явсан Х.Trial маркийн ************ УНВ улсын дугаартай автомашиныг мөргөж иргэн П.Тийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осолд тогтоосон акт, шинжээч эмч Р.Н-ын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 226 тоот дүгнэлт зэргээр тогтоогдож байх боловч дээрх үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хор уршиг учраагүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 694 тоот прокурорын тогтоолын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Д.Д нь машины засварт 120 000 төгрөгийг П.Тт өгсөн гэж маргаж байгаа боловч хэргийн материалд авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байх ба Д.Д нь энэ талаарх ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Нэхэмжлэгч П.Т нь шүүх хуралдаанд автомашинаа Улаанбаатар хот руу авч явж засуулахад гарах бензиний зардалд 104 000 төгрөг, машинд хойд гупер, арын хаалга, яндан, тэнхлэг тохиргоо зэрэгт гэмтэл учирсан бөгөөд хойд гупер 350 000 төгрөг, арын хаалга 300 000 төгрөг, яндан 250 000 төгрөг, тэнхлэг тохиргоо 100 000 төгрөгөөр тус тус засвар хийх тооцоо гарч байгаа тул энэ зардлуудыг гаргуулж авна гэж мэтгэлцэж байх боловч дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг засварласны дараа гарсан бодит зардлыг нэхэмжлэх ёстой атал гарах зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхгүй юм.

Харин 2015 оны 5 дугаар сарын 1-ны өдөр зам тээврийн осол гарч машин эвдэрснээс хойш ажил болон гэрлүүгээ байнга таксигаар явж 760 000 төгрөгний зардал гарсан болох нь хэрэгт авагдсан 2015 оны 5 дугаар сарын 1-нээс 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Д.Г-т нийт 760 000 төгрөг төлсөн нь үнэн болно гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зам тээврийн осол гарч машин эвдэрснээс хойш ажил болон гэрлүүгээ байнга таксигаар явж нийт 760 000 төгрөгний зардал гарч мөнгийг төлсөн нь үнэн болно гэсэн Д.Г-тай байгуулсан хэлцэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хэдийгээр уг хэлцлийг нотариатчаар баталгаажуулсан боловч уг хэлцэл байгуулж байгаа хоёр хүний иргэний үнэмлэхний хуулбар байхгүй байна. Иймд уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна гэж мэтгэлцэж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэх бөгөөд Д.Г-ын тодорхойлолт нь П.Т 2015 оны 5 дугаар сарын 1-нээс 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл таксигаар үйлчлүүлж төлбөрт нь 750 000 төгрөг төлсөн тухай үйл баримтыг баталж гэрчилсэн баримт байна.

Нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сарын 1-ны өдөр зам тээврийн осол гарч машин эвдэрснээс хойш ажил болон гэрлүүгээ байнга таксигаар явж нийт 760 000 төгрөгний зардал гарсан. Үүнээс машин маань эвдрээгүй байсан бол би автомашиндаа 264 000 төгрөгний бензин авч хийх байсан тул уг мөнгийг 760 000 төгрөгнөөс хасч тооцоод 496 000 төгрөгний бодит зардал надаас гарсан гэж байх тул хариуцагч Д.Дгээс гэм хорын хохирол, түүнтэй холбогдон гарсан зардал нийт 1 600 000 /хоёр сая хоёр зуун тавин найман мянга дөрвөн зуу/ төгрөгөөс 496 000 /дөрвөн зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 104 000 / нэг сая нэг зуун дөрвөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 550 / дөчин мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 496 000 /дөрвөн зуун ерэн зургаан мянга/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 15 530/ арван таван мянга таван зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Д.Дгээс гэм хорын хохиролд 496 000 /дөрвөн зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 104 000 / нэг сая нэг зуун дөрвөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 550 / дөчин мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Т-гээс 15 530/ арван таван мянга таван зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ             Г.ДАВААХҮҮ     

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА

Н.БЯМБАСҮРЭН