Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2018/0217/З |
Дугаар | 488 |
Огноо | 2018-12-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 488
О.О-ийн нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн
сайдад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “2016 онд хураан авч нийлүүлсэн 74.9 тн хүнсний улаан буудайнд урамшуулал олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, буудайнд урамшуулал олгосон захиргааны акт гаргахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0426 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0481 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, өмгөөлөгч М.М,
Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н нар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0426 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 42 дугаар зүйлийн 42.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7, Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.О-с Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад холбогдуулан гаргасан “2016 онд хураан авч нийлүүлсэн 74.9 тн хүнсний улаан буудайнд урамшуулал олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, буудайнд урамшуулал олгосон захиргааны акт гаргахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0481 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0426 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.6, 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг баримтлан иргэн О.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2016 онд хураан авч нийлүүлсэн 74.9 тн хүнсний улаан буудайн урамшууллыг олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, зохих журмын дагуу урамшуулал олгохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгасан.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Тухайн жилийн урамшууллыг олгохдоо Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 24/34 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний буудайнд урамшуулал олгох журам”-аар олгодог. Уг журмаар тухайн жилдээ урамшуулалд хамрагдаагүй иргэн, аж ахуйн нэгжид урамшууллыг нөхөн олгох эрх зүйн үндэслэл заагдаагүй байна.
4. Иргэн О.О нь 2016 онд хүнсний буудайнд урамшуулал авахаар материалаа бүрдүүлж өгсөн гэж байгаа боловч уг материал нь Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн хариуцлага алдаж, нэхэмжлэгчийн материалыг хугацаанд нь явуулаагүйгээс 2016 оны урамшуулалд хамрагдаж чадаагүй байна. Иймд хариуцлага алдсан Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэх нь зүйтэй болно.
5. Тиймээс тус журмын 1.4, 3.16 дахь заалт нь зөвхөн тухайн жилд нийлүүлж урамшууллын материалаа хугацаанд нь бүрдүүлж ирүүлсэн иргэн, аж ахуй нэгжийн хүнсний буудайнд хамаарах тул иргэн О.О-ийн нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2016 онд хугацаандаа материалаа бүрдүүлэн ирүүлсэн 726 иргэн, хуулийн этгээдийн 292,4 мянган тн хүнсний улаан буудайн урамшуулалд 14,962,349,400.0 төгрөгийг Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар тогтоолын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мөн өдрийн А-26 дугаар тушаалаар олгогдсон гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2010 оны А/24/34 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хүнсний буудайнд урамшуулал олгох журам”-аар /цаашид “журам” гэх/ хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад улаан буудай хураан авч гурилын үйлдвэрт нийлүүлсэн иргэн, байгууллагад төрөөс жил бүр үзүүлэх дэмжлэг болох урамшуулалд хамрагдах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх эрх хэмжээг олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ” гэсэнд хамаарах талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
8. Харин “хариуцагч өөрт олгогдсон эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсаныг хууль бус гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл, хариуцагч сонгох боломжийг зөв хэрэглэсэн учир шүүхийн хяналт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан эсэхийг шалгана” гэснээр хязгаарлагдана” гэсэн утгатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм.
9. Учир нь, шүүхээс захиргааны байгууллагын сонгох боломжийн хүрээнд гаргасан татгалзал хууль ёсны эсэхийг хянан шийдвэрлэхийн тулд эхэлж хууль болон хэм хэмжээний актад заасан нэхэмжлэгчийн шаардах эрхийн урьдчилсан нөхцөл бодит байдалд хангагдсан эсэхийг тогтоох бөгөөд хэрэв тухайн урьдчилсан нөхцөл хангагдаагүй бол захиргааны акт гаргахаас татгалзах нь хууль ёсны юм. Харин эрх зүйн хэм хэмжээнд заасан урьдчилсан нөхцөл хангагдсан ч холбогдох захиргааны актыг гаргах эсэхийг захиргаа сонгох эрхтэй бол тэрхүү сонгох боломжийн хүрээнд гаргасан татгалзал хууль ёсны эсэхийг хянах шүүхийн хяналт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасан хүрээгээр хязгаарлагдана.
10. Энэхүү маргааны тухайд нэхэмжлэгчийн зүгээс журмын 12-т заасан хүсэлт болон бусад материалыг бүрдүүлж журамд заасан хугацаанд өгсөн /энэ талаар хариуцагч маргаагүйгээс гадна хэрэгт цугларсан нотлох баримтаар энэхүү үйл баримт тогтоогдож байна/, иймээс журамд заасан нэхэмжлэгчийн шаардах эрхийн урьдчилсан нөхцөл бодит байдал дээр хангагдсан байхад хариуцагчаас журмын 11 дэх заалтыг үндэслэн “2016 онд нийлүүлсэн буудайнд урамшуулал олгох боломжгүй” гэж татгалзсан нь хууль бус байна.
11. Тодруулбал, журмын зорилго, агуулгаас үзвэл, тухайн журамд заасан урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд хариуцагчаас урамшуулал олгохоос татгалзах үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгч нь журамд заасны дагуу холбогдох баримтаа хугацаанд нь өгсөн тул түүний зүгээс журмын урьдчилсан нөхцлийг хангасан гэж үзнэ, харин сумын Засаг даргын Тамгын газар журамд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хүсэлт холбогдох газарт хугацаандаа очиж, зохих ажиллагаа хийгдээгүйг “журамд заасан урьдчилсан нөхцөл зөрчигдсөн” /нэхэмжлэгч нь 2016 онд тушаасан хүнсний буудайндаа 2018 онд урамшуулал авахаар хандсан/ гэж үзэхгүй, захиргааны буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөх учиргүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
12. Иймд, “тухайн жилдээ урамшуулалд хамрагдаагүй иргэн, аж ахуйн нэгжид урамшууллыг нөхөн олгох эрх зүйн үндэслэл байхгүй” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3, 5-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
13. Мөн, журмын 13-16-д зааснаар хүнсний буудайнд урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх ажиллагаанд сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан, мөн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар зэрэг хэд хэдэн захиргааны байгууллагууд оролцох бөгөөд урамшуулал олгох эцсийн шийдвэрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд гаргахаар байна /Журмын 13-16/. Өөрөөр хэлбэл, энэхүү захиргааны акт нь захиргааны хэд хэдэн дотоод үе шатыг дамжиж гарахаар байгаа тул эцсийн шийдвэр гаргагч /хариуцагч/ нь тухайн шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч бусад дотоод захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны үр дагаврыг хүлээхгүй гэж үзэхгүй, иймд “хариуцлага алдсан Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэх нь зүйтэй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг /Тогтоолын 4/ хангах боломжгүй.
14. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0481 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ