Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/01123

 

Б.Энхсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/00050 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1428 дугаар магадлалтай,

Б.Энхсайханы нэхэмжлэлтэй,

            С.Сарантуяад холбогдох        

            Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Майцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баяр, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч О.Майцэцэгийн гаргасан тайлбарт: “2013 оны 07 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын аман дахь 18628312260541, 18628312243551, 18628312225561 нэгж талбарын дугаар бүхий тус бүр 400 м.кв, нийт 1200 м.кв талбай бүхий газрыг иргэн Ж.Мөнхнаран, Ж.Мөнхцэцэг, Г.Мөнхзул нараас эзэмших эрхийг нь шилжүүлэн авснаар тус газрыг эзэмшдэг болсон. Уг газарт С.Сарантуяа нь 2015 оны 06 дугаар сард гэр барьсан. 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр "Тэнхлэг уул" ХХК-иар газрын хэмжилт хийлгэсэн ба хэмжилтээр манай эзэмшлийн газар болох нь батлагдсан. Тухайн үед Н.Баярт энэ тухай хэлж суллаж өгөхийг шаардахад хүлээж аваагүй, уг газрыг эзэмших эрхтэйгээ нотолсон ямар нэгэн бичиг баримтыг үзүүлээгүй. Энэ тухай Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандахад 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч нарт шаардах хуудсаар газар чөлөөлөхийг мэдэгдсэн, мөн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Н.Баяртай утсаар холбогдож дүүргийн Газрын албан дээр уулзахаар тохирсон боловч тэрээр ажилтай гэх шалтаг заан очоогүй юм. Би газраа чөлөөлүүлж авахын тулд 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч онцгой харьяалал гэх үндэслэлээр, 2015 оны 08 дугаар сард Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад хариуцагч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн захирамжийн Б.Энхсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай хэрэг хянан шийдвэрлэж байгаа гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бидний эзэмшлийн газрууд хоорондоо давхцаагүй болохыг Сонгинохайрхан дүүргийн газрын албаны мэргэжилтэн Б.Батзориг, хуулийн зөвлөх н.Тулга нар газар дээр нь үзлэг хийж тогтоосон. Иймд хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү.” гэжээ.            

           Хариуцагчийн гаргасан хариу талбарт: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 251 дүгээр захирамжаар иргэн С.Сарантуяад, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 308 дугаар захирамжаар Б.Энхсайханд тус тус газар олгосон бөгөөд энэхүү захирамжууд хүчин төгөлдөр байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхийг дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хамааруулж өгчээ. Гэтэл Б.Энхсайхан нь хариуцагч С.Сарантуяад олгогдсон маргаан бүхий газрын асуудлыг буюу захирамжийг хүчингүй болгуулах газрыг чөлөөлүүлэх талаар Засаг даргад өргөдөл гаргаагүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна. С.Сарантуяа нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 308 дугаар захирамжийн Б.Энхсайханд газар олгосон хэсгийг хүчингүй болгуулахаар 2015 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр С.Сарантуяа болон түүний өмгөөлөгчийг оролцуулалгүйгээр хуралдаж 797 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон юм. Шүүхээс Б.Энхсайхан, С.Сарантуяа нарт олгосон газар давхцаагүй байна гэсэн хэдий боловч С.Сарантуяад олгосон 18628312465272 нэгж талбарын дугаартай газар нь одоо түүний эзэмшиж байгаа газраас 600 метрийн зайтай байх бөгөөд иргэн н.Даваа, н.Ганбаатар, н.Золбоот нарын хашаа байшингийн газартай давхцаж байгаа болно. Эдгээр иргэд нь 2011, 2012 онуудад энд суурьшиж хашаа байшин барьж одоо амьдарч байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь С.Сарантуяагийн эзэмшил газрыг чөлөөлөх үндэслэл болж чадахгүй байгаа тул Б.Энхсайханы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/00050 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Энхсайханы эзэмшлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 18628312260541, 18628312243001, 18628312225561 дугаарт бүртгэлтэй, 0325398, 0317672, 0317673 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газрыг чөлөөлөхийг хариуцагч С.Сарантуяад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч С.Сарантуяагаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхсайханд олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1428 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/00050 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...91 дүгээр зүйлийн 91.1...” гэснийг хасч, “…106.1...” гэсний дараа “...106.4...” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1428 дугаар магадлалыг дараах шалтгаанаар эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 184\ШШ2016\00050 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн нь учир дутагдалтай байна. Б.Энхсайханд газар олгосон захирамжийг хүчингүй болгуулахаар С.Сарантуяа 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус дүүргийн Газрын харилцааны албанаас 2015 оны 10 сарын 23-ны өдөр гаргаж өгсөн баримтаар С.Сарантуяад 2011 онд олгогдсон газар нь нэгж талбарын 18628312465272 дугаарт бүртгэлтэй байна гэсэн бөгөөд С.Сараптуяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. 18628312465272 дугаартай газар нь одоо С.Сарантуяагийн гэр, хашаа байгаа газраас урагш 600 метрийн зайд байдаг. С.Сарантуяа 2016 оны 05 сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад өргөдөл гаргахдаа: 2011 оны захирамжаар С.Сарантуяад, 2013 оны захирамжаар Б.Энхсайханд олгосон газар нь солбицлоороо давхацсан гэдэг. Дүүргийн Газрын харилцааны албанаас 2015 оны 10 сарын 23-ны өдөр гаргаж өгсөн баримтаар С.Сарантуяад 2011 онд олгогдсон газар нь нэгж талбарын 18628312465272 дугаарт бүртгэлтэй гэдэг. Энэ газар иргэн н.Даваа. н.Ганбаатар н.Золбоот нарын хашаа, байшингийн газартай солбилцлоороо давхцаж байгаа тул энэхүү маргаантай 2 асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсжээ. Гэтэл Засаг дарга газрын маргааныг шийдвэрлэхээс өмнө Сонгинохайрхан ДИХАШ шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 797 дугаар шийдвэрийг үндэслэн газрын маргааныг шийдвэрлэж С.Сарантуяаг албадан нүүлгэхээр болсон. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэр, магадлалыг хянаж өгнө үү.” гэжээ.           

ХЯНАВАЛ:

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч Б.Энхсайхан нь хариуцагч С.Сарантуяад холбогдуулан Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18628312225561, 18628312243551, 18628312260541 дугаартай газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, газрын талаарх маргааныг дүүргийн Засаг дарга урьдчилан шийдвэрлэхээр хуульд заасныг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан, мөн газрын алба газар давхардуулан олгосон гэж маргажээ.

Иргэн Ж.Мөнхнаран, Ж.Мөнхцэцэг, Г.Мөнхзул нарын эзэмших эрхтэй Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аман дахь нэгж талбарын 18628312225561, 18628312243551, 18628312260541 дугаартай тус бүр 400 м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгч Б.Энхсайхан нь өөртөө шилжүүлэн авч, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 308 тоот захирамжаар  уг газрыг 15 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар Б.Энхсайханд эзэмшүүлэх гэрчилгээг олгосон байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 251 дүгээр захирамжаар тус дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд нэгж талбарын 55/5973 дугаартай 650 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг хариуцагч С.Сарантуяад олгожээ. /хх- 43-47/

Хариуцагч С.Сарантуяа нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 308 тоот газар олгосон захирамжийн Б.Энхсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хэргийг  хэлэлцээд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 797 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-3-7/

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 797 дугаар шийдвэрээс үзэхэд шүүхээс  маргаан бүхий газарт болон Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны газрын мэдээллийн санд үзлэг хийж, дүүргийн Засаг даргын 2013 оны 308 дугаар захирамжаар Б.Энхсайханд, 2011 оны 251 дүгээр захирамжаар С.Сарантуяад эзэмшүүлсэн газрууд давхцаагүй, нэгж талбарын дугаар өөр, хил зааг болон координатууд зөрүүтэй, хоорондоо 600 метрийн зайд орших 2 өөр байрлалд байгаа болохыг тогтоожээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан тул нэхэмжлэгч Б.Энхсайхан нь маргааны зүйл болж буй газрын хууль ёсны эзэмшигч болохын хувьд хариуцагч С.Сарантуяагийн хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн  шийдэл нь зөв юм.   

    Нэхэмжлэгч Б.Энхсайхан маргааны зүйл болсон өөрийн эзэмшлийн газар дээр хариуцагч хашаа барьж эхлэх үеэс үйлдлээ зогсоох талаар шаардлага тавьсан,  хариуцагч  2015 оны 05 дугаар сараас тухайн газар дээр нь буусан гэж тайлбар гаргасан байна. /хх-ийн 53/

         Хариуцагч С.Сарантуяа нэгж талбарын 55/5973 дугаар бүхий 650 м.кв газартаа хашаа бариагүй, уг газар нь иргэн н.Даваа, н.Ганбаатар, н.Золбоот нарын газартай давхацсан гэх тайлбарыг хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргаж байгаа нь Б.Энхсайханы нэхэмжлэлтэй холбоогүй тул хариуцагч өөрийн эзэмших эрхтэй газрын талаар жич нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д нийцжээ.         

         Хариуцагч С.Сарантуяа нэгж талбарын 18628312260541, 18628312243001, 18628312225561 дугаартай газрыг эзэмших эрхтэйгээ нотлоогүй, тухайн газрын хууль ёсны эзэмшигч гэх баримт хэрэгт байхгүй тул түүнийг хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй тухай анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т  зааснаар “...маргааныг урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн” гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдах боломжгүй байна.

         Анхан шатны шүүх Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шийдвэрт давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгийг хассан нь зөв боловч мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг хэвээр үлдээсэн нь учир дутагдалтай байх тул хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний  өөрчлөлт оруулна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1428 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “...106.1...” гэсний дараа...” гэснийг “...106.2., 106.4 дэх хэсэгт”  гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                              ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН