Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 01099

 

 

 

 

 

 

 

 

 

      2016 оны 11 сарын 10 өдөр

  Дугаар 183/ШШ2016/01099

            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: А

 

            Хариуцагч: Т

 

Гэрлэлт цуцлуулах тухай  үндсэн нэхэмжлэлтэй,

Хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгож, нэмэлт зардал болон эд хөрөнгөөнөөс ноогдох хэсгээ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.*******, хариуцагч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ц, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

Нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 онд С.*******тэй танилцан, 2012 онд гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 онд хүү А.******* төрсөн. 2014 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдрах болсон. Би гэр бүлээ бодон буцаж нийлэхийг олон удаа оролдсон боловч цаашид хамтран амьдрах боломжгүй болж, миний хувьд шинээр амьдрал зохиож байгаа. Иймд бидэнд эвлэрэх хугацаа өгөлгүйгээр гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү А.*******ийг эхийнх нь асрамжинд үлдээхэд маргаад байх зүйлгүй. Би хүүгийнхээ эцгийн хувьд зохих хариуцлагаа хүлээж, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлнө. Нэмэлт зардлын хувьд гэвэл эх, эцэг адил эрхтэй л байх ёстой гэж үзэж байна. Өндөр үнэтэй цэцэрлэгт явуулах шаардлага байгаа эсэхийг С.******* нь өөрөө хүсэж ийм шийдвэр гаргасан. Миний хувьд цэцэрлэгийн төлбөрийг өгдөггүй биш өгдөг. Харин С.*******тэй хүүхдээ тэжээн тэтгэх талаар гэрээ байгуулах шаардлагагүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэтэл С.******* нь зээлдүүлсэн 8 000 ам.доллар, мөн 3 төрлийн тээврийн хэрэгсэл болон байр захиалсаны төлбөрт мөнгө гаргуулна гэснийг зөвшөөрөхгүй байна. С.*******ийн яриад байгаа 8 000 ам.долларыг авсан нь үнэн, энэ мөнгийг амьдрал ахуйдаа л бид хэрэглэсэн. Ямаха 4 дугуйт мотоцикль, 4 Runner Toyota жийп, Ниссан Теина автомашинууд нь миний нэр дээр байдаг Амаксимал ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд одоо 4 дугуйт мотоцикль байгаа, бусдыг нь өр төлбөртөө өгсөн. Иймд энэ эд хөрөнгүүд С.*******д хамааралгүй, энэ эд хөрөнгийг С.******* эзэмшиж, ашиглаж байгаагүй. Орон сууц захиалан бариулах гэрээг С.******* 2016 онд тусдаа амьдарснаасаа хойш байгуулсан байдаг бөгөөд энэ нь надад хамааралгүй юм. Иймд гэрлэлтийг цуцалж, хуульд заасны дагуу шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.******* шүүхэд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: С.******* миний бие 2012 онд М.*******тай гэрлэж, улмаар 2012 оны 12 дугаар сарын 21-нд гэрлэлтийн баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бид манай ээжийн байранд амьдардаг байсан ба хамтран амьдрах хугацаанд 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүү А.******* төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2014 оны 10 сараас салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжинд надтай хамт амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү А.*******ийг эх миний асрамжинд үлдээж өгнө үү. Хүүгийн өдөр тутмын хэрэглээний зардал сард ойролцоогоор 1 000 000 төгрөгийн зардал гардаг бөгөөд энэ талаар М.*******тай тохиролцож гэрээ байгуулах саналтай байна. Би М.*******тай суухдаа 2008 онд надад хүргэн ахын нээж өгсөн 16000 ам.долларын хадгаламжтай байсан бөгөөд 8000 ам.доллар үлдсэн байсныг 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр уг 8000 ам.долларыг М.******* надад 2 дахин өсгөж өгнө гэсэн тул авч өгсөн.  Энэ мөнгөөр 4 дугуйтай Yamaha мотоциклийг авсан. Гэтэл одоо хүртэл энэ мөнгөө эргүүлж өгөөгүй тул уг мөнгөө гаргуулна. Мөн хамт амьдарснаас хойш М.******* нь өрөндөө Моннис ХХК-иас 4 Runner  Тоёота жийп машиныг авч байсан, мөн Ниссан теина маркийн машиныг авч байсан. Эдгээр машинуудыг миний хувьд унаж хэрэглэж байгаагүй ч, одоо уг машинууд бол байхгүй. Уг эд хөрөнгүүдийг үнэлүүлж, өөрт болон хүүдээ ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна.

 

Мөн Хүү А.******* нь Хан-Уул дүүргийн 11-р хорооны Тайм скуэр хотхон, ***-р байр “Эко гэр” цэцэрлэгт 2015 оны 12 сараас хойш хамрагдаж сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж байгаа билээ. Уг цэцэрлэгийн жилийн төлбөр нь 8 550 000 /найман сая найман зуун таван мянга/ бөгөөд 950 000 /есэн зуун тавин мянга/ төгрөгийг төлөөд байгаа. Мөн хүүгээ цаашид аятай тухтай амьдруулах үүднээс 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “***********” ХХК-наас 2015 оны 7 дугаар сарын ашиглатад орсон 3 өрөө байрыг авахаар “захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж урьдчилгаа 50 орчим хувь буюу 93 229 000 ерэн гурван сая хоёр зуун хорин есэн мянга/ төгрөгийг өгөн захиалаад байгаа. М.******* нь эцэг хүний хувьд хүү А.*******ийн хүмүүжил, өсөн бойжиход хувь нэмэр оруулах ёстой гэж үзэж байна. Мөн хүн амьдрах шаардлага хангасан орон байраар хүүхдийг хангах үүргийг эцэг, эхийн хэн алин нь хүлээдэг учир байр захиалахад урьдчилгаа болгон өгсөн 93 229 000 ерэн гурван сая хоёр зуун хорин есэн мянга/ төгрөгний 50 хувь болох 46 614 500 төгрөг, ирээдүйд сурлага хүмүүжилтэй нь холбоотой гарах зардал болох цэцэрлэгийн үлдэгдэл төлбөр 7 600 000 төгрөгийг эцэг М. *******аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.*******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан нэхэмжлэгч М.******* нь шүүхэд тайлбараа бичгээр гаргаагүй байсан бөгөөд сая шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 3 ширхэг тээврийн хэрэгслийг С.*******д хамааралгүй гэж тайлбар гаргаж байна. Иймд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар холбогдох байгууллагаас тээврийн хэрэгслийн лавлагаануудыг гаргуулах хүсэлтийг гаргаж байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.******* хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг болон бусад зардалд төлбөр гаргуулж, эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

М.*******, С.******* нар нь 2012 онд танилцаж, гэр бүл болон хамтран амьдарч,  2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү А.*******ийн эцэг, эх болцгоож, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 721 тоот ажиллагаагаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна. /хх-4/

 

Гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилгагүй, тусдаа амьдраад 2 жил гаруйн хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч нь тусдаа амьдрал зохисон, түүнчлэн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “хүү А.*******ийг өөрийн асрамжинд авна” гэсэн хэдий ч шүүх хуралдааны шатанд эх С.*******ийн асрамжинд байлгахад татгалзах зүйлгүй” гэх тайлбар гаргасныг гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байх тул хүү А.*******ийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын тохиролцооны дагуу эх С.*******ийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэснээр эх С.******* нь хүү А.*******ийг эцэг М.*******тай уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэдгийг дурдах нь зүйтэй. 

 

Мөн хүү А.******* нь Хан-Уул дүүргийн 11-р хорооны Тайм скуэр хотхон, ***-р байр “Эко гэр” цэцэрлэгт 2015 оны 12 сараас хойш хамрагдаж сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж байгаа болох нь болон тус цэцэрлэг жилийн 8 550 000 төгрөгийн төлбөртэй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон сургалтын гэрээ, цэцэрлэгийн тодорхойлолтоор нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг тул мөн зүйлийн 26.2.3-т заасан хүүхэддээ суурь боловсрол эзэмшүүлэх үүргийн хүрээнд түүнд зарцуулагдаж буй сургалтын төлбөрийг зохигчид хариуцах үүргийн дагуу хариуцагчаас шаардах эрхтэй байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргийнхээ дагуу хариуцагч нь хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөх,  мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан нэмэлт зардал буюу хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагаас 4 275 000 төгрөгийг /8 550 000:2/ хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч С.******* нь “...хүүхдээ ая тухтай амьдруулах үүднээс орон сууцыг захиалах гэрээг байгуулж орон сууцны үнийн 93 229 000 төгрөг төлсөн, үүний 50 хувь болох 46 614 500 төгрөг хариуцагч М.*******аас гаргуулна” гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар С.******* нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “***********” ХХК-наас 2015 оны 7 дугаар сарын ашиглатад орсон 3 өрөө байрыг авахаар “захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, нийт 194 458 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байна. /хх-ийн14-16/

 

Хариуцагч С.******* нь дээрх орон сууцыг өөртөө хөрөнгө бий болгох зорилгоор худалдан авахаар гэрээ байгуулсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд энэ нь Хүүхдийн эрхийн хуулийн 12 дугаар зүйлд заасан “...хүүхдийг орон байраар хангах” шаардах эрхийн үндэслэлд хамаарахааргүй байна.

 

Өөрөөр хэлбэл Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д эцэг, эх  “хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах” үүрэгтэй гэжээ. Хуульд заасан дээрх үүргийг эцэг, эхийн хэн аль нь биелүүлэх үүрэгтэй хэдий ч уг үүргийг биелүүлэхэд хүүхдийн хэрэгцээ шаардлага болон хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа этгээдийн өөрсдийн чадавхи, санхүүгийн боломж, харилцан тохиролцсон тохиролцоо зэргийг харгалзан үзэх нь зүйтэй юм. Иймд нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

Эд хөрөнгө гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч С.******* нь өөрийн нэр дээр 8 000 ам.долларын хадгаламжтай байсан эсэх асуудлаар болон дээрх 8 000 ам.долларыг гаргуулан авсан талаар нэхэмжлэгч М.******* маргаагүй байна.

 

Харин С.******* нь уг мөнгийг М.******* зээлэн авч 4 дугуйтай мотоцикль авсан гэж, М.******* нь гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан гэх тайлбарыг гаргаж маргажээ.

 

Талуудын дээрх тайлбараас хариуцагчийн дээрх 8 000 ам.долларыг Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-д заасан хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул М.*******аас гаргуулан С.*******д олгох нь үндэслэлтэй байна.

Харин нэр бүхий 3 тээврийн хэрэгслийг хариуцагч С.******* “эзэмшиж ашиглаж байгаагүй талаар тайлбартаа дурдаж, 4 дугтуйтай мотоциклийг түүнээс авсан 8 000  ам.доллараар авсан” гэж тайлбарласан зэргээс болон нэхэмжлэгч М.*******ын “...өр төлбөртөө авсан..., бусдыг нь өр төлбөртөө өгсөн. Иймд энэ эд хөрөнгүүд С.*******д хамааралгүй, энэ эд хөрөнгийг С.******* эзэмшиж, ашиглаж байгаагүй” гэж тайлбарласан зэргээс дээрх эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрхийг нэгтгээд гэрлэлт цуцлуулж, тэтгэлэг болон сургалтын төлбөрт  4 275 000 төгрөгийг болон хуваарьт хөрөнгө буюу 8 000 ам.доллар буюу 18 646 880 төгрөгийн /1 ам.доллартай харьцах төгрөгийн ханш 2330,86 төгрөг/ нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, орон сууцны үнэнд төлсөн 50 хувь буюу 46 614 500 төгрөг гаргуулах болон хамтран өмчлөх эд хөрөнгөөс ноогдох хэсгийг гаргуулах, сургалтын төлбөрийн 3 325 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хангагдаж байгаа шаардлагын хэмжээнд тохирсон улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хуульд заасан хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд тохирсон тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангах үндэслэлгүй байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасантай нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Буудай овгийн Мижиддоржийн ******* /ЧЙ /, Аминдаваа овгийн Сэнгэдоржийн ******* /ХД/ нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү А.*******ийг эх С.*******ийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү А.*******ийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь  хэсэгт  заасныг  баримтлан хүү А.*******ийг эцэг М.*******тай уулзуулахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх С.*******д даалгасугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүү А.*******ийн сургалтын төлбөрт 4 275 000 төгрөгийг эцэг М.*******аас гаргуулж, эх С.*******д олгож, илүү нэхэмжилсэн 3 325 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.3, 127 дугаар зүйлийн 127.1.1, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан М.*******аас 8 000 ам.доллар буюу 18 646 880 төгрөгийг гаргуулан С.*******д олгож, хариуцагчийн орон сууцны үнэнд төлсөн 50 хувь буюу 46 614 500 төгрөг гаргуулах болон хамтран өмчлөх эд хөрөнгөөс ноогдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 522 256 төгрөгийг  улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжинд 272 559 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, хүүхдийн тэтгэлэгт тохирсон улсын тэмдэгтийн хураамж 31 247 төгрөгийг М.*******аас улсын орлогод оруулсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.МӨНХЖАРГАЛ