Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 01935

 

 

 

 

 

 

 

 

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02359 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХХК хариуцагч Д.Р холбогдуулан 1 580 100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.А, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани шатахуун, дизель түлш бөөнөөр болон жижиглэнгээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд баруун чиглэлд тээвэр хийж байгаа тээврийн жолооч нарт гэрээ хийн 15 хоногийн хугацаатай түлш зээлээр худалдан борлуулдаг. Д.Р ийн хүсэлтийн дагуу 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 0322 дугаартай “Зээлийн гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулан зээлээр түлш худалдан авч төлбөр тооцоогоо хийгээд явж байсан. Ингээд 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр тус компанийн Зэгстэй ШТС-с 147 000 төгрөгийн түлш, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Зам зуур-1 ШТА-с 337 900 төгрөгийн түлш, 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Үнээн ус ШТС-с 413 700 төгрөгийн түлш, 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Зэгстэй ШТС-с 100 000 төгрөгийн түлш, нийт 998 600 төгрөгийн түлшийг иргэн Д.Р зээлээр олгосон. Д.Р нь зээлээр худалдан авсан түлшний мөнгөө төлөлгүй одоог хүрч байгаа бөгөөд зээлээ төлөхийг шаардахад ямар нэг шалтаг хэлдэг, хаягтаа амьдардаггүй гэх шалтгаанаар эрэн сурвалжлуулсан. Иймд Д.Р-с 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 20-ны өдрүүдэд зээлээр худалдан авсан түлшний мөнгө 998 600 төгрөг, зээлийн гэрээний 2.3-т заасан алданги 499 300 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70 200 төгрөг, нийт 1 538 100 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 онд Г ХХК-иас 998 600 төгрөгийн түлш авсан нь үнэн. Устай түлш байснаас болж миний машинд доголдол гарч, түүнээс хойш түлш авахаа больсон. Би өгөхгүй гэж хэлээгүй, дараа хээр явж байгаад дахин мөнгөөр авах гэсэн боловч өгөөгүй. Гэхдээ намайг эрэн сурвалжлаагүй, би хаягтаа амьдарч байгаа, утасны дугаараа солиогүй. Намайг нэг ч удаа хэлээгүй, яриагүй, зардал дуудах ирээгүй учир эрэн суравлжлуулсан төлбөрийг төлөхгүй. Харин авсан түлшний мөнгө 998 600 төгрөгийг төлж барагдуулна. Хүүг нь төлөхгүй, яагаад гэвэл миний машин эвдэрсэн, би бас хохирсон. Үндсэн төлбөрөө төлөхдөө хорио цээр тавигдсан үед сар сард хувааж төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Д.Р-аас 1 538 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39 560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Равдангаас улсын тэмдэгтийн хураамж 39 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2020/02359 шийдвэр дэх “Зээлээр худалдан авсан түлшний мөнгө 998 600 төгрөг”-ийг төлөх боломжтой. Алданги 499 300төгрөг, эрэн сурвалжуллулсан зардал 70 200 төгрөг нийт 569 500 төгрөгийг төлөх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Д.Р холбогдуулан гэрээний үүрэгт 1 580 100 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Г ХХК , Д.Р нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “зээлийн гэрээ” гэх нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд шатахуун зээлээр худалдах, зээлдэгч нь сар бүрийн 15-ны өдрийн дотор төлбөр төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ. /хх4-5/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу шатахуун худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Хэргийн 8, 9 дүгээр тал дах баримтаар нэхэмжлэгч компани нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 337 900 төгрөг, 147 000 төгрөг, 19-ний өдөр 413 700 төгрөг, 20-ны өдөр 100 000 төгрөг нийт 998 600 төгрөгийн шатахуун тус тус худалдсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

Хариуцагч Д.Р нь нэхэмжлэгч Г ХХК-иас нийт 998 600 төгрөгийн шатахуун авсан нь үнэн тул төлбөрийг төлнө. Харин устай шатахуун байснаас болж миний машинд доголдсон учраас алданги төлөхгүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3-т “зээлдэгч гэрээнд заасан календарийн 15 хоног хэтэрсэн хоног тутам 0.5 хувиар алданги тооцох”-оор тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь “...устай түлш байснаас болж миний машинд доголдсон тул хүү төлөхгүй... намайг эрэн сурвалжлаагүй, би хаягтаа амьдарч байгаа, утасны дугаараа солиогүй” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байх тул түүний гаргасан тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авсан түлшний үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул  хариуцагч Д.Р-аас гэрээний үлдэгдэл төлбөр 1 538 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02359 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 39 650 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ