Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2020/02359

 

 

 

 

 

 

 

   2020        06         29                                     101/ШШ2020/02359

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г З” ХХК

Хариуцагч: Д.Р

 

1,580,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунаа, хариуцагч Д.Р , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Г З” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунаа шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани шатахуун, дизель түлш бөөнөөр болон жижиглэнгээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд баруун чиглэлд тээвэр хийж байгаа тээврийн жолооч нарт гэрээ хийн 15 хоногийн хугацаатай түлш зээлээр худалдан борлуулдаг.

Иргэн Д.Р гийн хүсэлтийн дагуу 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 0322 дугаартай “Зээлийн гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулан зээлээр түлш худалдан авч төлбөр тооцоогоо хийгээд явж байсан. Ингээд 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр тус компанийн “Зэгстэй” ШТС-с 147,000 төгрөгийн түлш, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “Зам зуур-1” ШТА-с 337,900 төгрөгийн түлш, 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Үнээн ус” ШТС-с 413,700 төгрөгийн түлш, 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Зэгстэй” ШТС-с 100,000 төгрөгийн түлш, нийт 998,600 төгрөгийн түлшийг иргэн Д.Р д зээлээр олгосон.

Д.Р  нь зээлээр худалдан авсан түлшний мөнгөө төлөлгүй одоог хүрч байгаа бөгөөд зээлээ төлөхийг шаардахад ямар нэг шалтаг хэлдэг, хаягтаа амьдардаггүй гэх шалтгаанаар эрэн сурвалжлуулсан.

Иймд Д.Р гаас 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 20-ны өдрүүдэд зээлээр худалдан авсан түлшний мөнгө 998,600 төгрөг, зээлийн гэрээний 2.3-т заасан алданги 499,300 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөг, нийт 1,538,100 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Д.Р  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 онд “Г З” ХХК-иас 998,600 төгрөгийн түлш авсан нь үнэн. Устай түлш байснаас болж миний машинд доголдол гарч, түүнээс хойш түлш авахаа больсон. Би өгөхгүй гэж хэлээгүй, дараа хээр явж байгаад дахин мөнгөөр авах гэсэн боловч өгөөгүй. Гэхдээ намайг эрэн сурвалжлаагүй, би хаягтаа амьдарч байгаа, утасны дугаараа солиогүй. Намайг нэг ч удаа хэлээгүй, яриагүй, зардал дуудах ирээгүй учир эрэн суравлжлуулсан төлбөрийг төлөхгүй. Харин авсан түлшний мөнгө 998,600 төгрөгийг төлж барагдуулна. Хүүг нь төлөхгүй, яагаад гэвэл миний машин эвдэрсэн, би бас хохирсон. Үндсэн төлбөрөө төлөхдөө хорио цээр тавигдсан үед сар сард хувааж төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Г З” ХХК нь хариуцагч Д.Р д холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 998,600 төгрөг, алданги 499,300 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөг, нийт 1,538,100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь 998,600 төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги болон эрэн сурвалжлуулсан зардлыг төлөхөөс татгалзаж, талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 0322 дугаартай “Зээлийн гэрээ” нэртэй гэрээ байгуулж, “Г З” ХХК нь Д.Р д 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд шатахуун зээлээр худалдах, худалдан авагч Д.Р  нь гэрээний хугацааны турш хүссэн хэмжээгээр шатахуун авч, 15 хоногийн хугацаанд төлбөрийг төлөх, гэрээнд заасан календарийн 15 хоног хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж тус тус заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.

Хариуцагч Д.Р  нь нийт 998,600 төгрөгийн үнэ бүхий шатахуун, түлш авснаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 0322 дугаартай гэрээний хавсралтад хариуцагчийн түлш авсан огноо, хэмжээг тодорхой тусгажээ.

2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 0322 дугаартай гэрээний 2.3 дахь хэсэгт алданги төлөхөөр тусгасан, нэхэмжлэгчийн шаардсан 499,300 төгрөгийн алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д тус тус заасантай нийцсэн байх тул алданги төлөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч нь оршин суух хаяг, утсаа өөрчлөөгүй хэмээн эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөгийг төлөхөөс татгалзаж байх боловч хариуцагч Д.Р г Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00997 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлуулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээжээ.

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, улмаар түүний оршин суух хаягийг эрэн сурвалжлуулж нэхэмжлэгчээс зардал гарсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж заасныг баримтлан уг зардлыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Д.Р гаас 1,538,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г З” ХХК-д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Р гаас улсын тэмдэгтийн хураамж 39,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г З” ХХК-д олгосугай. 
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАА