Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч  Б.Дэлгэрмаа,

хохирогч С.Мичидмаагийн  хууль ёсны төлөөлөгч Т.Саранчимэг, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр ҮД:19-79,

хохирогч А.Ариунзаяагийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхзаяа,

хохирогч Д.Баяндолгор,

иргэний нэхэмжлэгч Т.Баасанжав,

           шүүгдэгч Б.Ганзориг түүний өмгөөлөгч А.Ганзориг ҮД:24-46 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын  газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт  Баянзүрх  дүүргийн 20  дугаар хороо, 10 айлын  2 дугаар гудамжны 16 / а/тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн Боржигон овогт Батсүрэнгийн Ганзоригт  /РД:МБ92033019/

Тээврийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.1- д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн /105/2017/0023/ индекстэй 1703000010106 хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Шүүгдэгч  Б.Ганзориг нь  2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 18 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын зам, Баяндөхөмын 24 дүгээр гудамжны 103 тоот хашааны урд замд “Даевоо-Тоска” маркийн 34-42 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол-Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.1-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч С.Мичидмаагийн амь нас хохирч, зорчигч А.Ариунзаяа, явган зорчигч Д.Баяндолгор нарын эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол, Т.Баасанжавын хашааг мөргөж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганзориг мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ  маш ихээр гэмшиж байна.  Хэргийнхээ  талаар ярих зүйл  алга гэв.

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Саранчимэг мэдүүлэхдээ: Маш их гомдолтой байна. Оршууллагын зардалд 6.900.000 төгрөгийн зардал гарсан үүнийгээ нэхэмжилж байна гэв.

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  А.Ариунзаяагийн  хууль ёсны төлөөлөгч  С.Мөнхзаяа мэдүүлэхдээ:Миний охин А.Ариунзаяа нь энэ ослын улмаас  хүнд гэмтсэн . Эмчилгээний зардалд  Ганзориг  2.000.000 төгрөгийг төлсөн, Би хавтаст хэрэгт эмчилгээний баримтаа өгсөн. Энэ зардлаа нэхэмжилнэ. Цаашид гарах эмчилгээний  зардлаа нэхэмжилнэ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Баяндолгор мэдүүлэхдээ: Би энэ ослын  улмаас эрүүл мэндэд гэмтэл авч  2 сарын хугацаанд ажлаа хийж чадаагүй, миний нэг сарын цалин  551.250 төгрөг байдаг,  эмчилгээний зардалд 150.000 төгрөг гарсныг нэхэмжилж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч  Т.Баасанжав  мэдүүлэхдээ: Энэ ослын улмаас хашаа эвдэрч хэмхэрсэн байна. Өөрт учирсан хохирлын талаар  үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн. Тэгээд хашааны үнэ 1.500.000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөр зэргийг нэхэмжилж байна гэв.

Талуудын хүсэлтээр  хавтас  хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч Т.Саранчимэгийн..Осол гарсан тухай  2017 оны 07 дугаар сарын 03-ны 21 цагийн өнгөрч байхад над дээр нэг хүүхэд үсээ засуулаад байж байсан ба нөгөө хүүхэд ажлын хажууханд аваар гарсан тухай яриад нэг скит унаад явдаг нэг эмэгтэй хүүхэд нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь манай хүүхэд биш байгаа даа гэж бодоод ажлаасаа гараад явж байхад өмнөөс цагдаа нар ирээд осол хэрэг  гарсан тухай хэлсэн. Тэгээд л охиноо аваарт орсоныг мэдсэн. Талийгаач маань 1999 онд Улаанбаатар хотод төрөөд бага насаа над дээр өнгөрөөгөөд нэгдүгээр ангид орох үедээ аав Ц.Сүхбаатар нь Баруун хараад амьдардаг ба тэндээ 9 дүгээр ангиа төгстлөө хамт байсан. 10 дугаар ангиа Улаанбаатар хотын “Хамаг- Монгол” дээд сургуульд сурч байгаад одоо 12 дугаар ангид орж суралцах гэж байсан. Нөхөр бид  2001 онд салсан учраас түүнээс хойш надтай хамт амьдарч байгаад Баруун хараа явсан юм.Би жолооч талд их гомдолтой байна...Би осол гарсанаас хойш одоогоор өөрөөсөө буюу ажил явдал өнгөрснөөс хойш оршуулагын зардлынхаа баримтыг гаргаж өгсөн байгаа. Нийт 6.271.280 төгрөг гарсан. Оршуулгын зардалын багц гээд 7.900.000 төгрөг гаргаад түүнийг Ганзоригийн талаас гаргана гэж байсан боловч хэл ам хийж байж 4.400.000 төгрөг гаргаж өгсөн ба манай талаас үлдсэн 2.500.000 төгрөгийг гаргасан. Түүнээс хойш би хүүхэд хооллох гээд гэртээ байсан мөнгөн аяга болон бусад эдлэлээ ломбарданд тавиад 400.000 төгрөгөөр буяны ажил хийсэн. Одоогоор өөрөө ажлаа ч хийж чадахгүй үнэхээр хэцүү байна. Би Гачууртад нэг үсчиний газар түрээсэлж амьдралаа залгуулдаг байсан. Харин одоо ямар нэг ажил төрөл хийгээгүй үнэхээр их хүнд байна. Ганзоригийн талаас одоогоор осол гарснаас хойш нэхүүлэн байж 4.400.000 төгрөг дараа нь 500.000 төгрөг өгөөд байгаа. Ямар нэг мөнгө төгрөг гаргаж өгөөгүй байгаа. Мөн би мэдлэг муу учраас өмгөөлөгч хөлсөлж авсан байгаа. Ганзоригоос сэтгэл санаа болон учирсан хохирлоо бүрэн гаргуулж авах хүсэлтэй байна.  гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 29-р тал/

Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхзаяагийн:..Би Ариунзаяагийн төрүүлсэн ээж нь байгаа юм. Би охин Ариунзаяаг 2000 оны 10 дугаар сарын 31-нд төрүүлсэн.Осол гарсан талаар 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажлаа тараад гэртээ очоод л мэдсэн. Би осол гарсаны дараа эмнэлэг дээр очиход миний охины баруун  чих нь сэтэрчихсэн ухаан байхгүй байж байгаад тархины хагалгаанд орсоны дараа л буюу 07 дугаар сарын 15-ны өдөр л ухаан орсон. Түүнээс өмнө бол ямарч ухаан байхгүй эмнэлэгт 21 хоносон. Одоогоор нөгөө талаас нэг сая төгрөг гаргаж өгөөд байгаа. Бид нараас одоогоор 200.000 төгрөг гаргаж өгөөд байгаа. Эмчилгээний мөнгө цаашид нэлээдгүй гарахаар байгаа.  гэх мэдүүлэг /хх-ийн 54-р тал/

Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч А.Ариунзаяагийн:.. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би найз Мичидмаагийн хамт 12 цаг өнгөрч байхад уулзаад ээж нь дуудаад ажил дээр нь очоод тэгээд тэндээсээ 18 цагийн орчим гараад гэр лүү нь очих гэсэн чинь Мижидмаа нэг саарал өнгийн машинтай ахыг усанд яваад өгөөч гэсэн чинь нөгөө ах нь үгүй гэж хэлсэнээ хамт явахаар болоод усаа аваад гэрт нь хүргэж өгчихөөд явах гэсэн чинь Мичидмаа хамт автобусны буудал орох гээд эргээд нөгөө машиндаа суусан. Тэгэнгүүтээ Улиастайн Шар дэлгүүрийн хажуу талын буудал дээрээс очиж газ авсан. Тэгээд эргээд Гачуурт руу явж байхдаа маш их хурдан яваад байхаар нь би удаан яваачээ гээд хэлэхэд нөгөө ах би удаан явж байна шүү дээ гэж байсан. Тэгээд нэг сэрсэн чинь эмнэлэгт байж байсан. Нөгөө жолооч талаас нэг сая орчим төгрөг гаргаж өгөөд байгаа. Манай талаас 200.000 орчим төгрөг гаргаад байгаа. Хохиролоо гаргуулж авмаар байна. Эмчилгээний зардлыг бүрэн төлчихвөл гомдол гээд байх зүйлгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р тал/

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Баяндолгорын:.. Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 18 цаг өнгөрч байхад би гэрлүүгээ явж байхад хойноос нэг их дуу чимээ гарахаар нь эргээд хартал нэг машин хөндлөнгөөрөө орж ирээд хашаа мөргөөд дараа нь миний баруун ташаа хэсэг рүү мөргөөд би мөргүүлсэн эрчиндээ шидэгдээд унасан ба жолооч миний хажууд машинаасаа сугараад шидэгдээд унасан. Тэгээд машин хажуу талаараа нэг хэсэг тогтож байгаад дээшээ хараад унасан ба харахад дор нь нэг хүн дарагдчихсан байсныг харсан. Одоогоор сая төгрөг гаргаад байгаа ба баримтыг нь алга болгочихсон байна лээ. Одоо байгаа баримт нь КТГ-н зураг авахуулсан 150.000 төгрөгийн баримт байна. Энэ мөнгөний 100.000 төгрөгийг жолооч талаас гаргаж өгөөд, дараа нь 7 сард 150.000 төгрөг бэлнээр гаргаж өгөөд байгаа. Би осол хэрэг гарсанаас хойш 2 сар ажлаа хийж чадаагүй. Сард 551.250 төгрөгний цалин хөлс авч байсан. Энэ мөнгөө гаргуулаад авбал санал хүсэлт алга...  гэх мэдүүлэг /хх-ийн 99-р тал/

Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Т.Баасанжавын:.. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би ажил дээрээ байж байхад манай хүү залгаад манай хашааг машин мөргөөд нураачихлаа гэсэн. Тэгэхээр би  яваад очтол түргэний машин ирчихсэн манай хашаа нурчихсан нэг хүн нас барчихсан машин онхолдчихсон маш их сонин байдалтай байсан. Манайх Улаанбаатар хотод нэг гэр маань зуслан маягаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 24-103 тоот хашаанд зусдаг юм. Уг хашаа манай эхнэр П.Тунгалагийн нэр дээр байдаг юм... гэх мэдүүлэг/ хх-ийн 97-р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1344 дугаартай цогцост хийсэн дүгнэлтэнд:

  1. Мичидмаагийн цогцост хийсэн Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр оношид дурдагдсан гэмтэлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд авто ослын үед, хүчтэй цохилт, доргилт, дарагдалтын улмаас үүссгэгдсэн байх боломжтой байна.
  3. С.Мичидмаа нь цээж, хэвлий дарагдсаны улмаас механик амьсгал бүтэлтэд нас баржээ.
  4. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна.
  5. Талийгаач С.Мичидмаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна.
  6. Талийгаач С.Мичидмаа нь АВО системээр Ва /3/ бүлгийн цустай байна. Шинжээч эмч М.Энхбаяр гэх дүгнэлт, /хх-ийн 124-р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 9591 дугаартай дүгнэлтэнд:

1.А.Ариунзаяагийн биед баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, тархи дарагдал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цус хуралт, баруун дунд чөмөгний сэлтэрхий үүсгэсэн далд хугарал, баруун чихний дэлбээнд шарх, баруун чамархай, зулай ар хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед нь аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар  алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт, /хх-ийн 131-р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 9290 дугаартай дүгнэлтэнд:

1.Д.Баяндолгорын биед тархи доргилт, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд  үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Б.Ганзориг гэх дүгнэлт, /хх-ийн 134-р тал/

-Хэргийн газарт үзлэг  хийсэн тэмдэглэл ,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-19-р тал/

- Химийн шинжээчийн № 6644 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “ Ганзориг 25/  эр” гэж хаягласан цусанд  1.9 промилли спиртийн агууламж илэрч байна.

2. Цусанд илэрсэн  1.9 промилли  нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Шинжээч Цагдаагийн ахлах дэслэгч   Б.Цогтбаяр гэх дүгнэлт /хх-н  134-р тал/

Мөрдөгчийн  2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  №09 дугаартай магадлагаанд: 1. “Даевоо-Тоска” маркын 34-42 УНЛ улсын дугаартай  автомашины жолооч Батсүрэнгийн Ганзориг  нь Монгол-Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн ,мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн   9.1-д...  жолооч  хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын  нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ  дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна  гэсэн заалтуудыг зөрчсөн  гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Д.Баяндолгор  нь Замын хөдөлгөөний дүрмийн  ямар нэг зүйл, заалтыг  зөрчсөн  гэж үзэх  үндэслэл тогтоогдохгүй байна.   Ахлах мөрдөгч цагдаагийн хошууч  Л.Ууганбаяр  /ххн-ийн 144-р тал/

-Хохирлын баримтууд / хх-ийн 34-48-р тал,  61-62-р тал, 90-91-р тал,  129-р тал,   хх-ийн 140-143-р тал/ зэрэг  нотлох баримтуудыг  шинжлэн  судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

          Хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудаас  дүгнэхэд: Б.Ганзориг нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 18 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын зам, Баяндөхөмын 24 дүгээр гудамжны 103 тоот хашааны урд замд “Даевоо-Тоска” маркийн 34-42 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож яваад зам тээврийн  осол гаргаж   зорчигч С.Мичидмаагийн амь нас хохирч, зорчигч А.Ариунзаяа эрүүл мэндэд хүнд хохирол, явган зорчигч Д.Баяндолгорын  эрүүл мэндэд хөнгөн хохирол, Т.Баасанжавын хашааг мөргөж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

 Шүүгдэгч Б.Ганзориг нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 18 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын зам, Баяндөхөмын 24 дүгээр гудамжны 103 тоот хашааны урд замд “Даевоо-Тоска” маркийн 34-42 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол-Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.1-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч С.Мичидмаагийн амь нас хохирч, зорчигч А.Ариунзаяа, явган зорчигч Д.Баяндолгор нарын эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол, Т.Баасанжавын хашааг мөргөж 1.500.000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрчүүдийн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадлагаа, хэрэг учралын үзлэг хийсэн тэмдэглэл   зэрэг  бичгийн   нотлох  баримтуудаар  тогтоогдож  байх тул Б.Ганзоригийг гэм буруутайд тооцох үндэстэй байна.

         Шүүгдэгч Б.Ганзориг нь согтуугаар тээврийн  хэрэгсэл  жолоодож замын хөдөлгөөний  дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зорчигч С.Мичидмаагийн амь нас хохирч, зорчигч А.Ариунзаяагийн эрүүл мэндэд хүнд хохирол, явган зорчигч Д.Баяндолгорын эрүүл мэндэд  хөнгөн хохирол, Т.Баасанжавын хашааг мөргөж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугийн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн  шинжийг агуулж байх тул нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 4 дэх хэсгийн 4.1-д  зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна гэж шүүх үзэв

        Шүүгдэгч Б.Ганзориг урьд нь ял шийтгэл хүлээж  байгаагүй болох нь  түүний   ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна. /хх-ийн  164-р тал/

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар  бусдын  эрх,  амь нас , эрүүл мэнд, нэр төр,  алдар  хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй  үйлдэл,  эс үйлдэхүйгээр  гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

        Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар  ...хохирогч  нас барсан бол  түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал  болон  гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч  шаардах эрхтэй.

Хохирогч С.Мичидмаа 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр  энэ ослын  улмаас  нас  барсан байх ба  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүнийг төрүүлсэн эх Төмөрийн Саранчимэг тогтоогдсон байх тул  гэм хорын  хохирлыг  шаардах эрхтэй байна. /хх-н 25-32-р тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Т.Саранчимэг нь хавтаст хэрэгт 4.197.226 төгрөгийн хохирлын  баримтыг ирүүлсэн байх ба  хохирогч болон  шүүгдэгч  нарын тайлбараар  нийт  6.697.266 төгрөгийг төлөөгүй  болох нь тогтоогдож байх тул   хохирлыг гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна ./ хх-ийн 34-48-р тал/

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар   бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд  нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас  дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэдгэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах,нэмэгдэл  хоол өгөх,хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй  зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Энэ авто ослын  улмаас  эрүүл мэнддээ хүнд  хохирол авсан  насанд хүрээгүй  хохирогч А.Ариунзаяагийн  хууль ёсны төлөөлөгчөөр  С.Мөнхзаяа  тогтоогдсон  байх ба мөрдөн байцаалтын шатанд   эмчилгээний  зардалд  2. 000.000 төгрөгийг төлсөн, одоо  99.600 төгрөгийн хохирлыг төлөөгүй болох  нь хэрэгт  авагдсан бичгийн  баримтаар тогтоогдож байх  тул  99.600 төгрөгийн хохирлыг  гаргуулах үндэстэй байна. /хх-н 61-62-р тал, 129-р тал/

        Хохирогч  А.Ариунзаяа  нь  эрүүл мэндэд нь  хүнд хохирол  учирсан  нь нотлох  баримтаар  тогтоогдож байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу  жич нэхэмжлэх эрхтэй болно.

            Хохирогч Д.Баяндолгор нь эрүүл мэндэд  учруулсан  хохирол  150.000 төгрөг,  цалин  хөлс  551.250х2=1.102.500 төгрөгийг тус тус нэхэмжилж байгааг шүүгдэгчээс  гаргуулж  шийдвэрлэх үндэстэй байна./ хх-н  90-91-р тал/

         Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас  өмнө байсан байдалд сэргээх адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө гэж хуульчилжээ.

          Иймд иргэний нэхэмжлэгч Т.Баасанжавын хашааг гэмтсэнээс учирсан хохирол 1.490.000 төгрөг, эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэсний төлбөр 57.000 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна ./ хх-ийн 140-143-р тал/

          Шүүгдэгч Б.Ганзоригт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий   ангийн  6.5 дугаар зүйл, хэсэгт заасан  ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Б.Ганзориг нь согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хүндрүүлэн үзэх үндэстэй байна.

          Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Боржигон овогт Батсүрэнгийн Ганзоригийг авто тээврийн  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу замын хөдөлгөөний  дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон , хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

            2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Б.Ганзоригийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван / жилийн  хугацаагаар хасаж,4 /дөрвөн /  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар Б.Ганзоригийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Ганзориг цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны  зардал  нэхэмжилээгүй  болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний  хуулийн  497  дугаар зүйлийн  497.1, 505 дугаар зүйлийн 505.1,   508 дугаар зүйлийн  508.1, 510 дугаар зүйлийн 510.1 -д зааснаар  Батсүрэнгийн Ганзоригоос   6.697.266  /зургаан сая,зургаан зуун ерэн долоон мянга хоёр зуун жаран зургаан/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Төмөрийн Саранчимэгт /РД:ЧМ78011860 /99.600/ ерэн ёсөн мянга зургаан зуун/ төгрөгийг хохирогч А.Ариунзаяагийн хууль ёсны төлөөлөгч Санжаажавын Мөнхзаяад /РД:УА81121708/  1.252.500 /нэг сая хоёр зуун тавин хоёр мянга  таван  зуун/  төгрөгийг хохирогч Дагва-Очирын Баяндолгорт /РД:ЧД83022167/  1.547.000  /нэг сая  таван зуун дөчин долоон мянган/ төгрөгийг иргэний  нэхэмжлэгч  Тогоогийн  Баасанжавт /РД:УХ69060673/  тус тус гаргуулан   олгосугай.

          6. Хохирогч А.Ариунзаяа цаашид гарах  эмчилгээний  зардлаа   холбогдох нотлох баримтаа  бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг  дурьдсугай.

         7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Ганзоригийн  ¹01609449 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг хууль ёсны  өмчлөгч “ Антима”ХХК-д буцаан олгосугай. 

         8. Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн  5.7 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт  зааснаар Б.Ганзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, шүүгдэгчид  оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолсугай.

        9. Шийтгэх тогтоолыг уншиж  сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ганзоригт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчлөн цагдан  хорьж  эдлэх ялыг  энэ өдрөөс эхлэн тоолсугай.

        10. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

        11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ганзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ