Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 248

 

Д.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 205 дугаар магадлалтай, Д.О-д холбогдох 1806075692170 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Х овогт Д-ын О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Д.О нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн түр саатуулах байранд албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр саатуулагдсан этгээд Г.З-ын зүй бус үйлдлээс шалтгаалан түүний баруун шанаа руу цохисны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болно. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн түр саатуулах байранд саатуулагдсан этгээд Г.З-ын биеэ авч явсан байдал, цагдаагийн алба хаагчийг болон өмгөөлөгч нарыг доромжилж хууль болон журмаар хориглосон үйлдэл хийж \утсаар ярих, ус ундаа оруулахыг зүй бусаар шаардах гэх мэт\ Д.О-ийн тавьсан шаардлагыг эрс эсэргүүцэж байсан талаар анхан шатны шүүх хуралд гэрчээр оролцсон гэрч Бямбадорж болон бусад оролцогч нарын мэдүүлгээр тогтоогдож байдаг. Шүүгдэгч Д.О-ээс саатуулагдсан этгээд Г.З-ыг “цохьсон” үйлдэл тухайн этгээдээс цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилж бие засах өрөөнөөс гарсан даруйдаа Д.О рүү салаавч гарган дайрсан тэр мөчид түүний захнаас татан шанаа тус газар нь цохисон нь хязгаарлагдмал орон зайд \нарийн коридорт\ агшин зуур үүссэн нөхцөл байдал байсан нь гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Энэ бүгдийг дүгнэн үзвэл “хохирогч Г.З-аас цагдаагийн албан хаагчийг зүй бусаар доромжилж салаавч гаргаж дайрсан түүнийг таслан зогсоосон нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүх “биеийн хүч хэрэглэх тохиолдол гараагүй, нэн тэргүүнд хэрэглэхгүй байх боломжтой байсан” гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Цагдаагийн албаны хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “...Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, техник, галт зэвсэг хэрэглэж болно...”,  мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд 49.1.1-д “Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн үндэслэлээр биеийн хүч хэрэглэх..” үндэслэл, журмыг хуульчлан заажээ. Үйл баримтын хувьд хохирогч Г.З-ын хэрэгжүүлсэн үйлдэл нь гэнэтийн шинжтэй бие засах газраас гарч ирмэгцээ цагдаагийн алба хаагч Д.О рүү салаавч гарган дайрсан үед нь түүнээс биеийн хүч хэрэглэсэн нь дээрхи хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан ба Цагдаагийн албаны хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т “нэн тэргүүнд хэрэглэхгүй байх” хэм хэмжээг баримтлах хязгаараас давсан нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй юм. Д.О саатуулах байрны хязгаарлагдмал орчинд саатуулагдсан этгээд Г.Золжаргалын үйлдлийг таслан зогсоохдоо Цагдаагийн албаны хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т “тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх, хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх”, 48.1.1-д “Зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэх...” гэсэн үндэслэлийн дагуу биеийн хүч хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Д.О нь хувийн таарамжгүй харилцаанаас бус хохирогчийн зүй бус гэнэтийн шинжтэй халдлагыг хуульд заасан үндэслэл журмын дагуу таслан зогсоосон үндэслэлтэй байх тул тогтоол, магадлалыг хүчингүй болгож Д.О-ийг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хохирогч Г.З-ын зүгээс биеийн хүч нэн тэргүүнд хэрэглэх хэмжээний эсэргүүцэл үзүүлээгүй байхад шүүгдэгч Д.О нь түүний шанаа руу цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон болно. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан гомдлыг үндэслэн Д.О-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.О нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн саатуулах байранд шүүхийн хамгаалалтын цагдаагийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Г.З-тай маргалдан, улмаар түүний баруун шанаа руу цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун хөмсөгний язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун гуяны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.О-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг шинжлэн судлаж үзэхэд шүүгдэгч Д.О шүүхийн саатуулах байранд хамгаалалтын цагдаагийн албан үүргээ гүйцэтгэх явцдаа хохирогч Г.З-тай маргалдаж тэдгээрийн хооронд таарамжгүй харьцаа үүссэний дараа бие засах өрөөний үүдэнд урьд маргалдсан асуудлаас болж Д.О нь хохирогчийг баруун шанаа руу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан талаарх үйл баримтыг хоёр шатны шүүх үндэслэлтэй тогтоосон байна.

Хохирогч Г.З-ын зүгээс шүүгдэгч Д.О руу тухайн үед довтлоогүй, эрүүл мэндэд нь хохирол учруулахаар ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй, эсэргүүцэл үзүүлээгүй байх тул Цагдаагийн албаны тухай хуульд заасан биеийн хүч хэрэглэх шаардлага үүссэн гэж үзэх боломжгүй бөгөөд шүүгдэгчийн бусдыг цохиж өшиглөн хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хууль ёсны үйл ажиллагаа гэж дүгнэгдэхгүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 205 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН