Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 01926

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Г ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/02564 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Г ын хариуцагч И.У т холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ишхүүгийн У тэй  2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулж, өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 111 дүгээр байрны   тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай 2 өрөө байрыг сарын 500 000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохиролцсон. Гэтэл У нь 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 1-2 дугаар саруудын төлбөрөө өгөхгүй байсаар, 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хэлэлгүйгээр гэнэт нууцаар нүүж явсан. Хэрэв надад хэлээд нүүсэн бол би 1 500 000 төгрөгийн өртэй болох нь үнэн гэсэн баримт бичиг үйлдүүлж, эд хөрөнгийг нь барьцаалж, төлбөрөө хийснийх нь дараа буцаан өгөх байсан. Утсаар холбогдоход төлбөрөө өгнө, одоо банкнаас зээл аваад өгнө, зээл олгох гээд байгаа, банкны захирал нь томилолтоор яваад ирээгүй байна гээд сүүлдээ утсаа авхаа больсон. Тухайн үед У нь Улаанбаатар хотын Төмөр замын газарт проводник буюу галт тэрэгний үйлчлэгч хийдэг ажилтай байсан, 2019 оны 5, 6 дугаар сард асууж сураглахад ажлаасаа гарсан сурагтай байсан. Иймд хариуцагчаас түрээсийн төлбөр болох 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.Г нь түрээсийн гэрээ байгуулахаар 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр надтай уулзсан бөгөөд 5 дугаар сарын 21-ний өдөр цэвэрлэгээ хийгээд 5 дугаар сарын 22-ны өдөр нь байранд нүүж орсон. Нүүж орохоосоо өмнө Л.Г ирээд ахдаа урьдчилгаагаа өгчих гэсэн. Бид урьдчилгаа 2 000 000 төгрөг буюу 4 сарын мөнгө өгч, авахаар тохирсон байсан.

Би мөнгөө өгөхдөө гэрээгээ байгуулъя гэхэд Л.Г байрны гэрчилгээ байхгүй, нотариат хийхгүй гэсэн. Тухайн үед гэрчилгээ нь банкны барьцаанд байсан учраас гэрээгээ хийгээгүй. Л.Г өөрөө хэлэхдээ байр нь лизингтэй банкинд байдаг гэсэн. Мөнгөө дансаар хийе гэхэд Л.Г нь банкинд өртэй болохоор болохгүй, бэлнээр авмаар байна гэсэн. Тухайн өдөр 2 000 000 төгрөг өгөхдөө найзтайгаа цуг байсан. 5 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн нотариатч дээр очиж гэрээ байгуулах болоход би урьдчилгаанд өгсөн 2 000 000 төгрөгөө гэрээнд бичүүлье гэхэд нотариатч нь миний хажууд өгч авалцаагүй болохоор бичиж болохгүй гээд, харин дахин мөнгийг нь хийхдээ дансыг нь аваад дансаар нь хийж байгаарай гэж байсан. Тэгээд дансаа өгөөч гэхэд дээр ярьсан шигээ дансаар авч болохгүй байна гэсэн. Л.Г би 4 сарын урьдчилгаа төлбөрийг өгсөн учраас 2018 оны 10 дугаар сарын сүүлээс эхэлж түрээсийн төлбөрийг сар бүр төлж, Сансарын 33 дугаар сургуулийн туслах замын хажууд мөнгөө өгдөг байсан. Л.Г нь мөнгө өгсөн саруудыг буруу бичсэн, мөнгөө хаана өгдөг байсан талаар худал бичиж, бидний гэрээний талаарх бүх үүргийн харилцаа дуусгавар болсон байхад худал нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан, хариуцагч И.У гээс 1 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Г д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.У гээс улсын тэмдэгтийн хураамж 38 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Г д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Түрээсийн төлбөр шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдсан шиг түүнд 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг өгөөгүй, харин 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ганболдоос түрээслэх гэж байсан Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15 хорооллын 111 байрны   тоот байрыг цэвэрлэж байхад Г ирээд надаас бэлнээр 2 000 000 төгрөг авсан болохыг дурдаад, надтай цуг байр цэвэрлэж байсан өөрийн найз Бат-Эрдэнийг гэрчээр оруулж, Бат-Эрдэнэ Г-д 2 000 000 төгрөг өгсөн болохыг гэрчилсээр байтал шүүх энэ талаар дүгнэхдээ гэрч Б.Б нь 2 000 000 төгрөгийг хүлээлгэн өгөхийг харсан гэх мэдүүлгийн эх сурвалж тогтоогдохгүй байна гэж үнэлсэнд гомдолтой байна. Мөн Г н он, сар, өдрийг худал ярьж байна гэдгийг хэлсээр байтал шүүгч тодруулж асуугаагүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. У миний бие Г-д 2 000 000 төгрөг бэлнээр өгсөн бөгөөд дансаар өгөх гэхэд “бэлнээр” авна гэж авчихаад хуурамч баримт үйлдсэн байхад энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Л.Г-оос нотлох баримт болох 12 хуудастай голоор нь нугалсан тооны дэвтэр дээр Г гарын үсэг зуруулж авсныг Л.Г-оос гаргуулъя гэх хүсэлт өгсөн байхад Ганболд нь миний гарын үсэг болон гэрч Б-ийн гарын үсгийг дуурайлган зурсан бичгийн цаас өгснийг шүүх хэрэг хянан шйидвэрлэхдээ нотлох баримт болгон үнэлсэнд гомдолтой байна. Л.Г 1 000 000 төгрөгийн баримтыг шүүхэд гаргаж өгөхдөө шүүх хурлын өмнө нь биш гэнэт шүүх хурал эхлэхийн өмнө гарган ирж, тухайн баримтыг би миний гарын үсэг зурсан баримт биш байна гэж хэлсээр байтал шүүх хэрэгт хавсаргаж нотлох баримтаар үнэлэн жинхэнэ нотлох баримтыг нэхэмжпэгчээс гаргуулах талаар шаардаагүйд гомдолтой байна.

Л.Г нь надад байраа түрээслэхдээ байрны бичиг баримт байхгүй боловч, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр надтай тохирч, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр надаас 4 сарын түрээсийн төлбөр бөөнд нь аваад тухайн өдрөө гэрээ байгуулъя гэхэд гэрээ байгуулаагүй зэрэг бүхий л өөрт ашигтай заль мэх хэрэглэн шударга үнэнээр түрээсийн төлбөрөө өгсөн иргэн У намайг ингэж шүүх хуулийн байгууллагтай нийлэн хохироож байгаад гомдолтой байна. Мөн Л.Г нь анх 1 000 000 төгрөг нэхэмжилж байсан атлаа нэхэмжлэлийн шаардлагаа 1 500 000 төгрөг болгон нэхэмжилсэн нь түүний бүх баримт, хэлж ярьсан нь худал болохыг нотолж байгаа.

Мөн Л.Г нь надад хандан миний хаягаар өмнө нь нэхэмжлэл гаргасан талаар би юу ч мэдээгүй, би иргэний үнэмлэх дээрх хаягтаа оршин суудаг байхад, миний иргэний үнэмлэх дээр хаягаар хандсан эсэх нь тодорхойгүй байж намайг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулсанд гомдолтой байна. Намайг үнэхээр тухайн хаягтаа байгаа эсэхийг шалгахад оршин суугаа хорооны тодорхойлолтоор ч гэсэн тогтоогдох байхад эрэн сурвалжпуулсан. Иймээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч И.У т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Л.Г, У нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хөлслүүлэгч нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 111 дүгээр байрны   тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаагаар хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь сарын төлбөр 500 000 төгрөгийг сар болгоны 20-нд дансаар эд хөрөнгө ашигласан хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-6-7/

 

Ийнхүү зохигчид хөлслөх үл хөдлөх эд хөрөнгө, хөлсний хэмжээний хувьд тохиролцож хэн аль нь гэрээнд гарын үсэг зурсан тул талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр гэрээ Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Дээрх гэрээгээр тохирсон 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн хүлээлгэн өгсөн, хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууц хөлслөх гэрээний дагуу сар бүр 500 000 төгрөгний хөлс, орон сууц ашиглалтын зардал төлж байснаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсаныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж гэрээний харилцааг буруу тодорхойлсон нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Нэхэмжлэгчийн хөлслөсөн орон сууцнаас хариуцагч нь 2019 оны 2 дугаар сард гарсан талаар хэн аль нь маргаагүй, харин талууд 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 1, 2 дугаар сарын хөлс төлсөн эсэх талаар маргаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн хөлслөсөн орон сууцнаас нүүн гарснаар орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас нь өмнө цуцласан гэж үзэх үндэслэлтэй.

 

Хэргийн 24 дүгээр тал дах 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн бичгээр үйлдсэн баримтаар Л.Г нь 1 000 000 төгрөгийг бэлнээр И.У гээс хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн, 2019 оны 2 дугаар сар хүртэлх сүүлийн 3 сарын хөлс төлсөн тул төлөх төлбөргүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээгээр хариуцагчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн өгсөн орон сууцанд хариуцагч нь 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 2 дугаар хүртэлх хугацаанд 9 сар амьдарсан тул орон сууцны хөлс 4 500 000 төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч сүүлийн 3 сарын хөлс 1 500 000 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч нь энэ үүргээ бүрэн биелүүлсэн гэх байдлаа баримтаар нотлоогүй тохиолдолд урьчилгаа төлбөрт хэдэн төгрөг төлсөн нь ач холбогдолгүй байна.

 

Хариуцагч нь 4 сарын төлбөрт 2 000 000 төгрөгийг урьдчилан бэлнээр төлсөн, 1 000 000 төгрөг төлсөн гэх баримтад гарын үсэг зураагүй хуурамч баримтыг шүүхэд баримтаар гаргаж өгсөн гэж маргаж энэ байдлаа нотлохоор гэрчээр Б.Б-ийг асуулгахад “... би гурван удаагийн түрээсийн төлбөр өгөх дээр байлцсан эхнийх нь 2 000 000 төгрөг, дараагийнх нь Сансрын тунель дээр Алтан жолоо байсан, дараагийнх нь хаана өгсөн гэдгээ санахгүй байна...” гэж мэдүүлжээ. Г Б.Б-ийн мэдүүлэг орон сууц хөлслөх гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэх байдлыг нотлоогүйгээс гадна энэхүү гэрчийн мэдүүлэг нь эргэлзээгүй баримт болох нь өөр бусад нотлох баримтаар тогтоогдоогүй тул уг мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууц хөлслөх гэрээний хөлсийг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хариуцагч У нь түрээсийн төлбөрийг бүрэн гүйцэд төлсөн, баримтыг хуурамчаар үйлдсэн гэх давж заалдах гомдол гаргасан боловч энэ нь өөрөө хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/02564 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 38 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ