Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00937

 

 

                                         Л.Г-ын нэхэмжлэлтэй иргэний

                                                хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/02564 дүгээр шийдвэртэй,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1926 дугаар магадлалтай,

Л.Г-ын нэхэмжлэлтэй, 

И.У-т холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч И.У-ийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч И.У, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч И.У-т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/02564 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан, хариуцагч И.У-ээс 1,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Г-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.У-ээс улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Г-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1926 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/02564 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч И.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.20-ны өдрийн 101/ШШ2020/02564 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.09-ний өдрийн 1926 дугаар магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч Л.Г түрээсийн төлбөр гэж нэхэмжлээд байгаа нь ор үндэсгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж анхан шатны шүүхэд тайлбарлан нэхэмжлэлд дурдсан шиг түүнд 2018.05.20-ны өдөр 1,000,000 төгрөг өгөөгүй, харин 2018.05.22-ны өдөр Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15 хороолол, 111-р байрны 54 тоот буюу түрээслэх байраа цэвэрлэж байхад Л.Г нь ирж надаас бэлнээр 2,000,000 төгрөг авсан болохыг дурдаад, надтай цуг байр цэвэрлэж байсан өөрийн найз Б.Б-Э-ийг гэрчээр асуулгасан. Б.Б-Э нь Л.Г-д 2,000,000 төгрөг өгсөн болохыг гэрчилсээр байтал шүүх энэ талаар дүгнэхдээ гэрч Б.Б-Э нь 2,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөхийг харсан гэх мэдүүлгийн эх сурвалж тогтоогдохгүй байна гэж үнэлсэн төдийгүй Л.Г он, сар, өдрийг худал ярьж байна гэдгийг хэлсээр байтал шүүгч тодруулж асуугаагүй хэргийг шийдвэрлэсэн.

4.2. Л.Г-д 2,000,000 төгрөг бэлнээр өгсөн, дансаар авахгүй, бэлнээр авчхаад хуурамч баримт үйлдсэн байхад энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл нотлох баримт болох 12 хуудастай голоор нь нугалсан тооны дэвтэр дээр Л.Г гарын үсэг зуруулж авсныг гаргуулах хүсэлт өгсөн боловч Л.Г нь миний болон гэрч Б.Б-Э-ийн гарын  үсгийг дуурайлган зурсан, бичгийн цаас дээр 1,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн гэсэн хуурамч баримт өгснийг шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ нотлох баримт болгон үнэлсэн. 2,000,000 төгрөгийг Л.Г-д өгсөн талаарх баримтыг гаргуулах хүсэлтэд ямар ч баримт гаргаж өгөөгүй атлаа шүүх хурал болоход 1,000,000 төгрөг өгсөн гэх хуурамч баримт гаргасан. Уг баримт нь миний гаргуулахыг хүссэн баримт биш, хуурамч баримт гэдгийг хэлсээр байтал анхан шатны шүүх миний тайлбарт ач холбогдол өгөлгүй, Л.Г-ын гаргаж өгсөн хуурамч баримтыг нотлох баримтаар үнэлж шийдсэнийг хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэх үндэстэй. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсаар байтал гомдлыг тал бүрээс нь бодитой үнэлэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөн дүгнэсэн нь үндэслэлгүй. Л.Г-ын түрээслүүлэх байрны бичиг баримт нь байхгүй боловч 2020.05.20-ны өдөр надтай тохирч, 2020.05.22-ны өдөр 4 сарын түрээсийн төлбөр бөөнд нь аваад тухайн өдрөө гэрээ байгуулъя гэхэд байгуулаагүй зэрэг өөрт ашигтай заль мэх хэрэглэн шударга үнэнээр түрээсийн төлбөрөө өгсөн намайг хууль шүүхийн байгууллагатай нийлж хохироож байгаад гомдолтой.

4.3. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс “Нэхэмжлэгч орон сууц хөлслөх гэрээгээр хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн орон сууцанд хариуцагч 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд 9 сар амьдарсан тул орон сууцны хөлс 4,500,000 төгрөг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч сүүлийн 3 сарын хөлс 1,500,000 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч нь энэ үүргээ бүрэн биелүүлсэн гэх байдлаа баримтаар нотлоогүй тохиолдолд урьдчилгаа төлбөрт хэдэн төгрөг төлсөн нь ач холбогдолгүй” гэж үнэлсэн нь сүүлийн 3 сарын хөлс нэхэмжилсэн талаар дүгнээд, харин урьдчилгаа хэдэн төгрөг хэрхэн өгсөн талаар тодруулж шийдээгүй бөгөөд И.У 1,500,000 төгрөгийг өгөхгүй арга саам хэрэглэж байна уу, эсхүл үнэхээр мөнгийг төлсөн учир өгөхгүй гэж маргаж байна уу гэдэгт үнэлэлт хийгээгүйд үнэхээр харамсаж байна.

4.4. Анхан шатны шүүхээс хуурамч нотлох баримт бүрдүүлсэн талаар дүгнэлт гаргасантай холбоотойгоор шүүхийн шийдвэр гармагц шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргахад шүүгчийн туслах нь шүүгч амарсан гээд шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дараа надад танилцуулснаас болж, шүүх хурлын тэмдэглэлтэй танилцаж, хурлын бичлэгийг үзэх боломжгүй болсон. Шүүх хурлын тэмдэглэлтэй танилцаад хурлын бичлэгийг үзье гэхэд тантай эргэж холбогдоно гэсэн боловч яриагүй. Л.Г-д 1,000,000 төгрөг хүлээлгэж өгсөн гэх нотлох баримт хуурамч, хүлээн зөвшөөрөхгүй гэсээр байтал хурлын тэмдэглэлд хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж худал бичиж, миний хэлсэн ярьсныг гуйвуулан хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийн бодит үнэнийг болон нэхэмжлэгч хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн эсэхийг бодитоор тогтоохын тулд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч Л.Г-оос хариуцагч И.У-т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

7. Нэхэмжлэгчээс “... И.У-тэй 2018.05.28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээг 2019.05.20-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулж, өөрийн өмчлөлийн 2 өрөө байрыг сарын 500,000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохиролцсон. Гэтэл И.У нь 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 1, 2 дугаар саруудын төлбөрөө өгөхгүй байсаар 2019.02.27-ны өдөр хэлэлгүйгээр гэнэт нууцаар нүүж явсан... Иймд хариуцагчаас түрээсийн төлбөр болох 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч, “... Л.Г-д би 4 сарын урьдчилгаа төлбөрийг өгсөн учраас 2018 оны 10 дугаар сарын сүүлээс эхэлж түрээсийн төлбөрийг сар бүр Сансарын 33 дугаар сургуулийн туслах замын хажууд мөнгөө өгдөг байсан. Л.Г нь мөнгө өгсөн саруудыг буруу бичсэн, мөнгөө хаана өгдөг байсан талаар худал бичиж, бидний гэрээний талаарх бүх үүргийн харилцаа дуусгавар болсон байхад худал нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж байна, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу...” гэж маргажээ.

8. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

9. Тодруулбал, талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууцанд 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 2 дугаар сарыг дуустал 9 сар амьдарсан тул орон сууцны хөлс 4,500,000 төгрөг төлөх үүрэгтэй, үүнээс нэхэмжлэгч нь сүүлийн 3 сарын хөлс 1,500,000 төгрөгийг шаардаж байгааг хариуцагчийн зүгээс “хөлсийг бүрэн төлсөн” гэж маргаж байгаа боловч татгалзлаа баримтаар нотлоогүй байна. Шүүх гэрчээр асуугдсан С.О нь мөнгө хүлээлцэх үед биеэр байлцаагүй, харин гэрч Б.Б-Э-ийн мэдүүлэг нь эргэлзээгүй болох нь өөр бусад нотлох баримтаар тогтоогдоогүй тул үнэлэх боломжгүй гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

10. Хариуцагч нь “урьдчилгаа 2,000,000 төгрөг төлсөн, төлбөрийн үлдэгдэл байхгүй” гэсэн тайлбар гаргасан боловч үүнийгээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, иймд “Шүүх хэргийн үйл баримтыг тодруулаагүй, гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, хуурамч нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргасан” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

11. Мөн “... Анхан шатны шүүхийн шийдвэр гармагц шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргахад шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дараа танилцуулснаас болж шүүх хурлын тэмдэглэлтэй танилцах, шүүх хурлын бичлэгийг үзэх боломжгүй болсон. Л.Г-д 1,000,000 төгрөг хүлээлгэж өгсөн гэх нотлох баримт хуурамч байна, хүлээн зөвшөөрөхгүй гэсээр байтал хурлын тэмдэглэлд хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж худал бичиж хэргийг шийдвэрлэхдээ миний хэлсэн ярьсныг гуйвуулан шийдвэрлэсэн...” (Тодорхойлох хэсгийн 4.4-т) гэх гомдлын үндэслэл тогтоогдохгүй байна.

12. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/02564 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1926 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч И.У-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч И.У-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ЭРДЭНЭСУВД

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ                                 

                        ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                            Н.БАЯРМАА

                                                                                            П.ЗОЛЗАЯА