Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 01927

 

 

 

 

 

 

 

 

 

Х.О, Д.Г нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/02020 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.О, Д.Г хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 182/Ш32017/02413 тоот захирамжаар Х.О, Д.Г нар 29 078 962 төгрөг хэсэгчилэн төлөх, Хас банк барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж талууд эвлэрснийг баталгаажуулсан байдаг. 29 078 962 төгрөгийг Хас банкинд хэсэгчилэн төлөхөөр тохиролцож, эвлэрсэн байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүгчийн захирамжид заагдаагүй, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзсан. Д.Г миний өмчлөлийн /Ү-2206007855, Г-2206001957/ Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 10 дугаар гудамж, 251А тоотод байрлах хувийн сууц, газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан. Хан-Уул дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4/18302, 4/18303 мэдэгдлээр бидний хувийн сууц, газрыг 14 600 000 төгрөгөөр зах зээлийн үнээс маш хямдаар бусдад худалдсан болохыг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй, шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнийн санал авах ажиллагаа явуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах, үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг хэрхэн тогтоох талаар хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй, төлбөр авагчаас үнийн санал асуугаагүй, шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй зэрэг өмчлөгч, эзэмшигч нарын эрхийг очиж ажиллагааг явуулсан тул худалдан борлуулах ажиллагаа хууль бус гэж үзэж байна. 4/18302, 4/18303 тоот мэдэгдлээс харахад үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан 14 600 000 төгрөгийн төлбөр төлөгдлөө гэхэд шүүхийн шийдвэрээр төлөх 29 078 962 төгрөгийн төлбөрөөс уг үнийг хасахад төлбөр авагч Хас банкинд 14 478 962 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй нь Иргэний хууль болон шударга ёсонд нийцэхгүй болох нь ойлгомжтой бөгөөд хөрөнгийг үнэгүйдүүлж, хуулиар хамгаалагдсан өмчлөгсдийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчсөнд маш их гомдолтой байна. Уг хашаа байшинд манай гэр бүлийн 10 хүн амьдардаг, улс орон даяараа онц байдал зарласан үед худалдагдсан гэр орноосоо бид хаана очиж амьдрах эсэх нь тодорхойгүй хүнд байдалд ороод байна. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007855, Г-2206001957 дугаар бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 7 хороо, Жаргалантын 10 гудамж, 251а тоотод байрлах хувийн сууц газрыг худалдан борлуулсан 14 600 000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2017/02413 дугаар захирамжаар нэхэмжлэгч нараас 29 063 962 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Х.О, Д.Г нарын өмчлөл, эзэмшилд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох бүртэлийн байгууллагуудаас тодруулахад Д.Г ийн өмчлөлд Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалант 10 дугаар гудамжны 251 тоот үл хөдлөх эд хөрөнгө Хас банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй болох нь тогтоогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дансан дахь мөнгөн хөрөнгөөс суутгал хийх мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлж, Хаан банкнаас 1 450 000 төгрөгийг суутгаж, төлбөр авагчид олгосон. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул Д.Г ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаар /Ү-2206007855, Г-2206001957 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалант 10 дугаар гудамжны 251 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 18290385/03 дүгээр тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18290385/04 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Д.Ганзориг, Х.Отгончимэг нарт үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 4/1843 дугаартай мэдэгдлийг баталгаат шуудангаар 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүргүүлсэн. Төлбөр төлөгч нар 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалант 10 дугаар гудамжны 251 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 70 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа ирүүлсэн. Төлбөр авагч Хас банк 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 13/420 дугаар албан бичгээр хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн. Талууд харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 74 дугаар тогтоолоор шинжээч томилоход 28 500 000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 4/4947 дугаар албан бичгээр Х.О, Д.Г нарт биечлэн хүргүүлсэн. Төлбөр төлөгч нар Д.Г ийн өмчлөлийн эд хөрөнгийг бие даан худалдан борлуулах хүсэлтийг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр гаргасан ба уг хүсэлтийг хүлээн авч 1 сарын хугацаа олгосон боловч худалдан борлуулаагүй. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 4/1174, 4/1175 дугаар мэдэгдэл, 4/22 дугаар тогтоолын хамт тус тус 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлөгч нарын оршин суух Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалант 10 дугаар гудамжны 251 тоот хаягаар баталгаат шуудангаар явуулан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ болох 28 500 000 төгрөгийн 70 хувь буюу 19 950 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахд үнийн санал ирээгүй. Хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 4/17040, 4/17039 дугаар мэдэгдэл, 5/13 дугаар тогтоолын хамт 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлөгч нарт биечлэн хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн 28 500 000 төгрөгийн 50 хувь буюу 14 250 000 төгрөгөөр хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулахад 14 900 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Худалдан борлогдсон талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2020 оны 4/18302, 4/18303 дугаар албан бичгээр биечлэн гардуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 7 хороо, Жаргалантын 10 гудамж, 251а тоотод байрлах орон сууц, мөн хаягт байрлах Г-2206001957 дугаартай газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.О, Д.Г нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Х.О, Д.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нар нь үл хөдпөх эд хөрөнгө үнэлсэн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардпага гаргасныг хариуцагч үнэлгээнд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй маргасан. Анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 10 дугаар гудамж, 251 А тоотод байрлах хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2206001957 дугаартай газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.О, Д.Г нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй. Учир нь нэхэмжлэгч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шинжээчийн гаргасан үнэлгээ болон үнэлгээний байгууллагын тусгай зөвшөөрлтэй эсэх болон шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөн гэж маргаагүй бөгөөд харин үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний тогтоох урьдчилсан нөхцөл болох үнийн санал авах ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч дутуу явуулсан, төлбөр авагчаас үнийн санал аваагүй, шинжээч томилсон тогтоолыг өмчлөгч нарт танилцуулаагүй дур мэдэн шинжээч томилж үнэлгээ хийсэн нь үнэлгээ хуульд нийцсэн гэж маргасан байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өөр үндэслэлд дүгнэлт хийсэн байдаг.

Хөрөнгийг үнэлэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг харгалзан өөрөө үнэлэх” эрхтэй гээд хэрэв шийдвэр гүйцэтгэгч үнэлээгүй тохиолдолд 55.2-т зааснаар хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэхдээ 55.2.2-т зааснаар үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж хуульчилсан бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч Хас банкнаас үнийн санал аваагүй байж шинжээч томилсон байдаг. Хууль зөрчиж шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн байхад үнэлгээ хууль нийцсэн гэж шүүх үндэслэлгүй дүгнэсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолыг өмчлөгч буюу нэхэмжлэгч нарт танилцуулаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баримтжуулаагүй бөгөөд хариуцагч шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгт гүйцэтгэх баримт бичгийг бүхэлд нь хуулбарлан өгсөн байхад шүүх нэхэмжлэгч нар маргаж байгаа зүйлийн талаараа нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэгч нь өмчлөгчийн халдашгүй эрхэд халдахдаа хуульд нийцүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хууль зүйн үр дагаврыг тухай бүр нь тайлбарлаж өгөх үүрэгтэй бөгөөд өмчлөгч, төлбөр төлөгч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үнэлгээнд гомдол гаргах эрхтэй танилцуулаагүй нь өмчлөгчийн үнэлгээнд гомдол гаргах эрхийг хязгаарласныг шүүх анхаарч үзэлгүй дүгнэлт хийсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Х.О, Д.Г нар нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэл зааж маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2017/02413 дугаар захирамжаар Х.О, Д.Г нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29 063 962 төгрөгийг гаргуулж “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба үүргийн гүйцэтгэлийг Д.Г ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 7-р хороо, Жаргалант 10-р гудамж, 251 тоотод байрлах хувийн сууц, газрыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 1153 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 18290385/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Д.Г ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 7-р хороо, Жаргалант 10-р гудамж, 251 тоотод байрлах, 44 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007855 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 18634305831573 дугаартай, 274 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Д.Г ийн нэр дээр эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18290383/04 дүгээр эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу гомдол гаргаагүй тул уг ажиллагааг хүчинтэй гэж үзнэ. /хх-21, 31-36 дахь тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч нараас дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн санал авахад 70 000 000 төгрөг гэж, төлбөр авагч “Хас банк” ХХК нь хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгоно гэх хүсэлтийг гаргажээ. /хх-40/ Төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 74 дугаар тогтоолоор шинжээчээр томилж, шинжээч нь Хан-Уул дүүрэг, 7-р хороо, Жаргалант 10-р гудамж, 251 тоотод байрлах хувийн сууц, газрыг 28 500 000 төгрөгөөр үнэлсэн нь холбогдох хуульд заасан журмыг зөрчөөгүй байна. Төлбөр авагч нь төлбөр төлөгч нарын гаргасан үнийн саналыг зөвшөөрөхгүй хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргаснаас үзвэл нэхэмжлэгч нарын төлбөр авагчаас үнийн санал аваагүй, хууль зөрчиж шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /хх-46-79/

 

Шинжээчээр томилогдсон “Мөнх-Оргил трейд” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ барьцааны эд хөрөнгө байрлах Хан-Ул дүүрэг дотор харьцуулалт хийж зах зээлийн жишиг үнийн аргаар үнийг тодорхойлсон болох нь үнэлгээний тайлангаар тогтоогдож байхаас гадна Нийслэлийн нэг дүүрэг доторх ижил төстэй объектуудыг жишиж харьцуулан үнэлгээ хийсэн тул шинжээчийн дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй талаар шүүх зөв дүгнэжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй болно.

 

Хариуцагч нь дээрх үнэлгээний талаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 4/4947 дугаар албан бичгээр Х.Отгончимэгт мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “шийдвэр гүйцэтгэгч үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг хүлээн авч, тэмдэглэл хөтөлнө”, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “талууд үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгч нарт хариуцагч байгууллагын зүгээс үнэлгээний тайланг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдсэн байх бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. /хх-80-81/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийн зохицуулалт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас гомдол гаргах хугацааг заасан бөгөөд уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гомдлын үндэслэлийг шүүх хянан шийдвэрлэхгүй. Гомдлын үндэслэл нь ажиллагаатай холбоотой байгаа тул “ажиллагаанд гаргасан гомдолд хугацаа хамаарахгүй” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/02020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ