Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2020/02020

 


 

 

2020 07 24

183/ШШ2020/02020

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х.О 

Нэхэмжлэгч: Д.Г нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: НШШГГ.холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн М ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.О , Д.Г  нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар Х.О , Д.Г  нар 29 078 962 төгрөг хэсэгчилэн төлөх, Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан шаардлагаасаа татгалзаж талууд эвлэрснийг, шүүх эвлэрлийг баталгаажуулан захирамжилсан байдаг. Дээрх шүүгчийн захирамжаар бид 29 078 962 төгрөгийг Х банкинд мөнгөөр хэсэгчилэн төлөхөөр тохиролцож, эвлэрсэн байхад Н. газраас шүүгчийн захирамжид заагдаагүй, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзсан. Д.Г  миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, байрлах хувийн сууц, газарт албадах ажиллагаа явуулсан. Улмаар тус газрын тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 00000 мэдэгдлээр бидний хувийн сууц, газрыг ердөө 14 600 000 төгрөгөөр зах зээлийн үнээс маш хямдхан үнээр бусдад худалдсан болохыг бид 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр мэдлээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах ёстой байтал шийдвэр гүйцэтгэгч Ц.Б хөрөнгийн үнийн санал авах ажиллагаа явуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг хэрхэн тогтоох талаар хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй, төлбөр авагчаас үнийн санал асуугаагүй, шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй зэрэг өмчлөгч, эзэмшигч нарын эрхийг очиж ажиллагааг явуулсан тул худалдан борлуулах ажиллагаа хууль бус гэж үзэж байна. Дээрх 0000 тоот мэдэгдлээс харсан ч үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар зарагдсан 14 600 000 төгрөгийн төлбөр төлөгдлөө гэхэд шүүхийн шийдвэрээр төлөх 29 078 962 төгрөгийн төлбөрөөс уг үнийг хасахад бид төлбөр авагч Х банкинд 14 478 962 төгрөгийг төлөх төлбөрийн үлдэгдэлтэй үлдэж байгаа нь Иргэний хууль болон шударга ёсонд нийцэхгүй болох нь хэнд ч ойлгомжтой бөгөөд хөрөнгийг үнэгүйдүүлж, хуулиар хамгаалагдсан өмчлөгсдийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчсөнл маш их гомдолтой байна. Уг хашаа байшинд манайх 10 хүн амьдардаг, улс орон даяараа онц бүхий байдал зарласан үед худалдагдсан гэр орноосоо бид хаана очиж амьдрах эсэх нь тодорхойгүй хүнд байдалд ороод байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Г , эзэмшигч Х.О  бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасны дагуу үнэлгээнд гомдол гаргаж байх тул эрхийн улсын бүртгэлийн 0000 дугаар бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 0 хороо, Жаргалантын 00 гудамж, 000 тоотод байрлах хувийн сууц газрыг худалдан борлуулсан 14 600 000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн  захирамжаар 29 063 962 төгрөгийг гаргуулж Х банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Г , Х.О  нарын өмчлөл, эзэмшилд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох бүртэлийн байгууллагуудаас тодруулахад Д.Г ийн өмчлөлд Хан-Уул дүүргийн 0-р хороо, Жаргалант 00 дугаар гудамжны 000 тоот үл хөдлөх эд хөрөнгө Х банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй болох нь тогтоогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дансан дахь мөнгөн хөрөнгөөс суутгал хийх мэдэгдлийг арилжааны банкуудад хүргүүлж, Х. банкнаас 1 450 000 төгрөгийг суутгаж, төлбөр авагчид олгосон. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул Д.Г ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаар 000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 0-р хороо, Жаргалант 0 дугаар гудамжны 0 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 00000 дүгээр тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0000 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Д.Г , Х.О  нарт үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00000 дугаартай мэдэгдлийг баталгаат шуудангаар 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүргүүлсэн. Төлбөр төлөгч нар 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 0-р хороо, Жаргалант 00 дугаар гудамжны 000 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 70 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа ирүүлсэн. Төлбөр авагч Х банк 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13/420 дугаар албан бичгээр хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн. Талууд харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн үнэлгээний М ХХК-ийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 74 дугаар тогтоолоор шинжээч томилоход 28 500 000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 4/4947 дугаар албан бичгээр Х.О , Д.Г  нарт биечлэн хүргүүлсэн. Төлбөр төлөгч нар Д.Г ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 0-р хороо, Жаргалант 00 дугаар гудамжны 00 тоот үл хөдлөх эд хөрөнгийг ШШГТХ-ийн 62 дугаар зүйлд зааснаар өөрсдөө бие даан худалдан борлуулах хүсэлтийг тус газарт 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авч 1 сарын хугацаа олгосон боловч худалдан борлуулаагүй. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны0000, 0000 дугаар мэдэгдэл, 000 дугаар тогтоолын хамт тус тус 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлөгч нарын оршин суух Хан-Уул дүүргийн 0-р хороо, Жаргалант 00 дугаар гудамжны 000 тоот хаягаар баталгаат шуудангаар явуулан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ болох 28 500 000 төгрөгийн 70 хувь буюу 19 950 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахд үнийн санал ирээгүй болно. Хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 0000, 0000 дугаар мэдэгдэл, 0/00 дугаар тогтоолын хамт 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлөгч нарт биечлэн хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн 28 500 000 төгрөгийн 50 хувь буюу 14 250 000 төгрөгөөр хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулахад 14 900 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Худалдан борлогдсон талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2020 оны 0/000, 0/000 дугаар албан бичгээр биечлэн гардуулсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.О , Д.Г  нар хариуцагч Н. газарт холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн М ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд уг хугацааг алдсан явдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох ба нэхэмжлэгч нар нь 2020 оны 02 сарын 11-ний өдрийн үнэлгээний тайланг эс зөвшөөрсөн гомдлоо 2020 оны 5 сарын 21-ний өдөр буюу хуулийн хугацааг хэтрүүлэн гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 22-ны өдрийн 2413 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Х.О , Д.Г  нар нь 29 078 962 төгрөгийг Х ХХК-д ...2018 оны 12 сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн 0000 дугаартай, Хан-Уул дүүргийн 0 хороо, Жаргалантын 0 гудамж, 000 тоотод байрлах орон сууц, мөн хаягт байрлах  00000 дугаартай газрыг хуульд заасны дагуу дуудлага худалдаанд оруулж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч Х.О , Д.Г  нар 29 078 962 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 11 сарын 08-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

 

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Г ийн өмчлөлийн улсын бүртгэлийн 0000 дугаартай, Хан-Уул дүүргийн 0 хороо, Жаргалант 0 гудамж,000 тоотод байрлах хувийн сууц, газрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 000000 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 000000 дугаар тогтоолоор тус тус хурааж, шинжээчээр М ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгосон байх ба уг үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дахин эхэлсэн байх ба зохигч талууд эдгээр асуудлаар маргаагүй байна.

 

Ингээд төлбөр төлөгч Д.Г ийн өмчлөлийн улсын бүртгэлийн 000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 0 хороо, Жаргалант 0 гудамж, 000 тоотод байрлах хувийн сууц, газрыг Н. газрын 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 00000 дугаар тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгийг 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 00000 тогтоолоор хурааж, уг ажиллагаанд төлбөр төлөгч нар оролцсон байх ба 2020 оны 01 сарын 20-ны өдрийн 0/0000 тоотоор төлбөр төлөгч нарт үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэл хүргүүлжээ.

Дээрх мэдэгдлийн дагуу төлбөр төлөгч Х.О . Д.Г  нар 70 000 000 төгрөгийн үнийн саналыг ирүүлсэн /хх-38/ тул 2020 оны 01 сарын 23-ны өдрийн 74 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор М ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх-ийн 41/

Шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах, хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

М ХХК нь 2020 оны 02 сарын 11-ний өдрийн  тоот Хөрөнгө үнэлгээний тайлангаар дүгнэлт гаргаж, тус барьцаа хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын, өртөгийн хандлагын аргаар нийт 28 500 000 төгрөгөөр үнэлжээ./хх-ийн 46-79/

 

Нэхэмжлэгч нь ...Ц.Б хөрөнгийн үнийн санал авах ажиллагаа явуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг хэрхэн тогтоох талаар хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй, төлбөр авагчаас үнийн санал асуугаагүй, шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй зэрэг өмчлөгч, эзэмшигч нарын эрхийг очиж ажиллагааг явуулсан тул худалдан борлуулах ажиллагаа хууль бус гэж үзэж байна гэж маргаж байгаа хэдий ч энэ талаараа нотолж чадаагүй байна.

Тодруулбал, хариуцагч байгууллага нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдийг шинжээчээр томилж, уг байгууллагын үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин эрх, үүрэгтэйгээ танилцаж, дүгнэлт гаргасан байгаа нь төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул ...шинжээч орон сууцыг зах зээлийн ханшнаас бага үнэлсэн... гэх нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 0 хороо, Жаргалантын 0 гудамж, 000 тоотод байрлах орон сууц, мөн хаягт байрлах 000000 дугаартай газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.О , Д.Г  нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Х.О , Д.Г  нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.МӨНХЖАРГАЛ