Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2017/0764/З |
Дугаар | 496 |
Огноо | 2018-12-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 496
Т.Б, Н.Н нарын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөл,
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн сангийн газрын
даргад тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай” 201 дүгээр тушаалын хавсралтад заасан Т.Б, Н.Н нарт тус бүр 10,000,000 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Т.Б, Н.Н нарт тус бүр 10,000,000 төгрөгийг олгохыг даалгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0463 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2018/0537 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: Т.Б-ийн өмгөөлөгч Б.Э,
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар,
Нэхэмжлэгч Т.Б, Н.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0463 дугаар шийдвэрээр: нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай” 201 дүгээр тушаалын хавсралтад заасан Т.Б, Н.Н нарт тус бүр 10,000,000 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарт тус бүр 10,000,000 төгрөгийг олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасан.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2018/0537 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0463 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
Нэхэмжлэгч Н.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч Н.Н миний нэхэмжлэлийн шаардлага хэрэгт тодорхой байгаа. 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжилж буй 10,000,000 төгрөгийг Сангийн яам болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулахаар хамтран хариуцагчаар татуулах тухай хүсэлт гаргаж татсан. Сангийн яам ч тайлбараа гаргаж, орон сууцны дэмжлэг нэг удаагийн тусламж, тэтгэмж бүгд нэг бүлэг доторх зардлууд, 2015 оноос орон сууцны дэмжлэг гэсэн тусламж эдийн засгийн ангилал байхгүй болсон учраас нэг удаагийн тусламж, дэмжлэгээс олгох боломжтой. Анхан шатны шүүх зөв шийдвэр гаргасныг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдол
4. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй” гэсний тухайд:
4.1. Миний шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...санхүүжилт хийгдсэн төсвийг Сангийн яам хууль бусаар буцаан татсанаас болж асуудал үүссэн” гэсний дагуу бид энэ тайлбарыг үндэслэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 онд батлагдсан төсвийг Сангийн яам хууль бусаар татсан гэдэг нь үнэн эсэхийг шалгаж тогтоолгохоор Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн сангийн газрын дарга нарыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан. Хэрэгт байгаа энэ хүсэлтийг анхааралтайгаар сайн уншвал шаардлага тодорхой байгаа. Бидний хүсэлт, нэхэмжлэлийн шаардлага ийнхүү маш тодорхой байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн үндэслэлтэй дүгнэлтийг буруу тайлбарласан гэж үзэж байна.
5. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...хариуцагч нарт нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой даалгасан, эсхүл хэрэгсэхгүй болгосон шийдэл байхгүй, энэ талаар огт дүгнэлт өгөөгүй” гэсний тухайд:
5.1. Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчид “...Шүүхийн ерөнхий зөвлөл өөрийн хуваарилагдсан төсвийн тэтгэмжийн зардлаас орон сууцны дэмжлэгийг олгох боломжтой... орон сууцны дэмжлэг, нэг удаагийн тусламж, тэтгэмж нэг бүлэг доторх зардлууд, 2015 оноос орон сууцны дэмжлэг гэсэн тусгайлан эдийн засгийн ангилал байхгүй болсон учраас Шүүхийн ерөнхий зөвлөл нь нэг удаагийн тусламж, дэмжлэгээс олгох боломжтой” гэж тайлбарласныг үндэслэж анхан шатны шүүх бидний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Бидний хүсэлтээр хамтран хариуцагчаар татагдсан эрх бүхий албан тушаалтнууд тайлбараа маш сайн, хэнд ч ойлгогдохоор өгсөн тул анхан шатны шүүх гаргасан шийдвэрт энэ талаар дүгнээгүй гэж буруутган шийдвэрийг заавал хүчингүй болгохгүйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2, 120.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлалдаа үндэслэлээ зааж, хэсэгчлэн зөвтгөх эрх давж заалдах шатны шүүхэд байгаа гэж үзэж байна.
6. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...нэр бүхий нэхэмжлэгч нарын болон тушаалд тусгагдсан шүүгч нарт олгогдох орон сууцны дэмжлэг одоог хүртэл олгогдохгүй байгаа гэсэн тайлбарыг гаргасаар байхад анхан шатны шүүхээс зөвхөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Сангийн яамны хооронд байгуулагдсан “Эвлэрлийн гэрээ”-г баталсан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 165 дугаар захирамжид үндэслэн 20,0 сая төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ” гэсний тухайд:
6.1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 201 дүгээр тушаалд нэр заагдсан Э.З, Б.Э, А.Д нар нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй учир анхан шатны шүүх нэхэмжлэл гаргасан Н шүүгч бид хоёрын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болохоос биш нэхэмжлэл гаргаагүй хүмүүсийн нэрийн өмнөөс асуудал шийдвэрлэх учиргүй гэдгээ давж заалдах шатны шүүхийн шүүгчид мэдэх ёстой байх гэж бодож байна.
7. Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бүх баримт сэлтийг бүхэлд нь хянах үзэх ёстой байхад миний улсын тэмдэгтийн хураамжид андууран илүү төлсөн 104,750 төгрөгийн талаар магадлалд юу ч дурдаагүй байна. Иймд өндөр мэдлэгтэй эрхэм шүүгчид та бүхэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
9. Учир нь, захиргааны байгууллагын дотоод журам нь, тухайлбал хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Орон сууцны дэмжлэг үзүүлэх журам” нь гадагш шууд чиглээгүй тул тодорхой этгээдийн хувьд буюу нэхэмжлэгч нарын хувьд шаардах эрхийг шууд үүсгэхгүй юм. Гэхдээ захиргаа/хариуцагч тухайн дотоод журмыг хэрэгжүүлэхдээ тэгш бус, шударга бус, ил тод бус хандсан, ингэснээр нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хууль болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хамгаалагдсан төрийн албан хаагчийн буюу шүүгчийн эрх, түүнчлэн Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний үндсэн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл тэдэнд шууд бус байдлаар шаардах эрх үүсэж болно.
10. Энэхүү маргааны тухайд хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл нь өөрийн дотоод журмын хүрээнд нэхэмжлэгч нарт орон сууцны дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн боловч “тушаалын хэрэгжилтийг хангах санхүүжилт байхгүй, төсөвт тусгагдсан тохиолдолд олгоход татгалзах зүйлгүй” гэсэн тайлбарыг, харин Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаан дээр “Шүүхийн ерөнхий зөвлөл өөрийн хуваарилагдсан төсвийн тэтгэмжийн зардлаас орон сууцны дэмжлэгийг олгох боломжтой” гэсэн тайлбарыг тус тус өгчээ.
11. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл нь 2015-2017 оны төсвийн жилүүдэд “нэг удаагийн тэтгэмж, урамшуулал” гэсэн зардлын ангиллаар тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг зарцуулсан болох нь тогтоогдож байна. Иймд, энэхүү ангиллаар зарцуулагдсан хөрөнгө нь ямар эрх зүйн үндэслэлээр /тухайлбал, хариуцагч байгууллагын бусад дотоод журмын үндсэн дээр олгогдсон эсэх/, ямар зорилгоор /төрийн албан хаагчдад, тухайлбал шүүгч нарын нийгэм, эдийн засгийн баталгааг хангах зорилгоор олгогдсон эсэх/ зарцуулагдсан болохыг тодруулах нь ач холбогдолтой. Учир нь, хариуцагч нараас “2015 оноос хойш төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт орон сууцны дэмжлэг үзүүлэх зардал тусгагдахгүй байгаа” гэж тайлбарлаж байгаа нь төрийн төсвийн бодлогын хүрээнд төрийн албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлэхийг огт зөвшөөрөхгүй буюу хориглосон эсэх, хэрэв тийм гэж үзвэл төрийн албан хаагчдын нийгэм, эдийн засгийн баталгааг хангах зорилгоор олгож буй бусад зардлаас мөн зорилгоор олгогдож буй “орон сууцны дэмжлэг” нь юугаараа ялгаатай, ямар учраас хамаарахгүй талаар, эсхүл уг дэмжлэгийг “тэтгэмж, урамшуулал” гэсэн зардлын ангилалд тусган шийдвэрлэх боломжтой эсэх /төсвийн зарцуулалтын дүрэм, журмын дагуу/-ийг тодруулах зайлшгүй шаардлагатай.
12. Ийнхүү дээрх нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйн “тушаалын хэрэгжилтийг хангах санхүүжилт байхгүй” гэх үндэслэл бодитой эсэхийг тогтоох боломжтой.
13. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын “одоо” шаардаж буй “мөнгөн тусламж олгохыг даалгах” нэхэмжлэлийг хангахдаа 2015 онд батлагдсан, мөн ондоо хэрэгжих ёстой байсан Шүүхийн ерөнхий зөвлөл, Сангийн яамны хооронд байгуулагдсан “Эвлэрлийн гэрээ”-г баталсан шүүгчийн захирамжийг үндэслэл болгосон нь буруу, зүй нь өнөөдрийн төсвийн зарцуулалтын хүрээнд /Үндэслэх хэсгийн 11-т заасан үндэслэлийг тодруулсны үндсэн дээр/ нэхэмжлэгч нарын шаардаж буй мөнгөн хөрөнгийг олгох боломжтой эсэхийг тогтоох нь зүйтэй.
14. Иймд, “шүүхийн шийдвэр бодитойгоор биелэгдэхийн тулд хэрэгт хамааралтай нотлох баримтыг дахин цуглуулж, дүгнэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байх тул уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-7-д заасан нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
15. Түүнчлэн, давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, анхан шатны шүүх Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, мөн Төрийн сангийн газрын даргыг хамтран хариуцагчаар татсан атлаа тэдгээрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, мөн шийдвэрийн Тогтоох хэсэгт хариуцагч нарт нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой ямар шийдэл хийсэн нь байхгүй, ямар ч хуулийн зүйл, заалт баримтлаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан байх бөгөөд үүнийг хяналтын шатны шүүхээс зөвтгөх боломжгүй, иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.
16. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...нэр бүхий нэхэмжлэгч нарын болон тушаалд тусгагдсан шүүгч нарт олгогдох орон сууцны дэмжлэг одоог хүртэл олгогдохгүй байгаа гэсэн тайлбарыг гаргасаар байхад анхан шатны шүүхээс зөвхөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Сангийн яамны хооронд байгуулагдсан “Эвлэрлийн гэрээ”-г баталсан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 165 дугаар захирамжид үндэслэн хорин сая төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ” гэж дүгнэсэн нь тус шүүх Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 201 дүгээр тушаалд нэр заагдсан нэхэмжлэл гаргаагүй Э.З, Б.Э, А.Д нарт холбогдуулж хэргийг шийдвэрлэсэн гэж ойлгогдохгүй байх тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-д заасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.
17. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2018/0537 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүрийн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ