Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 01889

 

 

 

 

 

 

 

 

 

 

М ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01508 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Т.ХХК, Н ХХК, М , Ю ХХК нарт холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг цуцалж, нийт 104 733 960 597 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч хариуцагч Н ХХК, М нь нэхэмжлэгч М  холбогдуулан М  болон Т ХХК-ийн хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Б-ОС-Б 2015-60 тоот барьцааны гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б-ОС-Б 2015-65 тоот барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үр дагавар арилгуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Н ХХК, Ю ХХК, М ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г, Л.Б, Б.Ч, Т.П, Б.Г, хариуцагч “Т” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И, А.Ц, хариуцагч Н ХХК, “М”, Ю ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Б.Б, хариуцагч Н ХХК, М , Ю ХХК нарын өмгөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Т ХХК  нь тус банктай 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 3-ОС-Б 2015-33 дугаартай зээлийн гэрээг байгуулан 50 000 000 ам.долларыг, жилийн 8,45 хувийн хүүтэй, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай, Засгийн газрын 2015 оны 117 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор зээлж авсан. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болон 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3-ОС-Б 2015-33 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт орсон. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Б-ОС-Б 2015-60 дугаартай барьцааны гэрээ, И-ОС-Б 2015-61 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Б-ОС-Б 2015-65 дугаартай Барьцааны гэрээ /шаардах эрх/, төсөл хэрэгжүүлэгч Н ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр И-ОС-Б 2015-75 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Мөн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаагаар дансанд байршуулах тухай гурван талт гэрээ болон 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай дөрвөн талт гэрээ-г байгуулж тус гэрээнүүдэд зохих нэмэлт, өөрчлөлтүүд орсон. Зээлдэгч Т ХХК  нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлд 29 134 792.20 ам.доллар, үндсэн хүүд 7 077 933.58 ам.доллар, нийт 36 212 725.78 ам.доллар үлдсэн байна. Т ХХК  нь 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөөгүй бөгөөд нийт 919 хоногоор хугацаа хэтэрсэн, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн хүүгийн үлдэгдэл 7 077 933.58 ам.долларын гэрээний үүргийн зөрчилтэй байна. Мөн зээлдэгч нь зээлийн гэрээний 7.5, 8.1.2, 8.1.4, 8.3.3, 8.4.3-т гэж заасныг тус тус зөрчиж байна. Зээлийн гэрээний 10.1, 10.1.5-т гэж заасныг тус тус үндэслэж банкны зүгээс нэг талын санаачлагаар зээлийн гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. Иймд зээлдэгч Т ХХК -тай  байгуулсан 3-ОС-Б 2015-33 дугаартай зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт нийт 36 212 725.78 ам.доллар буюу 98 522 514 520.62 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа 6 211 446 077,00 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 104 733 960 597 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулж, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалагдсан хөрөнгө болон Т ХХК-ийн бусад хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн төлбөрийг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Шаардах эрхийг бодитоор шилжүүлэн аваагүй бөгөөд уг эрхийг барьцаалсан. Шаардах эрх барьцаалах гэрээ болон зээлийн гэрээнд шаардах эрхийг шилжүүлэн авах үндэслэлийг заасан. Үндсэн үүрэг буюу зээлийг төлөх үүргээ биелүүлээгүй бол шаардах эрх М  ХХК-д шилжих юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хариуцагч тайлбарлахдаа бие даасан болон бие даагаагүй шаардах эрх байдаг гэж үзжээ. Гэтэл Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид бие даасан болон бие даагаагүй шаардах эрх гэдэг ойлголт, хууль зүйн зохицуулалт байхгүй. Үүрэг гүйцэтгэгч буюу шаардах эрх эзэмшигч болох Т ХХК  нь гуравдагч этгээд болох М  ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгч болох Ю ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр М  ХХК-д шилжүүлж болно. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт заасан агуулгыг буруу тайлбарлан хэрэглэж байгаа бөгөөд 123.2 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхийг шилжүүлбэл түүнтэй холбоотой эрх шилжих тухай зохицуулалт юм. Харин шилжүүлэхийг хориглосон агуулгатай заалт биш. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт 154.2, 154.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу бусдын шаардах эрхийг барьцаалах нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу Ю ХХК нь эрх нь хөндөгдөж байна гэж үзвэл зээл, хүүг төлөх замаар хувьцаа барьцаалсан эрхийг шилжүүлэн авах эрх нь нээлттэй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М  ХХК-иас зээлэх 50 сая ам.доллар нь өөрөө Шинэ яармаг орон сууцны хорооллыг барьж, ашиглалтад оруулах чиглэлээр БНХАУ-ын Экспорт-Импорт банктай байгуулсан зээлийн гэрээнүүдийн урьдчилсан нөхцөлийг хангах зорилготой байсан. Ю ХХК болон манай байгууллагын хооронд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Шинэ яармаг орон сууцны хороолол барих төслийг санхүүжүүлэх Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Улмаар зээлийн хөрөнгө болох 50 сая ам.долларыг Голомт болон Худалдаа хөгжлийн банкинд тус бүр 25 000 000 ам.доллараар хуваан захиран зарцуулах эрхгүйгээр дундын дансанд байршуулсан. М  ХХК болон манай байгууллагын хооронд 2015 оны 5 дугаар сарын 28-нд байгуулсан 3-ОС-Б 2015-33 тоот зээлийн гэрээнд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд үндсэн гэрээний 5.4 дэх хэсэгт дараах өөрчлөлт орсон. 2016 оны 12 дугаар сарын 20-нд БНХАУ-ын Экспорт-Импорт банкны зээлийн шийдвэр гараагүй бөгөөд Т ХХК  нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/2101 албан тоотоор буцааж мөнгөө татахыг нэхэмжлэгчид мэдэгдсэн. Энэ дагуу өөрсдийн эрх үүргийн хүрээнд, гэрээнд зааснаар зээлийг татаж авсан. Үүгээр М  ХХК, манай хоёрын хооронд 2015 оны 5 дугаар сарын 28-нд байгуулагдсан 3-ОС-Б 2015-33 тоот зээлийн гэрээ цуцлагдсан гэж манайх үздэг. Хятадын компаниас зээл олгосон тохиолдолд Хөгжлийн банк 50 сая ам.долларыг төсөл хэрэгжүүлэгчид олгоно гэж ойлгомжтой тусгасан. Иймээс зээлийн гэрээ нь болзол тавьж хийсэн хэлцэл болохын хувьд Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хойшлуулсан болзлоор хийсэн хэлцэл болно. Хойшлуулах нөхцлөөр хийсэн хэлцлийн онцлог нь гэрээний дагуу эрх үүрэг болзол биелэгдээгүй буюу болзол бий болоогүй тохиолдолд Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу болзол нь хүчин төгөлдөр бус болдог. Болзол биелсэн тохиолдолд буюу төсөл хэрэгжүүлэгч компани Хятадын банкнаас зээл авсан бол М  болон Т ХХК  нарын хооронд байгуулсан 50 сая ам.долларын зээлийн гэрээ хүчин төгөлдөр болох байсан. Гэвч болзол биелээгүй тул зээлийн гэрээний болзол ч хүчингүй болсон, зээлийн гэрээ ч өөрөө болзлоосоо хамааран хүчин төгөлдөр болоогүй. Тийм ч учраас М  ХХК мөнгөө эргүүлэн авсан. Нэгэнт хойшлуулах болзлоор байгуулсан зээлийн гэрээ нь, болзол нь биелээгүйн улмаас хүчин төгөлдөр болоогүй тул зээлийн хүүг төлөх нь эрх зүйн үндэслэлгүй, зээлийн гэрээний хүүг хүчин төгөлдөр гэрээний хувьд төлөх үүрэг бий болно. Үүнээс дүгнэвэл, зээлийн гэрээний дагуу хэдийгээр 50 сая ам.долларыг Т ХХК-ийн данс руу хийсэн боловч хойшлуулах болзлоор хийсэн зээлийн гэрээ тул болзол биелтэл буюу төсөл хэрэгжүүлэгч компани Хятадын банкнаас зээл автал манайх Шинэ яармаг төсөлд хөрөнгө оруулах эрх нь нээгдээгүй. Хойшлуулах болзолтой хийсэн зээлийн гэрээ нь хойшлуулах болзол биелээгүй учраас хүчин төгөлдөр болоогүй. Үүний дагуу зээлийн хүү төлөх үүрэг манай байгууллагад үүсээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М , Н ХХК, Ю ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч болох Т ХХК  нь үүрэг гүйцэтгэгчийн хувьд хариуцагч болох нь тодорхой. Ю ХХК, Н ХХК, М нар зээлийн гэрээ байгуулахад хамтран зээлдэгч болох оролцоогүй, нэхэмжлэгчтэй ямар нэгэн үүрэг хүлээж гэрээ байгуулаагүй тул хамтран хариуцагч болох эрх зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч ямар эрх зүйн үндэслэлийн дагуу, хэр хэмжээний мөнгөн хөрөнгийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа нь нэхэмжлэлд тусгагдаагүй, шаардлага нь тодорхойгүй. Харин зээлийн гэрээний 5.3.6-д зааснаас үзвэл, 50 сая ам.долларыг зээлдүүлэх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт хуульчлагдсан болзол тавьж хийсэн хэлцэл байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна. Төсөлд зээл олгох асуудал нь тодорхойгүй үйл явдал болох төсөл хэрэгжүүлэгч компанид Хятадын банкнаас зээл олгох үйл явдал болж байна. Хятадын компаниас төсөл хэрэгжүүлэгчид зээл олгосон тохиолдолд М  ХХК 50 сая ам.долларыг төсөл хэрэгжүүлэгчид олгохгүй гэж зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд тодорхой ойлгомжтой тусгасан байна. 50 сая ам.долларыг хүүтэй зээлдүүлэх зээлийн гэрээ нь болзол тавьж хийсэн хэлцэл болохын хувьд Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бий болох эсэх нь мэдэгдэхгүй, эсхүл нэгэнт бий болсныг хэлцэл хийгч талууд мэдээгүй байгаа үйл явдлаас шалтгаалан хэлцэлд заасан эрх үүрэг нь үүсэхээр тохиролцсон бол хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл гэнэ гэсний дагуу хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл болно. Хойшлуулах нөхцөлөөр хийсэн хэлцлийн онцлог нь гэрээний дагуу эрх үүрэг үүсэх болзол биелэгдээгүй буюу болзол бий болоогүй тохиолдолд Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу болзол нь хүчин төгөлдөр бус болдог. Дээр дурдсан зээлийн гэрээнд заасан болзол нь, төсөл хэрэгжүүлэгч компани Хятадын банкнаас зээл авах үйл явдал болоогүй тул, энэхүү болзол нь хүчин төгөлдөр бус болсон байна. Болзол бие болоогүй тохиолдолд талуудад эрх үүрэг үүсэхгүй нь тодорхой юм. Болзол бий болох хүртэл гэрээний эрх үүргийн хэрэгжилтийг хойшлуулсан. Энэ нь тухайн зээлийн гэрээ хүчин төгөлдөр болох асуудал гэрээнд заасан болзлоос хамаарна гэсэн үг. Тийм ч учраас М  ХХК мөнгөө эргүүлэн татаж авсан тул зээлдүүлэх байсан мөнгөн хөрөнгө болон зээлийн хүүг төлөх нь эрх зүйн үндэслэлгүй юм. Зээлийн гэрээний хүүг хүчин төгөлдөр гэрээний хувьд төлөх үүрэг бий болно. Нэхэмжлэгч М  ХХК нь зээлдүүлсэн гэх мөнгөн хөрөнгийг зээлдэгч болох Т ХХК-ийн данс руу шилжүүлж, манай компанийн 2 дансанд битүүмжилсэн байдлаар, захиран зарцуулах эрхгүйгээр байршуулж, дурын үед өөрсдөө татан авах, зээлийн гэрээнд заасан болзол биелсэн тохиолдолд захиран зарцуулах эрх олгохоор шийдвэрлэсэн. Түүнчлэн зээлдүүлсэн 50 сая ам.долларыг захиран зарцуулах эрх олгоогүй явдал нь өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Үүний бас нэгэн нотолгоо нь мөнгөн хөрөнгийг дансанд байршуулахдаа талуудын байгуулж ирсэн 3, 4 талт гэрээнүүд болж байна. М  ХХК нь өөрийнх нь өмчлөлд байсан мөнгөн дүнгийн тодорхой хэсгийг, Н ХХК нь Худалдаа Хөгжлийн банкнаас авсан зээлийн барьцаанд тавьсан нь тодорхой байна. Нэгэнт нэхэмжлэгч болон Т ХХК  нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу гэрээнд заасан болзол биелээгүй тул зээлдэгч мөнгөн хөрөнгийг Шинэ яармаг орон сууцны цогцолбор барих үйл ажиллагаанд, Ю ХХК-тай байгуулсан Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээ-ний дагуу хөрөнгө оруулалт оруулах боломжгүй болсон тул, Н ХХК нь өөр санхүүжилт хайн, өөр банкнаас зээл авахад хүрсэн. Харин энэхүү өөр банкнаас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлд М ХХК-ийн зөвшөөрлөөр өөрийнх нь өмчлөлийн мөнгөн хөрөнгийг барьцаалан, барьцааны гэрээ байгуулсан болно. Үүнээс дүгнэвэл, зээлдүүлэх байсан боловч, зээлдүүлэгч М ХХК-ийн өмчлөлд нь хэвээр байсан мөнгөн дүнгийн хэсгийг зээлийн гэрээнд заасан зориулалт болох Шинэ яармаг орон сууцны цогцолбор барихад биш, харин өөр банкнаас авсан зээлийн барьцаанд тавьсан нь зээл аван, зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна. Зээлийн зориулалтыг өөрчлөх тохиолдолд энэ тухай зээлийн гэрээнд тусгах ёстой нь маргаангүй, зээлийн гэрээнд оруулсан өөрчлөлт байхгүй. Түүнчлэн, барьцааны гэрээ байгуулан, мөнгөн дүнгийн тодорхой хэсгийг барьцаалж байгаа нь өөрөө зээлийн гэрээ, Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээнээс өөр төрлийн, бие даасан шинжгүй, өөр банкнаас авсан зээлийн гэрээний дагалдах шинжтэй гэрээ болох нь маргаангүй. Түүнчлэн, барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан мөнгөн дүнгээс хүү тооцож нэхэмжилж төлүүлэх нь өөрөө эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжилж буй зээлийн үлдэгдэл, зээлийн хүүг төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н ХХК, Мшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 12 өдөр Б-ОС-5 2015-65 тоот “Шаардах эрх барьцаалах гэрээ”гээр зээлийн гэрээний талууд барьцааны зүйл болох хувьцаа, эд хөрөнгүүдийг барьцаалсан байна. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар гэж зааснаас үзэхэд барьцаагаар хангагдсан шаардах эрх өөр этгээдэд шилжихэд л барьцааны шаардах эрх нь эрх олж авсан этгээдэд шилжинэ, өөрөөр хэлбэл, барьцааны эрх үндсэн эрх үүргээс салангид байдлаар бие даан өөр этгээдэд шилжих үндэслэлгүй байна. Үүний шалтгаан нь барьцааны эрх бие даасан эрх биш, харин үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангахад чиглэгдсэн дагалдах эрх байдагт оршдог. Харин Т ХХК-ийн Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээ-ний дагуу эдлэх ёстой байсан шаардах эрх нь өөр этгээдэд шилжээгүй бөгөөд шилжсэн гэж үзэх үндэслэл байхгүй тул барьцааны гэрээний дагуу бий болж буй шаардах эрхийг өөртөө шилжүүлж авах эрх М  ХХК-д үүсээгүй. Барьцааны шаардах эрхийг бусдад шилжүүлэх эрх зүйн үндэслэлгүй гэдгийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2. болон 123.6 дахь хэсэгт заасан зохицуулалтууд илэрхийлж байна. Дээр дурдсан үндэслэлийн дагуу М ХХК-ийн Т ХХК -тай байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 12 өдөр байгуулсан Б-ОС-5 2015-65 тоот шаардах эрх барьцаалах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 155 дугаар зүйлийн 155.1, 123 дугаар зүйлийн 123.2, 123.4, 123.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр хийгдсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус тул барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2.-д зааснаар хариуцагч “ зээлийн гэрээний үүрэгт 24 604 103 971 төгрөгийг, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5., 186 дугаар зүйлийн 186.1.-д зааснаар хариуцагч Н ХХК-иас 61 182 991 441 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М  ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 18 946 865 185 төгрөг гаргуулах шаардлагыг, хариуцагч Ю ХХК болон М д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг,

2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б-ОС-Б 2015-60 тоот, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б-ОС-Б 2015-65 тоот барьцааны гэрээнүүдээр барьцаалсан хөрөнгө болон Т ХХК-ийн бусад хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56 дугаар зүйлийн 56.5.-д заасныг баримтлан хариуцагч Н ХХК, М д компаниудын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Т ХХК-ийн Н ХХК-иас барьцааны гэрээний дагуу Шинэ яармаг төсөлд оруулсан 50 000 000 ам.долларын мөнгөн хөрөнгө болон түүнтэй тэнцэх хэмжээний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө буюу активын циклийг шаардах эрх, Т ХХК-ийн барьцааны гэрээний дагуу Ю ХХК-ийн нийт энгийн хувьцааны 100 хувь буюу 200 000 ширхэг энгийн хувьцааг шаардах эрхийг тус тус барьцаалсан нэхэмжлэгч М  болон хариуцагч Т ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б-ОС-Б 2015-65 тоот барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж үзэж, дээрх барьцааны зүйлийг М ХХК-ийн барьцаанаас,

мөн М  болон хариуцагч Т ХХК-ийн  хооронд байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б-ОС-Б 2015-60 тоот барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж үзэж, барьцааны зүйл болох Т ХХК-ийн балансын активт тусгасан бүх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхүүд /активын циклийг бүхэлд нь/-ийг М ХХК-ийн барьцаанаас тус тус чөлөөлж,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч Т ХХК  нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол М  болон хариуцагч Т ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б-ОС-Б 2015-61 тоот барьцааны гэрээ-ний зүйл болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, хариуцагч Т ХХК-ийн нэр дээр эзэмших эрхийн 000437303 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын 178026/0102 дугаартай, 500000 м.кв талбай бүхий, орон сууцны цогцолборын зориулалттай газрыг худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 524 055 904 төгрөгийг, хариуцагч Н ХХК, М д компаниудын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 822 224 төгрөгөөс 140 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 682 224 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан хариуцагч нарт олгож, хариуцагч Т ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 123 178 470 төгрөгийг, хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 306 072 907 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М  ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Зээлийн гэрээ болон зээлийн мөнгөн хөрөнгийг дансанд байршуулах тухай талуудын байгуулсан 3 талт, 4 талт гэрээнүүдийг зөв үнэлж дүгнээгүй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч зээлдэгчид шилжүүлсэнээр зээлдэгч шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн өмчлөгч биш болдог. Гэтэл маргааны нөхцөл байдал, нотлох баримтаас дүгнэвэл, 50 сая ам.долларыг зээлдэгч Т ХХК-ийн данс руу шилжүүлээд, Т ХХК  нь төсөл хэрэгжүүлэгч Н ХХК-ийн данс руу шилжүүлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-3 хэсгүүдэд дурьдсан мөнгөн хөрөнгийг дансанд байршуулах тухай 3 талт, 4 талт гэрээнүүдээр шилжүүлсэн гэж буй зээлийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхгүйгээр битүүмжилсэн дансанд байршуулсан. 50 сая ам.долларыг зээлдүүлэх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт хуульчлагдсан болзол тавьж хийсэн хэлцэл байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна. Хятадын банкнаас төсөл хэрэгжүүлэгчид зээл олгосон тохиолдолд Хөгжлийн банк 50 сая ам.долларыг төсөл хэрэгжүүлэгчид олгохгүй зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд тодорхой тусгаж нарийвчлан зааж ойлгомжтой тусгасан байна. 50 сая ам.долларыг хүүтэй зээлдүүлэх зээлийн гэрээ нь болзол тавьж хийсэн хэлцэл болохын хувьд Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл болно. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу М  ХХК ба Т ХХК  нарын хооронд байгуулсан 50 сая ам.долларыг 8.45 хувийн хүүтэй зээлдүүлэх зээлийн гэрээ нь хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Зээлдүүлэгч М  ХХК нь болзол биелтэл нийт 50 сая ам.долларын өмчлөгч хэвээр байхаар гэрээнүүдэд тусгасан байна. Үүнээс дүгнэвэл, зээлдүүлсэн гэх 50 сая ам.долларыг зээлийн зориулалтаар ашиглах боломжийг олгон зээлдэгч болон зээлдүүлэгчтэй Хамтран ажиллах гэрээ байгуулсан Н ХХК-ийн төсөлд хөрөнгө оруулах зорилгоор шилжүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл алга байна. Гэтэл энэ нөхцөл байдалд эрх зүйн үүднээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй, зээлийн гэрээ ямар хэлцэл болох талаас дүгнээгүй, түүнчлэн зээлийн гэрээ 3, 4 талт гэрээнүүдийн хоорондын уялдаа холбоо, зориулалт, гүйцэтгэх чиг үүрэг, байгуулах болсон шалтгаан зэргийг харгалзан үзээгүй, гэрээ тайлбарлах арга зүйн хувьд учир дутагдалтай шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Зээлдэгч М  ХХК Голомт банкин дахь төсөл хэрэгжүүлэгчийн дансанд битүүмжилсэн байдалтай байсан мөнгөн хөрөнгийг татаж авсан нь мөн л хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлд заасны дагуу Үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 224.2.3-т заасны дагуу “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү анз авах эрхээ алдана” гэж заасан байна. Улмаар, 50 сая ам.долларын 25 сая ам.долларыг зээлийн гэрээний болзол биелээгүй гэх үндэслэлээр өөрийн өмчлөлийн мөнгөн хөрөнгийг өөртөө татаж төвлөрүүлээд, үлдсэн хэсгийг татаж төвлөрүүлэхгүй өөр этгээдийн дансанд байлгаж, бодитоор өмчлөх эрхийг эдлэх боломжийг олгохгүй байсан нь зээлийн гэрээ хэрэгжсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Үндэслэлгүйгээс гадна бусдын дансанд захиран зарцуулах эрхгүйгээр байлгаж байсан мөнгөн хөрөнгө гэдгийг анхаарвал хойшлуулах болзлоор байгуулсан зээлийн гэрээний болзол биелээгүй тул гэрээ хүчин төгөлдөр болоогүй гэж үзэх үндэслэл байна. Үүнийг шүүх зөв үнэлж дүгнэж, холбогдох хуулийн заалтыг хэрэглээгүй байна.

Гэрээнд заасан үндсэн зорилго нөхцөл биелээгүй тул буцаан татан авах бүрэн эрх нэхэмжлэгч М  ХХК-д хадгалагдсаар байсан. Улмаар өөрийн өмчлөлийн мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч өөр этгээдийн дансанд битүүмжилсэн байдлаар байлгаж байгаад төсөл хэрэгжүүлэгч Н ХХК-д “Худалдаа хөгжлийн банк” ХХК-аас авах болсон зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээний дагуу барьцаалахыг зөвшөөрсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг нэхэмжлэгч болох “Монгол Улсын Хөгжлийн банк’’ ХХК гаргасан байдаг. Энэ нь дөрвөн талт гэрээ болон талуудын мэдэгдлээр нотлогддог. Харин анхан шатны шүүх үүнийг дүгнэхдээ дөрвөн талт гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэж үзэн энэхүү нэрлэгдээгүй гэрээний дагуу манай компаниудыг мөнгөн хөрөнгийг зээлдэгчид буцаан төлүүлэх тухай шийдвэр гаргасан.

Гуравдагч этгээдээр оролцож буй Ю.ХХК-д бие даасан шаардлага гаргасан 3-дагч этгээдээр оролцож буй Н ХХК, М д компанийг хамтран хариуцагчаар татан оролцуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан. Шүүх энэхүү нэхэмжлэлийг хүлээн авсан тул шүүх хуралдаан дахин хойшилсон. Шүүх захирамжаараа нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болон 3- дагч этгээдээр, бие даасан шаардлагага гаргасан 3 -дагч этгээдээр оролцож ирсэн манай компаниудыг хамтран хариуцагчаар татах тухай шийдвэр гаргасан боловч бид захирамжийг бичгэн хэлбэрээр гардан авч танилцаагүй, ийм боломжийг бидэнд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагааны явцад олгоогүй. Хамтран хариуцагчаар татсан тул хариу тайлбараа гаргаж байж захирамжтай танилц гэх тайлбарыг бидэнд өгсөн. Бид шүүхийн захирамжид Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т заасны дагуу гомдол гаргасан. Гэтэл шүүх манай компаниудыг хамтран хариуцагчаар татсан болно. М  ХХК болон Н ХХК, М д компани, Ю.ХХК нарын хооронд байгуулсан ямар гэрээний үндсэн дээр хэдэн төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж ирүүлээгүй тодорхойгүй байдалд шүүгч өөрийн зүгээс бүрэн үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргасан явдал нь талуудын тэгш эрхийн зарчим нийцэхгүй байна.

Зээлдүүлсэн гэх мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг тухайн хөрөнгийн өмчлөгч болох зээлдүүлэгч өөрөө татан авахгүй байсаар, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас авсан зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн нь өөрөө өөр эрх зүйн үндэслэлээр, өөр үүргийн харилцаа үүсгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Барьцааны эрх үүрэг нь бие даасан шинжгүй, үндсэн зээлийн эрх үүргийг дагалдаж бие болдог. Ингэхдээ зээлдүүлсэн гэх мөнгөн хөрөнгийг зээлийн зориулалтаар биш, харин төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс өөр банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээний зүйл болгосон нь тодорхой. Улмаар, хүчин төгөлдөр болоогүй зээлийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчээс шаардаж байхад, зээлийн гэрээтэй хамааралгүй барьцааны гэрээний зүйлийг шаардах нь өөрөө үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч хүү төлөх үүргийг үндэслэхдээ зээлийн гэрээний 7.5-д заасан болон зээлийн гэрээнд орсон өөрчлөлтүүдийн дагуу зээлдүүлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч болох Т ХХК -д шилжүүлсэнээр зээлийг ашиглах эрх зээлдэгчид үүсч, зээлийн хүү төлөх үүргийг хүлээсэн гэж үзсэн байна. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т гэсэн заалттай зөрчилдөж байна. Зээлийг ашиглах тухай ойлголтыг тус хуулийн 26 дугаар зүйлд дараах байдлаар тодорхойлсон байна. “Зээлийн гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй”. Энэ зохицуулалтаас дүгнэвэл, зээлийн гэрээний дагуу хэдийгээр 50 сая ам.доллар Т ХХК-ийн данс руу хийсэн боловч хойшлуулах болзлоор хийсэн зээлийн гэрээ тул болзол биелтэл буюу төсөл хэрэгжүүлэгч компани Хятадын банкнаас зээл автал зээлийн мөнгийг зээлдэгч Т ХХК  “Шинэ Яармаг” төсөлд хөрөнгө оруулалтаар оруулах эрх нь нээгдээгүй. Нэгэнт болзол биелээгүй тул мөнгийг М  ХХК буцааж авсан. Улмаар, зээлсэн 50 сая ам.долларыг зээлийн гэрээнд заасан зориулалтаар хэрэглэж ашиглаагүй тул “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 26 дугаар зүйлд заасны дагуу зээлийн хүү төлөх үүрэг үүсээгүй. Анхан шатны шүүх зээлийг зээлдэгч Т ХХК  ашиглах эрх нь нээгдсэн, боломжтой болсон гэж үзсэн өөрийн дүгнэлтээ шүүхийнхээ шийдвэрийн үндэслэх хэсгийн сөрөг нэхэмжлэлийн талаархи хэсгийн 5-д эргээд өөрөө үгүйсгэсэн байдаг. Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх гэрээ Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т заасны дагуу дуусгавар болсон гэж үзсэн атлаа Т ХХК -ийг мөнгөн хөрөнгийг ашиглах эрх нээгдсэн гэж үзэн хүү төлөх ёстой гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэрэглэх ёстой хуулиа хэрэглээгүй болох нь тодорхой байна. Иймд Иргэний хэргийг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 161, 167 дугаар зүйлийн дагуу гомдлыг хянан хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч М  ХХК нь хариуцагч Т.ХХК, Н ХХК, “Монголиан пропертийз инвестмент холдинг Пте.Лтд компани, Ю.ХХК-д тус тус холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг цуцалж, нийт 104 733 960 597 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч хариуцагч Н ХХК, М нь М  ХХК болон Т ХХК-ийн хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Б-ОС-Б 2015-60 тоот барьцааны гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б-ОС-Б 2015-65 тоот барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үр дагавар арилгуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр баталж Шинэ яармаг орон сууцны хороолол барих төсөл хэрэгжих болсон бөгөөд уг төслийн эзэмшигч  Ю ХХК нь өөрийн охин компани Н ХХК-иар дамжуулан төслийг хэрэгжүүлэх болсон байна.

Ийнхүү “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэхэд 245 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай байснаас 195 сая ам.доллар буюу 85 хувийн зээлийн санхүүжилтийг БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас, үлдэх 50 сая ам.доллар буюу 15 хувийн санхүүжилтийг М ХХК-ийн зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр болжээ. /хх-1-р 121/

Үүнтэй холбоотойгоор Монгол улсын Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 246 дугаар тогтоолоор санхүүжилтийг шийдвэрлэж Шинэ яармаг орон сууцны цогцолбор хорооллыг барихад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын Экспорт-Импорт банкинд зээлийн баталгаа гаргахыг зөвшөөрснөөр М  ХХК нь БНХАУ-ын Экспорт-Импорт банкинд зээлийн баталгаа гаргаж, төслийн 85 хувийг БНХАУ-ын Экспорт-Импорт банк санхүүжүүлэхээр болж 195 сая ам.долларыг Н ХХК-д гурван үе шаттайгаар хэсэгчлэн 6 жилийн хугацаатай олгохоор зээлийн гэрээ байгуулсан. /хх-1-р 62-63/

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 117 тоот тогтоолоор дээрх төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50 сая хүртэлх ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Т ХХК -иар дамжуулан үе шаттай санхүүжүүлэхийг М ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд зөвшөөрч уг ажлыг удирдан зохион байгуулахыг Төрийн өмчийн хороонд даалгасан байна.

Уг тогтоолыг үндэслэж, Төрийн өмчийн хорооны 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 212 дугаар тогтоолоор Т ХХК -д М  ХХК-иас төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээл авахыг зөвшөөрчээ. /1-р хх-118/

Ийнхүү М  ХХК нь Т ХХК -тай 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 50 сая ам.долларыг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, жилийн 8.45 хувийн хүүтэй, үндсэн зээлийн төлбөрийг 2022-2024 онуудад улирал тутам, 2022 он хүртэл жилд 2 удаа, 2022-2024 онуудад эргэн төлөх хуваарийн дагуу төлөх, 50 сая ам.долларын зээлийг 2 хуваан 25 сая ам.доллар тус бүрээр нөхцөл бүхий дансанд байршуулах, Т ХХК-д зээл олгох боломжит хугацаа 6 сар байх ба энэ хугацаанд БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас зээл олгох шийдвэр гараагүй нөхцөлд энэхүү зээлийн гэрээг банк нэг талын санаачлагаар цуцалж олгосон зээлийг буцаан татахаар талууд тохиролцсон байна./хх-1-р 13-19/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан ба уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй.

Дээрх гэрээнд талууд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулахдаа үндсэн гэрээний 5.4-т төсөлд зээл олгох тухай БНХАУ-ын Экспорт-Импорт банкны шийдвэр 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор гараагүй бол банк нь битүүмжлэлтэй байгаа зээлийн үлдэгдэл хөрөнгийг М  ХХК-д буцаан татах, зээлийг хугацаанаас өмнө урьдчилан төлүүлж, зээлийн болон хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж өөрчилж, дээрх агуулгыг нэмсэн байна./хх-1-р 20-24/

Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу болзол тавьж хэлцэл хийсэн гэж үзнэ.

Дээрх зээлийн гэрээг үндэслэж, М  ХХК, Т ХХК, төсөл хэрэгжүүлэгч Н ХХК, толгой компани Ю ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2/264/2015/1-18/15-015 дугаартай зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаагаар дансанд байршуулах тухай гурван талт гэрээ байгуулж, уг гэрээгээр төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой урьдчилсан нөхцлийг бүрдүүлэх, БНХАУ-ын Экспорт-Импорт банкны шааардлагад нийцүүлж зээлийг 25 сая ам.доллараар хоёр салгаж хоёр өөр банкны дансанд байршуулж, битүүмжлэгдсэн байхаар тохиролцжээ. Уг гэрээнд талууд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгаж, БНХАУ-ын Экспорт-импорт банкны шийдвэр гараагүй тохиолдолд зээлийг буцаан татаж, хугацаанаас нь өмнө төлүүлэхээр тохирчээ.

Хэргийн нэгдүгээр хавтасны 40-45 дугаар тал дах баримтаар М  ХХК, Т.ХХК, төсөл хэрэгжүүлэгч Н ХХК, “Голомт банк” ХХК-ийн хооронд 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2/282 2015/1-26 15/020 ГБ/39 дугаартай зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай дөрвөн талт гэрээ, мөн М  ХХК, зээлдэгч Т.ХХК, төсөл хэрэгжүүлэгч Н ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2/291 2015/1-27 15/020 СО22/20150612-1 дугаартай зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай дөрвөн талт гэрээ тус тус байгуулагдсан, уг гэрээнүүдээр талууд гурван талт гэрээг үндэслэж, зээлээс 25 сая ам.долларыг төсөл хэрэгжүүлэгчийн Голомт банкны 8125001722 тоот дансанд 24 850 000 ам.доллар, Худалдаа хөгжлийн банкны 470006080 тоот дансанд байршуулж, битүүмжлэгдсэн байх, нэг талын санаачлагаар цуцлахаар тохиролцсон байна.

Дээрх гэрээнүүдэд 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд нэмэлт оруулж гэрээний хугацааг 2016 оны оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаа сунгасан, мөн М  ХХК нь зөвшөөрөл олгох тухай хамтарсан мэдэгдлийг үндэслэн Н ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 470006080 тоот дансанд дах мөнгөн хөрөнгийг барьцаалан 21 841 707,64 ам.долларын хэмжээнээс хэтрэхгүй зээл авахыг зөвшөөрсөн, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээнд өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогдсон энэ талаар талууд маргасангүй. /1-р хх-42-43, 45-49/

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах гурван талт болон дөрвөн талт гэрээг Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасан мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдсан гэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 580 дугаар шийдвэрээр дүгнэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 т зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Хэргийн хоёрдугаар хавтасны 91-93 дугаар тал дах баримтаар М  ХХК нь Т ХХК-ийн дансанд зээлийн 50 сая ам.долларыг 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн болох нь тогтоогдсоноос гадна хэргийн нэгдүгээр хавтасны 136-137 тал дах хариуцагч Т ХХК-ийн зээлийн гэрээг цуцлагдах хүртэлх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх зээлийн хүү болох 7 489 685 322.48 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн талаар шүүхэд гаргаж байсан тайлбар зэргээр үзвэл Т ХХК -д зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү төлөх үүрэг үүссэн гэж үзнэ.

Талууд зээлийн гэрээгээр БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас зээл олгох шийдвэр гаргаагүй тохиолдолд нэг талын санаачлагаар зээлийн гэрээг цуцалж, зээлийг буцаан татаж, зээлийн гэрээний хугацааны хүү тооцохоор тохирсон, уг нөхцөл байдал бий болсон зээлийн гэрээгээр тохирсон болзол биелэгдээгүйгээс нэхэмжлэгч М  ХХК зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Н ХХК-ийн дансанд байршуулсан Голомт банкин дах данснаас 2016 оны 12 дугаар 28-ны өдөр 15 000 000 ам.доллар, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 10 000 000 ам.доллар, Худалдаа хөгжлийн банкин дах данснаас 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3 008 292.36 ам.долларыг тус тус буцаан татсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-2-р 59-60, 106, 111-116/

Хэргийн хоёрдугаар хавтасны 238-241 дүгээр тал дах баримтаар М  ХХК болон Т ХХК  нь төсөл хэрэгжүүлэгчийн Худалдаа хөгжлийн банкны 470006080 тоот дансан дах битүүмжилсэн 24 850 000 ам.долларыг барьцаалан зээл олгохыг зөвшөөрч 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 02, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 03, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 04 тоот хамтарсан мэдэгдлийг Х ХХК-д тус тус өгсөн, уг зөвшөөрлийг үндэслэн Н ХХК нь Худалдаа хөгжлийн банкин дах 470006080 тоот дансанд байршуулсан 24 850 000 ам.долларыг барьцаалж тус банкнаас зээл авсан ба банк зээл, зээлийн хүүг тооцон суутгаж 21 841 707.64 ам.долларыг уг байршуулсан мөнгөн хөрөнгөөс зээлийг төлүүлсэн үйл баримт талуудын тайлбар болон хэргийн хоёрдугаар хавтасны 197 дугаар тал дах “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/494/3425 тоот албан бичгээр тогтоогдсон.

Анхан шатны шүүх хариуцагч Т ХХК -ийг 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 50 сая ам.доллар, зээлийн хүү 6 700 685 ам.доллар төлөх үүрэгтэй, уг үүргээс Голомт банк дах данснаас буцаан татсан 25 000 000 ам.доллар Худалдаа хөгжлийн банк дах данснаас буцаан татсан 3 008 292.36 ам.доллар, Худалдаа хөгжлийн банкны дансанд байршуулсан зээлийн мөнгөн хөрөнгөөс Худалдаа хөгжлийн банкны суутгасан 21 841 707.64 ам.долларыг хасч тооцож, үндсэн зээлийн үлдэгдэл 7 049 796.56 ам.доллар, зээлийн хүүд 1 710 843,22 ам.доллар, шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх зээлийн хүүд 274 661 ам.доллар буюу нийт 24 604 103 971 төгрөгийг Т ХХК -иас гаргуулж М  ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцсэн бөгөөд энэ талаар талуудын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй болно.

Харин шүүх нэхэмжлэгч М  ХХК нь хариуцагч М д компани,” Юнайтэдпрожектс групп” ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул дээрх компаниудад холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх М  ХХК, зээлдэгч Т.ХХК, төсөл хэрэгжүүлэгч Н ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2/291 2015/1-27 15/020 СО22/20150612-1 дугаартай зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай дөрвөн талт гэрээг Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасан мөнгөн хадгаламжийн гэрээ гэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 580 дугаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр дүгнэсэн байтал Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэснийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж шүүхийн шийдвэрийг дараах байдлаар залруулах боломжтой. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй гэж үзнэ.

Н ХХК нь М  ХХК-иас олгосон битүүмжлэгдсэн дансанд байршуулсан зээлийн мөнгөн хөрөнгийг барьцаалах зөвшөөрөл авч, Н ХХК нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас мөнгө зээлсэн боловч тус банкны өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулснаар М  ХХК хохирсон гэж үзэх үндэслэлтэй. Иймээс Иргэний хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт заасан “үүргийн шинж чанарт харшлахгүй бол гэрээний бус үүргийн харилцаанд гэрээний үүргийн холбогдох журмыг хэрэглэж болно” гэж зохицуулагдсан тул мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол М  ХХК-д учирсан гэж үзэж, Н ХХК-иас М  ХХК-д 21 841 707.64 ам.доллар буюу 61 182 991 441 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор М  ХХК болон Т ХХК-ийн хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б-ОС-5 2015-60 тоот, И-ОС-Б 2015-61 тоот, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б-ОС-5 2015-65 тоот барьцааны гэрээг тус тус байгуулагдсан болох нь талуудын тайлбар болон хэргийн нэгдүгээр хавтасны 25-34 дүгээр тал дах баримтаар тогтоогджээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б-ОС-5 2015-60 дугаартай гэрээгээр Т ХХК-ийн блансын активд тусгасан бүх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхүүд буюу активын циклийг бүхэлд нь барьцаалсан нь, мөн 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр болон мөн оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б-ОС-Б 2015-65 тоот барьцааны гэрээгээр “Төрийн орон сууц корпораци” ХХК нь Н ХХК-иас барьцааны гэрээний дагуу төсөлд оруулсан 50 сая ам.долларын мөнгөн хөрөнгө болон түүнтэй тэнцэх хэмжээний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө буюу активын циклийг шаардах эрх, Т ХХК-ийн барьцааны гэрээний дагуу Ю ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцаа буюу 200 000 ширхэг хувьцааг шаардах эрхийг барьцаалсан нь тодорхой бус байхаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бүртгүүлэх тухай хуулийн шаардлага хангаагүйгээс уг гэрээг мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангахгүй орхиж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй энэ талаар талууд давж заалдах гомдол гаргаагүй болно.

Харин талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан И-ОС-Б 2015-61 дугаартай барьцааны гэрээгээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт орших 500 000 м.кв талбай бүхий орон сууцны цогцолборын зориулалтай газар эзэмших эрхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж барьцаалсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасантай нийцсэн, энэхүү барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хэргийн нэгдүгээр хавтасны 143-149 дүгээр талд “Төрийн орон сууцны корпораци” нь Ю ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээ авагдсан бөгөөд уг гэрээгээр төслийг “Төрийн орон сууц корпораци” ХХК нь М  ХХК-иас зээлсэн 50 сая ам.доллараар “Юнайтэдпрожектс групп” ХХК-иар дамжуулан Н ХХК-д хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулалт санхүүжилтийн өгөөжийг бэлэн мөнгөөр төлөх тохиолдолд М ХХК-ийн зээлийн хүү, жилийн 2 хувийн өгөөж, эсхүл хөрөнгөөр төлөх тохиолдолд орон сууц автозогсоолын тодорхой хувийг буюу худалдан борлуулж буй үнээс 10 хувийн хөнгөлөлттэй үнээр тооцон шилжүүлэхээр тохиролцжээ.

Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хавсралт 1-ээр Т ХХК -тай М нь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2015/6-01 15/009/ЮПГ/ тоот барьцааны гэрээ байгуулж тус компани нь Ю ХХК-ийн 100 хувийн хувьцаа буюу 200 000 ширхэг хувьцааг, хавсралт 2-оор Т ХХК  нь Ю ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2015/6-03 15/028 /НЯХП/ тоот барьцааны гэрээ байгуулж, төсөлд оруулсан 50 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан болох нь хэргийн нэгдүгээр хавтасны 183-189 дүгээр тал дах баримтаар тогтоогдсон байна. Эдгээр барьцааны гэрээнд 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Дээрх гэрээнүүдийг үндэслэж, барьцааны зүйл болох хувьцаа болон хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шаардах эрхийг Т ХХК  нь М  ХХК-д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан хамтарсан мэдэгдлийг 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр М  ХХК, Н ХХК, “Монголиан пропертийз инвестмент холдинг Пте.Лтд компани”-д гаргаснаар 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б-ОС-Б 2015-65 тоот барьцааны гэрээг М  ХХК, Т ХХК -тай байгуулахдаа Т ХХК  нь “Юнайтедпрожектс групп” ХХК-ийн 100 хувийн хувьцаа буюу 200 000 ширхэг хувьцааг, Н ХХК-ийн төсөлд оруулсан 50 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө буюу активын циклийг шаардах эрхийг барьцаалжээ. /хх1-р 31-34 /

Төсөл хэрэгжүүлэх явцад БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас олгох зээлийн шийдвэр гараагүйгээс М  ХХК, Т ХХК -д олгосон зээлийг цуцалж төсөл хэрэгжүүлэгчийн 2 тусдаа дансанд байршуулсан зээлийн мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг буцаан татсанаар Ю ХХК болон Т ХХК-ийн хооронд 2015 оны 7 дугаар сарын 20-нд байгуулсан 2015/3-01 15/008 /ЮПГ/ тоот хөрөнгө оруулалт санхүүжилт хийх хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй. Үүний улмаас хамтран ажиллах гэрээ Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т заасны дагуу дуусгавар болсон тул 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2015/6-01 15/009/ЮПГ/ тоот, 2015/6-03 15/028 /НЯХП/ тоот барьцааны гэрээнүүд мөн адил дуусгавар болсон учраас 2015/6-01 15/009 /ЮПГ/ тоот, 2015/6-03 15/028 /НЯХП/ барьцааны эрх М  ХХК-д шилжих боломжгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх М  ХХК, Т ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б-ОС-Б 2015-60 тоот болон 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б-ОС-Б, 2015-65 тоот барьцааны гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, барьцааны зүйлийг чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд энэ талаар талууд давж заалдах гомдол гаргаагүй.

Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...талуудын хооронд байгуулсан ямар гэрээний үндсэн хэнээс хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хууль буруу хэрэглэсэн гэх давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01508 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн” гэсний дараа “194 дүгээр зүйлийн 194.1, 219 дүгээр зүйлийн 219.1” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 306 072 907 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Д.НЯМБАЗАР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ