Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 01811

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/01811

 

 

Д.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/02067 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Гын хариуцагч А.Бт холбогдуулан гаргасан 5 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б нь 2017 оны 11 сард хуш модны самар бэлэн мөнгөөр авч өгнө гэж хэлсний дагуу А.Б руу 2017 оны 11 сарын 05-ны өдөр 7 000 000 төгрөг, 2017 оны 11 сарын 13-ны өдөр 3 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Дээрх шилжүүлсэн мөнгөнөөс 4 500 000 төгрөгт хуш модны самар өгч, үлдэгдэл 5 500 000 төгрөгийг өгөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г нь н.Хосбаяр гэх хүнтэй мөнгөний маргаан үүсгэн, хамт н.Хосбаяраас мөнгө нэхэмжлэхийг гуйсан. Самрын мөнгө гэж шилжүүлсэн 10 000 000 төгрөгөөс 2017 оны 11 сарын 13-ны өдөр н.Хосбаярын 5076151376 данс руу 5 000 000 төгрөгийг өвсний мөнгө гэж шилжүүлсэн. н.Хосбаяр өвс ачиж ирж байгаад Д.Гын машиныг унагаачихлаа, манай жолооч өөрөө эмнэлэгт ирсэн, мөнгө өгөх шаардлагатай гэж хэлсний дагуу 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсэн өвсний мөнгийг олж аваагүй, зуун боодол хүрэхгүй өвс авсан. Д.Год ямар ч өргүй. Д.Г, н.Хосбаяр нар хамтран өвсний бизнес хийж байгаад малдаа өвс ав гэж ятгасан. Д.Г “...мөнгөө залилуулсан, н.Хосбаяр хоригдож байгаа одоо хоёулаа нийлж мөнгөө олж авъя. Намайг цагдаад очиж хуурамч мэдүүлэг өгөөч” гэж гуйсан. Д.Г, н.Хосбаяр нар 2017 оны 8 дугаар сард манай гэрт ирээд 0981 улсын дугаартай машинд зөвшөөрлийн бичиг өгсөн. 2017 оны 8 сараас хойш самар тээвэрлэн цуглуулсан хөлсөөрөө зил-131 машин худалдан авсан. н.Хосбаяр, Д.Г нарт хэр хэмжээний самар өгснөө санахгүй байна. Учир нь олон хүний түүсэн тонн тонн самар байсан. Энэ өгч авалцдаг байсныг гэрчлэх гэрч маш олон бий.  2017 оны 11 сарын 05-ны өдрөөс 2017 оны 11 сарын 13-ны өдөр хүртэл шилжүүлсэн самрын мөнгө болох 7 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 1 077 000 төгрөг, 3 000 000 төгрөг нь самар өгсөн авсан мөнгө байсан. Нэхэмжлэгч ямар ч үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгаа тул маргааныг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч А.Баас 5 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Год олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103 000 төгрөгийн 102 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дансаас буцаан гаргуулж, хариуцагч А.Баас 102 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Год тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.Г нарын авах самрыг Зил-131 маркийн автомашинаар тээвэрлэн хүргэж өгдөг. Түүнээс биш самар түүж, худалдан борлуулдаг ажил хийдэггүй. Нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг самраа ачуулсан хүмүүс болон н.Хосбаярт шилжүүлсэн. Яг Д.Гын хэлсний дагуу зохих хүмүүст шилжүүлсэн, өөртөө мөнгө аваагүй. Ямар ч тооцоо байхгүй. Гэтэл самар худалдах зорилгоор нэхэмжлэгчээс мөнгө авсан гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Гын хөлсний жолооч учир самар ач гэсэн газраас нь ачиж, буулга гэсэн газарт нь буулгадаг байсан. Д.Г авсан самрынхаа мөнгийг өөрөө шилжүүлдэг байсан ч зарим нөхцөлд би өмнөөс нь шилжүүлэх тохиолдол байсан. Тухайн үед самрын худалдаачин, бусад хүмүүст хувааж өгөх ёстой мөнгөө над руу шилжүүлсэн. Түүнээс биш би самар худалдан борлуулахаар мөнгө аваагүй. Д.Год мөнгө өгөх тооцоотой гэх баримтыг хуурамчаар үйлдсэн. Уг баримтад зурсан гарын үсэг нь минийх биш талаар хэлсэн боловч шүүх авч хэлэлцээгүй. Надаар дамжуулан н.Хосбаяр шилжүүлсэн мөнгөө буцаан авахын тулд цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Шийдвэрээр гаргуулсан 5 000 000 төгрөг нь н.Хосбаяр, Д.Г нарын хоорондын тооцооны асуудал. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч А.Бт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

            А.Б нь Д.Год хуш модны самар бэлтгэн нийлүүлэх, Д.Г нь төлбөрийг төлөхөөр тохирсон үйл баримт нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 7 000 000 төгрөг, мөн оны 11 сарын 13-ны өдөр 3 000 000 төгрөгийг Д.Гоос шилжүүлсэн талаарх А.Бийн ХААН банк дах 5079756484 тоот дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. /хх-ийн 1, 4-5 дугаар тал/

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Зохигчид хуш модны самар бэлтгэн нийлүүлэх зорилгоор мөнгө шилжүүлсэн байх тул тэдний хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Дээрх мөнгийг  шилжүүлсэн баримтад “1т самар авах” гэж бичсэнээс үзэхэд худалдах, худалдан авах гэрээний дагуу тохирсон үнийг шилжүүлсэн гэж дүгнэхээр байна.

Мөн хэргийн 6 дугаар талд “Ганболд ахаас самрын урьдчилгаа болгож авсан таван сая таван зуун мянган төгрөг үлдсэн ...” гэх нотлох баримт авагдсан ба үлдэгдэл мөнгөнд самар өгөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй юм.

Хариуцагч А.Б нь татгалзлын үндэслэлээ “... олон хүний түүсэн тонн тонн самар байдаг байсан тул хэр хэмжээний самар өгснөө санахгүй гэх ба данс руу минь олон удаа маш их мөнгө шилжүүлж байсан, нэхэмжлэгчид өгөх самараа өгсөн, өглөггүй ...”, ...мөнгөний тооцоотой гэсэн баримт хуурамч...” гэх тайлбар, гомдол гаргах боловч өөрийн тайлбар, татгалзлыг эргэлзээгүй баримтаар нотлоогүй, нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дах хэсэгт зааснаар бичмэл нотлох баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд тэр тухайгаа нотлох үүрэгтэй гэж заасан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг маргааны үйл баримтад харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлсэн байх бөгөөд хариуцагчаас            5 500 000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.3 дах хэсэгт нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/02067 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.НЯМБАЗАР

                                         ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                           Б.НАРМАНДАХ