Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2020/02067

 

 

 

 

 

 

 

 

  2020         06          04                                     101/ШШ2020/02067

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Д.Г

 

Хариуцагч: А.Б

 

5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г , хариуцагч А.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б  нь 2017 оны 11 дүгээр сард хуш модны самар бэлэн мөнгөөр авч өгнө гэж хэлсний дагуу Д.Г  миний бие 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А.Б  руу өөрийн Хаан банкны 5003536791 тоот данснаас 7,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн юм.

Дээрх шилжүүлсэн мөнгөнөөс 4,500,000 төгрөгт хуш модны самар өгөөд үлдэгдэл 5,500,000 төгрөгт өнөөдрийг хүртэл самар болон бэлэн мөнгийг өгөхгүй байх тул 5,500,000 төгрөгийг А.Б аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г  нь н.Хосбаяр гэх хүнтэй мөнгөний маргаан үүсгэн, намайг хамтарч н.Хосбаяраас мөнгө нэхэмжлэхийг гуйсан. Над руу шилжүүлсэн самрын мөнгөнөөс би н.Хосбаяр гэх хүний данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр мөнгийг н.Хосбаяр надаас залилсан гэж хэлээд иргэний шүүхэд хандаад өгөөч гэж гуйхад би татгалзсан учраас Д.Г  намайг ингэж шүүхэд өгч байгаа юм.

2017 оны 11 дүгээр сарын 13-нд би н.Хосбаярын 5076151376 данс руу 5,000,000 төгрөгийг өвсний мөнгө гэж шилжүүлсэн. н.Хосбаяр миний өвсийг ачиж ирж байгаад Д.Г ын машиныг унагаачихлаа, манай жолооч өөрөө эмнэлэгт ирсэн байна, мөнгө өгөх шаардлагатай байна гэж хэлэхэд би 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Шилжүүлсэн болох өвсний мөнгийг би одоо хүртэл олж аваагүй, уван цуван зуун боодол хүрэхгүй өвс авсан.

Би Д.Г од ямар ч өргүй. Намайг өвсөө олж авахгүй юм бол хоёулаа нийлж иргэний шүүхэд хандаж мөнгөө олж авъя гэсэн. Үнэн хэрэгтээ Д.Г , н.Хосбаяр нар хамтран өвсний бизнес хийж байгаад бид хоёроос малдаа өвс ав гэж ятгасан. Д.Г  над дээр ирж, би мөнгөө залилуулсан, н.Хосбаяр хоригдож байгаа одоо хоёулаа нийлж мөнгөө олж авъя гэсэн. Намайг цагдаад очиж хуурамч мэдүүлэг өгөөч гэж гуйсан. Миний дансны хуулгыг харан иймэрхүү хэмжээний мөнгө нэхэмжилж болох юм байна гэж надаас ятгаж гуйсан. Би Сонгинохайрхан дүүрэгт очиж мэдүүлэг өгөхдөө хүнийг гүтгэж чадахгүй, иргэний шүүхэд хандана гээд орхисон. Д.Г ын таньдаг байцаагч байсан бөгөөд чи Д.Г ын хэлснээс өөр зүйл ярьж байна гэж намайг хөтөлж тулгасан. Удалгүй тэр байцаагч Д.Г ыг оруулж ирсэн. Д.Г  намайг заналхийлж би чамайг чадахдаа нэг чадна даа, адилхан хохирчихоод, онцгүй залуу байна даа гэсэн. Тэр явдлын дараа эгч маань нас барсан. Тэгээд тэр явдлаас хойш хэл ам хийж явахаас зайлсхийсэн.

Д.Г , н.Хосбаяр нар 2017 оны 8 дугаар сард манай гэр болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 2-7 тоотод ирэн хоёр ах нь чамайг самарт явдаг гэж дууллаа, гээд миний 0981 улсы дугаар дээр зөвшөөрлийн бичиг өгсөн. Самар өгсөн, хадгалсан мөнгөтэйгээ нийлүүлж би зил-131 машин худалдан авсан. Би Д.Г од өгөх өглөг байхгүй. Би өвсний мөнгөө нэхэн явах болгонд миний амьдралд гарз учирч байсан тул гэр бүлийнхэн маань хүртэл боль гээд би орхисон. Над руу шилжүүлсэн мөнгө бол маш олон хүмүүсийн самрын хөлс, би буцааж тараадаг байсан. Зил-131 машиныг 2017 оны 8 сараас хойш самар тээвэрлэн цуглуулсан хөлсөөрөө авсан.

Би, н.Хосбаяр, Д.Г  нарт хэр хэмжээний самар өгснөө санахгүй байна. Учир нь олон хүний түүсэн тонн тонн самар байдаг байсан. Энэ өгч авалцдаг байсныг гэрчлэх гэрч маш олон бий. Данс руу шилжүүлсэн, өгсөн авснаа нэхэмжлээд байвал маш их хэмжээний мөнгө болно. Над руу миний данс руу 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл шилжүүлсэн самрын мөнгө болох 7,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,077,000 төгрөг, 3,000,000 төгрөг болон энэ мөнгө нь самар өгсөн авсан мөнгө байсан. Энэ хүн надаас ямар ч үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгаа нь Хосбаяраас нэхэмжлэх гэж ярьж байсан мөнгө. Би одоо зарим ярьж байсан зүйлийг нь санахгүй байна. Ямар ч байсан би Д.Г од ямар нэгэн мөнгөний өглөг байхгүй. Өвсний мөнгөө би тусдаа нэхэмжилнэ. Иймээс энэ маргааныг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г  нь хариуцагч А.Б т холбогдуулан, худалдах худалдан авах гэрээний үүргийг бүрэн гүйцэтгээгүй хэмээн 5,500,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Талууд 2017 оны 11 дүгээр сарын үед харилцан тохиролцож, А.Б  нь Д.Г од хуш модны самар бэлтгэн нийлүүлэх, Д.Г  нь төлбөрийг төлөхөөр хэлбэл байгуулсан болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

Уг хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч дээрх хэлцлийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 7,000,000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийг А.Б ийн  5079156484 дугаартай данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан, талуудын хэн алины дансны хуулгаар тогтоогдож байна.

Хариуцагч нь олон хүний түүсэн тонн тонн самар байдаг байсан тул хэр хэмжээний самар өгснөө санахгүй гэх ба данс руу минь олон удаа маш их мөнгө шилжүүлж байсан, нэхэмжлэгчид өгөх өглөггүй хэмээн маргаж байх боловч уг татгалзлаа нотлох баримтаар нотолсонгүй.

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн эсэхээ нотлоогүй тул 10,000,000 төгрөгийн самар нийлүүлэх үүргийн зарим хэсгийг буюу 5,500,000 төгрөгийн самрыг худалдан авагчид өгөөгүй гэж үзэх үндэслэлтэй. 

Улмаар худалдан авагч нь гэрээнээс татгалзаж, 5,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3.-т “Үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно.”, 205 дугаар зүйлийн 205.1.-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж тус тус заасантай нийцнэ.

Хэргийг оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч А.Б аас 5,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г од олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,000 төгрөгийн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дансаас буцаан гаргуулж, хариуцагч А.Б аас 102,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г од тус тус олгосугай. 
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Б.УНДРАА