Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 00157

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч Н.Батчулуун,

шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалбуух овогийн Нэргүйн Ат холбогдох эрүүгийн 1715001260056 дугаартай, 132/2017/0153/Э индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган суманд оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Жалбуух овогт Н. А

Холбогдсон хэргийн талаар:

Н.А нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг нутаг “Хунтайж” нэртэй рестораны гадна иргэн Батчулууныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Аын өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 29-ны өдөр 13 цагийн үед ажлаасаа гараад явж байхад Батчулуун эхнэртэйгээ явж байхад нь таарсан. Эхнэр нь надаас хогийн сав манай гудамжинд хэзээ тавих вэ гээд эхнэртэй нь юм ярьж байхад Батчулуун хажуугаас дайрч орж ирж “чамайг би мэднэ чи хүнээс мөнгө төгрөг, авилгал авч тавьдаг, идэж уудаг биз дээ гэж дайрч” орж ирснээс болж би цохихоос нь хамгаалж түлхсэн үйлдэл хийсэн. Түлхэх үед сул шороотой газар руу унасан. Тэрнээс болж зууралдаж муудалцсан асуудал байдаг. Надтай хамт явж байсан Чанбуу, Мөнхбат гэсэн 2 хүн бол салгах үйлдэл хийсэн. Гадаа хэрүүл маргаан хийгээд яахав гээд өөрөө санал тавьж ажлынхаа өрөөнд дагуулж орсон. Дотор ороод мөн үргэлжилж хэрүүл болсоор байсан. Гэр бүлийнх нь хүн чи одоо боль гэсэн үгийг тавьж байсан. Төрийн байгууллагад ийм үйлдэл гаргаж болохгүй гэдгийг манай жижүүр Амраа гэдэг хүн зогсоож, хориглохыг удаа дараа хэлж байсан. Би өөрөө Алтангарьд гэдэг цагдааг дуудахад ирээгүй. Цагдаа байсан бол асуудлыг арай өөрөөр шийдэх болов уу гэсэн бодолтой цагдаа дууд гэсэн санал тавьж байсан. Үүнээс хойш удаа дараа хэд хэдэн удаа бид 2 уулзсан. Аливаа зүйлийг хууль хяналтын байгууллага шийдэх байлгүй дээ гээд өнөөдрийн байдал хүрсэн гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Батчулууны өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 29-ны өдөр эхнэртэйгээ хүүхдийнхээ юмыг бэлдээд явж байсан. Манай эхнэр А явж байна хогийн сав асууя гээд очоод асуухад А битгий олон юм яриад байгаарай та нар гээд ширүүн дуугарсан. Урьд бас тэгэж байсан. Тэгэхээр нь би чи одоо зөндөө л худлаа ярилаа, манайхаас хойш 2,3 айлд тавьсан байсан. Манайд тавиад өгчих гэж хэлэхэд чамд хамаагүй олон юм битгий яриад бай гээд над руу дайрч эхэлсэн. Юу юугүй намайг шаанаа руу цохиж авч хацрын мах халцлаад, овоолгоотой шороо руу түлхэд унаад босох гэтэл нүүр лүү өшиглөсөн. Би 2 сар нойргүй явж байна. Шөнө унатаж чадахгүй хамар таг битүү, амьсгаа амаараа авч байна. Намайг үзүүлээд өгөөч гэж энэ хүнээс зөндөө гуйсан. Тэгсэн намайг хэл, амаар доромжилж зах дээр чанга чанга орилсон. Би ажил хийж байсан. 7 хоног гэрт хэвтсэн. Тархи толгой өвдөөд цитормон өдөрт боодол, боодлоор нь л ууж байна. Энэ хүнд үнэхээр гомдож байна. Одоо хамар амыг маань үзүүлээд өг гэж хэлсэн. Хараагүй, үзээгүй хүмүүсийг гэрчээр байцаасан байсан гэв.

1715001260056 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Гэрч О.Мөнхбатын өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 29-ны өдөр 12 цагийн үед би 3 дугаар багийн Засаг дарга Н.Атай хамт Хунтайж рестораны хажуугаар явж байтал 3 дугаар багийн иргэн Н.Батчулуун тааралдаж тэр хоёр юм яриад үлдсэн. Би чигээрээ явж байтал ард хүн орилох чимээ гарахаар нь эргэж хартал Н.Батчулуун нь багийн Засаг дарга Н.Аыг өшиглөх гээд хөөж байсан тэгэхээр нь би очоод салгах гэтэл Н.Батчулуун нь Н.Аыг цамцнаас нь зуурж боогоод байхаар нь би болиулахад Н.Батчулуун нь дахин дайрж чулуу шидэх гэж байхаар нь авсан юм. Тэгээд тэр хоёр Булган сумын Засаг даргын Тамгын газарт орж Н.А даргын өрөөнд хэрэлдээд байсан.

 ....А эрэгтэй эмэгтэй хоёр хүнтэй таараад уулзаад үлдсэн би зөрж яваад ард хүн хашгирахаар нь эргээд хартал А нөгөө таарсан хүнтэйгээ ноцолдоод байж байсан тэгээд эргэж очоод салгасан Батчулуун гэх хүн А луу дайраад хэл үгээр доромжлоод чулуу бариад байсан тэгээд салаад хоорондоо хэрэлдээд Аын өрөөнд орж ирсэн өрөөнд нь ирээд бас л хэрэлдээд байсан. Би тэгээд яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 17, 27 хуудас/,

Гэрч Г.Энхжаргалын өгсөн:2017 оны 8 дугаар сарын 29-ны өдөр 12 цагийн үед би нөхрийн хамт Хунтайж рестораны хажуугаар явж байтал 3 дугаар багийн Засаг дарга Н.А тааралдахаар нь “би А даргаа гудамжны зах талдаа байгаа айлуудад хогны сав тарааж өгсөн гэсэн манайд хогны сав өгөхгүй юм уу гэж асуутал” за мэдэж байна гэж хэлэхээр нь манай нөхөр “чи дарга хүн байж ямар харьцаа муутай юм” гэж хэлтэл чи юу гээд байгаа юм гээд шууд шанаан тус газар цохисон. Тэгээд дахин нүүрэн хэсэгт цохиж унагааж том чулуу авч чамайг алчий гээд дайрахад Чамбуу гэх залуу чулууг нь булааж авсан. Тэгтэл манай нөхөр хөлөөрөө Аын хөл рүү нь өшиглөсөн. Тэгээд тэр хоёр Булган сумын Засаг даргын Тамгын газарт Аын өрөөнд орж хэрэлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,

Гэрч М.Чинбуугийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 29-ны өдөр амарч байсан санагдаж байна. Ингээд эхнэрийн хамтаар Булган аймгийн төвд сүүдэр царам зах дээр байж байсан юм. Тэгээд байж байтал Булган сумын 3 дугаар багийн Засаг дарга А, 4 дүгээр багийн Засаг дарга Мөнхбат гэх хүний хамтаар ирээд “агаа та манай албан өрөө рүү очоод ажлын талаар уулзаадахаач” гэсэн. Тэгээд А, Мөнхбатын хамтаар явж байтал Хунтайж нэртэй рестораны гадна бид хэдтэй Баяа буюу Батчулуун эхнэртэйгээ хамт явж таарсан. Тэгээд сайн уу гээд мэнд мэдсэн. Би Мөнхбатын хамтаар Булган сумын Засаг даргын Тамгын газар руу явж байтал А ирээгүй, дуу чимээ гарсан. Ингээд эргээд хартал А, Баяа буюу Батчулуунтай хоорондоо барьцалдаад авчихсан зодолдсон байдалтай зогсож байсан. Ингээд А Батчулууныг аваад өрөөндөө дагуулаад орсон. Өрөөнд ороод бас хэрүүл маргаан болсон гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №266 дугаартай дүгнэлтэнд: Н.Батчулууны биед зүүн доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-29 хуудас/,

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.А нь: 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг нутаг “Хунтайж” нэртэй рестораны гадна иргэн Батчулууныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн, өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байна.   

Хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.  

Иймд шүүгдэгч Н.А нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А нь хохирогч Н.Батчулуунд 100.000 төгрөг төлсөн болохыг хэн аль нь маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч шөнө хамар байнга  битүүрч, унтаж чадахгүй байгаа, байнга өвчин намдаах эм хэрэглэж байгаа гэж мэдүүлж байгаа хэдийч эмчилгээтэй холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.   

Шүүгдэгч Н.Ат ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Ж овогт Н.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  4. Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогчид 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг төлсөн, хохирогч эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

  5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН