Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 43

 

 

Н.А.т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 132/2017/0153/Э

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                   Н.А  

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                           П.Ган-Очир

            Хохирогч                                                   Н.Б

            Гэрч                                                           Г.Э

            Нарийн бичгийн дарга                             Н.Батзаяа нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолтой Н.А.т холбогдох, 1715001260056 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.Б.ы давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ж овогт Н А.

   Н.А нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр  Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг “Хунтайж” нэртэй рестораны гадаа иргэн Н.Б.ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор: Ж овогт Н А.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,   

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогчид 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг төлсөн, хохирогч эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж,

 Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Н.Б давж заалдах гомдолдоо:

... би 3 дугаар багийн засаг дарга Н.А.т хогийн сав нэхсэний улмаас зодуулж хамар гэмтэж муруйж, хацрын мах тасарч 1 шүд хөдөлж зөөлөн эдийн бяцралттай гэж гэмтлийн зэрэг тогтоогдсон. Энэ хугацаанд цагдаад мэдүүлсэн боловч 4 байцаагчаар дамжиж 2 сар гаруй болж тасарсан боловч 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хурал болж Н.А нь 450.000 төгрөгөөр торгуулаад гарч байна.

 Шүүгч Ж.Дэлгэрмөрөн нь хохирогчийг үг хэлүүлсэнгүй хохирогчийн гэрчийг хөөж гаргаад яллагдагч Н.А нь 100% бүрэн эрхтэйгээр энэ хурал боллоо. Н.А нь хуулийн өмнө худал хэлж хохирогч намайг зодоогүй хэмээн гүтгэж мотоциклийн аваарт орсон гэж ор үндэсгүй гүтгэлэг хийж шүүхийн өмнө худал мэдүүлэг өгсөн.

Өмгөөлөгч П.Ган-Очир нь /иргэн хүнээ зодох нь зөв дарга хүний өөдөөс юм хэлэх эрхгүй, чамайг зодох эрхтэй/ гэж хэллээ. Н.Б би хэрэгтэн хүн шиг ярих эрхгүй, дуугарах эрхгүй байж байгаад энэ хурал дууслаа. Миний бие төрөлхийн өвчтэй эмнэлгийн хяналтанд байдаг.

 Н.А нь 70 хүрч яваа ээжийг минь утасны цаанаас доромжилж даапаалж инээж байсан. Төрийн хүн байж ямар ч ёс зүйгүй нэгэн болно. Шүүгч Ж.Дэлгэрмөрөн нь Н.А.тай шүүх хурал болохоос өмнө уулзаж учирч байсан. Улсын шүүхийн хуулийн тангараг өргөсөн шүүгч байж хохирогчтой ялтан шиг харьцсан зэргийг та бүхэнд мэдүүлж байна. Хэрэг бүртгэлийн цагдаа нар нь бичсэн мэдүүлгийн хохирогчийн мэдүүлгийн гол хэлсэн бүхнийг хассан. Жишээ нь хацрын мах тасарсанг, шалбарсан хэмээн бичжээ. Шүүгч Ж.Дэлгэрмөрөн нь шүүх хурал дээр дуугарвал 100.000 төгрөгөөр торгоно, түүнээс дээш хэмжээгээр торгууль бичнэ гэж зандарч байсан.

Н.А нь төрийн албан хаагч байж иргэн хүнээ элдвээр доромжилж заналхийлдэг нэгэн юм. Жишээлбэл: өрөөн дотроо цустай минь хольж хаячихаад чирч ороод /2 нүдийг чинь ухна шүү гуйлгачин минь/ гэж бал бариад дайрч байсан.

Төрсөн дүүтэйгээ 2017 оны 08 сарын ихээр явж байтал хар баарнаас шал согтуу гарч ирээд ганц юмны мөнгө өг, архины мөнгө нэхэж өгсөнгүй гэж харааж зүхэж байсан юм. Түүгээр ч барахгүй шүүх хуралд худал гэрчээс мэдүүлэг өгсөн байсан.

Өөрийн ажилчин Чинбатыг худал мэдүүлэг өгүүлж иргэн Ч нь үнэн зөвөөр хэлбэл би ажилгүй болно гэдгээ эхнэр бид 2-т хэлж байсан юм. Шүүгч Дэлгэрмөрөн нь үнэн зөвөөр нь шүүж өгсөнгүй, Н.А.ын толгойг илээд явуулсантай адил боллоо. Монгол улсын хууль замхарчихаагүй л юм бол шүүгч Дэлгэрмөрөнгөөс “яагаад” гэдгийг асууж тодруулмаар байна.

Дээрхи байдлыг сонссон миний гэр бүл, үр хүүхэд, эцэг, эх маш их гомдолтой байна. Худал хуурамчаар шүүн тасалсан 2017оны 11 дүгээр сарын 17-ны шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй үгүйсгэж байгаагаа тодорхойлж байна. Дээрхи хэргийн үнэн зөвийг олж өгөхгүй бол цаашид шантрахгүй явах болно. Төрийн хуулиа дээдэлж үнэнч шударгаар шүүж өгч тусална уу. Би гомдолтой байна… гэжээ.     

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир гаргасан тайлбартаа:

…Иргэн Н.Б.ы гомдолтой танилцлаа. Анхан шатны шүүх хурал номын дагуу явагдаж шүүгдэгч, хохирогч нарын хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй. Хохирогч болон түүний эхнэр гэрч Э нар нь шүүх хурлын дэг зөрчин хурлын заалнаас чөлөөлөгдсөн болно ... Хохирогч Н.Б нь багийн дарга Н.А.ыг өөрийнх нь ажил үүрэгтэй холбогдуулж хогийн сав тавьж өгсөнгүй гэж хэрүүл маргаан гудамж талбай болон төрийн байгууллагын гадна болон дотор орж танхайрсан үйлдэл хийсэн байдаг.

 Н.А.ыг шүүх эмнэлгийн хөнгөн зэргийн гэмтэл гаргаснаар буруутгаж нэг талыг барьсан прокурорын дүгнэлтээр асуудлыг шийдсэн боломжгүй байна. Хохирогчийн гэм буруутай, үйлдэл тодорхой, байгаа учир Н.А.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү … гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ:

 … Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.А нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 12-13 цагийн орчим Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хунтайж” рестораны гадна иргэн Н.Б.ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж үзвэл :

            Н.А.т холбогдох эрүүгийн хэрэгт нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдоогүй, мэдүүлгүүд нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж болохуйц зөрүүтэй байхад анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, түүнд ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна гэж үзлээ.

Тухайлбал: Хохирогч Н.Б 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлэхдээ …намайг цохиод байхаар нь 2-3 удаа А.ыг өшиглөсөн…,гэсэн /хх 13/, …дайраад барьцалдаад нэг нэгнийгээ өшиглөөд байж байхад Ч бид хоёрыг салгасан… гэсэн /хх 15/,

гэрч О.М …эргэж хартал Б нь А.ыг өшиглөх гээд хөөж байсан..., Тэгэхээр нь би очоод салгах гэтэл Б нь А.ыг цамцнаас нь зуурч боогоод байхаар нь би болиулахад Б дахин дайрч чулуу шидэх гээд байхаар нь авсан..., Тэгээд өрөөнд нь хэрэлдээд байсан…, Хоёроос гурван удаа А.ыг гуяны хэсэгт нь өшиглөж байсан..., Мөн улсын мөнгө хууль бусаар идэж уусан гэх зэргээр доромжлоод байсан … гэсэн мэдүүлгүүд, /хх 17, 27/,

  гэрч Г.Э …Тэгтэл манай нөхөр хөлөөрөө А.ын хөл рүү нь өшиглөсөн…, өрөөнд  нь орж хэрэлдсэн… гэсэн, /хх 18/,

 гэрч М.Ч.гийн … эргээд хартал А, Б.тай хоорондоо барьцалдаад авчихсан зодолдсон байдалтай зогсож байсан…, өрөөнд ороод бас хэрүүл маргаан болсон…, гэсэн мэдүүлэг,

 мөн шүүгдэгч Н.А.ын  …Б нь над руу орилоод цохих гээд байхаар нь би түлхтэл хойшоо унаад босож ирээд над руу дайраад байсан юм..., Тэгээд намайг өшиглөөд байхаар нь би гараараа хаасан… гэсэн, /хх 16/,

…бид хоёр барьцалдаад зууралдаж ноцолдсон Б намайг доогуураа өшиглөөд байсан…, Би албаар цохисон асуудал байхгүй…, тухайн үед миний зүүн гар нилээн өвчтэй болсон байсан…, баруун өвдөгний дээд талд хөхөрсөн байсан…, би эмчилгээ хийлгэмээр байна гээд надаас 500.000 төгрөг нэхсэн… /хх 34/ гэсэн мэдүүлгүүдээс үзвэл

хохирогчоор тогтоогдсон Н.Б.ы үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэх, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинж байгаа эсэхийг шалгах, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг нарийвчлан тогтоолгох шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ..

Иймд хохирогч Н.Б.ы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хохирогч Н.Б.ы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.А.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

       

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ё.БЯМБАЦЭРЭН                                    

 

         ШҮҮГЧИД                                                             Ц.ТУЯА     

                                                                                  

                                                                                       С.УРАНЧИМЭГ