Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 01892

 

 

 

 

 

 

 

 

 

Э.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг, даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01734 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.М-ийн хариуцагч О ХХК-д холбогдуулан О ХХК-ийн Гүний уурхайн захирлын 2020 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн Б267 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Э.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ө,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О ХХК-ийн Гүний уурхайн төслийн захирлын 2020 оны 02-р сарын 10-ны өдрийн №Б 267 дугаар тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 6-р сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Ээлжийн амралтын олгох заавар-ын 15 дугаар зүйлийн 15а-г үндэслэн Э.М надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгахгүй болсон үндэслэлээр 2020 оны 02 сарын 14-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн тушаалыг зөвшөөрөхгүй. Үүнээс өмнө О ХХК-ийн гүний уурхайн захирлын 2019 оны 8 сарын 16-ны өдрийн №HR/4206 тоот тушаалаар сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байсан бөгөөд миний бие шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Шүүхээс миний нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хамгийн сүүлд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хэрэг маргааныг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2058 дугаартай магадлал гаргасан болно. Магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулан намайг О ХХК-ийн гүний уурхайн богино хугацааны төлөвлөлтийн техникчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 23 077 200 төгрөг хариуцагч О ХХК-иас гаргуулан надад олгохоор шийдвэрлэсэн. Магадлалын дагуу О ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Гүний уурхайн захирлын №Б69 тоот тушаал гаргаж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан өмнөх тушаалаа хүчингүй болгож намайг тушаал гарсан өдрөөс эхлэн гүний уурхайн Техник Үйлчилгээний хэлтсийн Богино хугацааны төлөвлөлтийн техникчийн ажилд эгүүлэн тогтоосон юм. Тушаал гаргаж ажилд эгүүлэн тогтоосноосоо хойш намайг ажил хийлгэхгүй, уурхай руу явуулахгүй, ажлын байрны буюу албан тушаалын чиг үүргээр хангахгүй байсан тул миний бие шүүхийн шийдвэрийг биелүүлж өмнөх ажилд эгүүлэн тогтоохоос гадна ажиллах боломжоор хангахыг удаа дараа шаардсаны эцэст 2020 оны 02 дугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Шангрила оффист ажиллуулсан болгоод мөн өдрөө 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгахгүй болсон гэх үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буйгаа мэдэгдэн №Б267 тоот тушаал гардуулж өгсөн. Миний ажлын байр нь чиг үүргийн дагуу Гүний уурхайн бүтээн байгуулалтын төсөл дуусаад Гүний уурхайн ашиглалт эхлэх гэж буйтай холбогдон байнгын ажлын байр болох байсан бөгөөд энэ нь ч компанийн ажлын байрны цаашдын төлөвлөгөө, чиг хандлагад тусгагдсан. Гэтэл О ХХК-ийн захиргааны зүгээс намайг ажилд эгүүлэн авч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр эсгээд ажиллах хөдөлмөрлөх боломж бололцоогоор хангалгүйгээр дахин үндэслэлгүйгээр тушаал гарган халсан явдалд гомдолтой байна. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд цаашид сунгах асуудлыг гэрээний нэг тал болох ажилтантай харилцан тохиролцолгүйгээр нэг талын санаачлагаар цуцалж, миний хөдөлмөрлөх эрхэнд дахин ноцтойгоор халдаж байгаа нь О ХХК нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг, Монгол улсын хууль тогтоомжийг үл хайхардаг болохыг нотолж байна гэж нэхэмжлэгчийн хувьд дүгнэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Иймд О ХХК-ийн Гүний уурхайн захирлын 2020 оны 02-р сарын 10 ны өдрийн №Б267 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг О ХХК-иас гаргуулж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж зааснаар нэхэмжлэгч Э.М-тэй хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан байсан. Хариуцагч О ХХК-ний зүгээс нэхэмжлэгч Э.М-т 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацааг цаашид сунгагдахгүй болсныг мэдэгдсэн улмаар Э.М-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

О ХХК-ний гүний уурхайн захирлын 2019 оны 08 дугаар сарын 16-ны №HR/4206 тоот тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар 09-ний өдрийн 2058 дугаартай магадлалаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Э.М-ийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажиллаагүй хугацааны цалин хөлсийг олгосон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаан дахь цалин хөлсийг бүгдийг нь олгосон болно.

Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцон хугацаатай байгуулсан тул гэрээний хугацаа дуусаж дахин сунгах боломжгүй гэдгээ ажилтанд хуульд заасан хугацаанд мэдэгдэн ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгч Э.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар О ХХК-д холбогдох О ХХК-ний Гүний уурхайн захирлын 2020 оны 02 сарын 10-ний өдрийн Б267 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Э.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.М нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцээгүй байна. О ХХК нь 40, цаашилбал 50 түүнээс илүү жил үргэлжлэх ашигт малтмалын гүний уурхайн энэхүү төсөл дээрээ Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчин чухам ямар учраас хугацаатай хөдөлмөрийн гэрээг ажилтнуудтайгаа байгуулж ирсэн талаараа үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй болно. Мөн нэхэмжлэгчийн хувьд О ХХК-ийн Гүний уурхайн техникийн хэлтсийн буюу түүний харьяалагдаж байсан нэгжийн 50 орчим ажилтнуудаас “...зөвхөн миний хөдөлмөрийн гэрээг хугацаа дууссан гэж цуцлаад, бусад ажилтнуудынх нь гэрээг 2020 оны 10 дугаар сарын 30 хүртэл сунгаснаас харахад шүүхийн шийдвэрийг биелүүлж намайг ажилд эгүүлэн авсан дүр эсгээд ажлаас үндэслэлгүй халсан” гэж тайлбарлан мэтгэлцсэнийг хариуцагчийн зүгээс үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй болно. Хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой хэргийн үйл баримт байсаар байтал анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй боллоо гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байнгын ажлын байр, хөдөлмөрийн хугацаатай гэрээтэй холбоотой үйл баримтыг тогтоохын тулд О ХХК нь байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж байгаа нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, хугацаатай байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнүүд автоматаар сунгагдсан эсэх зэрэг асуудлаар хариуцагч үнэн зөв нотлох баримт гарган мэтгэлцэх боломжгүй тул хөндлөнгийн шинжээч томилон шинжилгээ хийлгэх хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан боловч шүүх энэ хүсэлтийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн болно. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.7-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болох бөгөөд мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5-д заасан үндэслэлд хамаарна. Тодруулбал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал”-ын талаарх Зөвлөмжийн д/ хэсэгт заасан “...Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор байгуулахад, ...тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд ,...байгуулах”-д шүүх анхаарах тухай зөвлөмжийг анхаараагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167 1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.1, 168.1.7, 168.3-д тус тус заасны дагуу хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэснээр байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч О ХХК-д холбогдуулан тус компанийн гүний уурхайн захирлын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б267 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч О ХХК-ийн гүний уурхайн төслийн захирлын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн HR 3140/17, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн HR 3795 дугаартай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тус компанийн уурхай-техникийн үйлчилгээний хэлтэст богино хугацааны уурхайн төлөвлөлтийн техникчээр ажиллаж байгаад ажил олгогчийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн HR 4206 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Э.М нь уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж Нийслэлийн Иргэний хэргийн даж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2058 дугаар магадлалаар нэхэмжлэгчийг О ХХК-ийн богино хугацааны уурхайн төлөвлөлтийн техникчийн ажилд эгүүлэн тогтоосон. Ажил олгогч нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б69 дугаар тушаалаар шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон талаар талуудын хэн аль нь маргаагүй.

 

Харин ажил олгогч нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж, цаашид сунгахгүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь дахин чөлөөлжээ.  Хэргийн 33-38 дугаар талд хөдөлмөрийн гэрээ авагдсан байх ба уг гэрээгээр Оюу толгой ХХК нь Э.М-ийг богино хугацааны уурхайн төлөвлөлтийн техникчийн албан тушаалд 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар туршилтын журмаар ажиллуулж байгаад уг хугацааг дуусмагц хөдөлмөрийн гэрээг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл талууд тохиролцон сунгасан  үйл баримт тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, мөн хуулийн 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулахаар зохцуулагджээ.

 

Дээрх хөдөлмөрийн гэрээнд талууд 2019 оны 6 дугаарын 11-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан болох нь хэргийн 39-40 дүгээр тал дах тушаал, хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэх баримтаар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нь “хариуцагч байнгын ажлын байранд надаас гадна гүний уурхайн төслийн бүх ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулдаг” гэж тайлбарлах боловч хэрэгт энэ талаар баримтгүй.

Хэргийн 101-103 дугаар тал дахь О ХХК-ийн гүний уурхайн бүтэц, зохион байгуулалтыг батлах тухай  тушаалын хавсралтаас үзэхэд уурхай техникийн үйлчилгээний хэлтсийн богино хугацааны уурхайн төлөвлөлтийн техникчийн ажлын байр нь байнгын бус гэрээт ажил болох нь тогтоогдож байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Талууд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны онцлог болон бизнесийн үйл ажиллагааны хэрэгцээ, шаардлагыг харгалзан гэрээг хугацаатай байгуулж, улмаар гэрээнд заасан хугацаа дууссанаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцласныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд ажил олгогчийн ажилтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасантай нийцсэн, шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Нэхэмжлэгчийн “шүүх байнгын ажлын байр, хөдөлмөрийн хугацаатай гэрээтэй холбоотой үйл баримтыг тогтоохын тулд шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй. Учир нь ажил олгогч хөдөлмөрийн гэрээг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр байнгын бус гэрээт ажлын байран дээр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, эрх зүйн асуудлаар шинжээч дүгнэлт гаргаагүй тул уг хүсэлт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01734 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Д.НЯМБАЗАР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ