Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

          улсын яллагч Ш.Алтанцэцэг,

          хохирогч Б.Мөнхцэцэг,

          шүүгдэгч Н.Баяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хар адуу овогт Намсрайн Баяндэлгэрт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706021810105  дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл хотод 1973 оны 05 дугаар сарын 01-ний өдөр  төрсөн, 44 настай, эрэгтэй,  халх, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ “Нарантуул” ОУХТөв  дээр хувиараа  биллиард ажиллуулдаг  байсан,  ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт,  Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 25-р байрны 63 тоотод оршин суух хаягтай,  ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Хар адуу овогт Намсрайн Баяндэлгэрт /РД:ИЛ73050115/.

           Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

         Н.Баяндэлгэр нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нарантуул” ОУХТ-ийн зүүн хаалганы орчим микро автобусанд суулгасангүй гэж маргалдан иргэн Б.Мөнхцэцэгийн гарыг өшиглөж хугалан эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Баяндэлгэр мэдүүлэхдээ:Хэргийнхээ талаар ярих зүйл байхгүй  гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнхцэцэг мэдүүлэхдээ: Миний хувьд  эрүүл  мэндээр хохирсон тул гомдолтой байна. Эмчилгээний  зардал 294.000 төгрөгийг нэхэмжилж байна.  Би хувиараа тээвэр, үйлчилгээ эрхлэгчдийн  “Бичил-Аян” эздийн хоршоонд  микро автомашины жолоочоор ажиллаж байхдаа өдөр бүр 70.000 төгрөгийн  орлоготой байсан ба 2017 оны 09 дүгээр сард   Буяндэлгэрт зодуулсны улмаас  ажлаа хийж чадахгүй  байгаа тул  ажилгүй байсан хугацааны цалин орлогод  1.000.000 төгрөгийг  нэхэмжилж байна гэв.

            Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах  болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Мөнхцэцэгийн:.. Би Нарантуул, Шархад чиглэлд микроавтобус барьдаг юм. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цаг 30 минутын үед “Нарантуул” захын зүүн талын хаалган дээр хүн авах гээд зогсож байсан юм. Тэгэхэд “Нарантуул” зах дээр билльярд ажиллуулдаг танил Баяндэлгэр гэгч согтуу байдалтай агсраад зүгээр явж байгаа хүн болгон руу орилоод дайраад яваад байсан. Баяндэлгэр гэгч миний урд талын микро автобусанд суух гэхэд тэр микро нь Баяндэлгэрийг согтуу агсан тавиад байсан болохоор нь авахгүй яваад өгсөн юм. Тэгэхээр нь би өөрийнхөө микрог урагшуулж байрлуулчихаад ар талын гүйдэг хаалгыг онгойлготол Баяндэлгэр ирээд шууд миний баруун талын гар луу өшиглөчихсөн. Тэгэхээр нь би “чи хувхай архичин минь яваад өг” гээд өгзөг рүү нь өшиглөтөл Баяндэлгэр миний микроавтобусны урд салхины шилэн дээр цохьсон. Миний гарыг заавал хадах шаардлагатай гэсэн. Гарыг хадах эмчилгээний зардал нь 570.000 төгрөг болно гэсэн. Мөн рентгэн зураг 80.000 төгрөгөөр авахуулсан. Өвчин намдаах эм тарианд 45.000 төгрөг зарцуулсан. Баяндэлгэр харин томографын зурагны төлбөрийг төлж өгсөн байгаа. Эдгээр зардлыг Баяндэлгэрээс нэхэмжилж байна.   гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/

             Мөрдөн байцаалтанд гэрч Л.Отгонбаатарын:..Би Нарантуул зах, Шархад чиглэлийн хооронд микро автобусаар тээвэр хийдэг юм. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Нарантуул” зах дээр микро автобустайгаа явах ээлжээ хүлээгээд зогсож байхад зүс таних залуу согтуу байдалтай Шархадны микро автобусанд сууна гээд яваад байсан. Микроавтобусны жолооч нар ер нь согтуу хүн авдаггүй бөгөөд  согтуу ыжолооч нар согтуу зорчигчийг тэр бүр аваад байдаггүй юм. Тэр залуу маү согтуу байсан бөгөөд зорчигчоо суулгаад явах гэж байсан микроавтобуснууд суулгахгүй гэхэд сууна гээд хэрүүл хийгээд агсам тавиад зорчигч нарлуу хүртэл хэл амаар доромжлоод байсан. Тэгэхэд Мөнхцэцэг эгч миний урьд талд оочирлоод зогсож байсан юм. Тэгээд мөнхцэцэцэг эгчийн микро автобус хүнээ авах ээлж нь ирэхэд Мөнхцэцэг эгч заалныхаа хаалгыг хойш нь онгойлгоход нөгөө согтуу залуу гарлуу нь өшиглөхөөр нь би очоод тэр залууг барьж аваад захын зүүн хаалга орчим руу явуулсан. Тэгэхэд Мөнхцэцэг эгч гар эвгүй болчихлоо гэж байсан бөгөөд  тэр өдрөө дахиж зах дээр ирэхгүй болохоор нь утасдаж та яачихваа гэхэд  эгчийнх нь гар эвгүй болоод байхаар нь харьчихлаа гэж байсан. Маргааш нь Мөнхцэцэг эгчтэй уулзахад гараа гипсдүүлчихсэн байсан бөгөөд эмнэлэгт үзүүлсэн чинь хугарсан байна гэж байна гэж хэлсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/

          Мөрдөн байцаалтанд гэрч Л.Байгалмаагийн:.. Би “Нарантуул” зах дээр микро автобусаар тээвэр хйидэг юм. 2017 оны 09 дүгээр  сарын 18 ны өдрийн хэдэн цагийг нь сайн санахгүй байна. “Нарантуул” захын зүүн хаалган дээр микро автобусандаа зорчигч аваад байж байтал зүс таних олон жил Улаанхуаран зах 2-ын хооронд манай микрогоор явж байсан захын наймаачин залууг хоёр талаас нь хоёр залуу сугадаад авч ирээд миний микроавтобусанд суулгах гэсэн юм. Тэгэхэд тэр наймаачин залуу нилээн согсон байсан бөгөөд би авч ирсэн хоёр залууд нь хандан ийм согтуу хүнийг ганцааранг нь авч явахгүй ээ,  наадах чинь хүмүүстэй хэрэлдэнэ, нус, цэрээ хаяна, буух газраа буухгүй унтчихвал яах юм бэ, харгалзах хүнгүйгээр авахгүй гэхэд согтуу залуу над руу уурлаад микрогийн муу сайн пизда нар хэзээ ийм болчихсон юм бэ, миний төрсөн өдөр болоод архи уусан юм, би хүүхдээ цэцэрлэгээс авна, манай эхнэртэй утсаар ярь, гэх зэргээр уурлаад миний нүүр лүү цохих гээд хоёр, гурван удаа гараа далайсан.  Би тухайн үед нүдний шилтэй байсан бөгөөд нүүр лүү цохьчих бий гээд  микрогийнхээ хаалгыг хаагаад яваад өгсөн юм. Миний ар талд Мөнхцэцэг өөрийнхөө микроавтобустай оочирлоод үлдсэн бөгөөд дараагийн рейсэн дээр Мөнхцэцэгтэй уулзахад гар нь хавдаад улайчихсан байсан бөгөөд түрүүний согтуу залуу миний гар луу өшиглөчихсөн чинь гэмтчихлээ, янгинаж өвдөөд байна гэсэн. Тэгээд Мөнхцэцэг бид хоёр эмийн сангаас барын зурагтай наалт авч гар дээр нь наасан юм. Маргааш өглөө нь Мөнхцэцэг над руу залгаад хөгшин нь гэмтэл дээр байна, гар хугарчихсан байна гэж хэлсэн.  Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Мөнхцэцэгийн гарыг хугалсан Баяндэлгэр гэгчтэй  захын биллярдан дээр очиж уулзахад Баяндэлгэр гэгч Мөнхцэцэг бид хоёрыг танихгүй, юугаач санахгүй байсан. Хоёр залуугаар хүргүүлж ирснээ ч санахгүй байсан. /хх-ийн 11-12-р тал/

           Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9  дүгээр сарын 28-ны өдрийн 12055 тоот дүгнэлтэнд:

          1. Б.Мөнхцэцэгийн  биед баруун гарын алганы 5-р ясны суурь хэсгийн бугуйн жижиг яс дэгээ ястай үелэх хэсгийг дайрсан шаантагласан хугарал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  нэг удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байна.  

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр  зэрэгт хамаарна.

          4. Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          гэх дүгнэлт. шинжээч эмч Ө.Сарангэрэл /хх-ийн 18-р тал/                  

          -Хохирлын баримтуудыг /хх-ийн 53-55-р/ тал   зэрэг  нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

         Хэрэгт цугларсан  хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэхэд Н.Баяндэлгэр нь согтуугаар  2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нарантуул” ОУХТ-ийн зүүн хаалганы орчим микро автобусанд суулгасангүй гэж  иргэн Б.Мөнхцэцэгийн гарыг өшиглөж хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол  учруулсан үйл баримт болсон байна.

 

        Шүүгдэгч Н.Баяндэлгэр нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нарантуул” ОУХТ-ийн зүүн хаалганы орчим микро автобусанд суулгасангүй гэж маргалдан иргэн Б.Мөнхцэцэгийн гарыг өшиглөж хугалан  эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон гэрчүүдийн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт  зэрэг  бичгийн   нотлох  баримтуудаар  тогтоогдож  байх тул  гэм буруутайд тооцох  үндэстэй байна.

         Баянзүрх дүүргийн Прокуророос Н.Баяндэлгэрийн гэм буруугийн  үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  шүүхэд  ирүүлсэн байна.

         Шүүгдэгч Н.Баяндэлгэрийн  нь бусдын  эрх  чөлөөнд  халдаж, хүний  эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол  учруулсан гэм  буруугийн санаатай  үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн  шинжийг бүрэн агуулж байна.

         Иймд Прокуророос  шүүгдэгч  Н.Баяндэлгэрийн  гэм  буруугийн үйлдлийг  зүйлчилсэн  хуулийн зүйл, хэсгийг тохирсон ,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаг хүлээлгэх үндэстэй байна. 

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Баяндэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй байна.

         Шүүгдэгч Н.Баяндэлгэр хохирогч  Б.Мөнхцэцэгт  хохиролд  120.000+200.000 =320.000 / гурван  зуун  хорин мянган/ төгрөгийг хүлээлгэн  өгсөн байна. /хх-ийн 30- 31-р тал/

         Хохирогч  Б.Мөнхцэцэг нь эмчилгээний  зардалд ирүүлсэн  баримт  280.000 +120.000+30.000+8000+2000+81.800+52.000=573.800 төгрөг болж байгаагаас шүүгдэгч Н.Баяндэлгэрийн өгсөн 320.000 төгрөгийг хасч тооцоход 253.800  төгрөгийг шүүгдэгч  Н.Баяндэлгэр хохирогч  Б.Мөнхцэцэгт төлөх  байсан  ба  Н. Баяндэлгэр  нь  хохирогч Б. Мөнхцэцэгт  250.000 төгрөгийг  төлсөн  үлдэгдэл 3800 төгрөгийг төлөөгүй   болох шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэгүүдээр тогтоогдож  байна./хх-ийн  17,32,33,53-55-ртал/

         Хохирогч  Б.Мөнхцэцэг нь шүүх хуралдааны шатанд  эмчилгээний  зардлын 214.000 төгрөгийн нотлох баримтыг ирүүлсэн байна. /хх-ийн 76-р тал/

         Хохирогч Б.Мөнхцэцэг нь ажилгүй байсан хугацааны орлого 1.000.000 төгргийг нэхэмжилж байна.

         Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д  гэм хор учруулах үед хохирогч цалин орлогогүй байсан бол  тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний эрхтэй  нөхөн төлбөр шаардах эрхтэй  гэж хуульчилжээ.

         Хохирогч  Б.Мөнхцэцэг  нь  хувиараа тээвэр, үйлчилгээ эрхлэгчдийн  “Бичил-Аян” эздийн хоршоонд  микро автомашины жолоочоор   ажиллаж   өдөр бүр 70.000 төгрөгийн  орлоготой байснаа  нотолсон нотлох  баримтаа  ирүүлээгүй боловч биеийн  эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учирсан нь нотлох баримтаар тогтоогдож байх тул Засгийн газрын тогтоолоор батлагдсан хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээ болох 240. 000 төгрөгийг  4-н сарын хугацаагаар тооцож хохирогчид ажилгүй  байсан хугацааны  орлого  960.000 төгрөгийг   гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй  гэж үзлээ.

         Иймд Н.Баяндэлгэрээс 960.000+3800+214.000=нийт 1.177.800 төгрөгийг  гаргуулж хохирогч Б.Мөнхцэцэгт олгох үндэстэй байна.

         Хохирогч Б.Мөнхцэцэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу  жич нэхэмжлэх эрхтэй болно.

         Шүүгдэгч Н.Баяндэлгэрт   эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйл, хэсэгт заасан  ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсонгүй.

Монгол  улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Хар адуу овогт Намсрайн Баяндэлгэрийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Намсрайн Баяндэлгэрийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Баяндэлгэрийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоосугай.  

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Баяндэлгэрт  оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

           5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Н.Баяндэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

         6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д  зааснаар Намсрайн Баяндэлгэрээс  1.177.800 / нэг сая  нэг зуун далан долоон мянга   найм зуун/ төгрөгийг хохирогч Бямбажавын Мөнхцэцэгт /РД:МВ77091400/  олгосугай.

         7. Хохирогч Б.Мөнхцэцэг  нь цаашид гарах эмчилгээний  зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу  жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

         8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Н.Баяндэлгэрт  урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           9. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.АЛТАНЦЭЦЭГ