Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 867

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Б т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор М.Эрдэнэзаяа,

          шүүгдэгч Н.Б ,

          хохирогч Б.М ,

          нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 614 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.М ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.Б т холбогдох 1706 0218 10105 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овгийн Н.Б, 1973 оны 5 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ “Нарантуул” Олон улсын худалдааны төв дээр биллиард ажиллуулдаг байсан гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 25 дугаар байрны 63 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ИЛ73050115/;

 

Н.Б  нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Нарантуул” Олон улсын худалдааны төвийн зүүн хаалганы орчим микро автобусанд суулгасангүй гэж маргалдан иргэн Б.М ийн гарыг өшиглөж хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Н.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Б ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б ийг 500.000 нэгж /таван зуун тавин/ буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б ийг 500.000 нэгж /таван зуун тавин/ буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Б т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Н.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Б ээс 253.800 төгрөгийг хохирогч Бямбажавын Мөнхцэцэгт /РД:МВ77091400/ олгож, хохирогч Б.М  нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.М  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн авч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Н.Б  нь шүүх хуралдаанд “надад учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны орлогыг чинь төлж, хохиролгүй болгож өгнө” гэсэн учир хохирлын баримтаа анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй болно. Гэтэл шүүх хуралдаан болсноос хойш нэг ч удаа ярихгүй, хохирол төлбөрөө төлөхгүй байгаа болно. Мөн Н.Б  нь өөрийнхөө гэм бурууг ойлгож гэмшсэн шинжгүй байгаа бөгөөд тухайн үед согтуугаар уг хэргийг үйлдсэн учир энэ хүнд оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн. Эрүүгийн хуульд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн заалтад тохирохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Н.Б т хорих ял оногдуулж өгнө үү.

Анхан шатны шүүхээс зөвхөн эм тарианы мөнгө болох 253.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин миний хувьд ажлаа хийж чадаагүй 50 хоногийн өдрийн 70.000 төгрөг буюу 3.500.000 төгрөг, мөн шүүх хуралдаанаас хойш эм тарианы зардал 257.000 төгрөг, нийт 3.750.000 төгрөг болж байгаа болно. Иймд хохирол төлбөрийг Н.Б ээс гаргуулж өгнө үү. Мөн Н.Б  нь зах дээр очиж надад 2.100.000 төгрөг өгсөн гэж худлаа хэлж, миний нэр төрд халдаж байгаа болно. Иймд маш их гомдолтой байна...” гэв.

 

Шүүгдэгч Н.Б  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол төлбөрт нийт 570.000 төгрөг төлсөн. Цаашид гарах зардлыг төлөх боломжгүй...” гэв.

 

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн тогтоолын тогтоох хэсэгт Н.Б ийг 500.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан гэж бичигдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 450 нэгжээс 5400 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байна. Иймд давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын дээрх хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Н.Б  нь хийсэн хэрэгтээ гэмшээгүй, хохирол төлбөрийг төлөөгүй байх тул ял шийтгэлийг хүндрүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилж өгсөн байна.

Анхан шатны шүүхээс Н.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа тоогоор “500.000 нэгжээр торгох” гэж хуулинд заагаагүй ял оногдуулсан, түүнчлэн үсгээр “таван зуун тавин мянга төгрөгөөр торгох” гэж ял оногдуулсан зэргээс үзэхэд хэдэн нэгжтэй тэнцэх, хэдэн төгрөгөөр торгох ял оногдуулсныг тодорхойлох боломжгүй, оногдуулсан ял шийтгэл нь тодорхойгүй, ойлгомжгүй байх ба давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх буюу түүнийг хэдэн нэгжтэй тэнцэх, хэдэн төгрөгөөр торгосныг тодорхойлох боломжгүй болгосон байна.

 

Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б ийг 500.000 /таван зуун тавин/ нэгж буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй”, 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б ийг 500.000 /таван зуун тавин/ нэгж буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоосугай” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Мөн анхан шатны шүүхээс Н.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох” ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэсэн хуулийн заалтыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иймд анхан шатны шүүх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчлийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Н.Б т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж тус шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болсонтой холбогдуулан тус шүүх хуралдаанаар хохирогч Б.М ийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцээгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 614 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Б т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ГАНСҮХ

 

                                      ШҮҮГЧИД                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ