Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 01857

 

 

 

 

 

 

 

 

 

М ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02343 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХК-ийн хариуцагч М ХХК, Р.А нарт холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэг болон бусад зардалд 22,883,815 төгрөг гаргуулах, түрээсийн талбайг чөлөөлөхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: .Т.Ө,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.И,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК-д түрээсийн гэрээ байгуулж, үйлдвэрлэлийн зориулалтаар түрээсээр ашиглуулж байна. Тодруулбал, талуудын хооронд 2016 оны 12 сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 95 м.кв талбайг 8000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 122 м.кв талбайг 8000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 100 м.кв талбайг 9500 төгрөгөөр төлбөр тооцож байгуулсан. Дээрх түрээсийн гэрээнүүдэд ашиглалтын зардал буюу цахилгаан, ус, дулаан, хогны зардлыг түрээслэгч хариуцахаар заасан. Хариуцагч нь өөрийн хариуцах түрээсийн төлбөр, цахилгаан, ус, дулаан, хогны ямар нэгэн үлдэгдэлгүй бүрэн төлж байгаагүй учир манай компани М ХХК-ийн ашигласан ашиглалтын зардлыг холбогдох байгууллагад хугацаанд нь төлж ирсэн. Хариуцагч өнөөдрийг хүртэл 58 219 375 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэйгээс 35 335 590 төгрөг төлсөн, 22 883 815 төгрөгийн үлдэгдэл байна. Хариуцагч нь 2017 оны 4 дүгээр сараас түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлын үлдэгдэл үүсгэж ирсэн бөгөөд тэдгээрээс гэрээнд заасны дагуу алданги тооцоход алданги 7 360 480 төгрөг болж байна. Манай компанийн зүгээс түрээс болон ашиглалтын зардлыг төлөх талаарх шаардлагыг хариуцагчид хандан удаа дараа гаргаж байсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, цахилгааныг нь хязгаарлуулах хүртэл арга хэмжээ авч байсан. Түрээслэгч нь түрээсийн төлбөр, ашиглалтын зардлаа бүрэн төлнө гэдэг байсан боловч 2019 оны 4 дүгээр сараас эхлэн түрээсийн талбайг цоожлон түрээсийн төлбөр төлөлгүй өдийг хүрээд байна. Хамгийн сүүлд буюу 2019 он гарсаар 3 сар орчим байж байгаад үйл ажиллагаа явуулаагүй, талбайгаа суллаж өгөхгүй алга болсон. Тэр талбай дотор тоног төхөөрөмж нь байж байдаг, бидэнд суллаад өгсөн бол дараагийн түрээслэгчээ оруулах боломжтой.  Хариуцагч тал 2 сарын хугацаанд 15 000 000 төгрөг төлбөл нэхэмжлэгчийн зүгээс эвлэрлэх боломжтой бусад байдлаар эвлэрэхгүй. Хариуцагчийн төлөөлөгч ерөөсөө л 7 183 000 төгрөгийн төлбөртэй гэж ярьж байгаа үндэслэлгүй. Энэ бол 2018 оны байдлаар гаргасан тооцоо юм. М ХХК-ийн захирал Р.А түрээсийн төлбөрийг зөвшөөрч албан бичиг ирүүлж байсан. Иймд түрээсийн төлбөр 15 000 000 төгрөг, ашиглалтын зардал 523 335 төгрөг, алданги 7 360 480 төгрөг, нийт 22 883 815 төгрөгийг М ХХК-аас гаргуулан манай компанид олгуулж, түрээсийн 100 м.кв талбайг чөлөөлөхийг М ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээслэгч, түрээслүүлэгчийн зүгээс хамгийн сүүлийн байдлаар тооцоо нийлэхэд үлдэгдэл төлбөр 7 183 000 төгрөг хэмээн 2 талаас тооцоо нийлсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс хэрхэн 15 000 000 төгрөгийг тооцоолсон нь ойлгомжгүй. Хариуцагчийн зүгээс 1 сарын хугацаанд 10 000 000 төгрөг мөн түүн дээр ашиглалтын зардал гэж байгаа 523 335 төгрөг бүгд 10 523 335 төгрөгийг төлөх байдлаар эвлэрч болно, түүнээс илүү хэмжээгээр төлөх үндэслэлгүй, мөн төлбөр төлөх чадваргүй, компанийн санхүү хүндэрсэн. Харин Р.А ын хувьд энэ хэргийн хариуцагч биш болно. Мөн хамгийн сүүлийн буюу 3 дахь түрээсийн гэрээг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байгуулж, түүнээс хойш бичгээр гэрээ хийгээгүй тул алданги үүсэхгүй. Ерөөсөө эдгээр гурван түрээсийн гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус хэлцэл учир алданги шаардах эрхгүй. Харин түрээсийн талбайг чөлөөлөх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч М ХХК-аас 17 953 480 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 4 930 335 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, мөн хариуцагч Р.А-т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан, М ХХК-ийн нэхэмжлэлээс түрээсийн 100 м.кв талбай чөлөөлүүлэх шаардлагыг хариуцагч М ХХК хүлээн зөвшөөрснийг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273 000 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч хариуцагч М ХХК-аас 247 715 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна. Хариуцагчийн зүгээс маргааны гол зүйл болох үнийн дүнг хүлээн зөвшөөрөлгүй маргасан бөгөөд өөрийн татгалзаж буй татгалзлыг нотлох зорилгоор нэхэмжлэгчээс талуудын хооронд тооцоо нийлсэн акт, нэхэмжлэгчийн хариуцагчид хүргүүлж байсан 2018 он, 2019 оны нэхэмжлэх зэргийг өөрийн зүгээс олж авах боломжгүй байх тул шүүхийн журмаар нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлтийг өгсөн боловч шүүхээс хангаагүй нь хариуцагчийг хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Хэрэв нэхэмжлэгчээр уг баримтыг гаргуулсан тохиолдолд талуудын мэтгэлцэх хүрээ болон хариуцагч өөрийн татгалзаж буй татгалзлыг бүрэн нотлох боломжтой байсан. Хариуцагчийн өмгөөлөгч авах эрхийг хангаагүй байна. 2020 оны 6 дугаар сарын 29-ний шүүх хуралд хариуцагч Р.А нь өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтэй байгааг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлсэн боловч уг хүсэлтийг хангалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын түрээсийн төлбөр 15 000 000 төгрөг, алданги 1 953 480 төгрөг, ашиглалтын зардал 523 335 төгрөгийг хангах нь зүйтэй байна хэмээн дүгнэсэн боловч тогтоох хэсэгт хариуцагчаас нийт 17 953 480 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заасан үнийн дүн үндэслэх хэсэгт заасан үнийн дүн зөрж байх ба уг тооцооллын дагуу 15 000 000+1 953 480+523 335=17 476 815 төгрөг байх ёстой байсан боловч шийдвэрийн агуулга хоорондоо зөрүүтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийн ахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид маргааны зүйлийн талаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул талуудын эвлэрлийг баталж, хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан, түрээсийн гэрээний үүрэгт болон бусад зардалд 22 883 815 төгрөг гаргуулах, түрээсийн талбайг чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч М ХХК-аас 17 953 480 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 4 930 335 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, мөн хариуцагч Р.А-т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргасныг үндэслэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад талууд маргаж буй зүйлийн талаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ” байгуулсан байна. Уг гэрээнд хариуцагч нь 15 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулна. Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгч нь 15 000 000 төгрөгөөс илүү төлбөр нэхэмжлэхгүй бөгөөд үлдсэн төлбөрөөс татгалзаж байна. Талуудын эвлэрлийг баталснаар түрээсийн гэрээ дуусгавар болно. Түрээсийн талбайг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дотор чөлөөлнө. Хариуцагчийн тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчийн агуулахад хадгална. Хариуцагч 15 000 000 төгрөгийг төлсөн тохиолдолд тоног төхөөрөмжөө авч болно, тоног төхөөрөмжийг бусдад үзүүлэх зорилгоор нэхэмжлэгчийн агуулахад чөлөөтэй нэвтрүүлнэ” гэж харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 

 

Талууд дээрх нөхцлөөр эвлэрэн хэлэлцэж “Эвлэрлийн гэрээ” байгуулсан нь Иргэний хууль болон бусад хууль тогтоомж зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар маргаж буй зүйлийн талаар эвлэрэх эрхээ зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хэрэгжүүлэх боломжтой байдаг.

 

Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанаас талуудын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02343 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч М ХХК нь 15 000 000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч М ХК-д төлөх, 15 000 000 төгрөг төлөгдсөн тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчид тоног төхөөрөмжийг буцаан өгөх, нэхэмжлэгч нь үлдэх 7 883 815 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч нь түрээсийн талбайг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дотор чөлөөлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 247 718 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ