Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 01808

 

 

 

 

 

 

 

 

 

У

нийгэмлэгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00839 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У нийгэмлэгийн хариуцагч Г.Э-д холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 47 377 911 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Г.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч: Я.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Э нь 2014 оны 02 дугаар сарын 10-наас 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хангамжийн албаны орлогч дарга, даргаар ажиллах хугацаандаа Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А-145 тоот тушаалаар батлагдсан гэрээг байгуулах журмыг зөрчиж, Замын үнийн комиссоор хэлэлцүүлэлгүйгээр өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, зах зээлийн үнээс хэт өндөр үнээр бараа бүтээгдэхүүн худалдан авч 29 002 911 төгрөгийн, Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зүүнхараагийн ачааны вагон депод нийлүүлсэн хос дугуйны гүүшингийн тос чанарын шаардлага хангаагүйгаас 18 375 000 төгрөгийн, Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт нийт 47 377 911 төгрөгийн хохирол учруулсан байна. Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолд дурдсанаар Г.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон. Харин Г.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгуулахаар хүсэлт гаргасныг үндэслэн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээр дурдсан прокурорын тогтоолын 2 дахь хэсэгт яллагдагч Г.Э нь Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт 47 377 911 төгрөг төлөх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч эд хөрөнгийн маргаанаа иргэний журмаар шүүхээр нэхэмжлэх эрхтэйг дурдсугай гэсэн байна. Иймд хариуцагч Г.Э нь 2017 оноос хойш Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт төлөх ёстой 47 377 911 төгрөгийг сайн дураар төлөхгүй өнөөдрийг хүртсэн тул эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол 47 377 911 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 02 дугаар сарын 10-наас 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд орлогч дарга, даргаар ажиллаж байхдаа гэж дурджээ. Ажил үүргийн хуваарийн дагуу орлогч дарга гэрээ хийх, үнэ тогтоох эрх байхгүй. Дарга байхгүй үед орлогч дарга Үнийн комиссын ажлыг удирдаж хуралддаг байсан. Хангамжийн алба нь дотоодын болон гадаадын худалдан авалтыг яаралтайгаар хийх тохиолдолд тухайн албаны дарга болон хариуцсан замын орлогч даргын зөвшөөрсөн цохолтын дагуу хийдэг байсан. Орлогч болон даргаар ажиллаж байх үедээ тос болон тослох материалыг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авсан, чанаргүй тос авсан зүйл байхгүй. 2016, 2017 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байхад үндэслэлгүйгээр өндөр үнээр болон чанаргүй тос авч төмөр замд хохирол учруулсан гэх боловч тухайн үед Хангамжийн албаны даргаар ажиллаж байхдаа Үнийн комиссын хурлаар хэлэлцүүлэн өндөр үнэтэй байсан тос бусад материалын үнийг буулгаж худалдан авч байсан юм. Би үнийг нь зах зээлийн ханшаас доогуур авч байсан тул үнийн зөрүү гарах ёсгүй. Худалдан авсан тосоо одоо болтол хэрэглэж байгаа болох нь нэмж ирсэн баримтаар нотлогдож байна. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход зайлшгүй гэм буруугаа хүлээсэн байх, хохирлоо нөхөн төлсөн байхыг шаардаж байсан учраас тухайн үед хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд ийм хүсэлт гаргаж өгч байсан. Дараа нь ийм үр дагавар үүснэ гэдгийг тухайн үед мэдээгүй юм. Надад 47 377 911 төгрөгийн учруулсан хохирол байхгүй. Миний бие уг хэргийн дараа ажлаа хийж 3 жил болоод одоо тэтгэвэртээ гарсан. Санхүүд өглөг, авлага байхгүй гэсэн бичиг байгууллагаас өгсөний дагуу тэтгэвэртээ гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Э аас 47 377 911 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Э аас 394 840 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Г.Э ны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хүндэтгэн үзэлгүйгээр хэт нэг талыг барин шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны журмаар шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 тоот Прокурорын тогтоолыг үндэслэл болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоор Г.Э ыг “ гэрээ байгуулах журам зөрчиж “ УБТЗ ХНН-т 47 377 911 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн. Дээрх гэрээгээр нийлүүлэгдсэн бараа материалыг УБТЗ ХХН нь өөрийн хэрэгцээнд өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа ба шууд хохирол учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй юм гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч У нийгэмлэг нь хариуцагч Г.Э-д холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 47 377 911 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Г.Э нь нэхэмжлэгч У нийгэмлэгт 2014-2015 онд Хангамжийн албаны дарга, орлогч даргаар ажиллаж байхдаа Улаанбаатар Төмөр замын даргын 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А-146 дугаартай “Монгол Оросын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын гэрээ байгуулах журам”-ыг зөрчиж 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд “буксол” тосыг 16 390 080 төгрөгний илүү үнээр, ЛЗ-ЦНИЙ тосыг 12 612 831 төгрөгний илүү үнээр худалдан авсан, мөн чанарын шаардлага хангаагүй тос тосолгооны материал худалдан авснаас 7 торх ЛЗ-ЦНИЙ тос буюу 1 225 кг 18 375 000 төгрөгний тос ашиглалтад тэнцээгүй актлагдсан болох нь хэргийн 12-14 дүгээр тал дахь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 186 тоот шинжээчийн дүгнэлт, 15-19 дүгээр тал дахь Дотоод аудит хяналт шалгалтын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн тайлан, хэргийн 174-184 дүгээр тал дахь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/17 тоот техникийн комиссын акт, 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн техникийн комиссын акт зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

 

Хариуцагчийн дээрх үйлдэлд албаны эрх мэдлээ хэтрүүлж, хэт өндөр үнээр бараа материал худалдан авснаас нэхэмжлэгч байгууллагад 29 002 911 төгрөгийн, худалдан авсан ЛЗ-ЦНИЙ тосолгооны материал чанарын шаардлага хангахгүйн улмаас 18 375 000 төгрөгийн нийт 47 377 911 төгрөгний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байхад тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Нийслэлийн прокурорын газраас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу Прокурорын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 8 тоот  тогтоолоор Л.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-6-11/

 

Анхан шатны шүүх хариуцагч Г.Э ны Улаанбаатар Төмөр замын даргын 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А-146 дугаартай “Монгол Оросын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын гэрээ байгуулах журам”-ыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч байгууллагад хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой гэж зөв дүгнэжээ.

 

Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

 

Хариуцагч Г.Э нь “Улаанбаатар төмөр замын Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичигт “...Г.Э нь 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд ямар нэгэн өр авлага байхгүй” болохыг тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан боловч энэхүү баримт нь эрүүгийн хэрэгт учруулсан хохирлоос чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг үндэслэл болгосныг буруутгах боломжгүй байхаас гадна Өршөөлийн тухай хуульд хамрагдсан нөхцөл байдал нь гэм буруугийн хохирлыг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Хариуцагч нь чанарын шаардлагагүй хангахгүй гэж акталсан тосыг нэхэмжлэгч байгууллага хэрэглэж байгаа гэж маргасан байна.

 

Хэргийн 202 дугаар талд Улаанбаатар төмөр замын худалдан авалт, борлуулалтын албаны 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 16/241 тоот албан бичигт “...Зүүнхараа ачааны вагон депо нь худалдан авалт, борлуулалтын албаны Амгалан дах агуулахад 1225 кг буюу 7 торх тосыг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр буцаасан. Өнөөдрийн байдлаар худалдан авалт, борлуулалтын албаны агуулахад 875 кг буюу 5 торх ЛЗ-ЦНИЙ тосны үлдэгдэлтэй байгаа ба өнгөрсөн хугацаанд Төв засварын үйлдвэр болон Төмөр бетон дэрний үйлдвэр нь тус бүр нэг торх ЛЗ-ЦНИЙ тосыг авч ашигласан” гэсэн байна. /хх-202/

 

Дээрх баримтаар ЛЗ-ЦНИЙ 2 торх тосыг нэхэмжлэгч байгууллага ашигласан болох нь тогтоогдсон тул тухайн 2 торх тосны үнэ болох 5 250 000 төгрөгийг анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн дүнгээс хасч тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 42 127 911 төгрөг гаргуулах тухай хэсгийг хангаж, үлдэх 5 250 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00839 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “47 377 911” гэснийг “42 127 911” гэж,

2 дахь заалтын “394 840” гэснийг “368 589” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394 840 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.НЯМБАЗАР                                                                                   

                             ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

 

                                                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ