Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2022/00904

 

 2022           10            04                                         001/ХТ2022/00904

 

“УБТЗ” Монгол-Оросын хувь

нийлүүлсэн нийгэмлэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00839 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1808 дугаар магадлалтай,

“УБТЗ” М-О ХННийн нэхэмжлэлтэй

Г.Э холбогдох

Гэм хорын хохирол 47,377,911 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “УБТЗ” М-О ХНН нь Г.Э холбогдуулан гэм хорын хохирол 47,377,911 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00839 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Эаас 47.377.911 /дөчин долоон сая гурван зуун далан долоон мянга есөн зуун арван нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “УБТЗ” М-О ХННт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Эаас 394.840 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1808 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00839 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “47 377 911” гэснийг “42 127 911 гэж, 2 дахь заалтын “394 840” гэснийг “368 589” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394 840 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Я.Баярсайхан хяналтын гомдолдоо: ...Магадлалыг 2020.09.03-ны өдөр хүлээн аваад энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Анхан шат, давж заалдах журмаар шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Нийслэлийн прокурорын газрын 2017.01.11-ний өдрийн 08 тоот Прокурорын тогтоолыг үндэслэл болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоор Г.Эыг “гэрээ байгуулах журам зөрчиж УБТЗ ХНН-т 47,377,911 төгрөгний хохирол учруулсан гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд гэрээгээр нийлүүлэгдсэн чанарын шаардлага хангахгүй гэх ЛЗ-ЦНИИ тосноос УБТЗ ХХН нь өөрийн хэрэгцээнд 2 торхыг ашигласныг тогтоож төлбөрөөс хасаж шийдвэрлэсэн боловч үнийн комиссоор оруулж хамтын шийдвэрээр шийдвэрлэж худалдан авсан бараа материалын үнийг хэт өндөр үнээр буюу 29,002,911 төгрөгөөр авсан гэж Г.Э хамаатуулан төлбөр тавьсан асуудлын үндэслэлийг зөв тодорхойлохгүйгээр зөвхөн Прокурорын тогтоолд үндэслэн шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Иймд хэргийг зөвхөн Прокурорын тогтоолд үндэслэхгүйгээр тал бүрээс нь бүрэн хянан шийдвэрлүүлэхээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгч “УБТЗ” М-О ХНН нь хариуцагч Г.Э холбогдуулан гэм хорын хохирол 47,377,911 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь эрүүгийн гэмт хэрэг үйлдэж, байгууллагад дээрх хохирлыг учруулсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргаж, “...эрүүгийн журмаар хэргээ хэрэгсэхгүй болгуулахын тулд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Өршөөлийн хуульд хамрагдсан бөгөөд ийм үр дагавартайг мэдээгүй, ...яаралтай худалдан авалт хийх үед дарга, орлогчийн цохолтоор гэрээ байгуулдаг байсан, ...бараа материалыг тухайн үеийн зах зээлийн ханшаар авч байсан, ...тэтгэвэрт гарахад байгууллагын санхүү ямар нэгэн өглөг, авлагын тооцоо байхгүй гэж тодорхойлсон, ...тосолгооны материалыг чанаргүй гэдэг ч байгууллага хэрэглэсэн байгаа...” гэсэн үндэслэлээр мэтгэлцжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчийн биелүүлэх үүргийг багасгаж, 42,127,911 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болсон тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

8. Г.Э нь 2014-2015 онд “УБТЗ” М-О ХННт Хангамжийн албаны дарга, орлогч даргаар ажиллаж байхдаа гэрээ байгуулах журмыг зөрчиж, 2014.09.15-2015.09.15 хүртэлх хугацаанд буксол тосыг 16,390,080 төгрөгийн, ЛЗ-ЦНИЙ тосыг 12,612,831 төгрөгийн илүү үнээр тус тус худалдан авсан, мөн чанарын шаардлага хангаагүй тос тосолгооны материал худалдан авснаас 7 торх ЛЗ-ЦНИЙ тос актлагдаж, 18,375,000 төгрөгийн нийт 47,377,911 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Нийслэлийн прокурорын газраас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу Прокурорын 2017.01.11-ний өдрийн 8 тоот тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-6-11/

9. Прокурорын дээрх тогтоол хүчин төгөлдөр байх ба хариуцагч Г.Эы хууль бус ажиллагаа, гэм буруу тогтоогдсон, хариуцагч нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн учруулсан гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхийг шаардсан, хохирлын хэмжээ тогтоогдсон байна.

10. УБТЗын худалдан авалт, борлуулалтын албаны 2020.03.02-ны өдрийн 16/241 тоот албан бичигт Зүүнхараа ачааны вагон депо нь Худалдан авалт, борлуулалтын албаны Амгалан дах агуулахад 1225 кг буюу 7 торх тосыг 2018.09.28-ны өдөр буцаасан, Өнөөдрийн байдлаар худалдан авалт, борлуулалтын албаны агуулахад 875 кг буюу 5 торх ЛЗ-ЦНИЙ тос байгаа ба өнгөрсөн хугацаанд Төв засварын үйлдвэр болон Төмөр бетон дэрний үйлдвэр нь тус бүр нэг торх ЛЗ-ЦНИЙ тосыг авч ашигласан” /хх-202/ гэж тусгагдсанаас үзэхэд 2 торх тосыг нэхэмжлэгч байгууллага ашигласан, иймээс 2 торх тосны үнэ болох 5,250,000 төгрөгийг хасаж шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй болжээ.

Хариуцагч нь ЛЗ-ЦНИЙ тосны үнийг төлж байгаа тул уг тосыг буцааж авах эрхтэй бөгөөд чанарын шаардлага хангаагүй уг барааг байгууллага ашигласан бол төлбөрөөс нь хасах боломжтой юм.

11. Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа “...хамтын шийдвэрээр худалдан авалт хийсэн байхад зөвхөн Г.Э хамаатуулан эрүүгийн хэрэг үүсгэж төлбөр тавьсан асуудлын үндэслэлийг тодорхойлохгүйгээр зөвхөн Прокурорын тогтоолд үндэслэл шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчсөн тул хэргийг тал бүрээс нь хянан шийдвэрлэж өгнө үү...” гэсэн ба гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүхийн нотолгооны процесст хоёр тал оролцох ёстой ба хариуцагч гэм буруугүй болохоо нотлоогүй тул гэм буруутайд тооцогдох үүргийн эрх зүйн зарчмыг шүүх зөрчөөгүй, бичмэл нотлох баримт болох Прокурорын тогтоолыг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан журмыг зөрчөөгүй байна.

12. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар  сарын 21-ний өдрийн 1808 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 368,589 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                                              Д.ЦОЛМОН