Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 01809

 

 

 

 

 

 

 

 

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01218 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н ХХК-ийн хариуцагч Ч.О, Д.А нарт холбогдуулан байрны өмчлөх эрхийг компанийн нэр дээр шилжүүлэхийг даалгах, Ч.О-аас 9 152 800 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.И,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.А,

Хариуцагч: Ч.О,

Хариуцагч Д.А-ийн өмгөөлөгч: Т.З, Ж.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Н ХХК  нь иргэн Д.А-тэй харилцан тохиролцож, Баянгол дүүрэг, 12-р хороо, БАА-1 гудамж, 1 тоот нутаг дэвсгэрт орших 20-н айлын орон сууцны барилгын 36-р байрны 21 тоот/46.7 м.кв-2 өрөө/ болон мөн тэр хаягт орших 6 тоот /46.7 м.кв- 2 өрөө/ орон сууцыг тус тус орон сууц захиалан бариулах гэрээгээр тус бүрийн үнэ 72 385 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед Д.А нь орон сууцны мөнгийг хуваарьт хугацаандаа шилжүүлэхдээ надад биш Ч.О ын данс руу шилжүүлээрэй, Ч.О т өртэй тухайгаа хэлсний дагуу манай компани Ч.О ын хувийн харилцах данс болох Хаан банкны 5225423414 тоот дансанд орон сууцны мөнгийг шилжүүлж эхэлсэн билээ. Ч.О ч мөн адил үүнийг зөвшөөрсөн байдаг. Компани нь 6 тоот байрны мөнгийг гэрээний дагуу хугацаанд нь төлсөн бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр эцсийн төлөлтөө хийж төлбөр тооцоог дуусгаж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авсан. Харин 21 тоот байрны хувьд төлөлт хийх үед хугацаа хэтрүүлсэн асуудал гаргасан боловч алданги болон байрны үнийг зэрэг төлсөөр ирсэн бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр сүүлийн төлөлт болох 30 900 000 төгрөгийн төлөлтийг хийж төлбөр тооцоог дуусгасан боловч Д.А, Ч.О нар нь манай компанийг үлдэгдэл төлбөртэй, төлбөрөө төлөөд байраа нэр дээрээ шилжүүлж ав гэж үндэслэлгүйгээр өмчлөх эрхийг шилжүүлэхээс татгалзаж байна. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч нь 21 тоот байрны төлбөрт нийт 89 703 200 төгрөгийн төлөлтийг хийсэн. Үүнээс 72 785 000 төгрөгийг үндсэн төлбөрт, алданги гэж 16 918 200 төгрөг, илүү төлөлт 9 152 800 төгрөгийг Ч.О т төлсөн. Үндэслэлгүйгээр төлбөр төлсөн болон тооцооллын дэлгэрэнгүйг хүснэгтээр бэлтгэж гэрээнд хавсаргав. Гэвч Д.А-тэй байгуулсан 16/21 тоот Орон сууц захиалан бариулах гэрээний 2.2-т зааснаас үзвэл төлөх ёстой хувиарт өдөртөө төлбөрөө төлөөгүй бол дараагийн хувиарт төлбөр төлөх хугацаа хүртэл буюу хугацаа хэтрүүлсэн хоногтоо алданги төлөхдөө 30 хоногоор бодно гэсэн байна. Нэхэмжлэгчийн хувьд Ч.О-аас ирсэн шаардлагын хүрээнд төлбөр, алдангиа тухайн цаг үед нь төлдөг байсан. Үүнээс 9 152 800 төгрөгийн илүү төлөлт хийсэн болох нь санхүүгийн баримт болон гэрээний заалтаар тодорхой болсон. Иргэн Ч.О т байрны төлбөрийг бүрэн шилжүүлж дууссан, цаашид үүрэг үүсээгүй байтал үндэслэлгүйгээр байрны мөнгө нэхэмжилж илүү мөнгө авсан явдлыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. 21 тоот болон 6 тоот байрны үнэ нийт 164 735 340 төгрөгийг шилжүүлсэн. 6 тоот дээр алданги 6 050 000 төгрөгийн асуудал байгаа. Энэ дээр хариуцагч маргахгүй байгаа. 21 тоот байрны үлдэгдэл нийт төлбөр 91 503 200 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс хугацаа хожимдуулж төлбөр төлсөн асуудал байгаа. Тэрийг хүлээн зөвшөөрнө. 21 тоот болон 6 тоот орон сууцны төлбөрт 2 гэрээний дагуу 144 770 000 төгрөгийг төлөх ёстой. Гэхдээ энэ мөнгө хугацаа хоцроогоогүй тохиолдолд төлөх ёстой мөнгө. Бид хугацаа хоцроож төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хугацаа хоцроож төлсөн гэдгээ зөвшөөрөөд 8 165 400 төгрөгийн алданги төлсөн. Гэрээний 2.2, 2.2.1-д зааснаар хариуцагч 30 хоногоор бодох ёстой гээд гэрээг өөрөөр тайлбарлаад байна. Төлбөрийн хуваарь болгон дээр өмнө нь төлөгдөөгүй дүнг нэмж тооцоод хамгийн өндөр байж болох 8 165 400 төгрөгийг авахгүй байхаар шийдвэрлэсэн. Бид нарын хувьд илүү төлсөн үлдэгдэл мөнгөө аваад, гэрчилгээгээ гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Хариуцагч Ч.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 72 385 000 төгрөгийн гэрээ байгуулсан. Төлбөрийн 12 хувьтай тэнцэх 10 000 000 төгрөгийг энэ гэрээ хийсэн гарын үсэг зурсан даруйд өгөх байсан. Үүнээс 3 500 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 20-нд өгсөн. Үлдэгдэл 6 500 000 төгрөгийг алданги 2 145 000 төгрөг болсон. Мөн төлбөрийн 11 хувьтай тэнцэх 8 385 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 28-нд өгөх ёстой байсан. Үүнээс 8 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн. Үлдэгдэл 385 000 төгрөг алданги 1 473 300 төгрөг болсон. Мөн төлбөрийн 11 хувьтай тэнцэх 7 800 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 28-нд өгөх байсан. Үүнээс 2 000 000 төгрөг өгч үлдэгдэл 5 800 000 төгрөг, алданги 870 000 төгрөг болсон. Мөн төлбөрийн 11 хувьтай тэнцэх 7 800 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 28-нд өгөх байсан боловч өгөөгүй тул алданги 936 000 төгрөг болсон. Мөн төлбөрийн 11 хувьтай тэнцэх 7 800 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 28-нд өгөх байсан, өгөөгүй тул алданги 702 000 болсон. Мөн төлбөрийн 11 хувьтай тэнцэх 7 800 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 28-нд өгөх байсан, өгөөгүй тул алданги 468 000 төгрөг болсон. Мөн төлбөрийн 11 хувьтай тэнцэх 7 800 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 28-нд өгөх байсан, өгөөгүй тул алданги 234 000 төгрөг болсон. Мөн төлбөрийн 11 хувьтай тэнцэх 7 800 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 28-нд өгөх байсан, өгөөгүй тул нийт алданги 6 828 300 төгрөг, үндсэн төлбөр 58 885 500 төгрөг болсон. 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр биеэр уулзаж тооцоо нийлсэн. Одоог хүртэл алданги нь 2 345х30х23=1 618 050 төгрөг, нийт 2 345 000+1 618 050=3 963 050 төгрөг манайх авлагатай. Би алданги тооцсон аргачлалыг нь сайн ойлгохгүй байна. Алдангийн тооцоолол дээр 2 талын тооцоолол хоорондоо зөрж байна. Би нэхэмжлээд байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүмүүс яагаад надад илүү төлсөн юм сайн ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн 9 152 800 төгрөгийн тооцоо нь өмнөх байрны буюу №6 тоотын тооцоо давхардсан байна. Үүнийг барагдуулбал үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Н ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Алтансүх миний бие болох надад ирсэн нэхэмжлэх нь Баянгол дүүрэг, 12-р хороо, 4-р хороолол, 36-р байрны 21 тоот байрыг захиалан бариулах гэрээтэй холбоотой. Уг гэрээний төлбөрийг мөн хариуцагч болох Ч.О Н ХХК -тай харилцан тохиролцож, Ч.О тухайн байрны төлбөрийг авсан болно. Хариуцагч Ч.О болон Н ХХК  хоёр хоорондоо төлбөр тооцоо тохирсон тохиолдолд уг байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Д.А-д Баянгол дүүрэг, 12-р хороо, БА1 гудамж, 1 тоот нутаг дэвсгэрт орших 20 айлын орон сууцны барилгын 36 дугаар байрны 21 тоот орон сууцыг нэхэмжлэгч Н ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж,

Иргэний 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Ч.О-аас нийт 9 152 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК -д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх 9 152 800 төгрөгийг Ч.О-аас гаргуулж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв, бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Гэрээний үүрэг болох 72 385 000 төгрөгийг хугацаа хэтэрсэн хоног тутмын алдангид 17 318 200 төгрөгийг тооцож гэрээний талууд тооцоо нийлсэн байхад нэхэмжлэгч талаас гэрээнд заасан 1 жилийн хугацааны алдангийг зөвхөн 30 хоногоор хугацаа хэтэрсэн гэж зориудаар багасгаж 8 165 400 төгрөг бопгож ипүү төлсөн 9 152 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль болон гэрээнд нийцэхгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 болон орон сууц захиалан бариулах гэрээний 2.2-т заасан “...Захиалагч төлбөрийг харилцан тохирцон хугацаандаа гэрээ хийсэн өдрөөс хойш төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг бэлтгэн нийлүүлэгч талд төлнө Алдангийн хугацаа хэтэрсэнээс хойш 30 хоног бодно” гэжээ. Иймд гэрээний үүргийн болох 72 385 000 төгрөгийг хугацаа хэтэрсэнээс хойш 30 хоног тутам бодож хугацаа хэтэрсэн хоног дутамын алданги 17 318 200 төгрөгийг болж байгаа нь хэрэгт авагдсан Хаан банк дахь 5225423414 тоот дансны хуулгаар нотлогдож тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 9 152 800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н ХХК  нь хариуцагч Ч.О, Д.А нарт холбогдуулан 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг компанийн нэр дээр шилжүүлэхийг даалгах, хариуцагч Ч.О-аас 9 152 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Н ХХК , Д.А нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Д.А нь Баянгол дүүрэг, 12-р хороо, БАА-1 гудамж 1 тоот нутаг дэвсгэрт баригдах 2015 оны 1-р улиралд ашиглалтанд орох үйлчилгээтэй 20-н айлын орон сууцны барилгын 36-р байр, 21 тоотод байрлах 46.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч Н ХХК  нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу 72 385 000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх8-11/

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч Н ХХК  нь гэрээгээр тохирсон үүргээ биелүүлж орон сууцны үнэ 72 385 000 төгрөгийг бүрэн төлсөн байхад хариуцагч нар нь маргааны зүйл болох 2 өрөө орон су уцыг гэрээний 5.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд нь шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул үүргийн биелэлтийг шаардах эрхтэй талаар шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Шүүх Баянгол дүүрэг, 12-р хороо, БАА-1 гудамж 1 тоот нутаг дэвсгэрт орших 20-н айлын орон сууцны барилгын 36-р байр, 21 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд холбогдох баримт бичгийг нэхэмжлэгч Н ХХК -д гаргаж өгөхийг даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хэргийн 41 дүгээр талд маргааны зүйл болох 21 тоот 2 өрөө орон сууцны төлбөр төлсөн гэх баримтад Н ХХК  нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд орон сууцны төлбөрт 72 385 000 төгрөг, алдангид 17 318 200 төгрөг нийт 89 703 200 төгрөгийг хариуцагч Д.А-ийн нэрлэн заасан Ч.О ын эзэмшлийн Хаан банкин дахь 5225423414 тоот дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид алданги 8 165 400 төгрөг төлөх байтал 17 318 200 төгрөг төлж 9 152 800 төгрөг илүү төлснийг буцаан шаардсаныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар Ч.Отгонбаярыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Учир нь нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагчид орон сууцны төлбөр болон алданги төлөхийг өөрөө хүлээн зөвшөөрч нийт 17 318 200 төгрөг төлсөн нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар төлбөр төлснөөр өрийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдох тул уг төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхгүй юм. Иймээс нэхэмжлэгч Н ХХК-ийн хариуцагч Ч.О-аас 9 152 800 төгрөг буцаан гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.  

 

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т “Алдангийн хугацаа хэтэрсэнээс хойш 30 хоногоор тооцно” гэж алдангийн хэмжээг хязгаарлахаар тохиролцсон нь хуульд нийцэхгүй. Учир нь анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлагдахаар хуулиар зохицуулсан байхад талууд 30 хоногоор хязгаарласан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Харин талууд гэрээний 2.2-т хугацаа хэтэрсэн хоног тутам 0,1 хувьтай тэнцэх алдангийг тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01218 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.А-ийг Баянгол дүүрэг, 12-р хороо, БА1 гудамж, 1 тоот нутаг дэвсгэрт орших 20 айлын орон сууцны барилгын 36-р баярны 21 тоот орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөхийн эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч Н ХХК -д гаргаж өгөхийг даалгасугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Н ХХК-ийн 9 152 800 төгрөг гаргуулах тухай Ч.О т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

3 дахь заалтын “хариуцагч Ч.О-аас 161 394 төгрөгийг тус тус” гэснийг хасч шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.А-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.НЯМБАЗАР                                                                                              

                             ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

 

                                                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ