Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 00165

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн Д.Одончимэг,

улсын яллагч П.Шижиртуяа,

хохирогч Л.Баттөр, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж,   

шүүгдэгч О.С, түүний өмгөөлөгч У.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 132/2017/0141/Э индекстэй, 1715000580019 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Гурванбулаг сумын Тамгын газарт жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Гурванбулаг суманд оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Б овогт О. С

Холбогдсон хэргийн талаар:

О.С нь /яллах дүгнэлтэнд бичснээр/ 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Устын ам” гэх нэртэй газарт УАЗ 390942-018 маркийн 08-97 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад, бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 2 дугаар хэвсралтад заасан” тээврийн хэрэгсэлийг ашиглахыг хориглосон эвдрэл гэмтэл 4.4-т заасан “худны хайрцагны араа хүндрэлтэй залгаддаг, өөрөө салдаг бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож” яваад зам тээврийн осол гаргаж иргэн Л.Баттөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.С н өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ус ачаад дээшээ хөдлөх гэж байхад Баттөр, Эрхбат 2 хамт дээшээ гаръя гээд машинд суусан. Тэгээд өөдөө гарч яваад хүндрүүлэгч мултраад арагшаа гулгаад осол гарсан. Зам нь эгц өөд, зөөлөн хөрстэй газар байсан. Хурдын хайрцаг эвдрэлтэй байгаагүй. Хүндрүүлэгч мултарсан тохиолдолд араандаа ордоггүй. Урьд нь тэр замаар 4-5 удаа ус ачаад явж байхад ийм асуудал гарч байгаагүй. Сүүлийн гаралтан дээр гэнэт мултарсан. Сандраад ямар нэгэн үйлдэл хийсэн бол хүний амь нас хохирох ч байсан байж магадгүй. Шинжээчийн дүгнэлт буруу гарсан байна гэж бодож байна. Шинжээч осол болсон газар дээр очиж дүгнэлт гаргаагүй. Осол болсон газар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулмаар байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Баттөрын өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гал түймэр унтраахаар очсон. Усаа цацаад дууссан байсан. Доороос ус ачсан машин гарч ирэхгүй байсан. Эрхбат ах бид 2 доошоо буусан. Тэгээд бид 2 С ахын машинд суусан. Дээшээ гарч байхад хүч алдаад арагшаа өнхөрөөд хойшоогоо савсан юм шиг байна лээ тэгээд би юу ч мэдээгүй. Нэг сэрсэн чинь машины ард хэвтэж байсан. Тухайн үед 2 гар хугарсан, суудлын яс 4 хугарсан, мөр гэмтсэн, толгой хагарсан. Тэндээс сумын эмнэлэг ороод гэмтэл руу явсан. Гэмтэл дээр очиход нэг гарыг маань хадсан. Рентгэн зураг авахуулахад нуруу гэмтэлтэй гэж гарсан. Гэмтлийн эмнэлэгт 10 гаран хоног хэвтсэн. Тэрнээс хойш нилээн гайгүй болсон. Тухайн үедээ өөрөө босч чадахгүй хүний асаргаанд байсан. Тэргэнцэр дээр суудаг байсан. Хувийн эмнэлэгт үзүүлэхэд суудлын яс 4 хугарсан байсан. Ерөнхийдөө бие гайгүй болчихоод байж байтал 2017 оны 9 дүгээр сарын 20-ны үеэр нэг хөл мэдээгүй болоод эхэлсэн. Тэгээд эмчилгээнд явсан. Нурууны судас нь дарагдсан байна гэсэн. Одоо нэг хөл мэдээгүй, 2 хөл цэв хүйтэн байдаг. Хатуу юманд суухад суудлын яс янгинаж өвддөг. Мөрний бас булчин гэмтсэн. Эмчилгээний зардалд Аймгийн Онцгой байдлын комиссын даргын тушаалаар 3000000 төгрөг өгсөн. Аймгийн тамгын газраас 300000 төгрөг өгсөн. Сумын тамгын газраас хамт олноос гээд 200000 төгрөг өгсөн. Нийт 3500000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. 2017 оны 9 дүгээр сараын 20-ноос хойш хийгдсэн эмчилгээний зардал болох 1212330 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Эрүүл мэндээрээ хохирсон санхүүгийн асуудлыг гаргуулж амаар байна.  Цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

  1715000580019 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

  Хохирогч Л.Баттөрийн өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хөгнө хан ууланд гарсан түймрийг унтраах хэсэг хүмүүс явсан. Тэгээд ууланд очоод УАЗ машинаар ус ачаад /жолооч нь Сэргэлэн/ бид  хэд уул өөд явсан. Уул өөд өгсөж явсаар яг очдогтоо хүрэх үед гэнэт машин уулын уруу урхаад явсан. Тэгээд юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн хүмүүс бужигналдаад эмнэлэгийн машинд явж байсан. Миний 2 гар хугарсан, аарцагны яс цуурсан. Толгой хагарсан. Давсгаар хатгуулж өвдөөд байна гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,  

Гэрч Ц.Эрхбатын өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн үед сумын орлогч дарга Шижирбаатар машины урд талд жолоочийн эсрэг талд, жолоочийн ард талд би суугаад, миний баруун талд Засаг дарга Моломжамц, цаад талд нь Хулст багийн Засаг дарга Баттөр суугаад С жолоо барьж явсан. Бид нар түймэр гарч байгаа газарт очоод уул өөд хэд хэдэн удаа ус зөөсөн. Сүүлийн ус зөөлтөн дээр яг гарах гэж байхад машины хүндрүүлэгч так гэж дуугараад машин буцаж ухарсан. Тэгээд ухарч байгаад уначихсан. Яг хөрвөөсөн юм уу би сайн мэдэхгүй байна нэг мэдэхэд машин дээшээ харчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,

Гэрч А.Ууганцэцэгийн өгсөн:...Бид нар уул өөд явган гарч түймэр унтрааж байхад 18 цагийн орчимд байсан байхаа жолооч О.С мал эмнэлгийн тасгийн УАЗ /ферме/-тай доороос ус ачиж яваа харагдсан. Тэгтэл хүмүүс орилж хашгираад машин өнхөрөөд явчихлаа ш дээ гэхээр нь харахад шороо манараад машины бараа дөнгөж харагдаад алга болсон гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,

Гэрч Х.Санжаагийн өгсөн: Бид нар уул өөд явган гарч түймэр унтрааж байхад 18 цагийн орчимд байсан байхаа жолооч О.С мал эмнэлгийн тасгийн УАЗ /фермер/-тай доороос ус ачиж яваа харагдсан. Тэгснээ гэнэт ухраад бөөн шороо манараад явчихсан. Хүмүүс орилж хашгираад нөгөө машин маань хэд хэд өнхөрөөд доор очоод тогтчихсон гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,

Гэрч Ж.Шижирбаатарын өгсөн...жолооч О.Сэргэлэн, нярав И.Эрхбат, Л.Баттөр, Т.Моломжамц нарын хамт усаа ачаад уул өөд өгссөн _ голд явж байтал гэнэт машин унтрах шиг болоод ухраад явсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй, санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

Гэрч Г.Моломжамцын өгсөн...бид нар машинтайгаа усанд яваад уул өөд өгсөж явтал гэнэт машин ухраад уулын уруу хурдаараа явсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны
08 дугаар сарын 03-ны өдрийн 9814 тоот 1. Хохирогч Л.Баттөрийн биед баруун, зүүн гарын шуу, богтос ясны далд хугарал, эрүүнд зулгаралт, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн зулай, зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /хх-ийн 35 хуудас/,

Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 45 тоот дүгнэлтээр: 1. Жолооч О.С нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дах заалт “жолооч аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. 08-97 БУА улсын дугаартай УАЗ 390942-018 маркийн тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн байдлыг хангаж явсан эсэхийг тодорхойлох боломжгүй. 3. Уг осол хэрэг гарах болсон шалтгаан нь жолооч О.С н буруутай үйлдлээс шалтгаалан гарсан байна гэх / хх-ийн 48 хуудас/, 

Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №51 тоот: Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Нямбаярын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 45 тоот дүгнэлтэнд жолооч О.С нь МУ-ын ЗХД-ийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна гэсэн заалтыг зөрчсөн гэж тавьсан нь үндэслэлтэй байна. Яллагдагч О.С н осол болох үед унаж явсан 0897 БУА улсын дугаартай УАЗ 390942-018 маркийн тээврийн хэрэгсэл нь 5 хүн суулгах нормтой байна. 0897 БУА улсын дугаартай УАЗ 390942-018 маркийн тээврийн хэрэгсэл нь 1 тонны даацтай байна. Яллагдагч О.С н осол болох үед унаж явсан 0897 БУА улсын дугаартай УАЗ 390942-018 маркийн тээврийн хэрэгсэлд 4 том хүн сууж /жолоочоос гадна/ 500 литрийн савтай ус тээвэрлэж явсан нь хууль болон Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтад нийцэж байна. Яллагдагч О.С н нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 2 дугаар хавсралт тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглосон эвдрэл гэмтэл 4.4-т заасан хурдны хайрцагын араа хүндрэлтэй залгагддаг, өөрөө салдаг бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явснаас уг осол гарсан байна гэх дүгнэлт /хх-ийн 76 хуудас/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10 хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-18 хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн б79 хуудас/

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 639 дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ зэрэг  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

     Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.С г 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Устын ам” гэх нэртэй газарт УАЗ 390942-018 маркийн 08-97 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад, бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 2 дугаар хэвсралтад заасан” тээврийн хэрэгсэлийг ашиглахыг хориглосон эвдрэл гэмтэл 4.4-т заасан “хурдны хайрцагны араа хүндрэлтэй залгаддаг, өөрөө салдаг бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож яваад” зам тээврийн осол гаргаж иргэн Л.Баттөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...”прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан ба хавтас хэргийн 76 дугаар талд...Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №51 тоот дүгнэлтээр О.С н осол болох үед унаж явсан 0897 БУА улсын дугаартай УАЗ 390942-018 маркийн тээврийн хэрэгсэл нь 5 хүн суулгах нормтой байна. 0897 БУА улсын дугаартай УАЗ 390942-018 маркийн тээврийн хэрэгсэл нь 1 тонны даацтай байна. Яллагдагч О.С н осол болох үед унаж явсан 0897 БУА улсын дугаартай УАЗ 390942-018 маркийн тээврийн хэрэгсэлд 4 том хүн сууж /жолоочоос гадна/ 500 литрийн савтай ус тээвэрлэж явсан нь хууль болон Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтад нийцэж байна гэж дүгнэснээс үзэхэд уг зам тээврийн осол нь шүүгдэгч О.С н гэм буруутай үйлдлээс улбаалан гараагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.С н өгсөн...усаа ачаад уул өөд гарч явахад “машины хүндрүүлэгч гэнэт мултраад” тормоз гишигсэн ч ардаа 500 литр ус ачсан байсан болохоор ухрааж алдаад машин онхолдсон. Ямар нэг байдлаар сандарч буруу арга хэмжээ авсан бол хүмүүсийн амь нас эрсдэх байсан гэх мэдүүлэг, гэрч Ц.Эрхбатын...машинд жолооч С , Моломжамц, Шижирбаатар, Баттөр бид нар сууж явсан. Бид нар түймэр гарч байгаа газарт очоод уул өөд хэд хэдэн удаа ус зөөсөн. Сүүлийн ус зөөлтөн дээр яг гарах гэж байхад машины хүндрүүлэгч так гэж дуугараад машин буцаж ухарсан гэх, гэрч Ж.Шижирбаатарын...гэнэт машин унтрах шиг болоод ухраад явсан гэх, гэрч Г.Моломжамцын...уул өөд өгсөж явтал гэнэт машин ухраад уулын уруу хурдаараа явсан гэж тус тус мэдүүлснээс биш О.С г автомашиныг зогсоох арга хэмжээ аваагүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй байсан гэдгийг гэрчилж нотлоогүй байх ба улсын яллагчийн яллах дүгнэлт хэргийн бодит байдалтай тохирохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий д нотлох баримтыг шалгасан боловч... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

Иймд Аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.С д эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан буюу гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

Шүүхээс шүүгдэгч О.С д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан тул шүүгдэгч нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Баттөр...Аймгийн Онцгой байдлын комиссын даргын тушаалаар 3000000 төгрөг өгсөн. Аймгийн тамгын газраас 300000 төгрөг өгсөн. Сумын тамгын газраас хамт олноос гээд 200000 төгрөг өгсөн. Нийт 3500000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. 2017 оны 9 дүгээр сараын 20-ноос хойш хийгдсэн эмчилгээний зардал болох 1212330 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна гэж мэдүүлж байх ба Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 1-д зааснаар “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл/ эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэх байх тул ажил олгогчоос нэхэмжлэх эрхтэй байна.

Иймээс шүүгдэгч О.С с нэхэмжилсэн эмчилгээний зардал 1.212.330 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна гэж үзлээ.  

Шүүгдэгч О.С  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.С д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар эрүүгийн 1715000580019 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаасугай.

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хохирогч Б.Баттөрийн нэхэмжилсэн 1.212.330 төгрөгий нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.   

  5. Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, О.Сэргэлэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.ДЭЛГЭРМӨРӨН