Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 33

 

   Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                   Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                   О.С

            Хохирогчийн өмгөөлөгч                           Б.Минжүүрдорж

           Нарийн бичгийн дарга                             С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаар цагаатгах тогтоолтой О.С-д холбогдох 1715000580019 дугаартай эрүүгийн хэргийг прокурор П.Шижиртуяагийн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б овогт О-ийн С.

   Шүүгдэгч О.С нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “У-ын а” гэх нэртэй газарт УАЗ 390942-018 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад, бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглосон эвдрэл гэмтэл 4.4-т заасан “хурдны хайрцагны араа хүндрэлтэй залгагддаг, өөрөө салдаг бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож” яваад зам тээврийн осол гаргаж иргэн Л.Баттөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаар цагаатгах тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Энэ хэрэгт шүүгдэгч О.С нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, уг ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан 4685000 /дөрвөн сая зургаан зуун наян таван мянга/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй болохыг тус тус дурьдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1- д заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын тамгын газраас 4356212 /дөрвөн сая гурван зуун тавин зургаан мянга хоёр зуун арван хоёр/ төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж хохирогч Л.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу эмчилгээний зардлын 323430 /гурван зуун хорин гурван мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг, эрх зүйн туслалцаа авах гэрээний үнэ буюу өмгөөллийн зардлын 800000 /найман зуун мянга/ төгрөгийг, хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны цалин 3733899 /гурван сая долоон зуун гучин гурван мянга найман зуун ерэн ес/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Л.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч О.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор П.Шижиртуяа эсэргүүцэлдээ:

“... Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзэхэд шүүгдэгч О.С-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч О.С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна.Үүнд:

Нэг. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар                                           

... Шүүгдэгч О.С нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн нь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаартай шинжээчийн "...1.МУ-ын ЗХД-ийн 9.2 дахь хэсэгт заасан "жолооч хөдөлгөөнд аюул саад, бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 2.Уг осол гарах болсон шалтгаан нь жолооч О.С-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гарсан байна..." гэх дүгнэлт,

Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Х.Н, Булган аймгийн Авто тээврийн төвийн хяналтын инженер, автын инженер Ч.Б, "Миний жолоо авто сургуулийн захирал, механик инженер-багш, мэргэшсэн инженер Ш.Д нарын бүрэлдэхүүнтэй гаргасан;

1. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Н-ын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 45 тоот дүгнэлтэнд жолооч О.С нь МУ-ын ЗХД-ийн 9.2 дахь хэсэгт заасан "жолооч хөдөлгөөнд аюул саад, бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

5. Жолооч О.С нь МУ-ын ЗХД-ийн 9.2 дахь хэсэгт заасан "жолооч хөдөлгөөнд аюул саад, бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", мөн дүрмийн 2 дугаар хавсралтад заасан "тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглосон эвдрэл гэмтэл 4.4-т заасан "хурдны хайрцагны араа хүндрэлтэй залгаддаг, өөрөө салдаг бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гарсан байна" гэх дүгнэлт зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

1.2.  Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1.7 дахь хэсэгт "шинжилгээний объект" гэж шинжилгээ хийж байгаа ул мөр, эд мөрийн баримт, бичиг баримт, эд юмс, амьтан, хүний бие, цогцос болон түүний хэсэг, харьцуулан судлах хэв загвар, хэргийн бусад материалыг" хэлнэ гэж хуульчилсан бөгөөд улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчээр оролцсон Ч.Б-аас "хэргийн материалын хүрээнд дүгнэлт гаргахад хангалттай хэмжээний нотлох баримт байсан уу?, нэмж өөр нотлох баримт шаадлагатай байсан уу? гэж асуухад хэргийн материалаар дүгнэлт гаргахад "хангалттай хэмжээний нотлох баримт цугларсан байсан тул хэргийн материалын хүрээнд гаргасан, жолооч ямар үед тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах ёстой вэ гэхэд жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангана", араанд өөрчлөлт орох нь "тос дундрах, голын шарик элэгдэх" зэрэг тээврийн хэрэгслийн эд ангид гэмтэл үүссэнтэй холбоотой юм гэж тайлбарласнаас үзэхэд жолооч О.С нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэлтэйгээр зам тээврийн осол гаргасан гэж дүгнэхээр байгаа бөгөөд шүүхийн цагаатгах тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж дүгнэх үндэслэл болж байна.

1.3.  Цагаатгах тогтоолын 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай   хуулийн   1.15   дугаар   зүйлийн   2  дахь   хэсгийг  баримтлан   О.С-д холбогдох  хэргийг  хэрэгсэхгүй   болгож,   түүнийг  цагаатгасан   нь  хуулийг  буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл дээрх зүйл хэсэг нь "...эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх..." талаар зохицуулсан заалт болохоос хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарахгүй, харин  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн аль тохирох хэсгийг баримтлах нь хуульд нийцнэ гэж дүгнэж байна.

1.4.  Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1...хэсэгт заасныг баримтлан "хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрийг" иргэний хариуцагч Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт "...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...." гэсэн нь гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг заасан ерөнхий зохицуулалт, харин дээрхи хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг нь "тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч нөхөн төлөх үүрэгтэй" талаар тус тус хуульчилсан байна.

Харин тээврийн хэрэгсэл "эзэмшигч"-ийг тусгайлан тодорхойлон хуульчилсан зүйл байхгүй тул энэ зохицуулалт нь Иргэний хуулийн "эзэмшил"-тэй холбоотой заалтын хүрээнд тайлбарлах шаардлага үүсэж байна. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгслийн "эзэмшигч"-ийг тодорхойлбол тухайн тээврийн хэрэгслийг бодитойгоор эзэмшилдээ байлгаж байгаа шууд эзэмшигч, эзэмших боломжоо бусдад олгосон шууд бус эзэмшигчийн аль алиныг хамрахаар байна. Үүнийг үгийн шууд утгаар тайлбарлавал машиныг жолоодож буй, жолооны ард байгаа этгээдэд бодит эзэмшил байна гэж ойлгохоор байна.

Анхан шатны шүүхээс О.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.4, 36.9 дүгээр зүйлиин 2.1 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд О.С-д холбогдох Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдриин 85 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгиин хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын яллагч эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан мөртлөө гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгох саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шинжээч Ч.Б нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө болон хойно тээврийн хэрэгслээ шалгаж бүрэн бүтэн байдлыг хариуцаж явна ... дүгнэлтийг жолоочийн мэдүүлэг болон тухайн хэрэг гарах үед хамт байсан гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хэргийн материалын хүрээнд шинжээч нар санал нэгтэй гаргасан...” гэж мэдүүлсэн /хх 15/ байхад

анхан шатны шүүх шүүгдэгч О.С, шинжээч Ч.Б нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг үндэслэн Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 45 тоот “... жолооч О.С нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дах заалтыг зөрчсөн ... уг осол хэрэг гарах болсон шалтгаан нь жолооч О.С-гийн буруутай үйлдлээс шалтгаалан гарсан байна...” гэх дүгнэлт /хх 48/,

бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 51 тоот “... 45 тоот дүгнэлт үндэслэлтэй байна ... О.С нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, мөн дүрмийн 2 дугаар хавсралт тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглосон эвдрэл гэмтэл 4.4-т заасан хурдны хайрцагийн араа хүндрэлтэй залгагддаг, өөрөө салдаг бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явснаас уг осол гарсан байна... гэх дүгнэлт /хх 76/-үүдийг “...үнэн зөв гэж нотлох баримтаар үнэлэхэд учир дутагдалтай..., ....бодитой тогтоосон нь эргэлзээтэй” хэмээн дүгнэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Шүүх цагаатгах тогтоолд шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн хэрэгт ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл  улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг  тусгахаар хуульчилсан.

Түүнчлэн О.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-1.8 дахь хэсэгт заасан аль үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй, цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт холбогдох заалтыг баримтлаагүй байна.

Иймд прокурор П.Шижиртуяагийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Прокурор П.Шижиртуяагийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                                        С.УРАНЧИМЭГ