Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 01817

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01817

 

                                      

Ж.Зн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/01746 дугаар шийдвэртэй Ж.Зн нэхэмжлэлтэй хариуцагч Д.От холбогдуулан гаргасан компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “Язаар-Эрэгнэг” ХХК-ийг Д.Оын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Язаар эрэгнэг” ХХК-ийн захирал Д.О нь тус компанид инженерээр ажиллаж байсан Ж.Зг 2015 оны 6 сарын 17-ны өдрийн 15 цагийн үед дуудаж уулзаад “гэр бүлийн хүндээ үр суулгуулсан, бие нь тааруухан байна, одоо Солонгост байгаа, Солонгос явах хэрэгтэй байна, иймээс компаниа өгье гэж хэлээд” Чингэлтэй дүүргийн нотариатад дагуулан очиж 2015 оны 6 сарын 17-ны өдөр Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдэд гарын үсэг зуруулсан. Ингээд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандаж, “Язаар эрэгнэг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.З болсон. Гэтэл 2015 оны 7 сард Баянгол дүүргийн татварын хэлтсээс дуудаж, татварын 2014 оны үйл ажиллагааны орлогын татварын төлбөрт 64 804 225 төгрөгийн өртэй талаар хэлсэн. Улмаар шүүхийн шийдвэр гарч “Язаар эрэгнэг” ХХК нь 64 804 225 төгрөгийн татварын өр төлөх шийдвэр гарсан. “Язаар эрэгнэг” ХХК нь ямар ч хөрөнгөгүй байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлбөр барагдуулах ажиллагаа нь Ж.Зн өндөр насны тэтгэврээс суутгал хийх хэлбэрээр буюу сар бүр тэтгэврийн 50 хувийг суутган авч байна. 2015 оны 6 сарын 17-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл болно. Учир нь тус гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээг удирдлага болгож, компанийн эрхийг худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнд үнийг тусгаагүй байгаа нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзнэ. Иймд 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, “Язаар эрэгнэг” ХХК-ийг хариуцагч Д.Оын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.От даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Язаар эрэгнэг” ХХК-ийг 2004 оны 02 сарын 14-ний өдөр үүсгэн байгуулсан. 2014 оны 3 дугаар улиралд Ж.З болон түүний хүү З.Энхболд нар “Хэнтий аймаг дахь Капитал банкны барилга угсралт, засварын гэрээ байгуулан ажиллах ажлыг танай компанийн нэрээр гүйцэтгэх хэрэгтэй байна, энэ ажлыг хийхэд шаардлага хангасан компани олдохгүй байна” гэж гуйсны дагуу өөрийн компанийг шилжүүлсэн. Хэнтий аймгийн Капитал банкны барилгыг барих ажлыг Ж.З, З.Энхболд нар хариуцан ажиллаж тухайн барилгыг барьж эхэлсэн. Ингээд 2015 оны эхээр гэр бүлийн хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа учраас сахих шаардлагатай болсон тул компанийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон. Уг нөхцөл байдлыг З.Энхболд, Ж.З нарт хэлэхэд Ж.З нь “Язаар Эрэгнэг” ХХК-ийг надад шилжүүлэн өгчих, би тухайн ажлыг хариуцан дуусгая гэж хэлсний дагуу бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхээр харицан тохиролцоод 2015 оны 06 сарын 17-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ зэргийг байгуулан Ж.Зд шилжүүлсэн. 2015 оны 06 сарын 17 өдөр Компанийн эрхийг шилжүүлж өгөхдөө өр төлбөр болон авлагын асуудлыг хоёр талаасаа ярилцаж нийт өглөг 65 145 745 төгрөг, авлага 113 000 000 төгрөг гэдгийг мэдэж хүлээн авч баримт үйлдсэн. “Язаар эрэгнэг” ХХК-ийг 2015 оны 06 сарын 17-ны өдөр бэлэглэх гэрээгээр Ж.Зд шилжүүлэхдээ ямар нэгэн байдлаар бодит байдлыг хуурсан зүйл огт байхгүй бөгөөд татварын өр төлбөр болон, дансны авлага зэргийг бүгдийг үнэн зөвөөр тэмдэглэн бичиж гарын үсэг зуруулан баталгаажуулж Ж.Зд хүлээлгэн өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.От холбогдох 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, компанийг хариуцагч Д.Оын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Ж.Зундын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Згаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Талуудын хооронд 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ байгуулагдсанаар Ж.Зн эрх зүйн байдлыг дордуулж, өндөр насны тэтгэврээ авах боломжгүй болж, эд хөрөнгийн байдал нь дордсон. Бэлэглэлийн гэрээ нь бэлэг хүлээн авагчийн хөрөнгө орлогыг нэмэгдүүлж байдаг онцлогтой, хариу төлбөргүй байдаг. Гэтэл бэлэг хүлээн авагчийн хөрөнгийн байдлыг дордуулж байгаа нь бэлэглэлийн гэрээний шинжийг хангахгүй байна. 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл. Учир нь тус гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасныг удирдлага болгосон. Гэтэл худалдах худалдан авах гэрээний гол онцлог нь талууд худалдаж буй зүйлийн шинж чанар, тоо ширхэг, үнийг заавал тодорхойлсон байхыг шаарддаг. Энэхүү гэрээнд үнийг тусгаагүй байгаа нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзэж, дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан. Шүүх ямар үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан компанийн хувьцаа бэлэглэх гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн байх бөгөөд бусад шаардлагуудыг хэрхэн ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар дурдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж,  хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ж.З нь хариуцагч Д.От холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, компанийг хариуцагч Д.Оын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, мөн өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчид “Язаар-Эрэгнэг” ХХК-ийн нэг бүр нь 100 000 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг хувьцааг болон компанийн эрхийг үнэ төлбөргүй шилжүүлсэн, нэхэмжлэгч нь  “Язаар-Эрэгнэг” ХХК-ийн 100 хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 5-7,134, 138-139, 153-158/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна. Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүйгээр шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Д.О нь нэхэмжлэгч Ж.Зн өмчлөлд “Язаар-Эрэгнэг” ХХК-ийн эрхийг шилжүүлсэн нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч нь “... 64 804 225 төгрөгийн өртэй болохыг мэдээгүй, өртэй компани шилжүүлсний улмаас бэлэг хүлээн авагчийн хөрөнгийн байдал дордсон” гэж тайлбарладаг боловч хэргийн 236 дугаар талд авагдсан “Язаар эрэгнэг” ХХК-ийг шилжүүлсэнтэй холбогдуулан хариуцлага хүлээх баримтад нэхэмжлэгч нь татварын өглөг 65 145 745 төгрөг, бусдаас авах авлага 113 000 000 төгрөг болохыг баталгаажуулж, гарын үсэг зурж, компанийн тамга даржээ. Үүгээр нэхэмжлэгчийн дээрх тайлбар, гомдол нь үгүйсгэгдсэн гэж үзнэ.

Иймд талуудын хооронд 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг  тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/01746 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА 

 

                                                     ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

 

           Б.НАРМАНДАХ