Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 01816

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01816

 

 

 

Б.Хын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/01647 дугаар шийдвэртэй, Б.Хын нэхэмжлэлтэй, “Х.М” ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 2 251 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганзаяа, И.Учралбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.М” худалдааны төвд 2019 оны 11 сарын 23-ны өдрийн 18:00-19:00 цагийн хооронд үйлчлүүлж, баруун талын хаалгаар гарах үед дотор хаалга нь хүчтэй савагдан нүүр рүү цохиж гэмтсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр оношлуулахад хамар хугарсан, хамрын дотор болон хана хаван ихтэй, тархи маш их хавантай гэж оношилсон. Ингээд өөрт учирсан гэм хорын хохиролд эм тарианы зардал 251 962 төгрөг, томографикт үзүүлсэн төлбөр 100 000 төгрөг, хамрын хагалгаанд орох зардал 2 500 000 төгрөг, хагалгаанд орсны дараа нэг сар гэртээ байх тул 1 сарын цалин 801 184 төгрөг, нийт 3 810 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.М” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Х нь 2019 оны 11 сарын 23-ны өдрийн 19 цагийн орчим Х.М дэлгүүрээс гарч явахдаа урд нь яваа хүн гарахдаа хаалга хаахад гар утсаараа оролдож яваад өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хаалгыг харалгүй хамраа цохиулсан. Б.Х нь Хан-уул Дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хамар цохиж гэмтээсэн асуудлаар гомдол гаргасан ба байгууллагын зүгээс тухайн гомдолтой холбоотой мэдүүлэг өгч, хяналтын камерийн бичлэг зэрэг холбогдох шаардлагатай материалыг хуулийн байгууллагад өгч шалгуулсан. Гомдлыг шалгаж үзээд зөрчлийн шинж агуулаагүй үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан. “Х.М” ХХК-ийн баруун хаалганд хамраа цохисон гэх тухайн өдөр тус хаалгаар 3906 хүн орж, 4061 хүн гарсан нийтдээ 7967 хүн тус баруун хаалгаар орж, гарсан нь хаалганд суурилуулсан хүн тоологч машинд бүртгэгдсэн. Гэм хорын шалтгаант холбоо байхгүй. Иргэн хүн ахуйн ослоос урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байх нь хувь хүний үүрэг гэж үзэж байна. Шинжээч хаалганы ажиллагаа хэвийн гэж дүгнэлт ирүүлсэн ба нэхэмжлэгч өөрийн болгоомжгүйгээс өөртөө хохирол учруулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х.М” ХХК-нл холбогдох гэм хорын хохиролд 3 810 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 50 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас шинжээчийн зардал 500 000 төгрөгийг гаргуулж шинжээч “Эрдэм түм” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрх үүссэн эсэх талаар дүгнэлт хийлгүйгээр хариуцагчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт өгч, зөвхөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...шинжээчийн №ШД-ЭТ-05/20 дугаар дүгнэлтэд тус дэлгүүрийн барилгын баруун талын гол орцны дотор талын 2 талын хаалганы урд хаалганд биет үзлэг хэмжилт шалгалт хийхэд зай хэмжээ, хаах, нээх татах хүч, дээд доод чөлөөтэй засвар, бариулын байрлал, нугас, нугас тайвшруулагч гэх мэт бүх үзүүлэлтүүд хэвийн ажиллагаатай байх бөгөөд хаалганд тавигдах техникийн шаардлагыг хангаж байна гэж дүгнэсэн байна..., ... хаалганы ажиллагаа  хэвийн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хариуцагчийн гэм буруу тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ..., ... нэхэмжлэгч Б.Х нь өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас өөртөө хохирол учруулсан байх ба хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүй гэм хор учирсан хохирлын хоорондох гэм буруугийн шалтгаант холбоо тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт хийсэн. Дээрх дүгнэлтүүд нь үндэслэлгүй буюу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлэлгүйгээр хийсэн дүгнэлт гэж үзэж байна. Тодруулбал, шинжээчийн дүгнэлтэд “...Шинжээчийн нэмэлтээр олж тогтоосноор хэрэг гарах цаг үед зөвхөн 2 хаалганы нэг нь ажиллаж байсан байна. Энэ нь супермаркет болон их дэлгүүрийн барилгын орох гарах хаалганд тавигдах ерөнхий шаардлага МУ-ын стандарт MNS 5021-1:2019 стандартын 2.1.2 худалдан авагчийн орох гарах хаалга тусдаа байх шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, нотлох баримтад авагдсан тус дэлгүүрийн камерийн бичлэгээс үзэхэд нийтийн орох гарах хаалганы хойд хаалганы 2 хавтас түгжээтэй, зөвхөн урд хаалгаар үйлчлүүлэгчид орж гарч байгаа нь харагдаж байна...” гэж заасныг  үнэлсэнгүй. Хариуцагч “Х.М” ХХК шинжээчийн дүгнэлтийн талаар маргаагүй. “Х.М” ХХК үйлчлүүлэгчдийнхээ өмнө тус үйлчилгээний төвөөр эрүүл, аюулгүй үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлэх үүргийг хүлээнэ. Үүний илрэл нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан Монгол Улсын MNS 5021-1:2019 стандартын 2-р хүснэгтийн 2.1.2-т заасан худалдан авагчийн орох гарах хаалга тусдаа байх шаардлагатай. Гэвч “Х.М” ХХК нь худалдан авагчийн орох гарах хаалгыг тусдаа байх шаардлагыг биелүүлээгүй буюу үйлчлүүлэгчдийн өмнө хүлээсэн үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүйн улмаас тус үйлчилгээний төвөөр үйлчлүүлж байхдаа бие, эрүүл мэндээрээ хохирсон байхад орох, гарах хаалгыг тусдаа байлгаагүй хариуцагчийн эс үйлдэхүйн хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж дүгнэх нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч “Х.М” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 3 810 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 18:00-19:00 цагийн орчим Х.М худалдааны төвөөр үйлчлүүлээд баруун талын хаалгаар гарах үедээ хаалганд хамраа цохиулсны улмаас учирсан гэм хорын хохиролд 3 810 000 төгрөг гаргуулах гэж тодорхойлжээ.

 

Анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шүүгчийн захирамжаар “Х.М” ХХК-ийн худалдаа, үйлчилгээний төвийн олон нийтэд үйлчилдэг орж, гарах хаалга нь хаалганы норм, стандартад  нийцэж байгаа эсэхийг тогтоолгохоор “Эрдэм түм” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2.-т шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгаж, энэ ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулахаар заажээ.

 

Шүүх шинжээчээр томилогдсон “Эрдэм түм” ХХК-ийн шинжээчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлгийн 27.4.2, 27.4.3 дах хэсэгт заасан эрх үүргийг сануулж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д заасан эрх, 14 дүгээр зүйлийн 14.1.,-д заасан үүргийг танилцуулаагүй нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2.-т заасныг зөрчсөн байна.

 

Дээрх журмыг зөрчиж гаргасан шинжээчийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байхад шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргасан нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/01647 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЗОЛЗАЯА

 

                                 ШҮҮГЧИД                          Д.НЯМБАЗАР

 

                                                                             Б.НАРМАНДАХ