Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2020/01647

 

2020 оны 06 сарын 16 өдөр            Дугаар 183/ШШ2020/01647                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Д.Мөнгөнтуул, Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, 000-0-000 тоот хаягт оршин суух Х овогт Б. Х /РД:ВМ0000000/-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Наадамчдын зам, 000 дүгээр барилга, өөрийн байранд байрлах Х.м ХХК /РД:0000000/-д холбогдох,

          Гэм хорын хохиролд 2,251,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, И.У нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарангуа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.       

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь: 

          Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Хүннү молл худалдааны төвд 2019.11.23-ний өдөр 18:00-19:00 цагийн хооронд үйлчлүүлсэн. Худалдааны төвийн баруун талын хаалгаар гарах үед дотор хаалга нь хүчтэй савагдан нүүррүү цохиж гэмтсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр оношлуулахад хамар хугарсан, хамрын дотор болон хана хаван ихтэй, тархи маш их хавантай гэж оношилсон. Ингээд өөрт учирсан гэм хорын хохиролд эм тарианы зардал 251,962 төгрөг, томографикт үзүүлсэн төлбөр 100,000 төгрөг, хамрын хагалгаанд орох зардал 2,500,000 төгрөг, хагалгаанд орсны дараа нэг сар гэртээ байх тул 1 сарын цалин 801,184 төгрөг нийт 3,810,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэв.

        Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Х.М ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Х нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр 19 цагийн орчим Х. М дэлгүүрээс гарж явахдаа урд нь яваа хүн гарахдаа хаалга хаахад гар утсаараа оролдож яваад өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хаалгыг харалгүй хамраа цохиулсан. Б.Х нь Хан-уул Дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст хамар цохиж гэмтээсэн асуудлаар гомдол гаргасан ба манай байгууллагын зүгээс тухайн гомдолтой холбоотой мэдүүлэг өгч, хяналтын камерийн бичлэг зэрэг холбогдох шаардлагтай материалыг хуулийн байгууллагад тухайн үед өгч шалгуулсан. Гомдлыг шалгаж үзээд зөрчлийн шинж агуулаагүй үндсэлэлээр 2019.12.04-ний тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзса. Х. М баруун хаалганд хамраа цохисон гэх тухайн өдөр тус хаалгаар 3906 хүн орж, 4061 хүн гарсан нийтдээ 7967 хүн тус баруун хаалгаар орж, гарсан нь хаалганд суурьлуулсан хүн тоологч машинд бүртгэгдсэн. Гэм хорын шалтгаант холбоо байхгүй байна. Иргэн хүн ахуйн ослоос урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байх нь иргэн хүний үүрэг гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр хаалганы ажиллагаа хэвийн гэж дүгнэлт ирүүлсэн ба нэхэмжлэгч өөрийн болгоомжгүйгээс өөртөө хохирол учруулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ... гэв.

         Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад          

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

        Хариуцагч Х. м ХХК-нд холбогдуулан гэм хорын хохиролд 3,810,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч Б.Х шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгч Б.Х нь 2019.11.23-ний өдөр 18:00-19:00 цагийн хооронд Х.м худалдааны төвөөр үйлчлүүлсэн. Худалдааны төвийн баруун талын хаалгаар гарах үедээ хаалганд хамраа цохиулж, хамар хугарсан гэмтэлд учирсан гэм хорын хохиролд 2,251,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1,559,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 3,810,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

       Хэрэгт авагдсан 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн №ШД-ЭТ-00/00 дугаар дүгнэлтэд Тус дэлгүүрийн барилгын баруун талын гол орцны дотор талын 2 талын хаалганы урд хаалганд биет үзлэг хэмжилт шалгалт хийхэд зай хэмжээ, хаах, нээх татах хүч, дээд доод чөлөөтэй завсар, бариулын байрлал, нугас, нугас тайвшруулагч гэх мэт бүх үзүүлэлтүүд хэвийн ажиллагаатай байх бөгөөд хаалганд тавигдах техникийн шаардлагыг хангаж байна гэж дүгнэсэн байна. /хх 88/

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан байна.

          Хариуцагч Х. м ХХК-ийн хаалганы ажиллагаа хэвийн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хариуцагчийн гэм буруу тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

       Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Х нь Х. м ХХК-ийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлж, хаалгаар зорчихдоо өөрийн болгоомжгүйн үйлдлийн улмаас өөртөө хохирол учруулсан байх ба хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүй гэм хор учирсан хохирлын хоорондох гэм буруугийн шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

        Иймд шүүх бүрэлдэхүүн гэм хорын хохиролд нийт 3,810,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         Шүүхийн зүгээс өөрийн санаачлагаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан тул шинжээчийн зардлыг шүүхийн зардлаас гаргуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

       1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.м ХХК-нл холбогдох гэм хорын хохиролд 3,810,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Х нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 50,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.                         

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас шинжээчийн зардал 500,000 төгрөгийг гаргуулж шинжээч Эрдэм түм ХХК-нд олгосугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ц.ОЮУНБИЛЭГ

                                            ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ

                                                                                         Ж.СЭМЖИД