Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 125/2016/0013/З |
Дугаар | 29 |
Огноо | 2016-09-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 29
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Д сумын эмийн эргэлт” БГБХН нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ч, Ховд аймгийн Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Б, Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Г нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар “Ажил сайжруулах тухай” тогтоол, Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Г-ийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай”, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/05 дугаар “Ажилд түр томилох тухай” захирамжууд, Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ч-ын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/3102 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэл, Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Г-ийн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/35 дугаар “Комисс байгуулах тухай” захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Дарви сумын Засаг дарга Д.Г-ийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ховд аймгийн Д сумын эмийн эргэлт” БГБХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ховд аймгийн Д сумын эмийн эргэлт” БГБХ нөхөрлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ховд аймгийн Д сумын Эргэлтийн эмийн сан” БГБХН нь 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 2 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Тус нөхөрлөлийн эзэн Д.Б нь 2004 онд Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийг эм найруулагч мэргэжлээр дүүргэсэн бакалавр зэрэгтэй. Улмаар Эрүүл мэндийн сайдын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 0001649 дүгээр гэрчилгээгээр эм барих эрхийг 5 жилийн хугaцаатай авсан.
Ховд аймгийн Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар “Ажил сайжруулах тухай” тогтоолын 1 дэх заалтад “Сумын эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагаанд удаа дараа тооллого хийхэд байвал зохих эмийн хангалт муу, хөнгөлөлттэй эмийн жороор үйлчилдэггүй, нийгмийн даатгалын сангаас авах ёстой санхүүжилтийг авч чадаагүй, “Монос фарм” эм нийлүүлэлтийн газарт 4973693 төгрөгийн өртэй зэрэг дутагдал гаргасныг 14 хоногийн дотор арилгуулж ажиллахыг сумын Засаг даргад зөвлөжээ. Хариуцагч Ховд аймгийн Дарви сумын ИТХ- нь нөхөрлөлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, хяналт шалгалт хийж, үнэлгээ өгөх эрхгүй юм.
Үүнээс 7 хоногийн дараа Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ч нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/3102 дугаар албан бичгээр Д сумын эргэлтийн эмийн сан хариуцсан хүнийг өөр мэргэжлийн хүнээр сольж, хариуг 2015 оны 10 дугаар сарын 10-ны дотор ирүүлэхийг мэдэгджээ.
Ч.Ч-ын дээрх албан бичигт ямар ч хуулийн заалт баримтлаагүй, хуульд үндэслээгүй, өөрт хамааралгүй асуудлыг шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар илт хууль бус захиргааны акт юм. Улмаар Дарви сумын ИТХ-ын тогтоол, Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ч-ын бичгээр өгсөн “Эргэлтийн эмийн сангийн эрхлэгчийг солих арга хэмжээ авах үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх үүднээс хариуцагч Д.Г нь өөрт олгогдоогүй эрх эдэлж, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар Д.Б-г ажлаас нь чөлөөлсөн байна. Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга нь Эргэлтийн эмийн сан нөхөрлөлийн эрхлэгч Д.Б-ын ажил олгогч биш, Д.Б түүний ажилтан ч биш, ямар ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн харилцаа үүсээгүй. Ийм байхад Дарви сумын Засаг дарга нь Эргэлтийн эмийн сангийн эрхлэгчийг Хөдөлмөрийн тухай хууль баримтлан ажлаас чөлөөлсөн нь илт хууль бус юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Ховд аймгийн Д сумын эмийн эргэлт” БГБХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч “Ховд аймгийн Дарви сумын эмийн эргэлт” БГБХН-ийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх үндсэн эрхийг хууль бусаар хязгаарлаж байгаа Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Г-ийн 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/35 дугаар “Комисс байгуулах тухай” захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэв. Илт хууль бус гэхийн учир хариуцагчид “Ховд аймгийн Д сумын эмийн эргэлт” БГБХН-ийн үйл ажиллагааг хянах, удирдах зөвлөл байгуулах эрх хэмжээ хуулиа олгогдоогүй, тухайн захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байгаа юм.
Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг үзэхэд хариуцагч нь хуулийн этгээдийн эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавих, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, хянаж шалгах зөвлөл байгуулах эрх хэмжээгүй юм.
Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Г-ийн 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/35 дугаар “Комисс байгуулах тухай” захирамжийн 2,3 дахь заалтаар сумын эмийн сангийн өдөр тутмын үйл ажиллагаа, эмийн сангийн үнэ тогтооход хяналт тавьж, сар бүрийн эхний долоо хоногт багтаан эмийн зарцуулалтын тайланг эмнэлгийн салбар зөвлөл, Засаг дарга нарт мэдээлж ажиллахыг эмнэлгийн нягтлан бодогчид даалгажээ. Бараа бүтээгдэхүүний үнэ нь зах зээлийн хуулиар тогтоогддог байхад үүнийг Дарви сумын Засаг дарга нь салбар зөвлөлөөрөө тогтоолгох ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: Д сумын Эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагааны талаар иргэдээс нэлээдгүй санал ирж, тухайн үед нь мэргэжлийн байгууллага болох Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газруудад уг асуудлыг хянаж шийдвэрлэж хариу мэдэгдэх талаар үүрэг, чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу Эрүүл мэндийн газраас албан бичгээр тус суманд зайлшгүй шаардлагатай эмийн хангалтын 50 хувиас доогуур хангалттай, хөнгөлөлттэй жороор сүүлийн жилүүдэд нэг ч хүнд үйлчлээгүй, хувийн зөвшөөрөлгүй эмийн сан ажиллуулж байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа мөн бөгөөд иргэдийн санал үндэслэлтэй байгааг илэрхийлээд цаашид санхүүгийн хяналтыг нарийвчлан хийхээ мэдэгдсэн албан бичиг, Мэргэжлийн хяналтын газраас Д сумын эргэлтийн эмийн санг хяналтын хуудсаар шалгахад 35.6 хувьтай шалгагдаж илэрсэн зөрчлүүдийг жагсааж, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн зэрэг хариу ирүүлсэн. Мөн санал гомдлын дагуу дээрх арга хэмжээг авч ажилласан хэдий ч 7043111 төвд эмийн санд шаардлагатай эм тариа байхгүй байна, нэг гэр бүлийн хүмүүс ажиллаж байна, хөнгөлөлттэй эмээр үйлчлэхгүй хувийн эмийн сангаас ав гэх юм, эмийн санд ээж охин хоёр төр хувийг хослон ажиллаж болдог юм уу, эмийн сан тогтмол ажиллахгүй байна, эм авъя гэхээр хувийн эмийн сангаас ав гээд ээжийнхээ эмийн сан уруу явуулж байна, зэрэг гомдол удаа дараа ирсэн тул төрийн ажлыг цалгардуулахгүй, ажлаа хийж чадахгүй бол өөр хүнээр ажлыг нь хийлгэх, дээрхи зөрчлүүдийг таслан зогсоох үүрэг чиглэл бүхий албан бичгийн Дарви сумын Засаг даргад хүргүүлсэн.
Иймд иргэн Д.Б-ын Засаг даргын орлогчийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/3102 дугаар албан бичиг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Б нь 2011 оноос эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан. Д сумын эмийн эргэлтийн санд удаа дараа тооллого явуулахад байвал зохих эмийн хангалт муу, хөнгөлөлттэй эмийн жороор үйлчлэхгүй, нийгмийн даатгалын сангаас авах санхүүжилтийг авч чадаагүй, “Моносфарм” эм ханган нийлүүлэх байгууллагад 4773693 төгрөгийн өр үүсгэсэн зэрэг зөрчил гаргаж энэ тухай сумын ИТХ-аас ажил сайжруулахаар Засаг даргад хандан тогтоол ирүүлж байсан ч байдал сайжраагүй. Эрүүл мэндийн газрын мэргэжлийн баг шалгахад 89 нэр төрлийн эм бэлэн байлгахаас эмийн хангалт 28 хувьтай иргэдэд хөнгөлөлттэй эмээр үйлчлэхгүй байгаа зэрэг зөрчил дутагдал гаргаж энэ тухай гомдол мэдээллийг иргэдээс гаргаж яаралтай тусламж үйлчилгээ шаардлагатай болсон, өвдсөн иргэдэд үйлчлэхдээ хүлээлгэдэг, зан харилцааны зөрчил үүсгэдэг, энэ талаар шаардлага тавьсан иргэдэд тэгвэл хувийн эмийн сангаас эмээ ав гэх байдлаар дээрэлхдэг зэрэг гомдлыг 7043111 төвд ирж байснаас шалтгаалан Д.Б-г ажлаас чөлөөлж, өөр хүнийг ажилд томилсон. Ажлаа сайжруулахыг шаардаж, бичгээр мэдэгдсээр байхад ажлаа сайжруулаагүй тул түүнийг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн. Ингээд 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр захирамж гаргаж Д.Б-г ажлаас чөлөөлсөн ба 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр уг захирамжийг гардуулан өгч гарын үсэг зуруулсан. Гэтэл нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байна. Иргэн Д.Б нь хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй, Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Г-ийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан болно. Иймд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.
Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа Дарви сумын Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/35 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүсчээ. Ховд аймгийн Засаг даргын 2012 оны А/16 дугаар захирамжаар аймгийн эргэлтийн эмийн сангийн удирдах зөвлөл байгуулсан байдаг. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудаар орон нутгийн удирдлага нь эмийн эргэлтийн санг зохион байгуулахыг хориглоогүй бөгөөд Монгол улсын хэмжээнд нийт эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагааг хянах, удирдах салбар зөвлөлийг сумын Засаг даргын захирамжаар томилсон байдаг. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны актыг гарсан буюу мэдсэн өдрөөс хойш түүний дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтанд 30 хоногийн дотор гомдол гаргаж, урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой.Нэхэмжлэгч нь дээрхи захирамжийг хүчингүй болгуулахын тулд аймгийн Засаг даргад хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй нь тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл болжээ.
Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
Хариуцагч, Ховд аймгийн Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит хуралдана зарлан хуралдуулж, 6 асуудлыг авч хэлэлцсэн юм. Уг хуралдааныг санал асуултын үед төлөөлөгч Г.Баяртсайхан нь эмийн эргэлтийн сангийн өрийг асуусан. Хариултыг эмч Б.Должинсүрэн өгөхдөө манай эргэлтийн эмийн сан жилдээ 7 сая төгрөг батлагдан ирдэг, Одоогоор манай эмийн сан 9 гаруй сая төгрөгийг эм хэрэглэсэн. 2 сая төгрөгийн өртэй байгаа гэж хариулсан. Үүн дээр Засаг дарга нь эргэлтийн эмийн сан Моносфармд 3.9 сая төгрөгийн өртэй, мөн хөнгөлөлттэй эмийн жороор үйлчлээд аймгийн Нийгмийн даатгалын сангаас авах ёстой 6 сая төгрөг авах боломжгүй болсон тухай хариу өгсөн. Дээрх байдлуудаас төлөөлөгчид эмийн эргэлтийн сангийн эрхлэгчид ажил сайжруулах тухай тогтоол гаргах саналыг гаргаснаар дээр тогтоолыг гаргасан болно гэжээ.
Гуравдагч этгээд Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Дарви сумын Засаг даргын захирамжаар сумын эргэлтийн эмийн сангийн эрхлэгчийн ажлыг хүлээн авсан. Тус эмийн сангийн ажлыг хүлээн авахад Д.Б нь хэдхэн нэр төрлийн 400000 төгрөгийн эм хэрэгсэл хүлээлгэж өгсөн. Тус сумын эргэлтийн эмийн сан нь анх байгуулагдахдаа сумын ард иргэдийн хандив, тусламж, Бамокогийн төслийн тусламжтайгаар үүсгэн байгуулагдсан. Тухайн үедээ тус эмийн сан нь эмийн эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаад 4-5 сар болж байсан. Д.Б ажлаа хүлээлгэж өгөхдөө тус эмийн сантай холбоотой баримтуудаа хүлээлгэж өгөөгүй. Ийм байдлаар ажил үргэлжлэх боломжгүй байсан тул миний нэр дээр эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийн гэрчилгээ олгохыг зөвшөөрч, тус аж ахуйн нэгжийн гэрчилгээн дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг шинээр олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Д сумын эргэлтийн эмийн сан БГБХН нь 2 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Уг нөхөрлөлийн дарга Д.Б нь 2004 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны их сургуульд эм найруулагчаар төгссөн бөгөөд үүний дагуу 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатайгаар авсан.
Д сумын эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагааг явуулахдаа эм ханган нийлүүлэх үүрэг хариуцлагаа ухамсарлаж ажиллаж байсан ба иргэд болон бусад байгууллагаас ямар нэгэн гомдол санал ирээгүй гэдгийг нэхэмжлэлдээ дурдсан байдаг.
Гэтэл хясан боогдуулах, дарамт үзүүлж хууль бус захиргааны акт гарч, дур зоргоороо аашилсан үйл ажиллагаанууд явагдаж эхэлсэн. Ховд аймгийн Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар “Ажил сайжруулах тухай” тогтоолд удаа дараа тооллого хийхэд заавал байх эмийн хангалт муу, хөнгөлөлттэй эмийн жороор үйлчлээгүй, Нийгмийн даатгалын сангаас авах ёстой байсан санхүүжилтийг авч чадаагүй, Монос Фарм эмийн санд өр үүсгэсэн гэсэн зөрчил гаргасан байна гээд зөрчлийг 14 хоногийн дотор арилгаж ажиллахыг сумын Засаг дарга Д.Г-д даалгасан байдаг. Гэтэл Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Д сумын эргэлтийн эмийн сан БГБХН-д хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх эрх хэмжээгүй байгууллага юм. Энэ нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтыг зөрчсөн байна.
Үүний дараа 7 хоногийн дараа аймгийн Засаг даргын орлогч Ч.Ч нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1\3102 тоот Д сумын эргэлтийн эмийн санг хариуцсан хүнийг явуулж өөр хүнээр томилох тухай албан бичиг явуулсан байдаг. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ.” гэж заасан байдаг. Гэтэл орлогч Ч.Ч нь хэвлэмэл маягтыг ашиглан тамга дарж, албан тушаалаа хэтрүүлсэн байна.
Мөн Ч.Ч-д Дарви сумын эргэлтийн эмийн сангийн эрхлэгчийн үйл ажиллагаанд үнэлэлт өгөх эрх хэмжээ байхгүй юм. Өөр хүнийг томилохыг даалгах эрхгүй юм. Иймд Д.Б-ын эмийн сангийн эрхлэгчийн ажлаа хууль бусаар алдах, нөхөрлөлийн үйл ажиллагаа боогдож, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрх зөрчигдсөн гэж үзэж байна.
Эмийн сангийн эрхлэгчээс чөлөөлсөн Дарви сумын Засаг дарга Д.Г-ийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” захирамж гарсан. Энд Д.Б нь нөхөрлөлийн эзэн бөгөөд Засаг дарга Д.Г нь түүний ажил олгогч биш юм. Эдгээр хүмүүсийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Гэтэл ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримталж ажлаас чөлөөлж байгаа нь уг актыг илт хууль хууль бус болгох үндэслэл болж байна. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/05 дугаар “Ажилд түр томилох тухай” захирамж гаргаж эргэлтийн эмийн санг хүчээр Б.С-д өгч, эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр томилсон байгаа.
Ховд аймгийн Засаг даргын орлогч, Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хууль бус захиргааны актын улмаас Д сумын эргэлтийн эмийн сан БГБХН-ийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөрөнгө эзэмших, өмчлөх, аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрх зөрчигдсөн юм. Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 47 дугаар зүйлийн 47.4-д заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар уг маргаанд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй гэж үзэж байна.
Ингээд 2016 оны 05 дугаар сарын 25-нд нэхэмжлэлийн шаардлагаа Дарви сумын Засаг дарга Д.Г-ийн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/35 дугаар “Комисс байгуулах тухай” захирамжийг илт хууль бус болгуулахаар нэмэгдүүлсэн. Уг захирамж нь илт хууль бус юм. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу захиргааны актад эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.г заалтад заасан эрхийг зохицуулсан захирамж юм. Гэтэл уг заалтад эрүүл мэнд, биеийн тамир гэсэн ойлголтыг агуулдаг бөгөөд уг заалтыг барьсан юм шиг харагдаж байна. Нэмэгдүүлсэн шаардлага дээрээ энэ талаар тодорхой дурдсан байгаа. Эрүүл мэндийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Эрүүл мэндийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, шинжилгээ хийх, шалгах, дүгнэх, эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар шалгалт хийх, шалгалтын дүнг мэдээлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг буруутай албан тушаалтнаар арилгуулах, хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд энэ хуулийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх чиг үүргийг эрүүл мэндийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон эрүүл мэндийн байгууллагын дотоод хяналт хариуцсан алба хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг.
Иймд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан заалт нь Эрүүл мэндийн тухай хуулийн хэм хэмжээг зохицуулахгүй заалт байгаа юм. Бараа бүтээгдэхүүний үнэ нь зах зээлийн хуулиар үнээр тогтоогддог. Гэтэл Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоогдоогүй юм. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх байх гэж бодож байна. Бараа бүтээгдэхүүний үнийг Д.Г нь салбар зөвлөлөөрөө үнийг тогтоолгосон байна.
Хавтаст хэрэгт хамтран ажиллах гэрээ авагдсан байна. Энэ гэрээний хугацаа нь 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатай байгуулагдсан байдаг. Уг гэрээнд талуудын хүлээх үүрэг заагдсан байгаа. Энэ гэрээн нь хөдөлмөрийн гэрээ биш юм. Гэтэл өнөөдөр талууд харилцан тохиролцсоны үндсэн дээрээ уг гэрээг байгуулсан байхад хөдөлмөрийн хуулийг баримталж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж гаргасан гэж үзэж байна. Учир нь 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дугаар Дарви сумын Засаг даргын захирамж гарсан ба уг захирамжийг 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Д.Б хүлээн авсан байна. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь тухайн үед хэрэгжиж байсан. Иймд уг хуулийн дагуу захиргааны актыг мэдсэн байх бөгөөд уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Сумын Засаг даргын гаргасан захирамжийг 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар шууд шүүхэд хандах боломжтой байсан. Гэтэл уг хугацааг бүтэн жилээр хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байна. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч буцаан хэрэглэх талаар ярьж байна гэж ойлгож байна. Учир нь 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн хуулийн 14 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбар гаргаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
2002 оны хууль хэрэгжиж байх хугацаанд гомдол гаргах эрхтэй байсан боловч уг хугацааг хэтрүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Харин нэхэмжлэгч нь 2015 оны захиргааны актын асуудалд нэхэмжлэл гаргасан байгаа юм. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн зохицуулалтыг шүүх анхаарна уу гэж хүсэж байна. Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зөвхөн гэрээний талууд өөрсдөө харилцан тохиролцсон тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү бидний аль алинд нь ашигтай нөхцөл байдал үүссэн гэж үзэн шинэ хуулийг хэрэглэх талаар тохиролцсон тохиолдолд шинэ хуулийг хэрэглэх боломж бүрддэг. Гэтэл 2015 оны захирамжид 2016 онд гомдол гаргаж, мөн одоо хэрэгжиж байгаа хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхээр ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өнөөдрийн хэрэглэж байгаа хууль маань хуучин хуулиас бага зэргийн өөрчлөлт орсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг адилхан заасан байгаа юм. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн гаргасан байхад нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.
Д.Б-г ажлаас чөлөөлөх эрх хэмжээ сумын Засаг даргад байхгүй гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Уг хамтран ажиллах гэрээнд Хөдөлмөрийн хуулийн зохицуулалт болох ажил, амралтын цаг болон тоног төхөөрөмж, ажиллах нөхцөл боломжоор хангаж байгаа юм. Түүнээс Д.Б-ын хувийн тоног төхөөрөмж дээр, хувийн орон байранд нь Д.Б-ын хувийн зүйл зарагдаж байгаа асуудал биш юм. Энд улсаас олгож байгаа эмийг улсаас олгосон байранд, улсын тоног төхөөрөмж дээр худалдан борлуулж байгаа юм. Гэрээнд энэ талаар мөн тодорхой заасан байгаа. Эрхлэгчээр ажиллаж байсан Д.Б нь гэрээнд заасан цагийн дагуу ажиллахаар заасан. Мөн эмийг хөнгөлөлттэй үнээр жороор олгох талаар заасан юм. Хөнгөлөлттэй үнээр эм олгож байгаа нь төрөөс уг эмийн санг санхүүжүүлж байгаа хэрэг юм. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хөнгөлөлттэй эмүүдийг хөнгөлөлттэй үнээр, жороор олгоогүйн улмаас 6 сая төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас авч чадалгүй буцааж шилжсэн байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын үйлчилгээг үзүүлж байж өөрийн ээжийн эмийн санд ашигтай байдал үүсгэж, иргэдийг хохироосон асуудал байдаг. Гэрээний 3.1.8-д зааснаар гэрээний хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал, ажлын хариуцлага алдахгүй ажиллана гэсэн үүргийг зааж өгсөн. Цалинжаад явж байсан нь гэрээгээр нотлогдож байгаа юм. Төрийн байгууллагын чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээнд заасан алдаа гаргаж, ажлаас чөлөөлөгдсөн юм. Гэтэл өнөөдрийн байдлаар хамтран ажиллах гэрээний үйлчлэл дууссан байна. Тэгэхээр Д.Б дахин үйл ажиллагааг явуулах боломжгүй болжээ.
Аймгийн Засаг даргад хандаагүй гэдэг нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар өөрийн нөхөрлөлийн хөрөнгө дээр үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээнд хүртэл эмийн эргэлт сангийн хөрөнгийг Засаг даргын Тамгын газраас гаргахаар заасан. Орон нутгийн хөрөнгө дээр үйл ажиллагаа явуулж байгаа болохоос нөхөрлөлийн хөрөнгө дээр ямар ч үйл ажиллагаа явагдаагүй юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон нэхэмжлэгч нь манай эмийн сантай холбоотой гомдол ирээгүй гэж мэдүүлсэн нь 70431111 дугаартай утсанд ирсэн 7 гомдол, мөн Эрүүл мэндийн газрын даргын албан тоот, Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн албан шаардлага, тооллого хийсэн дүн зэргээр үгүйсгэгдэж байна. Эндээс үзэхэд Д.Б нь иргэдэд үйлчлэх үүргээ биелүүлээгүй нь харагдаж байна. Ингээд удаа дараагийн шаардлагыг биелүүлж ажиллаагүйн улмаас ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Иймд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-т нэхэмжлэлийн талаар тодорхой заасан бөгөөд Б.С-г томилсон захирамж, комисс томилсон захирамжаар Д.Б-ын эрх ашиг хөндөгдөж байна уу гэдэгт дүгнэлт хийнэ үү. Учир нь уг актуудын хүрээнд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байна гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн байх ба Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар маргаан бүхий захиргааны акт нь гомдол гаргагчийн эрх ашгийг хөндсөн тохиолдолд гомдол гаргах эрхтэй байдаг. Гэтэл уг тогтоол нь хяналт шалгалт хийж, ажил сайжруулах талаар чиглэл өгсөн болохоос биш Д.Б-ын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон захирамж биш юм. Мөн аймгийн Засаг даргын орлогч Ч.Ч-ын 1/3102 дугаар албан бичгийн талаар ярьж байна. Уг албан бичгийг захиргааны акт биш гэж үзэж байна. Учир нь захиргааны акт нь захирамжилсан, тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан шинжтэй байдаг. Гэтэл уг албан бичиг нь захиргааны актын шинжид хамаарахгүй байгаа юм. Уг албан тоотоор Д.Б-ын эмийн сангийн эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь шууд хязгаарласан үр дагаварт хүргээгүй гэж үзэж байна.
Харин эрхлэгчийн эрх үүргийг дуусгавар болгосон Засаг дарга Д.Г-ийн Б/04 дугаар захирамж нь захиргааны маргаан бүхий акт мөн гэж үзэж байна. Хувийн аж ахуйн үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцлоо гэж нэхэмжлэлдээ дурдсан байсан. Гэтэл Эрүүл мэндийн тухай хууль болон Эм хэрэгслийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын “Эмийн эргэлтийн сан байгуулах тухай” гэсэн журмын дагуу төрийн зарим чиг үүргийг сумын эргэлтийн эмийн санд олгосон байх тул төр хяналт тавих эрхтэй байгаа юм. Энэ тохиолдолд төр үйл ажиллагаанд оролцож, аж ахуй нэгжид хяналт тавьдаг эрх, үүрэг хүлээдэг. Эрүүл мэндийн тухай хууль болон Эм хэрэгслийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын баталсан журмын дагуу төрөөс хөнгөлөлттэйгөөр эмийг олгох эмийн сангийн удирдах зөвлөлд төр оролцож, тухайн орон нутгийн Засаг захиргааны нэгж болон орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь эмийн сангийн удирдах зөвлөлд орж зөвшөөрлийг олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих эрхийг нь олгосон байна. Үүний хүрээнд Дарви сумын Засаг дарга комисс байгуулж, өөрөө удирдах зөвлөлд нь орж, уг эмийн эргэлтийн сан буюу нөхөрлөлтэй гэрээ байгуулах, цуцлах эрхийг нь олгосон. Иймд Засаг даргын захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна.
Хамтран ажиллах гэрээнд талуудын үүргийг заасан. Эрүүл мэндийн сайдаас гаргасан эмийн эргэлтийн сан байгуулах журамдаа орон нутаг удирдах зөвлөлд нь орж, эрхлэгчийг нь томилох чөлөөлөх эрхийг нь зааж өгсөн. Эмийн сангийн эрхлэгч нь төрийн албан хаагч биш тул Хөдөлмөрийн хуулийн заалтыг зөв баримталсан гэж үзэж байна. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар тухайн орон нутагт мөрдөгдөж байгаа хууль, журам, түүний хэрэгжилтийг тухайн орон нутгийн Засаг дарга хариуцна гэж эрхийг нь олгосны дагуу Эрүүл мэндийн тухай хууль болон Эм хэрэгслийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын баталсан журамд заасан үүргийг хэрэгжүүлж ажилласан. Мөн хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болж, Б.С-г томилсноор эргэлтийн эмийн санг эрхлэх эрх үүссэн гэж үзэж байна.
Төрөөс хөнгөлөлттэй үнээр эмийг олгож, төрөөс санхүүжилт нь явагдаж байгаа учраас төрийн өмчийн оролцоотой байх тул хувийн аж ахуй гэж үзэх үндэслэл байхгүй юм.
Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байхад хугацааг хэтрүүлж гаргасан гэж үзэж байна.
Хавтаст хэргээс нотлох баримтыг шинжлэн судлуулахад нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөнөөс 2 сарын дараа чөлөө хүссэн өргөдөл гаргасан байна. Энэ нь бүртгэл хяналтын картад бүртгэгдээгүй байгаа юм. Үүнээсээ хойш тэтгэмж авахаар Засаг даргатай тохиролцсон баримт хэрэгт байна. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт захиргааны актын талаар хандахдаа 2015 оны 12 дугаар сард хандсан нь хэрэгт авагдсан байна. Нэгэнт гуравдагч этгээдээр оролцож байгаа учраас шүүхийн шийдвэр хэрхэн гарснаас хамаарч түүний эрх ашиг хөндөгдөх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ховд аймгийн Д сумын эмийн эргэлт” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ч, Ховд аймгийн Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар “Ажил сайжруулах тухай” тогтоол, Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Г-ийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай”, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/05 дугаар “Ажилд түр томилох тухай” захирамжууд, Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ч-ын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/3102 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэл, Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Г-ийн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/35 дугаар “Комисс байгуулах тухай” захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын гаргасан гаргасан нэмэлт тайлбар зэргийг шинжлэн судалж, үнэлж шийдвэрлэв.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь итгэмжлэлээсээ татгалзсан баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тус бүртээ өмгөөлөгч Ж.Энхжаргалтай захиргааны хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ[1] байгуулсан, уг гэрээний 7-т “өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээ төлөөлөн итгэмжлэлгүйгээр төлөөлөн нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, хуульд заасны дагуу бүрэн төлөөлөх эрхтэй.” гэж заасан байх ба өмгөөлөгч Ж.Энхжаргал нь нэхэмжлэгчтэй тохиролцсоны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ч нь ажлаас чөлөөлөгдсөн тул тус албан тушаалд томилогдсон Ч.Уранчимэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн, хариуцагч Ш.Б, гуравдагч этгээд Б.С нар мөн шүүх хуралдаанд оролцохгүй талаар мэдэгдсэн байх ба хэргийн оролцогчдын өмгөөлөгч нар шүүх хуралдааны ирцтэй холбоотой ямар нэгэн санал гаргаагүй болно.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн талаар болон нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад маргаан бүхий таван акт тус бүрт “Ховд аймгийн Д сумын эмийн эргэлт” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болон түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нөхөрлөлийн эзэн, эмийн сангийн эрхлэгч Д.Б-ын эрх ашиг хөндөгдөж байгаа гэж , маргаан бүхий захиргааны акт бүрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсч байгаа гэж тайлбарлажээ.
Хариуцагч нар болон гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч нар нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж маргаж байгаа ч Ховд аймгийн Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар “Ажил сайжруулах тухай” тогтоол, сумын Засаг дарга Д.Г-ийн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/05 дугаар “Ажилд түр томилох тухай” захирамж, Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ч-ын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/3102 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид мэдэгдсэн, танилцуулсан талаар нотлох баримт байхгүй, дээрх захиргааны актууд нь тухайлан нэхэмжлэгчид хандаж гараагүй байх тул түүнд гардуулсан байхыг шаардахгүй, сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тухай захирамжийг нэхэмжлэгчид танилцуулж[2] гардуулж өгсөн байх хэдий ч аймгийн Засаг даргад гомдол гаргаж шийдвэрлэлт нь удааширч хариуг[3] 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр өгсөн, хариуцагч Д.Г-ээс нэхэмжлэгчид ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан тэтгэмж өгөхөөр тохиролцсон үйлдэл нь нэхэмжлэгчид итгэл төрүүлсэн, хүлээлгэсэн байдлыг үүсгэж нэхэмжлэгчийн шүүхэд хандах хугацааг хэтрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэн үндэслэлтэй ,түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно.” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий захиргааны актууд илт хууль бус эсэхийг тогтоох замаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн эсэхийг тогтооход хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж дүгнэв.
Нэг. “Ховд аймгийн Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар “Ажил сайжруулах тухай” тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар хуулийн этгээдийн ашиг сонирхолд халдсан тогтоол гаргасан гэж маргажээ.
Ховд аймгийн Дарви сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаар тогтоолоор[4] сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 3 дугаар хуралдааныг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагт хийхээр товлож, хуралдаанаар 8 асуудлыг[5] хэлэлцэхээр баталжээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын 3 дугаарт сумын Засаг даргын 2014 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай тайлан орсон байна.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “д” хэсэгт зааснаар сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал /цаашид сумын Хурал гэх/ нь сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх эрхтэй байна. 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдаанаар сумын Засаг даргын 2014 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай тайланг хэлэлцэх үед төлөөлөгч Г.Баяртсайханаас эмийн эргэлтийн сангийн санхүүжилттэй холбоотой асуулт асууж сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.Должинсүрэн хариулсан талаар хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа, өртэй байдлын тухай тусгайлан хэлэлцсэн талаар хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байх хэдий ч тухайн хуралдааны тэмдэглэлийг хөтөлсөн сумын Хурлын нарийн бичгийн дарга Ц.Дамдиндоржийг гэрчээр асуусан мэдүүлэг[6], хариуцагч сумын Хурлын дарга Ш.Б-ийн тайлбар[7] зэргээс үзвэл эмийн эргэлтийн сангийн өртэй байдал, нийгмийн даатгалын сангаас санхүүжилт авч чадаагүй байгаа талаар сумын Засаг дарга тодруулга тайлбар хэлсэн байна.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал нь хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар тус тус батална.” гэж заажээ. Сумын хурлын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд[8] “сумын Засаг даргын 2014 онд хийсэн ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх тогтоолыг уншиж танилцуулж, тогтоолын төслийг 100 хувийн саналаар дэмжив. Бусад хэлэлцсэн асуудлууд дээр асуулт байхгүй тул тогтоолын төслүүдийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар батлав.” гэснээс үзвэл сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2014 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцсэнтэй холбоотойгоор үнэлэлт дүгнэлт өгсөн болон тайланг хэлэлцэх үед гарсан асуудлуудтай холбоотойгоор тогтоол гаргасан байна.
Сумын Засаг дарга нь эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий удирдах салбар зөвлөлийн даргын хувьд эргэлтийн эмийн сангийн сумын эрүүл мэндийн төвд зайлшгүй байлгах эмийн нөөцийг хангах, сумын иргэдэд хөнгөлөлттэй үнийн жорын эмээр үйлчлэх үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй бөгөөд эргэлтийн эмийн сангийн үйлчилгээ нь төрөөс иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний нэг тул сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн 2014 оны ажлын тайланг хэлэлцэх үед энэ асуудлыг хөндөж хэлэлцсэн улмаар ажил сайжруулах талаар сумын Засаг даргад үүрэг, зөвлөмж өгсөн тогтоол гаргасныг буруутгах үндэслэлгүй бөгөөд өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Сумын Хурлын тогтоолоор сумын эмийн эргэлтийн сангийн эм хангалт муу байгаа, иргэдэд хөнгөлөлтийн эмийн жороор үйлчлээгүй, нийгмийн даатгалын сангаас авах ёстой санхүүжилтийг авч чадаагүй, өр төлбөртэй байгаа зэрэг зөрчил дутагдлыг арилгуулж үйл ажиллагааг сайжруулах талаар сумын Засаг даргад үүрэг, чиглэл өгсөн байхад “Ховд аймгийн Д сумын эмийн эргэлт” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хуульд заасан эрх, ашиг сонирхолд халдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Сумын Хурлын тогтоолын эрх зүйн үндэслэлийн тухайд баримталсан хуулийн зүйл хэсэг нь тогтоолын агуулгатай бүрэн нийцээгүй байх хэдий ч энэ нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар тогтоол гаргасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэл болж чадахгүй болохыг дурдаад уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эрх зүйн шууд үр дагавар үүсээгүй байна гэж үзлээ.
Хоёр. Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Г-ийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” захирамж илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар хуулийн этгээдийн ашиг сонирхолд халдаж, сумын эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа эрхэлдэг нөхөрлөлийн эзэн Д.Б-г ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан нь илт хууль бус захиргааны акт гэж маргаж байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.24-д “эмийн сан” гэж эрүүл мэндийн байгууллага мал эмнэлэг, хүн амыг эм, эмнэлгийн хэрэгслээр жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг ойлгоно.” гэснээс үзвэл эмийн сангийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуулийн этгээд эрхлэхээр байх ба “Ховд аймгийн Д сумын эмийн эргэлт” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 2 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж[9], эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг[10] 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр авсан байна. Харин нөхөрлөлийн эзэн, эргэлтийн эмийн сангийн эрхлэгч Д.Б нь эм барих эрхийн зөвшөөрлийг[11] 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр авчээ.
Сумын Засаг даргын 2009 оны 01 сарын 08-ны өдрийн 10 дугаар захирамжаар[12] Г.Цэнд /Д.Б-ын эх/-ийг өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн учир эмийн эргэлтийн сангийн эрхлэгчийн ажлаас чөлөөлж Д.Б-г томилжээ. Б-г ажилд томилсноос хойш Сумын Засаг даргаас түүнтэй хөдөлмөрийн гэрээ эсвэл хамтран ажиллах гэрээ байгуулж байсан эсэх болон үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх, үүрэг чиглэл өгч ажиллаж байсан эсэх талаар хэргийн оролцогчдоос ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй ба шүүхээс нотлох баримт цуглуулах ажиллагааны явцад ч энэ талаар баримт олдоогүйг дурдах нь зүйтэй.
2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр сумын Засаг дарга, эмийн эргэлтийн сангийн эрхлэгч Д.Б нар 3 жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ[13] байгуулж хоёр тал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ. Хамтран ажиллах гэрээнд тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлсон Иргэний хуулийн 476- 482 дугаар зүйлд заасан зохицуулалтаас үзвэл 2 ба түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд мөнгөн эсхүл хөрөнгийн болон үйлчилгээ үзүүлэх байдлаар хамтран дундаа эзэмших, хариуцлага тэнцүү хуваарилах байдлаар хамтран ажиллаж болохоор байна.
Эрүүл мэндийн сайдын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 297 дугаар тушаалаар баталсан “Эмийн эргэлтийн сангийн ажиллах журам”-ын 3.1-д эмийн эргэлтийн сангийн хөрөнгө нь орон нутгийн өмч, хамт олны хандив, гадаадын байгууллагын тусламж, өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг эх үүсвэрээс бүрдэхээр, 3.3-д эргэлтийн эмийн сангийн эргэлтийн хөрөнгийг удирдах зөвлөлийн шийдвэрээр сумын эрүүл мэндийн төв болон хүн амын хэрэгцээт зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах, эмийн эргэлтийн сангийн барилгын засвар үйлчилгээ, стандартад заагдсан шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах болон үйл ажиллагаатай холбогдсон зардал, сумын иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн анхны тусламж, чанар хүртээмж, тогтвортой байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээнд зарцуулахаар зааж, мөн журмын 2.10-д энэ журмаар зохицуулагдаагүй эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг эмийн эргэлтийн сангийн удирдах зөвлөл шийдвэрлэнэ гэжээ.
Д сумын эмийн эргэлтийн сан нь анх орон нутгийн өмч, иргэд болон олон улсын байгууллагын хандив тусламжаар байгуулагдсан ба сумын эрүүл мэндийн төвийн байранд байрлаж, сумын эрүүл мэндийн төвийн төсөвт тусгагдсан зардлын хүрээнд нэн зайлшгүй шаардлагатай эмийг нийлүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр иргэдэд хөнгөлөлттэй үнийн жорын эмээр үйлчлэхийн зэрэгцээ өөрийн мөнгөн хөрөнгөөр эм, эмнэлгийн хэрэгслийн жижиглэнгийн худалдааг эрхэлдэг байна.
Иймд эмийн эргэлтийн сан нь зөвхөн хуулийн этгээдийн эзэмшлийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг, төрийн оролцоо байхгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй юм.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасан сумын Засаг даргын хүн амын нийгэм- соёлын үйлчилгээ, нийгмийн хамгааллын талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд “г” заалтад хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллага эрх бүхий байгууллагаас тогтоосон стандарт норм нормативыг сахин мөрдөж байгаа эсэхэд тэдгээрийн харъяалал, өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр хяналт тавих, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, дээд шатны Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харъяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, 11.2.4-д харъяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагыг шаардлагатай боловсон хүчин, материаллаг бааз, санхүүгийн хувьд бэхжүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан ба Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д эмийн сангийн байршил болон үйлчлэх хүрээг тухайн орон нутгийн онцлогт тохируулан тогтоох, эм эмнэлгийн хэрэгслээр хангах үйл ажиллагааг зохицуулах үүргийг нутгийн захиргааны байгууллага хүлээнэ гэжээ.
Энэ бүгдээс дүгнэвэл сумын Засаг дарга нь сумын эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагааг зохицуулах, шаардлагатай арга хэмжээг авах эрхтэй байна. Мөн “Эмийн эргэлтийн сангийн ажиллах журам”-ын 4.5-д заасан эмийн эргэлтийн сангийн эрхлэгчийн эрх, үүргийг талууд хамтран ажиллах гэрээнд тусгаж, гэрээг хугацаанаас өмнө цуцалж болохоор заасан байна.
Иймд Д.Б-г ажлаас чөлөөлсөн нь нөхөрлөлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа сумын эмийн эргэлтийн сангийн эрхлэгчийг ажлаас чөлөөлөх нь сумын Засаг даргын эрх хэмжээнд хамаарахгүй тул захиргааны акт нь илт хууль бус гэж тодорхойлсон учир захиргааны актын эрх зүйн үндэслэл, агуулга зорилго, бодит байдалтай нийцсэн эсэх буюу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон шалтгаан нөхцөл буюу зөрчлийг тогтоосон байдал, хариуцлага тохирсон эсэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Гурав. Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Г-ийн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/05 дугаар “Ажилд түр томилох тухай” захирамж илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд Б.С-г сумын эмийн эргэлтийн сангийн эрхлэгчээр хууль бусаар томилж, нэхэмжлэгчийн аж ахуй эрхлэх, хөдөлмөрлөх эрх зөрчсөн гэж маргаж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа сумын Засаг дарга хуулийн этгээдийн дотоод ажилд оролцож, эрх хуулиар олгогдоогүй байхад Б.С-г эрхлэгчээр томилсон түүний аж ахуй эрхлэх эрхийг нь зөрчиж байна гэжээ.
Д.Б-г ажлаас чөлөөлснөөс 2 сарын даргаа буюу 2015 оны 06 сарын 03-ны өдөр Б.С-г сумын эмийн эргэлийн сангийн эрхлэгчээр түр томилж[14], мөн ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийн томилсноор 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөх ажлыг хүлээлцүүлсэн байна.[15]
Захиргааны актаар зохицуулсан тохиолдол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, эрх зүйн шууд үр дагаврыг бий болгосон байхыг шаардана. Д.Б-г ажлаас чөлөөлсний дараагаар Б.С-г ажлыг түр томилсон захирамжаар “Ховд аймгийн Д сумын эмийн эргэлт” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл болон Д.Б-тэй холбоотой асуудлыг зохицуулаагүй байна.
Д.Б-г 2009 онд сумын Засаг дарга ажилд томилоход өөрийг нь томилох эрхгүй этгээд гэх үндэслэлээр маргаж байгаагүйг тэмдэглээд сумын эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, сумын Засаг даргын эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх хэмжээ, эрхлэгчийг томилж, чөлөөлөх эрх зүйн үндэслэлийн талаар “хоёр” дахь нэхэмжлэлийн шаардлага / Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Г-ийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” захирамж илт хууль бус болохыг тогтоолгох/-ыг шийдвэрлэсэн үндэслэлд дурдсан тул дахин тайлбарлах шаардлагагүй гэж үзлээ.
Иймд Б.С-г ажилд түр томилсон захирамжийг илт хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй байна.
Дөрөв. Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ч-ын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Санал ирүүлэх тухай” 1/3102 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “ Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заажээ. Дээрх албан бичиг нь захиргааны актын шинжийг бүрэн агуулаагүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь аймгийн Засаг даргын орлогч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан захиргааны байгууллагыг төлөөлөх захиргааны албан тушаалтанд хамаарах ба албан бичгийн агуулга нь Д сумын эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаатай холбоотой буюу гадагш чиглэсэн шинжтэй байх боловч эрх зүйн шууд үр дагаврыг бий болгож захирамжилсан шинжийг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл уг албан бичгээр сумын эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагааг зогсоох болон эрхлэгчийн ажлаас чөлөөлж шийдвэрлээгүй, зөвхөн сумын Засаг даргад үүрэг, чиглэл өгсөн шинжтэй байна.
Мөн Зохион байгуулалт, захирамжлалын бичиг баримт MNS 5140-2:2011 стандартад албан бичгийг зохион байгуулалтын бичигт хамааруулж байгууллага, албан тушаалтнаас үйл ажиллагааны тодорхой зорилтыг хэрэгжүүлэх, бусад байгууллагатай харилцах явцад үүсэж, хөтлөгдөж буй баримт бичиг гэж тодорхойлжээ.
Иймд маргаан бүхий актыг захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Тав. Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Г-ийн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/35 дугаар “Комисс байгуулах тухай” захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актаар сумын эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагааг хянах, удирдах салбар зөвлөлийг хууль бусаар байгуулж, эмийн эргэлтийн сангийн өдөр тутмын үйл ажиллагаа болон эмийн үнэ тогтоох, эмийн зарцуулалтанд хяналт тавих эрхийг хэрэгжүүлэхээр заасан нь илт хууль бус шинжийг агуулсан бөгөөд нөхөрлөлийн эрхэд халдсан гэж маргаж байна.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасан сумын Засаг даргын хүн амын нийгэм- соёлын үйлчилгээ, нийгмийн хамгааллын талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд “г” заалтад хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллага эрх бүхий байгууллагаас тогтоосон стандарт норм нормативыг сахин мөрдөж байгаа эсэхэд тэдгээрийн харъяалал, өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр хяналт тавих эрхтэй, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 297 дугаар тушаалаар баталсан “Эмийн эргэлтийн сангийн ажиллах журам”-ын 2.1 –д “....Суманд эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий хяналтын зөвлөл байна., 2.2-т “Бүх шатны Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд удирдах болон хяналтын зөвлөлийг тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна.” гээд 2.10-д “Энэ журмаар зохицуулагдаагүй эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг удирдах зөвлөл шийдвэрлэнэ.” гэж заасан байх тул сумын засаг дарга эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлж зөвлөл байгуулсан нь хууль зөрчөөгүй байх бөгөөд хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээнд гаргасан шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн журмын 4.3.1-д хяналтын зөвлөл нь эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланд хяналт тавих, 4.3.2-д сумын эрүүл мэндийн төвд болон иргэдэд худалдаалж байгаа эмийн үнэд хяналт тавих эрх, үүргийг хэрэгжүүлэхээр заасан байх тул нэхэмжлэгчийн хяналтын зөвлөл сумын эргэлтийн эмийн сангийн дотоод үйл ажиллагаанд оролцож, хяналтыг хэрэгжүүлэх эрхгүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.
Дүгнэвэл нэхэмжлэгчийн гурван захиргааны байгууллагад холбогдуулан гаргасан таван нэхэмжлэлийн шаардлагаас Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ч-ын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Санал ирүүлэх тухай” 1/3102 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг маргаан бүхий акт нь захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул захиргааны хэргийн шүүхийн хэргийн харъяаллын бус маргаан гэж дүгнэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. Бусад дөрвөн нэхэмжлэлийн шаардлагын тухайд маргаан бүхий захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан илт хууль бус болох үндэслэлд хамаарахгүй байх тул нэхэмжлэгчийн Үндсэн хууль болон бусад хуулинд заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хөдөлмөрлөхтэй холбоотой эрх нь зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ч-ын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Санал ирүүлэх тухай” 1/3102 дугаар албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “г” хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.4 дэх хэсэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Нэхэмжлэгч “Ховд аймгийн Д сумын эмийн эргэлт” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын “Ховд аймгийн Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар “Ажил сайжруулах тухай” тогтоол, Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Г-ийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай”, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/05 дугаар “Ажилд түр томилох тухай” 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/35 дугаар “Комисс байгуулах тухай” захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай .
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ
[1] хх I-ийн 139-140 дүгээр хуудас
хх II-ийн 42-43 дугаар хуудас
[2] хх I -ийн 28 дугаар хуудас /захирамж танилцуулсан баримт/,
хх I- ийн 55 дугаар хуудас /нэхэмжлэгчээс асууж авсан тайлбар/
[3] хх I -ийн 36 дугаар хуудас
[4] хх I -ийн 63 дугаар хуудас
[5] хх I -ийн 64 дүгээр хуудас
[6] хх I -ийн 59 дүгээр хуудас
[7] хх I -ийн 43 дугаар хуудас
[8] хх I -ийн 70 дугаар хуудас
[9] хх I - ийн 6 дугаар хуудас /улсын бүтгэлийн гэрчилгээ/
[10] хх II –ийн 22 дугаар хуудас
[11] хх I –ийн 7 дугаар хуудас
[12] хх I –ийн 88 дугаар хуудас
[13] хх I –ийн 114 дүгээр хуудас
[14] хх I -ийн 31 дүгээр хуудас
[15] хх I –ийн 246-247 дугаар хуудас