Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 123/2017/0021/З |
Дугаар | 221/МА2017/0802 |
Огноо | 2017-11-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2017/0802
2017 оны 11 сарын 14 өдөр Дугаар 221/МА2017/0802 Улаанбаатар хот
Ж.С-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагч С.М, хариуцагчийн өмгөөлөгч Н.С нарыг оролцуулан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Ж.С-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шийдвэртээ: “..Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.6, 47 дугаар зүйлийн 47.2.2, 50 дугаар зүйлийн 50.1.3, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.С-ийн “Сүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дүгээр захирамжийг илт хууль бус акт болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А давж заалдах гомдолдоо: Иргэн Ж.С-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргад холбогдох, түүний 2017 ны 02 дугаар сарын 01-ны өдрийн Б/19 дүгээр захирамжийг илт хууль бусад тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий хэргийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 123/ШШ2017/0023 тоот шийдвэр гаргаж шийдвэрлэсэн. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг. Шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг үнэлээгүй тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1, 2 дугаарт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 70 сая бүхий үнийн дүнтэй ахуйн үйлчилгээний барилгатай холбоотой бүхий л ажилд түүнийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна гэжээ.
Гэтэл бодит байдал дээр үнэхээр нэхэмжлэгч Ж.С нь уг хуулиар тусгайлан заасан журмыг хэрэгжүүлэх эрх бүхий субъект мөн байсан эсэхэд огт дүгнэлт өгсөнгүй. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, мөн хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар Ж.С-т тендер зарлах эрх олгогдоогүй байсан. Учир нь;
1. Төв аймгийн Сүмбэр сумын 2014 оны 05 сарын 16-ны өдрийн сумын Засаг даргын захирамжийн хавсралтын нэгдүгээр хэсэгт Засаг даргын орлогч тендер, төсөл сонгон шалгаруулах чиг үүрэгтэй бөгөөд төсөв санхүүтэй холбоотой асуудалд төрийн сангийн төлөөлөгч буюу санхүү албаны даргын хамаарах ажил байжээ. Харин ЗДТГ-ын дотоод үйл ажиллагааны удирдлагыг Тамгын газрын дарга хэрэгжүүлдэг байхаар уг захирамжаар тогтож. Энэхүү захирамж нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлтэй харшлахгүй, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.3-д "орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд тухайн шатны Засаг даргын Тамгын газар захиалагч байна" гэж заасныг зөрчихгүй, өөрөөр хэлбэл хуулиар Тамгын газар захиалагч байхыг заасан болохоос Тамгын газрын дарга гэж хуульчлаагүй.
2. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-д "аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн Ерөнхийлөн захирагч" байна, гээд мөн хуулийн 14.2.10-д "өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх" гэж тус тус зааснаар тухайн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил үйлчилгээнд төсвийн Ерөнхийлөн захирагч иь гагцхүү Засаг дарга байх бөгөөд дотоод аудитыг ч хэрэгжүүлэх нь хуульд заасан Засаг даргын онцгой бүрэн эрх юм.
3. Мөн Монгол улсын Сангийн сайдын 2014 оны 03 сарын 06-ны өдрийн дугаар 43 тоот "Орон нутгийн хөгжлийн сангийн заавар" тушаалын хавсралт 9.1-д "ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, гүйцэтгэлийн явцад хяналт шалгалтын байгууллагууд, тухайн нутгийн ИТХ-ын дэргэдэх хяналтын хороо, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд хяналт тавьж ажиллана". 9.2-д "ОНХС-аас оруулж байгаа хөрөнгө оруулалт, хэрэгжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд гүйцэтгэлийн, санхүүгийн хяналт шалгалтыг дотоод аудитын алба хэрэгжүүлнэ" гэж тус тус заасан.
Дээрхээс үзвэл Сүмбэр сумын Засаг даргын 2014 оны 05 сарын 16-ны өдрийн сумын захирамжийн хавсралтаар баталсан ажил үүргийн хувиарь ЗДТГ-ын дарга тендер зарлах, сонгон шалгаруулалт явуулах эрхгүй, Төсвийн тухай хууль болон Сангийн сайдын тушаалаар батлагдсан "Орон нутгийн хөгжлийн сангийн заавар" зэрэгт зааснаар гүйцэтгэлийн хяналт, дотоод аудит хийх эрхгүй субъект ба зөвхөн ажил үүргийн хувиарын дагуу Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33-р зүйлд заасан эрх эдэлж үүрэг хүлээх этгээд юм.
Гэтэл шүүхийн шийдвэрт"... Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2-д сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн чиг үүргийг Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон ... нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад Засаг даргад туслах" гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэдгээр хуулийн 33.1.2-г буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн шүүхийн шийдвэрт "... дээр дурдсанаар үнэлгээний хорооноос гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргаагүй байхад Ж.С нь 2014 оны 7 сарын 16-ны өдөр Барилга барих ажил гүйцэтгэх гэрээ"-г "ХК" ХХК-тай байгуулснаараа Төрийн албаны тухай хуулийн 13.1, 13.1.4, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50.1, 50.1.1, 50.1.3-д заасныг тус тус зөрчсөн байх тул түүнийг албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж дүгнэх үндэслэлтэй" гэжээ.
Энэ нь дээр дурьдсанчлан "ХК" ХХК-тай гэрээ байгуулах болон түүний, үйл ажиллагаанд гүйцэтгэлийн хяналт тавих зэрэг ЗДТГ-ын Даргад байхгүй чиг үүргийг гүйцэтгээгүй хэмээн буруутгасан байна.
Хоёр. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий биш хууль зөрчсөн тухайд:
Хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-р хэсэгт "... "ХК" ХХК ахуйн үйлчилгээний барилгыг бүрэн гүйцэт барьж, захиалагчид хүлээлгэн өгөөгүй боловч иргэд 2016 оноос эхлэн тус төвийг ашиглан халуун ус, оёдлын цех ажиллуулан төлбөртэй үйл ажиллагаа явуулж байгаа болох нь, нэхэмжлэгчийн "ахуйн үйлчилгээний барилгад халуун ус ажиллаж байгаа, иргэд 1000 төгрөгөөр үйлчлүүлдэг" гэсэн тайлбар, сумын Засаг даргын 2017.01.12-ны өдрийн 05/17 тоот 2016 онд нэгдсэн халаалтанд холбож, одоо халуун ус, оёдлын цех үйл ажиллагаа явуулж байна гэсэн бичиг зэргээр тогтоогдож байна" гэжээ.
Гэтэл үндэслэх хэсгийн уг гуравдугаар хэсэг нь юуг хэрхэн тогтоогоод тэр нь нэхэмжлэгч Ж.С яагаад буруудаад байгаа нь тодорхой бус бөгөөд эл үйлдэл нь шүүх хэтэрхий нэг талыг барьж, урьдаас нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих шийдвэртэй байсныг харуулж байна.
Мөн уг хэсэгт "... төсвийн шууд захирагч буюу Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.С нь ... албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна" гээд үүнийг тайлбарлахдаа "... орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан 70.000.000 төгрөгийн үнэ бүхий ахуйн үйлчилгээний барилгад үйл ажиллагаа явуулж байгаа иргэдтэй түрээсийн гэрээ байгуулан, түрээсийн төлбөрийг орон нутгийн төсөвт оруулах ажлыг зохион байгуулаагүй байх тул түүнийг төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна" гэжээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон уг хэсгийг талууд маргаагүй бөгөөд ажлаас халсан Б/19 тоот тушаалын үндэслэлд байхгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй, шүүх хуралдааныг хэлэлцсэн хэлэлцүүлгийн шатанд ч талууд маргалдаагүй зүйл бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг зөрчсөн дүгнэлт болжээ.
Гурав. Процесс ажиллагааны журам зөрчсөн тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 -д ".... хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлзлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг..." гэжээ. Энд зүйлд заасан захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 -д заасан захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гэсэн хэлбэрүүдээр илрэнэ. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх зөвхөн захиргааны акттай холбоотой маргаан хянан шийдвэрлэхийг хуулиар зохицуулж өгсөн.
Ийнхүү акттай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд цугларсан нотлох баримтыг үндэслэн (ЗХШХШТХ-ийн 106.4, 106.5) шүүх шийдвэрээ гаргах үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн зүгээс Сумын засаг даргын 2017 оны Б/19 тоот захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон боловч сумын Засаг даргын 2017 оны Б/19 тоот захирамжийн 2, 3, 4 дэх үндэслэлүүдийг буюу "... Сүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 01-ний өдрийн Б/19 дүгээр захирамжид заасан Ж.С сумын ЗДТГ-ын жижиг оврын ковш тракторыг өөрийн нөхөрт дур мэдэн өгсөн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-д заасныг зөрчсөн, газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 63.1.15 дахь заалтыг зөрчсөн гэсэн нөхцөл нотлох баримтаар тогтоогдохгүй байгааг дурьдаж байна" гэсэн буюу Засаг даргын захирамжийг үндэслэлгүй хэмээн дүгнэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д "Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна" гэж зааснаар сумын Засаг даргын 2017 оны Б/19 тоот тушаал бүхэлдээ илт хууль бус байхаар байжээ.
Гэтэл шүүх шийдвэрийг гаргахдаа маргаж буй захиргааны актад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байхаас гадна зөвхөн хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбарын хууль зүйн үндэслэлийг шалгаж, гарсан үр дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Иймээс Ж.С-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргад холбогдох, түүний 2017 ны 02 дугаар сарын 01-ны өдрийн Б/19 дүгээр захирамжийг илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий хэргийг шийдвэрлэсэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 123/ШШ2017/0023 тоот шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.2-д зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй, зөв шийдвэрлэсэн байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.С-ээс “Сүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дүгээр захирамжийг илт хууль бус акт болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Анхан шатны шүүх “маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5-д зааснаар зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн талаар үндэслэлтэй дүгнэсэн байна.
Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэн “тендер зарлалгүйгээр сонгон шалгаруулалт хийж, гэрээ байгуулж, гүйцэтгэгч байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй, төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан, төрийн байгууллагын эд хөрөнгө, техник болох хог ачиж, зөөх зориулалттай ковшийг өөрийн нөхөрт дур мэдэн өгч, ашиглуулж завшуулсан, Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн, Газрын тухай хууль зөрчин захирамж гаргасан” зэрэг үндэслэлүүдийг дурдаж ажлаас халжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмаар тендер шалгаруулах ажиллагааг хийлгүйгээр, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2014 онд баригдах “Халуун ус”-ны барилгыг 70 сая төгрөгөөр гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж, зохион байгуулаагүй байхад Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.С нь 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Барилга барих ажил гүйцэтгэх гэрээ”-г “ХК” ХХК-ийн захирал С.Г-тэй байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах” гэж зохицуулсан бөгөөд мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-д “Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд тухайн шатны Засаг даргын Тамгын газар захиалагч байна”, 46 дугаар зүйлийн 46.1.3-т “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэж заасан байхад нэхэмжлэгч Ж.С нь тендер зарлаж, сонгон шалгаруулалт зохион байгуулалгүйгээр гүйцэтгэгч хуулийн этгээдтэй гэрээ байгуулж дээрх хуулийг зөрчсөн. Мөн нэхэмжлэгч нь “Барилга барих ажил гүйцэтгэх гэрээ”-г захиалагчийг төлөөлж байгуулсан атлаа тус гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллаагүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь түүнийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй талаар шүүх зөв дүгнэжээ.
Тиймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...хуулиар Тамгын газар захиалагч байхыг заасан болохоос Тамгын газрын дарга гэж хуульчлаагүй...” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд Тамгын газрыг албан тушаалын чиг үүргийн хувьд Тамгын газрын дарга хариуцан төлөөлөх нь тодорхой байна.
Түүнчлэн, сумын Засаг даргын Тамгын газрын ковшийг 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл шилжүүлэх тухай акт үйлдэн шилжүүлсэн гэх боловч сумын Засаг даргын Тамгын газрын архивт нэхэмжлэгчээс нотлох баримтаар өгсөн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын ковш, жижиг оврын тракторыг эзэмшүүлж, ажил үйлчилгээ гүйцэтгэх” гэрээ болон тээврийн хэрэгсэл шилжүүлсэн акт зэрэг нь байхгүй байна.
Мөн нэхэмжлэгч Ж.С нь “ковшийн сэлбэгний үнэ болох 5.280.000 төгрөгийг нөхөр Г.О-д олгохыг зөвшөөрч цохолт хийсэн[1], тус ковшоор ямар ажил гүйцэтгэсэн, Засаг даргын Тамгын газраас ямар ажил гүйцэтгэх захиалга өгсөн, мөн уг гэрээг хэзээ, хэрхэн дүгнэсэн” талаар баримт байхгүй байгаа нь нэхэмжлэгч Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ