Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 01860

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/01860

 

 

 

“С.Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/02407 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “С.Ф” ХХК-ийн хариуцагч “Г.М.К” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 84 878 767 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анхцэцэг, өмгөөлөгч Г.Жамиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч “С.Ф” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.М.К” ХХК нь 2019 оны 04-р сарын 04 ны өдөр “С.Ф” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж барилгын ажилд шаардлагатай эд материалыг түрээслэж авсан. “Г.М.К” ХХК нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 55 585 845 төлөхөөр тохиролцсон боловч ,одоог хүртэл төлөхгүй бидний ажилд хүндрэл учруулж байна. Иймд “Г.М.К” ХХК-аас түрээсийн үлдэгдэл төлбөр 55 585 845 төгрөг, алданги 27 792 922 төгрөг, буулгалтын ажилын хөлс 3 000 000 төгрөг, тээвэр 500 000 төгрөг нийт 86 878 767 төгрөгнөөс барьцаа болох 2 000 000 төгрөгийг хасаад үлдэгдэл тооцоо болох 84 878 767 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “Г.М.К” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани бол гэрээнд заасан тоо ширхэгийн дагуу барааг авж мөнгийг төлж байсан. Нэхэмжлэгч тал манайхаас 10 дугаар сард бараа авсан. Гэтэл манай компанийн үйл ажиллагаа доголдсон тул 7 дугаар сарын 2-ны өдөр бүрэн зогссон. Тэрнээс хойш пун, сапуудуудыг ашиглаагүй. Нэхэмжилж буй мөнгийг манайх хүлээн зөвшөөрөхгүй. Эвдэрсэн барааны актыг мөн зөвшөөрөхгүй. Бид ашигласан хугацааны төлбөр буюу 5 дугаар сарын 14-ний өдрөөс 7 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх пун, сапудуудыг ашигласны түрээсийн мөнгийг төлнө, бусад мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын 28 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Г.М.К ХХК-иас 25,729,543 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ф ХХК-д олгож, нэхэмжлэлээс 59,149,224 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582 350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Г.М.К” ХХК-аас 286 597 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С.Ф” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “С.Ф” ХХК-ийн “Г.М.К ХХК-тай 2019 оны 4 сарын 04-ний өдрийн 157 тоот түрээсийн гэрээний 1.3 заалтад гэрээ нь 2019 оны 4 сарын 4-ний өдрөөс 2019 оны 5 сарын 04-ний өдөр хүртэл 1 сарын хугацаагаар байгуулсан. Гэрээг цуцлах талаар алт нэг тал нь бичгээр санал гаргаагүй нөхцөлд гэрээний хугацаа тодорхойгүй хугацаагаар сунгагдана. Түрээслэгч түрээсийн эд хөрөнгийг хүлээн авсан өдрөөс түрээсийн хугацаа эхэлж буцаан хүлээлгэн өгсөн өдрөөр түрээсийн хугацаа дуусгавар болно гэсэн заалт байсаар байтал нэхэмжлэгч гэрээний хугацаа хэтрүүлэн ашигласан, түрээсийн зүйлийг гэрээний хугацаа дуусмагц нэхэмжлэгчид буцаан өгөх үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан мэтээр бичсэн. Манайх түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр эвдэрсэн барааны үнэ, буулгалт тээврийн зардал, алданги нэхэмжилсэн. Мөн 2019 оны 6 сарын 03-ны өдрийн 143 тоот албан бичиг, 2019 оны 8 сарын 15-ны өдрийн 209 тоот албан бичгүүд нь зөвхөн “Г.М.К” ХХК төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрсөн нотлох баримт ба түрээсийн тооцооны баримт биш. Нөгөө талаар 2019 оны 8 сарын 15-ны өдрийн 209 тоот албан бичигт “Г.М.К” ХХК нь манай компаниас түрээслэсэн хэв хашмалын түрээсийн төлбөрийг 2019 оны 8 сарын 30-ны дотор 15 000 000 төгрөг, үлдэгдлийг 2019 оны 9 сарын 30-ны дотор 15 000 000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг 2019 оны 10 сарын 30-ны дотор төлж барагдуулна гэсэн албан бичиг нь түрээсийн төлбөр 30 000 000 төгрөг төлөөд үлдэгдэл төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрсөн байхад 30 000 000 төгрөг төлнө гэсэн гэж албан бичгийн үлдэгдэл төлбөрийг 2019 оны 10 сарын 30-ны дотор төлж барагдуулна гэсэн утгыг хасч нотлох баримтаар дурдсан. 2019 оны 4 сарын 07-ны өдрөөс 2019 оны 5 сарын 20-ны өдрийн хугацаанд хамаарах түрээсийн төлбөрийг хариуцагч төлсөн, 342 000 төгрөгийн илүү төлөлттэй гэх санхүүгийн баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргасан гэж нотлох баримтыг дутуу үнэлж түрээсийн төлбөр 55 585 845 төгрөг төлөхөөс 16 486 382 төгрөг төлөх үндэслэлтэй гэж ямар тооцоогоор үзсэн нь ойлгомжгүй байна. Түрээсийн төлбөр 55 585 845 төгрөг нэхэмжилсэн дүнгээс 39 099 483 төгрөгөөр дутуу тооцсон. Алданги 27 792 922 төгрөг нэхэмжилснээс 19 549 741 төгрөгийг үндэслэлгүйгээр хасч шийдвэрлэсэн. 2019 оны 6 сарын 14-ний өдрөөс 2019 оны 10 сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн үргэлжлэл тооцоогоор өмнөх авсан түрээсийн нийт 3092 ширхэг бараа материалын 42-113 хоног түрээслэж 43 226 045 төгрөгийн түрээсийн төлбөр дээр алданги 19 350 322 төгрөг, өмнөх тооцооны түрээсийн дутуу дүн 9 701 800 төгрөг эвдэрсэн барааны үнэ 2 658 000 төгрөгийг нэмж нийт 55 585 845 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл “С.Ф” ХХК-д төлөхгүй компанийг хохироож байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч “С.Ф” ХХК нь хариуцагч “Г.М.К” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 84 878 767 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

            “С.Ф” ХХК нь “Г.М.К” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 157 тоот түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээний хавсралтад заагдсан нэр төрөл, хэмжээ, тоо ширхэгийн эд хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь сарын 19 339 200 төгрөгийн түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байхаас гадна түрээсийн зүйлийг 1 сарын хугацаагаар түрээслүүлсэн, эд хөрөнгийг дутагдуулсан тохиолдолд үнийг 2 дахин нэмэгдүүлсэн үнээр төлөх, хугацаа хожимдуулсан тохиолдолд 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон болох нь түрээсийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон.  /хх-ийн 1, 4-5/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж чадаагүй, тооцооллын хувьд алдаа гаргасныг залруулах боломжтой байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дах хэсэгт зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй гэж заасан.

            Талууд түрээсийн гэрээгээр 3 удаа эд зүйл түрээсэлсэн байх ба 2019 оны 4 сарын 07-ны өдрөөс 2019 оны 5 сарын 09-ний өдөр, 2019 оны 5 сарын 20-ны өдрөөс 2019 оны 6 сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны барилгын материал түрээсэлсэн төлбөрөөс 9 701 800 төгрөг төлөөгүй үлдэгдэлтэй байсан болох нь хэрэгт авагдсан тооцооны хуудас, зарлагын болон орлогын баримтаар нотлогдсон./хх12,33-52,131, 132/ Энэ талаар талууд маргаагүй.

Хэргийн 11 дүгээр талд авагдсан 2019 оны 6 сарын 14-ний өдрөөс 2019 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд 3092 ширхэг хөрөнгийг түрээслэсэн, төлбөр 43 226 045 төгрөг болсон гэх нэхэмжлэгчийн гаргасан тооцоо баримтыг хариуцагч үндэслэл бүхий баримтаар үгүйсгэж няцаагаагүй байна. 

Өөрөөр хэлбэл, Хариуцагч “Г.М.К” ХХК нь татгалзлын үндэслэлээ болон тайлбар, гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй болно.

Нөгөө талаар хариуцагч “Г.М.К” ХХК-ийн 2019 оны 08 сарын 15-ны өдрийн 209 тоот “Төлбөр барагдуулах тухай” албан бичигт “... 2019 оны 8 сарын 30-ны дотор 15 000 000 төгрөг, 2019 оны 9 сарын 30-ны дотор 15 000 000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг 2019 оны 10 сарын 30-ны дотор төлж барагдуулна” гэж тэмдэглэснээс үзвэл хариуцагч нь 30 000 000 төгрөгөөс гадна түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй болохоо илэрхийлсэн байхад анхан шатны шүүх 30 000 000 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дээрх нотлох баримтыг үнэлж чадаагүй ба энэ талаарх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

            Түрээсийн гэрээний 3.7-д “гэрээний хугацаа дуусмагц түрээсийн эд зүйлийг бүрэн бүтэн өгөх үүрэгтэй” гэж, 2.5-д гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд түрээсийн эд хөрөнгийг буцаан авахтай холбоотой гарсан бүх зардлыг түрээслэгч тал хариуцахаар заасан ба хариуцагч хууль болон гэрээнд заасан энэхүү үүргээ биелүүлээгүй, түрээслүүлэгч үүнтэй холбоотой 3 000 000 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан кассын зарлагын баримт, хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтаар нотлогдож байх тул уг зардлыг нэхэмжлэгч шаардсан нь үндэслэлтэй./хх13,14-15/

Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 2.2, 2.5, 4.2-т “...түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулсан нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги авна...” гэж анзын гэрээг бичгээр байгуулсан боловч, уг гэрээг сунгасан талаарх баримтгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасан анзын гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан гэж үзэхгүй. Учир нь, талууд түрээсийн гэрээг 2019 оны 4 сарын 04-ний өдрөөс 2019 оны 5 сарын 04-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар байгуулсан. Түрээсийн гэрээний 1.3-д заасан тодорхойгүй хугацаагаар сунгагдана гэснээр алданги тооцох боломжгүй бөгөөд буцааж төлөх үүрэг нь тодорхой байгаа тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан хариуцлагыг хэрэглэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алданги нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн түрээсийн эд хөрөнгийн зарим хэсэг эвдэрсэн болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул 2 658 000 төгрөгийн шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй гэж үзнэ.

Иймээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч “Г.М.К” ХХК нь түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 52 927 845 /9 701 800+43 226 045/ төгрөг, түрээсийн зүйлийг буцаан авахдаа ачиж буулгасаны хөлс 3 000 000 төгрөг, нийт 55 927 845 төгрөгийг төлөх үүрэгтэй. Хариуцагчийн энэ үүргээс барьцаа болох 2 000 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 53 927 845 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 30 950 922 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/02407 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г.М.К” ХХК-аас 53 927 845 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С.Ф” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 30 950 922 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын  “286.597” гэснийг “425 879” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 582 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

                                  ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ 

 

                                                                        Б.НАРМАНДАХ