Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2020/02407

 

 

 

 

  2020         07          01                                     101/ШШ2020/02407             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “С” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Г.М.К” ХХК /-д

Түрээсийн гэрээний үүрэгт 84,878,767 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******,*******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч П.Анхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М ХХК нь 2019 оны 04-р сарын 04 ны өдөр ******* ХХК-тай “Түрээсийн гэрээ” байгуулж барилгын ажилд шаардлагатай эд материалыг түрээслэж авсан.Г.М ХХК нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 55,585,845 төлөхөөр тохиролцсон боловч ,одоог хүртэл төлөхгүй бидний ажилд хүндрэл учруулж байна. Иймд Г.М ХХК -аас түрээсийн үлдэгдэл төлбөр 55,585,845 төгрөг, алданги 27,792,922 төгрөг, буулгалтын ажилын хөлс 3,000,000 төгрөг, тээвэр 500,000 төгрөг нийт 86,878,767 төгрөгнөөс барьцаа болох 2,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл тооцоо болох 84,878,767 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 55,585,845 төгрөг болсон. Хариуцагч нь 2019 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 5 дугаар сарын 9-ний хооронд 3132 ширхэг бараа материалыг 30 хоногийн хугацаанд 17,428,200 төгрөгөөр түрээсэлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 16,339,200 төгрөг төлсөн. Дараа нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1,431,000 төгрөг төлсөн, 2019 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх тооцоогоор илүү төлөлт нь 342,000 төгрөг байсан. 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 14-ны өдөр хүртэл тооцоогоор нийт 3132 ширхэг барааг 20-36 хоногийн хугацаанд 220 төгрөгөөр түрээслээд 20,043,800 төгрөг болсон. Үүнээс өмнөх сарын илүү төлөлт болох 342,000 төгрөгийг хасаад 2019 оны 6 дугаар сарын 14-ны өдөр төлсөн 10,000,000 хасаад, төлбөл зохих түрээсийн үлдэгдэл 9,701,800 төгрөг болон алдангийн үлдэгдэл төлбөр 3,520,392 төгрөгийг хасахаар нийт 13,200,000 төгрөг болж байгаа. 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 5-ны өдөр хүртэл нийт 3092 ширхэг барааг 165 төгрөгөөр, 47-112 хоногийн хугацаанд 43,226,045 төгрөгийн түрээс гарсан. Үүн дээр өмнөх түрээсийн тооцооны дутуу дүн болох 9,701,800 төгрөгийг болон эвдэрсэн барааны акт болох 2,658,000 төгрөгийг нэмээд, нийт төлбөл зохих түрээсийн төлбөр нь 55,585,845 төгрөг болж байгаа. Нийт төлбөр зохих төлбөрөөс алдангийг 50 хувиар тооцоод 27,792,922 төгрөг болсон. Мөн буулгалтын ажлын хөлс 300,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 500,000 төгрөг болсон. Иймд 84,878,767 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.М ХХК-ийн төлөөлөгч Ө.Одончимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани бол гэрээнд заасан тоо ширхэгийн дагуу барааг авж мөнгийг төлж байсан. Нэхэмжлэгч тал манайхаас 10 дугаар сард бараа авсан юм байна. Гэтэл манай компанийн үйл ажиллагаа доголдсон тул 7 дугаар сарын 2-ны өдөр бүрэн зогссон. Түүнээс хойш нэг ч хадаас хадагдаагүй. Тэрнээс хойш пун, сапуудуудыг ашиглаагүй. Нэхэмжилж буй мөнгийг манайх хүлээн зөвшөөрөхгүй. Эвдэрсэн барааны актыг мөн зөвшөөрөхгүй. Бид ашигласан хугацааны төлбөр буюу 5 дугаар сарын 14-ний өдрөөс 7 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх пун, сапудуудыг ашигласны түрээсийн мөнгийг төлнө. Бусдыг нь зөвшөөрөхгүй. Бид санхүүгийн баримтуудыг гаргах гэсэн боловч тэр үеийн санхүүгийн ажилтнууд бүгд байхгүй байгаа, зарим нь цагдаад шалгагдаад явж байгаа. Нэхэмжлэгч талын бараануудтай төстэй бараа бүтээгдэхүүнийг манай компанид түрээсэлж байсан Даваалосол гэх залуугийн 200-300 ширхэг сапуд, пун талбай дээрээс алга болсон. Манай удирдлагуудын ярьж буйгаар С гэх компани манайх бараа материалыг хүлээлгэж өгөөгүй байхад талбайгаас дур мэдэн авч явсан, эвдрэлтэй байсан эсэх талаар эсвэл өөрсдийнхөө тоо хэмжээгээр авч явсан эсэх талаар тодорхойгүй байгаа учраас бид уг нөхцөл байдлыг тодруулахыг хүссэн ч чадваргүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын 28,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ХХК, хариуцагч Г.М ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 84,878,767 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас 28,000,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх шаардлага нотлогдохгүй үндэслэлээр татгалзжээ.

Зохигчийн хооронд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 157 тоот Түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээний хавсралтад дурдсан түрээсийн зүйлийг хариуцагч хүлээн авч барилгын ажилд ашигласан талаар хэргийн оролцогч маргахгүй байна. Талууд түрээсийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан боловч хариуцагч гэрээний хугацааг хэтрүүлэн ашиглсан, түрээсийн зүйлийг гэрээний хугацааны дуусмагц нэхэмжлэгчид буцаан өгөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр түрээсийн гэрээний үнэд 55,585,845 төгрөг, алданги 27,792,922 төгрөг, тээврийн хөлс 500,000 төгрөг, буулгалтын хөлс 3,000,000 төгрөгийг тус нэхэмжилсэн, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид хандан хэргийн 92-93-р талд авагдсан 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 143 тоот албан бичгээр 28,000,320 төгрөг, 08 дугаар сарын 15-ны өдөр 209 тоот албан бичгээр 30,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг үндэслэн 30,000,000 төгрөгөөс барьцаа 2,000,000 төгрөгийг хасч 28,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрчээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч түрээсийн зүйлийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч түрээсийн зүйлийг тодорхой хугацаанд ашигласан талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хэргийн 33-52-р талд авагдсан санхүүгийн “Орлого”, “Зарлага” гэх утгатай баримтыг шүүхэд гаргаж, хариуцагчид шилжүүлсэн түрээсийн зүйлийн тоо, хэмжээ нь зарлагын баримтаар, хүлээн авсан түрээсийн зүйлийн тоо, хэмжээ нь орлогын баримтаар нотлогдоно гэж шүүх хуралдаанд тайлбарласан. Хариуцагчийн зүгээс татгалзлаа нотолж 2018.11.28 гэсэн огноотой “Авлага, өглөгийн тооцоо” гэх баримтаас өөр баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан баримтаар 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд 10 удаагийн ачилтаар түрээсийн зүйлийг шилжүүлсэн, мөн оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд 10 удаагийн хүлээн авалтаар түрээсийн зүйлийг буцаан хүлээж авчээ.

Хариуцагч түрээсийн зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, буцаан авсан тоо, хэмжээ болон төлбөрийн дүнг жагсаалтаар гаргасан нь дээрх орлого, зарлагын баримттай зөрүүтэй байна. Нэхэмжлэгч 2019.04.07-ны өдрөөс 2019.05.20-ны, 2019.05.20-ны өдрөөс 2019.06.14-ний, 2019.06.14-ний өдрөөс 2019.10.05-ны өдөрт хамаарах түрээсийн зүйлийн төлбөрийг нэхэмжилсэн ба дээрх орлого, зарлагын баримттай харьцуулан үзэхэд хариуцагч 2019.05.20-ны өдрөөс 2019.06.14-ний өдөрт хамаарах хугацаанаас /хх-ийн 33 тал/ 176,000 төгрөгийн, 2019.06.14-ний өдрөөс 2019.10.05-ны өдөрт хамаарах хугацаанаас /хх-ийн 35-41, 45-52 тал/ 16,310,362 төгрөг, нийт 16,486,362 төгрөгийн түрээсийг төлөхөөр буюу баримтаар тогтоогдож байна. Харин 2019.04.07-ны өдрөөс 2019.05.20-ны өдрийн хугацаанд хамаарах түрээсийн төлбөрийг хариуцагч төлсөн, 342,000 төгрөгийн илүү төлөлттэй гэх санхүүгийн баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргажээ.

Мөн хэргийн 6, 9, 94-95 дахь талд авагдсан баримтаар хариуцагч ажилтан *******,*******, *******, ******* нарыг нэхэмжлэгчтэй түрээсийн зүйлийн талаар тооцоо нийлэх эрхийг олгож байжээ. Хариуцагчийг төлөөлж түрээсийн зүйлийг хүлээн авсан, буцаан шилжүүлсэн дээрх орлогын /ХХ-ийн 43/ 2019.08.02 гэсэн огноотой 3,039,960 төгрөгийн баримт, зарлагын 2019.04.18, 21 гэсэн огноотой 2,990,000 төгрөгийн баримтад н.Энхтайван тус тус гарын үсэг зурсан нь хариуцагчийн томилсон дээрх нэрстэй нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн хариуцагч гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 16,486,362 төгрөг төлөх үүрэгтэй байана. Мөн зохигчийн хооронд байгуулсан гэрээний 2.2-т зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар /16486,362/2=8,243,181/ алданги 8,243,181 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Түүнчлэн гэрээний 2.5-д заасны дагуу хариуцагч гэрээг зөрчсөн үндэслэлээр түрээсийн зүйлийг нэхэмжлэгч өөрийн зардлаар буцаан авч зардал 3,000,000 төгрөгийг шаардаж зохих баримтыг шүүхэд гаргасан нь талууд зардлыг хэн хариуцахыг гэрээгээр урьдчилан тохиролцсон гэж үзэх тул тус зардлыг хариуцагчаас нэмж гаргуулах үндэслэлтэй. Харин түрээсийн зүйлийн тээврийн хөлсийг 500,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн баримт нь нэхэмжлэгчээс зардал гарсныг нотлоогүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Нэхэмжлэгч 2,000,000 төгрөгийн барьцааны мөнгийг хариуцагчаас суутган авсан тухай талууд шүүх хуралдаанд тайлбарласан ба дээрх төлбөрөөс нэхэмжлэгчийн суутгасан 2,000,000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй.

Иймд түрээсийн гэрээний үүрэгт хариуцагч Г.М ХХК-иас түрээсийн төлбөрт 16,486,362 төгрөг, алданги 8,243,181 төгрөг, зардал 3,000,000 төгрөгийг тус гаргуулж, тус дүнгээс /27,729,543-2,000,000=25,729,543/ барьцаа 2,000,000 төгрөгийг хасч, нийт 25,729,543 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлээс 59,149,224 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Г.М ХХК-иас 25,729,543 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлээс 59,149,224 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582,350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.М ХХК-иас 286,597 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЭНЭБИШ