Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 01859

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/01859

 

 

 

 

“НВЦ” ХХК, “Б.Э ” ХХК-ийн 

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/01231 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “НВЦ” ХХК, “Б.Э ” ХХК-ийн хариуцагч Н.Ш.Ш.Г.Гт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчин гудамж, 101 тоот хаягт байрлах 332.64 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 499 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.В.Ц ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Нэхэмжлэгч Н.В.Ц ХХК-ийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр №01/153 дугаартай албан тоотод Хан-Уул дүүргийн Игргэний хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Н.В.Ц ХХК-ийн улсын бүртгэлийн Ү-2204068960 дугаартай үл хөдлөх хөрөнгөөр төлбөр төлөгч Б.Э  ХХК-д төлбөр барагдуулахаар шийдвэрлэсэн боловч газаргүй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа төлбөр төлөгчийн саналыг харгалзан үзэлгүй, зах зээлийн бодит ханшаас илтэд доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагатай байсан тул шүүхэд хандсан. Уг үл хөдлөх хөрөнгийн газар эзэмших эрхийн гэрчилгээ 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг даргын А/204 дүгээр захирамжаар олгогдсон болно. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж тусгасны дагуу тус оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газар нь салнаж болшгүй, хамтдаа үнэлэгдэх шаардлагатай эд хөрөнгө юм. Иймд дээрх улсын бүртгэлийн Ү-2204068960 дугаартай үл хөдлөх хөрөнгийг газар эзэмших эрхийн хамтаар үнэлгээ хийлгэж, тус үнэлгээгээр төлбөр авагчид төлбөрийг барагдуулах үндэслэл бүхий хүсэлтийг гаргаж байгаа болно. Нөгөөтэйгүүр төлбөр авагч Б.Э  ХХК нь шүүхэд хандахдаа газрын маргаантай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийж, маргаантай газраар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа нь төлбөр авагчийн эрх ашгийг зөрчиж байна гэж тусгасан байдаг. Н.Ш.Ш.Г.Гт Н.В.Ц ХХК-аас төлбөрт тооцуулахаар хүсэлт гаргасан улсын бүртгэлийн Ү-2204068960 дугаартай үл хөдлөх хөрөнгийн газрын асуудал шийдвэрлэгдсэн тул шийдвэр гүйцэтгэлийн шатанд үл хөдлөх хөрөнгийг газрын хамтаар үнэлгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд нэхэмжлэгч Н.В.Ц ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр №1/153 дугаартай албан тоотоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байгааг хүлээн авна уу гэжээ.

 

Нэхэмжлэгч “Б.Э ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 171 дугаартай магадлалаар хариуцагч Н.В.Ц ХХК-аас 967.882.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э  ХХК-д олгохоор шийдвэрлэж, энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн 178 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Чинзул хэрэгжүүлж байгаа болно. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Н.В.Ц ХХК-ийн өмчлөлд улсын Ү-2204068960 бүртгэлд бүртгүүлсэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчиний гудамж 101 тоотод байршилтай оффисын зориулалттай 3 давхар барилгыг дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээчин томилсон. Уг барилга нь бусдын эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсаны улмаас өнөөдрийг хүртэл газрын гэрчилгээ нь Н.В.Ц ХХК-ийн нэр дээр гараагүй, газрын маргаантай үл хөдлөх эд хөрөнгө юм. Төлбөр төлөгч “Б.Э ” ХХК-ийн зүгээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийн байрлаж байгаа газрын эзэмшигч нь хэн болох, газрын маргаантай эсэхийг тодруулах, хэрэв Н.В.Ц ХХК тухайн газрыг өөрийн нэр дээр шилжүүлэхээр хөөцөлдөж байгаа бол уг газрын гэрчилгээ Н.В.Ц ХХК-ийн нэр дээр гарсны дараа газрын хамт уг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлж, дуудлага худалдаанд оруулах тухай хүсэлт, гомдол, саналыг шийдвэр гүйцэтгэх албанд удаа дараа гаргасан боловч хүлээж авалгүй, шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны 311 дугаартай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг барилгын үнэлгээ гаргуулахаар томилсон байдаг. Сэлэнгэ эстимэйтХХК нь барилгын үнэлгээг гаргахдаа зөвхөн жишиг үнийн аргыг хэрэглэсэн байх ба ингэхдээ газрын гэрчилгээтэй барилгуудтай жишиж үнэлсэний улмаас барилгын үнэлгээ үндэслэлгүй өндөр 499.000.000 төгрөгөөр тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл газаргүй үл хөдлөх эд хөрөнгийг дангаар нь үнэлэхдээ газартай үл хөдлөх эд хөрөнгийн үнийг жишиг болгож үнэлсэний улмаас уг барилгын зах зээлийн бодит үнээсээ өндөр үнэлэгдсэн. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн газар эзэмшигчийг тогтоолгүйгээр эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хөрөнгө үнэлсэний улмаас барилгын байрлаж байгаа газартай холбоотой гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж, улмаар эрхийн доголдолтой хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь хууль зөрчиж байна. Эрхийн зөрчилтэй үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж байгаа дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас төлбөр авагч манай компанийн хувьд дээрх барилгыг хүлээн авсан тохиолдолд нэмж газрын үнэ төлөх, эсвэл барилгыг албадан буулгуулах үр дагавар гарах нь зайлшгүй байна. Иймд улсын бүртгэлийн Ү-2204068960 бүртгэлд бүртгүүлсэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчиний гудамж 101 тоотод байршилтай оффисын зориулалттай 3 давхар барилгыг 409.000.000 төгрөгөөр үнэлсэн Сэлэнгэ эстимэйтХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч Н.Ш.Ш.Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 171 дүгээр магадлалаар Н.В.Ц ХХК-аас 972.879.963 төгрөгийг гаргуулж “Б.Э ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Н.В.Ц ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204068960 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчин гудамж, 101 тоот хаягт байрлах 332.64 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18290864/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18290864/11 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч нь төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 311 дүгээр тогтоолоор Сэлэнгэ-ЭстимэйтХХК-ийг томилоход 499.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4/24080, 4/24081 дүгээр албан бичгүүдээр мэдэгдэхэд төлбөр төлөгч НВЦХХК болон төлбөр авагч Б.Э ХХК нь үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/13617 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Н.Ш.Ш.Г.Гт холбогдох Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчин гудамж, 101 тоот хаягт байрлах 332.64 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 499.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч НВЦХХК нь хариуцагч Н.Ш.Ш.Г.Гт холбогдох Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчин гудамж, 101 тоот хаягт байрлах 332.64 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 499.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.В.Ц ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нэхэмжлэгч Б.Э  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч “Б.Э ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Сэлэнгэ эстимэйт ХХК нь барилгын үнэлгээг гаргахдаа зөвхөн жишиг үнийн аргыг хэрэглэсэн ба газрын гэрчилгээгүй барилгыг газрын гэрчилгээтэй барилгуудтай жишиж, зах зээлийн харьцуулах аргаар үнэлсний улмаас барилгын үнэлгээ үндэслэлгүй өндөр 499 000 000 төгрөгөөр тогтоогдсон гэж нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ тодорхойлсон. Өөрөөр хэлбэл газаргүй үл хөдлөх хөрөнгийг дангаар нь үнэлэхдээ газартай үл хөдлөх хөрөнгийн үнийг жишиг болгож үнэлсний улмаас уг барилгын үнэ зах зээлийн бодит үнээс өндөр үнэлэгдсэн гэж нэхэмжлэгч талаас маргадаг. Нэхэмжлэлийн шаардлагын хоёр дах үндэслэлээ үл хөдлөх эд хөрөнгийн газар эзэмшигчийг тогтоолгүйгээр эрхийн доголдолтой хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь тухайн газрын эзэмшиж байгаа гуравдагч этгээдийн эрхэд халдаж, хууль зөрчиж байна гэж тодорхойлсон боловч шүүхэд тус хэргийг хянан шийдвэрлэх явцад төлбөр төлөгч Н.В.Ц ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээг төрийн эрх бүхий байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулж авсан байсан. Газрын гэрчилгээ нь нэгэнт гарсан учир уг газрыг дээр нь байршилтай барилгаас тусад нь үнэлж, тусад нь дуудлага худалдаанд оруулах үндэслэлгүй тул газар болон үл хөдлөх эд хөрөнгийг хамтад нь үнэлэх шаардлагатай болсон. Гэтэл анхан шатны шүүх газрын талаар дахин шинжээч томил, газрын үнийг тогтоолгох боломжтой тул үл хөдлөх эд хөрөнгийн газар эзэмшигчийг тогтоолгүйгээр хөрөнгө үнэлсний улмаас барилгын байрлаж байгаа газар эзэмшигчтэй холбоотой гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж улмаар эрхийн доголдолтой хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь хууль зөрчиж байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн үндэслэлд ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй орхигдуулсанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “НВЦ” ХХК болон “Б.Э ” ХХК нь хариуцагч Н.Ш.Ш.Г.Гт холбогдуулан, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчин гудамж, 101 тоот хаягт байрлах 332.64 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 499 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. 

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсанд заасны дагуу хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явагдсан, нэхэмжлэгч нар дурдсан ажиллагааны талаар маргаагүй, харин хураагдсан эд хөрөнгийг үнэлүүлэхээр томилогдсон шинжээч хуульд заасан журмыг зөрчсөн талаар, нэхэмжлэгч “НВЦ” ХХК нь үнэлгээг хэт доогуур гэж, “Б.Э ” ХХК нь үнэлгээг хэт өндөр гэж тус тус гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч “НВЦ” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, шүүх татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсгийг зөрчөөгүй болно.

            Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчин гудамж, 101 тоот хаягт байрлах 332.64 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулжээ.

Төлбөр төлөгч болон төлбөр авагч нар төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч Н.Ш.Ш.Г.Г Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 10 сарын 16-ны өдрийн 311 дүгээр тогтоолоор Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 499 000 0000 төгрөгөөр тогтоосон байна. /1хх86-123/

Хариуцагч байгууллага нь дээрх хөрөнгийн үнэлгээний талаар талуудад 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4/24080, 4/24081 тоот мэдэгдлээр мэдэгдсэн байх бөгөөд төлбөр авагч “Б.Э ” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт нийцжээ./1хх-125,169/

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...үл хөдлөх эд хөрөнгийг газар, түүн дээр байрлаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг хамтад нь үнэлсэн зарын мэдээтэй харьцуулж үнэлсний улмаас үнэлгээ нь газартайгаа хамт зарагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй адил өндөр үнээр үнэлэгдсэн...” гэх гомдол үндэслэлтэй ч үнэлгээг хэт өндөр гэхээс илүүтэй бодитой гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Хэргийн 111-113 дугаар талд авагдсан шинжээч Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчин гудамж, 101 тоот хаягт байрлах 332.64 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн харьцуулалтын жишиг үнэлгээний аргыг сонгон авч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах 3 давхар зочид буудлын зориулалттай обьект, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах 600 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд байрлах 3 давхар үйлчилгээний зориулалттай оффистой харьцуулах замаар зах зээлийн үнийг 499 000 000 төгрөг гэж дүгнэсэн.

Төлбөрт хураагдсан дээрх Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчин гудамж, 101 тоот хаягт байрлах 332.64 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө байрлах 431.0 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 сарын 18-ны өдрийн А/204 тоот захирамжаар “НВЦ” ХХК-д худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-2204005125 дугаарт бүртгэж, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрчилгээ олгосон үйл баримтад талууд маргаагүй болно./1хх-232/

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дах хэсэгт “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэжээ.

Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн шинжээч нь дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 499 000 000 төгрөгөөр тогтоохдоо зөвхөн 332.64 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлан, шүүх хуралдаанд оролцсон гэрч Г.Отгонбаярын “... Газаргүй гэж тооцоолж ... зөвхөн барилгыг үнэлсэн...” гэх мэдүүлэг болон зохигчдын тайлбараар нотлогдсон. Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн, гэрч Г.Отгонбаяр “... Үл хөдлөх хөрөнгө газар дээр оршин байхад газрын өртөг үнэнд шингэсэн байдаг. Тэгэхээр газар нь тусдаа байсан бол үнэлгээнд нөлөөлөх байсан...” гэж мэдүүлжээ.

Эдгээр нөхцөл байдлаас үзвэл зөвхөн барилгыг үнэлсэн “үл хөдлөх хөрөнгийн 499 000 000 төгрөгийн үнэлгээг” төлбөрт хураагдсан хөрөнгийн зах зээлийн үнэлгээг бодитой тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийг газрын хамт нэг мөр үнэлэх нь тухайн хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн “Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчин гудамж, 101 тоот хаягт байрлах 332.64 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 499 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хангах үндэслэлтэй юм. 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/01231 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчин гудамж, 101 тоот хаягт байрлах 332.64 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 499 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай” гэж, 3 дахь заалтын  “... үлдээсүгэй гэснийг “...үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б.Э ” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

           ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

       Б.НАРМАНДАХ