Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 01858

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/01858

 

 

Б.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/00794 дугаар шийдвэртэй Б.Э, М.СХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.И.ХХХК, Ш.Э, Я.ЦХХК, А.КХХК, Д.Э нарт холбогдуулан Б.Эг Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Sunshine village хотхоны 330 дугаар байрны 405 тоотын 4 өрөө, 99.4 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Б.Эг дээрх орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалаг, хариуцагч Д.Амарсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч, А.КХХК-ийн өмгөөлөгч Ш.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Э нь БЕС Инфраструктор холдинг” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Sunshine village хотхоны 330 дугаар байрны 405 тоот, 4 өрөө 99.4 м.кв орон сууцыг орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан худалдан авсан болно. Уг байрны 1 метр квадратын үнийг 2 350 000 төгрөгөөр тооцсон ба орон сууцны нийт үнэ 233 590 000 төгрөг болсон. Орон сууцны төлбөрийг бартераар хийсэн. Худалдаж авсан орон сууцыг А.КХХК-тай тооцоо нийлээд ажлын хөлс болгож авсан. Учир нь А.КХХК Sunshine village хотхоны барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба “БЕС Инфраструктор холдинг” ХХК нь уг орон сууцыг А.КХХК-д өгөөд А.КХХК нь Б.Эд өрөндөө өгөхөөр тохирсон. Ш.Э тухайн үедээ зөвшөөрч нэхэмжлэгч талтай төлбөр тооцоогоо дууссанаар гэрээ хийгдсэн. Б.Э А.КХХК-тай 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлэхэд Б.Э 246 350 000 төгрөгийн ажил хийсэн нь тогтоогдож дээрх байрны үнээс 11 000 000 төгрөг илүү төлсөн. Сүүлчийн төлбөрт 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 1 008 800 төгрөгийг шилжүүлсэн. Орон сууцаа өмчлөлдөө авч баталгаажуулахаар “БЕС Инфраструктор холдинг” ХХК-аас бичиг баримтаа авах гэхэд өгөхгүй байсан. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.3-т “...гүйцэтгэгч нь захиалагчийг орон сууцны өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай гүйцэтгэгчийн зүгээс бүрдүүлбэл зохих бичиг баримтыг захиалагч орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд өгөх үүрэг хүлээнэ” гэсний дагуу шаардахад өгөөгүй тул шүүхэд хандсан. Б.Э “БЕС Инфраструктор холдинг” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Sunshine village хотхоны 330 дугаар байрны 405 тоот, 4 өрөө 99.4 м.кв орон сууцанд 2016 оны 4 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд гагцхүү өмчлөх эрх нь баталгаажаагүй. Б.И.ХХХК нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Sunshine village хотхоны 330 дугаар байрны 405 тоот, 4 өрөө 99.4 м.кв орон сууцны бүртгэлд бүртгүүлэх бичиг баримтыг Я.ЦХХК-д 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн. Я.ЦХХК нь тус байрыг Б.Эд шилжүүлэн өгнө гэсэн үүргээ биелүүлэхгүй, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авч 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Д.Амарсайханд шилжүүлэн өгсөн тул хариуцагчаар Я.ЦХХК, А.КХХК, Д.Амарсайхан нарыг татан оролцуулсан. Б.И.ХХХК-ийн захирал Ш.Эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан. Б.Эг Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Sunshine village хотхоны 330 дугаар байрны 405 тоотын 4 өрөө, 99.4 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож, түүнийг дээрхи орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч Д.Амарсайханд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: Манай компанийн охин компани “Химон констракшн” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Я.ЦХХК-тай Sunshine village орон сууцны хорооллын барилгын А, В блокын гадна фасадын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээний 5-д “...гэрээний нийт дүн 560 934 000 төгрөг ба энэхүү дүнгээр В блокын 2-9 давхарт сонголтоор орон сууцыг 1 метр квадратыг 2 350 000 төгрөгөөр 100 хувь бартердаж авна гэж гэрээ байгуулсан. Үүний дагуу манай компани Я.ЦХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 330-4/405 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулсан бөгөөд энэ гэрээнд заасан орон сууцны гэрчилгээг Я.ЦХХК-ийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу гадна фасадын ажлыг бүрэн дуусгаж ажил гүйцэтгэсэн актыг манай компанид ирүүлснээр эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгүүлэх бичиг баримтыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Я.ЦХХК-аас 2018 оны 9 дүгээр сард ажил гүйцэтгэсэн актыг манайд ирүүлсэн бөгөөд мөн оны 10 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн 17-17 дугаартай Олимп 2 хотхон, 330 дугаар байр, 4-405 тоот хаягтай, 99.1 м.кв талбайтай, 4 өрөө 232 885 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч иргэн Б.Эд шилжүүлэн өгөх тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бүртгүүлэн авах бичиг баримтыг манай компанийн нэр дээр бүрдүүлэн өгнө үү гэх хүсэлтийг үндэслэн уг байртай холбогдох баримт бичгүүдийг Я.ЦХХК-д шилжүүлэн өгсөн. Нэхэмжлэлд хавсаргасан 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 330-4/405 тоот гэрээг Я.ЦХХК болон А.КХХК нь хоорондоо тооцоо нийлж “Акилла констаркшн” ХХК-ийн захирлаас гаргасан хүсэлтийг үндэслэн Б.Этай байгуулсан. Энэ гэрээ байгуулагдсан боловч гэрээнд тусгасан ямар нэгэн санхүүгийн тооцоо хийгдээгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.ЦХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр манай компани” Акилла Констракшн” ХХК-тай хөөсөн полистирол хавтан нийлүүлэх гэрээ байгуулан төлбөрт нь уг 330 дугаар байрны 4 давхрын 405 тоотын 99 м.кв байрыг өгөхөөр тохирч 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдээд уг байрыг А.КХХК-ийн захирал Д.Амарсайханд шилжүүлж өгсөн. Д.Амарсайхан уг байрыг авахдаа Б.Эгаар ажил хийлгээд байраа өгч байгаа гэсэн. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 330 дугаар байр, 4-405 тоотын 99.1 м.кв талбайтай байрыг Б.Эд шилжүүлэх тул гэрчилгээг бүртгүүлэн авах бичиг баримтыг манай компанийн нэр дээр бүрдүүлж өгнө үү гэсэн албан бичгийг би А.КХХК-ийн захирал Д.Амарсайханы хүсэлтийн дагуу манай компанийн гүйцэтгэх захирал байсан н.Эрдэнэбаяраар албан бичгийг хийлгэсэн. Д.Амарсайхан байрыг Б.Эгийн нэр дээр захиалгын гэрээ байгуулаад өгөөч гэж хүссэнийх нь дагуу байгуулсан. Байр шилжүүлэх гэтэл Д.Амарсайхан Б.Э ажил дутуу хийгээд мөнгө өгөхгүй байна. Гэрээний дагуу байраа шилжүүлж авья гэсэн учраас шилжүүлж өгсөн. М.СХХК болон А.КХХК-ийн хоорондын барилгын ажлын гэрээ манай компанид ямар ч хамааралгүй гэжээ.

Хариуцагч А.КХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: А.КХХК нь М.СХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээнд төлбөрт нь орон сууц өгнө гэсэн заалт байхгүй. Гэрээний дагуу талууд тооцоо нийлсэн 2 акт байдаг. Эхнийх нь 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хийгдсэн ба уг актад А.КХХК нь М.СХХК-д барилгын ажлын болон бараа материалын үнийн дүнд 245 350 000 төгрөгийн байр өгнө гэж тохирсон. 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Б.Э” Акилла Констракшн” ХХК дээр тооцоо нийлсэн акт авчрахдаа Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Sunshine village хотхоны 330 дугаар байрны 405 тоотын 4 өрөө, 99.4 м.кв байрыг бичээд авчирсан ба уг актад Д.Амарсайхан гарын үсэг зурсан. Гэхдээ дуусгаагүй салхивчны асуудлаа 2 сард дуусга гээд тамгаа дараагүй. М.СХХК ажлаа дуусгаагүй ба манайх “Жой тройзон” ХХК-аар гүйцэтгүүлсэн бөгөөд үүнтэй холбоотой гэрээ болон зардлын баримтаа өгөөгүй. М.СХХК нь гэрээний дагуу хийх ажлаа дутуу хийсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2, 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Даньдайн Амарсайханы өмчлөлд 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол-2, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 330 дугаар байр, 405 тоотын 99.1 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204097960 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол-2, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 330 дугаар байр, 405 тоотын 99.1 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204097960 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч Балцагын Эрдэнэдаваа болохыг тогтоож, Б.Эг уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагч А.КХХК, А.КХХК-ийн захирал Д.Амарсайхан нарт даалгаж, хариуцагч “БЕС Инфраструктор холдинг” ХХК болон Я.ЦХХК нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч “БЕС Инфраструктор холдинг” ХХК-ийн захирал Ш.Эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Э, М.СХХК нараас нийт 70 200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч А.КХХК, А.КХХК-ийн захирал Д.Амарсайхан нараас нийт 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э, М.СХХК нарт олгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор тус шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 3615 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол-2, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 330 дугаар байр, 405 тоотын 99.1 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204097960 дугаарт бүртгэлтэй орон сууцыг бусдад шилжүүлэхгүй байхыг хариуцагч нарт даалгасан бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “БЕС Инфраструктор холдинг” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Я.ЦХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Энэ үед нэхэмжлэгч Б.Э нь “БЕС Инфраструктор холдинг” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 10-ны мөн өдөр 3304/405 дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. “БЕС Инфраструктор холдинг” ХХК нь Б.Этай гэрээнд тусгагдсан ямар нэгэн санхүүгийн тооцоо хийгээгүйг тайлбарладаг. Я.ЦХХК ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг бүрэн гүйцэтгэснээр эд хөрөнгийг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх бичиг баримтыг “БЕС Инфраструктор холдинг” ХХК-д өгөхөөр тохиролцсон. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Я.ЦХХК-аас ирүүлсэн албан тоотод Олимп 2 хотхон, 330 дугаар байр, 4-405 тоот хаягтай, 99.1 м.кв талбай бүхий 4 өрөө 232 885 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч Б.Эд шилжүүлэн өгнө гэж Я.ЦХХК-ийн захирал Б.Эрдэнэбатаас “БЕС Инфраструктор холдинг” ХХК-д хэлсэн. Үүнийг Я.ЦХХК-ийн захирал Б.Эрдэнэбат нь ийм утгатай албан бичгийг “БЕС Инфраструктор холдинг” ХХК-д явуулаагүй гэж тайлбарладаг. Компанийн гүйцэтгэх захирал байсан н.Эрдэнэбаярыг хийгээд өгчих гээд Я.ЦХХК-ийн захирал Б.Эрдэнэбатын гарын үсгийг дуурайлган зурж, тамга дарж “БЕС Инфраструктор холдинг” ХХК нь Б.Эд өгнө гэх албан бичиг явуулсан. Я.ЦХХК-ийн захирал Э.Эрдэнэбат нь “...Д.Амарсайхан байрыг надаас авахдаа Д.Эрдэнэдаваад шилжүүлэх тул гэрчилгээ олгож өгнө үү” гэх хүсэлтийн дагуу хийж өгсөн гэж “БЕС Инфраструктор холдинг” ХХК тайлбарладаг. Гэтэл А.КХХК-ийн захирал Д.Амарсайхан нь Б.Эд байр шилжүүлэх ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Зөвхөн Я.ЦХХК, А.КХХК нарын хооронд байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 16/0311 тоот гэрээний 6.1-д зааснаар 330/4/405 тоот “БЕС Инфраструктор холдинг” ХХК-тай байгуулсан гэрээг энэ гэрээний салшгүй хэсэг болно гэсний үндсэн дээр Д.Амарсайхан нь бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Sunshine village хотхоны 330 дугаар байрны 405 тоотын 4 өрөө, 99.4 м.кв талбай бүхий орон сууцыг төлбөрт шилжүүлэн авсан. А.КХХК нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс барилга угсралтын гэрээ байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон. Энэ гэрээнд орон сууц өгөх талаар заагаагүй, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн талуудын хийсэн ажлын бараа материалын үнийн дүнд 245 350 000 төгрөгийн тооцоолол гарсан. А.КХХК энэ үнийн дүнд тэнцсэн орон сууц өгнө гэсэн болохоос Олимп 2 хотхон, 330 дугаар байр, 4-405 тоот орон сууцыг өгөхөөр тохиролцоогүй. Үүнд М.СХХК, А.КХХК нарын захирлууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажсан. Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр М.СХХК-аас тооцоо нийлсэн актыг дахин шинээр үйлдэж 245 350 000 төгрөгт орон сууц өгнө гэсний оронд Sunshine village хотхоны 330 дугаар байрны 405 тоотын 4 өрөө, 99.4 м.кв талбай бүхий орон сууцыг нэмж бичиж, тооцоо нийлсэн актад гарын үсэг зуруулж баталгаажуулахаар ирсэн. Үүнд нь А.КХХК-аас барилгын дутуу гүйцэтгэлийг нөхөж хий гээд гарын үсэг зурсан, тамга дарж баталгаажуулаагүй. А.КХХК нь М.СХХК-тай байгуулсан гэрээний 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөрт тооцон 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тамга дарж баталгаажаагүй тооцоо нийлсэн актыг хүчин төгөлдөр бус гэж үздэг. М.СХХК, А.КХХК нарын барилга угсралтын гүйцэтгэлийг компани хооронд зохицуулагдах атал иргэн Д.Амарсайханы өмчлөлийн Олимп 2 хотхон, 330 дугаар байр, 4-405 тоот хаягтай, 99.1 м.кв талбай, Ү-2204097960 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгон Д.Амарсайханд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Б.Э нь 2016 оны 4 дүгээр сараас Sunshine village хотхоны 330 дугаар байрны 405 тоотод одоог хүртэл амьдардаг. “БЕС Инфраструктор холдинг” ХХК-ийн 2016 оны 3 дугаар сард байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээ байдаг. “БЕС Инфраструктор холдинг” ХХК хөрөнгө оруулаагүй гэж тайлбарладаг. Иргэн Д.Амарсайханд шилжсэн орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Я.ЦХХК өөрийн төлбөртөө А.КХХК-д шилжүүлж, тэндээс Д.Амарсайханы өмчлөлд шилжсэн. Д.Амарсайханы үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Б.Эд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч М.СХХК буюу Б.Э нар нь хариуцагч “БЕС Инфраструктор холдинг” ХХК, мөн компанийн захирал Ш.Э, Я.ЦХХК, А.КХХК, мөн компанийн захирал Д.Амарсайхан нарт  холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Б.Эг дээрх орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

М.СХХК нь А.КХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан 2016 оны 5 сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, А.КХХК-ийн үйлчилгээний барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирч талууд 2018 оны 1 сарын 16-ны өдөр тооцоо нийлэхэд М.СХХК 245 341 200 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, А.КХХК-ийн гэрээний дүн 246 350 000 төгрөг, М.СХХК нь А.КХХК-д 1 008 800 төгрөгийг мөнгөн хэлбэрээр өгөхөөр тооцоо нийлсэн, мөн 2018 оны 2 сарын 13-ны өдөр дахин тооцоо нийлж, М.СХХК-д ажлын хөлсөнд тооцож Саншайн виллаж хотхон, А блок, 405 тоот 4 өрөө үл хөдлөх хөрөнгийг өгөхөөр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ,  тооцоо нийлсэн акт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх1-2,8,9-11, 146/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн эрх зүйн харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байхаас гадна тухайн үр дүнг хүлээн авсан тохиолдолд ажлын хөлс төлөх учиртай.

Хариуцагч А.КХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Модерн констракшн” ХХК-д төлөх ажлын хөлсөнд болох тохиролцсон орон сууцыг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Талууд дээрх барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс болгож А.КХХК болон Я.ЦХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 03 сарын 11-ны өдрийн 16/03/11 дугаар “Хөөсөн хавтан борлуулах...” гэрээний дагуу бартераар авсан, маргааны зүйл болж буй орон сууцыг өгөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2016 оны 03 сарын 10-ны өдрийн 330-4/405 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээ, хаан банкны байрны үлдэгдэл төлбөр гэж шилжүүлсэн баримт, Я.ЦХХК-ийн 2018 оны 10 сарын 29-ны өдрийн 17.17 тоот “ ... БЗД-ийн 26-р хороо Олимп 2 хотхон, 330 дугаар байр, 4-405 тоот хаягтай, 99.1 м.кв талбайтай 4 өрөө 232 885 төгрөгийн үнэ бүхий орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч иргэн Балцаг овогтой Эрдэнэдаваад /РД:ЧЕ75052613/ шилжүүлэн өгөх тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бүртгүүлэн авах бичиг баримтыг манай компанийн  нэр дээр бүрдүүлэн өгнө үү” гэх албан бичиг зэргээр нотлогдсон. /1хх-5-7,8,24, 118-119/

Хариуцагч А.КХХК-ийн захирал Д.Амарсайхан нь Я.ЦХХК-ийн 2018 оны 10 сарын 29-ны өдрийн 17.17 тоот албан бичиг нь хуурамч гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дах хэсэгт зааснаар нотлоогүй байхаас гадна тэрээр “БЕС Инфраструктор холдинг” ХХК-ийн захирал Ш.Эийн “...Я.ЦХХК-ийн захирлын албан бичиг, хүсэлтээр ... байртай холбогдох баримт бичгүүдийг Я.ЦХХК-д шилжүүлэн өгсөн...” гэх, Я.ЦХХК-ийн захирал Э.Эрдэнэбатын “... Энэ байрыг Д.Амарсайхан өөрөө Б.Э гэдэг хүнд шилжүүлээд тэр хүний нэр дээр Захиалгын гэрээ хийгээд өг өө гэсэн хүсэлтийн дагуу л тэр бичиг хийгдсэн юм...” гэх тайлбаруудыг баримтаар няцаагаагүй болно.

 Мөн “БЕС Инфраструктор холдинг” ХХК-ийн  тайлбарт “ ... “БЕС Инфраструктор холдинг” ХХК, Ц.Эрдэнэдаваа нарын хооронд маргаан бүхий орон сууцыг нэрлэн зааж байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах 330-4/405 тоот гэрээг тухайн үед Я.ЦХХК болон А.КХХК нь хоорондоо тооцоо нийлж, “Акила Констракшн” ХХК-ийн захирлаас гаргасан хүсэлтийн дагуу хийсэн...” гэснээс  үзэхэд нэхэмжлэгчийн өмнө үүргээ зохих ёсоор биелүүлээгүй этгээд нь А.КХХК буюу хариуцагч Д.Амарсайхан байх тул бусад хариуцагч нарт холбогдох шаардлага үндэслэлгүй болно./хх22-23/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. Учир нь дээрх гэрээний агуулга, талуудын тохиролцоо зэргээс үзэхэд нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шаардсан байхад шүүх тухайн маргаанд хамааралгүй зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн, тухайлсан зохицуулалт  байхад Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг баримтлан маргааныг шийдвэрлэсэн нь буруу юм.

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Амарсайханы нэр дээр бүртгэгдсэн маргааны зүйл болж буй орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлага гаргаагүй, Д.Амарсайханаас ажлын хөлс буюу орон сууцны өмчлөх эрх шаардсан байхад анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсгийг зөрчсөн гэж үзнэ.

            Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.СХХК нь нэхэмжлэгч Б.Эд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн гэж үзэх тул нэхэмжлэгч Б.Э нь Саншайн виллаж хотхон, А блок, 405 тоот 4 өрөө орон сууцыг хариуцагч А.КХХК-аас шаардах эрхтэй бөгөөд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нь уг орон сууцыг Б.Эд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогджээ.

Түүнчлэн А.КХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт зөвхөн орон сууцыг төдийгүй түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх үүрэгтэй. Хариуцагч энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлснээр нэхэмжлэгч тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг эрх бүхий байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой болох юм.

Шүүх  хариуцагч “...Я.ЦХХК болон “БЕС Инфраструктор холдинг” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагч Д.Амарсайхан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.  

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулан, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/00794 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хороолол-2, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 330 дугаар байр, 405 тоотын 99.1 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204097960 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч Балцагын Эрдэнэдаваа болохыг тогтоож, Б.Эг уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагч А.КХХК, А.КХХК-ийн захирал Д.Амарсайхан нарт даалгаж, хариуцагч “БЕС Инфраструктор холдинг” ХХК болон Я.ЦХХК нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж найруулан өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

                  

                                                    ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                           Б.НАРМАНДАХ