Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 01862

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/01862

 

 

Т.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/01483 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.Огийн хариуцагч С.Э ХХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэшигсүрэнжав, хариуцагчийн өмгөөлөгч Р.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарт: Т.О нь 2015 оны 05 сарын 25-ны Барилгын ажил гүйцэтгэх 15/2501 дугаар гэрээг С.Э ХХК-тай байгуулсан. Уг гэрээний дагуу С.Э ХХК нь Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Т.Огийн үйлчилгээтэй 60 айлын 12 давхар орон сууцны барилгын каркас угсралтын ажлын 1-8 давхрыг хийж гүйцэтгэсэн. Уг ажлыг 2019 оны 7 сарын 05-ны өдрийн 2019/233 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актын дагуу хүлээн авсан. С.Э ХХК нь уг ажлыг хийж гүйцэтгэхдээ Т.Огээс 1000 ширхэг барилгын тулаас төмөр авч уг ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус төмрүүдийг гүйцэтгэгч байгууллагын инженер Ц.Дэшигсүрэнжав, даамал н.Давааням, захиалагч талыг төлөөлөн туслах ажилтан н.Жавхлан нар тоолж хүлээлцсэн. Ажил гүйцэтгэх гэрээний 3.В хэсэгт барилга угсралтын ажилд хэрэглэгдсэн материал тоног төхөөрөмжийг гүйцэтгэгчид шилжүүлж зохих үнэлгээгээр гэрээний үнийн дүнгээс хасна гэж тохиролцсон боловч С.Э ХХК нь өнөөдрийг хүртэл уг барилгын ажилд ашигласан нэхэмжлэгчийн 1000 ширхэг барилгын тулаас төмрийг өмчлөгчид шилжүүлэхгүй байгаа тул 1 бүрийн үнэ нь 20 000 төгрөгийн үнэтэй 1000 ширхэг тулаас төмрийн төлбөр 20 000 000 төгрөг төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 02 сарын 06-ны өдрийн 459 дугаар шийдвэрээр С.Э ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Г.Отгонсүрэнд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний төлбөр нэхэмжилсэн хэргийг 2 тал харилцан эвлэрсэн тул ямар нэгэн байдлаар давж заалдах эрхгүй гэж шийдвэрлэсэн. Уг 1000 ширхэг тулаас төмрийн үнэд С.Э ХХК 27 000 000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж шийдвэрлэгдсэн учир энэ талаар дахин нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх үндэслэлгүй, ямар ч тооцоо байхгүй. Т.О нэг бүр нь хэчнээн төгрөгийн үнэтэй, 1000 ширхэг тулаас төмрийг хэдийд, хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, энэ талаар ямар ч бичгийн нотлох баримт байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрчээр мэдүүлэг өгсөн О.Жавхлан нь уг тулаас төмрийг хүлээлгэн өгсөн гэх боловч хэнд хэчнээн ширхэгийг тоолж хүлээлгэн өгөөгүй, түүнийг мэдэхгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан ба хэрэгт нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотолсон бичгийн баримт авагдаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Э ХХК-аас 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Огийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагч талын нэхэмжлэгчээс 1 000 ширхэг барилгын тулаас төмөр авч ажил үүрэг гүйцэтгэсэн, нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасуулах тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар мэдэгдсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 02-ны өдрийн хуралдаанаар хариуцагч талаас уг тулаас төмрийг авсан эсэх талаар маргаагүй. Энэ асуудал өмнө нь шүүхэд шийдэгдсэн гэж тайлбарладаг. Шүүгч нэхэмжлэгчийг бичгээр акт үйлдээгүй байна гэж шүүх хуралдааны явцад болон шийдвэрт тусгасан. Нэхэмжлэгч нь Нарантуул захад барилын материал худалддаг. Тухайн үед талууд түншүүд байсан учраас барааг итгэлцлийн үндсэн дээр өгч авалцдаг байсан. Гэрчийг ач холбогдолгүй мэдүүлэг өгсөн тул үнэлэх боломжгүй гэсэн байна. Гэрч тухайн тулаас төмрийг хүлээлгэн өгсөн он сар өдрийг, мөн инженер Дэшигсүрэнжавын туслах ажилчдад өгсөн гэх мэдүүлэг өгсөн. Гэтэл шүүгч тулгаж асуусан. Иймд хэргийн дахин хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.О хариуцагч “Сан Эрчим” ХХК-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 20 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч “Сан Эрчим” ХХК-аас гаргаж өгсөн дуу бичлэгийн хуурцагт үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. /хх39/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулахаар заасан.  Гэтэл шүүх дуу бичлэгийн хуурцагт үзлэг хийхдээ хуульд заасан журмыг зөрчжээ.

 

Анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд үзлэг хийсэн талаар тусгагдсан боловч уг ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичихээс гадна, тэмдэглэлд оролцсон буюу байлцсан бүх хүн уншиж танилцаж гарын үсэг зуруулсан баримтгүй, хэрэгт үзлэгийн тэмдэглэл авагдаагүй байна. /хх40-44/

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга болон зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зөрчил, эсхүл бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүссэн үүргийн алин болохыг тодруулах, энэ талаар талууд мэтгэлцэх шаардлагатай байжээ.

Талуудын хооронд үүссэн маргаанд хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй ба анхан шатны шүүх хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны буюу нотлох баримт бүрдүүлэх журам зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/01483 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧИД                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                              Б.НАРМАНДАХ