Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2020/01483

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2020/01483

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн гудамж, 61 дүгээр байрны 103 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Түмэнжаргалын Отгонсүрэн /РД:ЕЗ71062903/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 9-3 тоотод байрлах, Сан-Эрчим ХХК /РД:2747294/-д холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч Ц.Дэшигсүрэнжав, хариуцагчийн өмгөөлөгч Р.Лхагвасүрэн, гэрч О.Жавхлан, нарийн бичгийн даргаар Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Т.Отгонсүрэн нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны Барилгын ажил гүйцэтгэх 15/2501 дугаар гэрээг хариуцагч Сан-Эрчим ХХК-тай байгуулсан. Уг гэрээний дагуу Сан-Эрчим ХХК нь Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Отгонсүрэнгийн үйлчилгээтэй 60 айлын 12 давхар орон сууцны барилгын каркас угсралтын ажлын 1-8 давхарыг хийж гүйцэтгэсэн. Уг ажлыг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2019/233 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актын дагуу хүлээн авсан. Сан-Эрчим ХХК нь уг ажлыг хийж гүйцэтгэхдээ Т.Отгонсүрэнгээс 1000 ширхэг барилгын тулаас төмөр авч уг ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус төмрүүдийг гүйцэтгэгч байгууллагын инженер Ц.Дэшигсүрэнжав, даамал н.Давааням, захиалагч талыг төлөөлөн туслах ажилтан н.Жавхлан нар тоолж хүлээлцсэн. Бидний хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний 3.В дүгээр хэсэгт барилга угсралтын ажилд хэрэглэгдсэн материал тоног төхөөрөмжийг гүйцэтгэгчид шилжүүлж зохих үнэлгээгээр гэрээний үнийн дүнгээс хасна гэж тохиролцсон. Гэвч Сан-Эрчим ХХК нь өнөөдрийг хүртэл уг барилгын ажилд ашигласан нэхэмжлэгчийн 1000 ширхэг барилгын тулаас төмрийг өмчлөгчид шилжүүлэхгүй байгаа тул 1 бүрийн үнэ нь 20 000 төгрөгийн үнэтэй 1000 ширхэг тулаас төмрийн төлбөр 20 000 000 төгрөг төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Отгонсүрэн нь Сан-Эрчим ХХК-иас нэхэмжилж байгаа 1000 ширхэг тулаас төмөр буюу 20 000 000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилж байна гэж үзэж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00459 дугаартай шийдвэрээр Сан-Эрчим ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Г.Отгонсүрэнд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний төлбөр нэхэмжилсэн хэргийг 2 тал харилцан эвлэрсэн тул ямар нэгэн байдлаар давж заалдах эрхгүй гэж шийдвэрлэсэн. Уг 1000 ширхэг тулаас төмрийн үнэнд шүүх хуралдааны үед Сан-Эрчим ХХК 27 000 000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж шийдвэрлэгдсэн учир энэ талаар дахин нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх үндэслэлгүй, ямар ч тооцоо байхгүй.

Т.Отгонсүрэн нь нэг бүр нь хичнээн төгрөгийн үнэтэй, 1000 ширхэг тулаас төмрийг хэдийд, хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, энэ талаар ямар ч бичгийн нотлох баримт байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэрчээр мэдүүлэг өгсөн О.Жавхлан нь уг тулаас төмрийг хүлээлгэн өгсөн гэх боловч хэнд хичнээнширхэгийг яг тоолж хүлээлгэн өгөөгүй, түүнийг мэдэхгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан ба хэрэгт нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотолсон бичгийн баримт авагдаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна, яагаад гэхээр нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлд дурдсанаар 1000 ширхэг тулаас төмрийг гүйцэтгэгч байгууллагын инженер техникийн ажилтан буюу шүүх хуралд төлөөлөгчөөр оролцож байгаа Ц.Дэшигсүрэнжав гэдэг инженерт хүлээлгэж өгсөн гэж байгаа, үнэхээр олон сая төгрөгийн үнэтэй тулаас төмрийг хүлээж өгсөн юм бол хэзээ, хаана, хэдэн ширхэг тулаас төмрийг ямар зорилгоор хүлээлгэж өгсөн талаар холбогдох гэрээ, эсвэл эд хөрөнгө хүлээлсэн актуудыг талууд үйлдсэн байх учиртай. Гэтэл эд хөрөнгө хүлээлцсэн ямар ч акт, нотлох баримт байхгүй, зүгээр амаараа хүлээлгэж өгсөн гэж ярьж байна. Хэн ч хүлээлгэж өгсөн гэж ярих бүрэн боломжтой. Нэхэмжлэлд бичсэн, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний 3-ын В-д барилга угсралтын ажилд хэрэглэгдсэн материал тоног төхөөрөмжийг гүйцэтгэгчид шилжүүлж, зохих төлбөрийг гэрээний үнийн дүнгээс хасна гэж бичсэн байдаг. Энэ заалтыг үзэхээр Сан эрчим ХХК-д төлбөл зохих ажлын хөлснөөс хасах ёстой байсныг хасаагүй юм шиг агуулга бичигдсэн байна. Нөгөө талаас нь харахад Сан эрчим ХХК өнөөдрийг хүртэл уг барилгын ажилд ашигласан нэхэмжлэгчийн 1000 ширхэг барилгын тулаас төмрийг өмчлөлд шилжүүлэхгүй байгаа гэснээс нь үзэхээр тэр 1000 ширхэг тулаас төмрийг чи ашиглаж бай гэж өгчихөөд буцаагаад эгүүлж авах байсан юм шиг хоёрдмол утгатай ойлгомжгүй, зүйл харагдаж байна. Ерөнхийдөө нэхэмжлэлийн агуулгаас 1000 ширхэг тулаас төмрийг өгчихөөд Сан эрчим ХХК-д өгөх ёстой байсан ажлын хөлснөөс суутгах ёстой байсан гэдэг агуулгаар бичсэн юм бол уу гэж ойлгогдож байна. Гэрээний 3в гээд байгаа энэ нэхэмжлэлд дурдсан заалтыг харахаар тулаас төмөр гэдэг үг ерөөсөө байхгүй, материал тоног төхөөрөмж гэдэг ойлголтондоо тулаас төмөр орж байгаа юм уу, орохгүй байгаа юм уу гэдэг нь ч ойлгомжгүй байна. Хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай нотлох баримтыг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөөгүй, нэхэмжлэл нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч О.Жавхлан мэдүүлэхдээ: 1000 ширхэг тулаас төмрийг хүлээлгэж өгсөн, хүлээлгэж өгсөн хүнийг мэдэхгүй байна. Тулаас төмөр хүлээлгэн өгсөн баримт үйлдээгүй. 2015 оны 10 сарын эхээр, хариуцагч талын 3 хүн байсан. Хэн гэдгийг мэдэхгүй, ачаад л явсан. Надад тийм хүнд өгөөрэй гэж тодорхой хэлээгүй, 1000 ширхэг тулаас төмөр байгаа, үүнийг л ачуулж явуулна шүү гэж хэлсэн. Тулаас төмрийг урдаас оруулж ирсэн, түүний үнийг би мэдэхгүй гэв.

Шүүх, зохигч талуудын тайлбар, мэтгэлцээн, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Отгонсүрэн нь хариуцагч Сан-Эрчим ХХК-д холбогдуулан барилгын 1000 ширхэг тулаас төмрийн үнэ 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг ...нэг бүр нь хичнээн төгрөгийн үнэтэй, 1000 ширхэг тулаас төмрийг хэдийд, хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж эс зөвшөөрч маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 1000 ширхэг тулаас төмрийн үнийг төлөөгүй үндэслэлээр энэхүү шаардлагаа гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээг зохигчид байгуулсан, хариуцагч уг барилгын ажлыг гүйцэтгэхдээ 1000 ширхэг тулаас төмөр авч ажлыг гүйцэтгэсэн боловч тухайн тулаас төмрийг өмчлөгчид шилжүүлэн өгөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Т.Отгонсүрэн нь Сан-Эрчим ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 15/2501 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сан-Эрчим ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Отгонсүрэнгийн үйлчилгээтэй 60 айлын 12 давхар орон сууцны барилгыг 20015 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 25-ны хооронд гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ба гэрээний дагуу барилгын суурь, зоорийн давхарын арматурчлал, цутгалтын болон 1-8 давхарын каркас угсралтын ажлыг бүрэн хийж гүйцэтгэн, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2019/233 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын дагуу хүлээн авсан байх бөгөөд гүйцэтгэсэн ажлын хөлсний талаархи маргааныг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00459 дугаар шүүгчийн захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримтын талаар талууд маргаагүй./хх-ийн 10-13, 25-32 дахь талуудад/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3-т Гэрээний үнийн дүн хэсэгт тодорхой мөнгөн дүн тавигдаагүй ба В-д Мөн барилга угсралтанд хэрэглэгдсэн зарим материал тоног төхөөрөмж гүйцэтгэгчид шилжүүлж зохих үнэлгээгээр гэрээний үнийн дүнгээс хасна гэж тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээ тодорхойлон шаардаж байна гэсэн боловч хэдийгээр ийм заалтыг гэрээндээ тусгасан боловч хичнээн төгрөгийн үнэтэй, ямар төрлийн материалыг хэдэн ширхэгийг, хэдийд, хэрхэн шилжүүлсэн талаар холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Сан-Эрчим ХХК-ийг уг барилгын ажлыг хийж гүйцэтгэхдээ нэхэмжлэгчээс 1000 ширхэг тулаас төмөр авч хийсэн, төмрүүдийг гүйцэтгэгч байгууллагын инженер Ц.Дэшигсүрэнжав, даамал н.Давааням, захиалагч талыг төлөөлж туслах ажилтан О.Жавхлан нар тоолж хүлээлцсэн, уг төмрийн 1 бүрийн үнэ 20 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг гаргуулна гэж шаардсан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчээр оролцсон О.Жавхлан мэдүүлэхдээ: ...2015 оны 10 сарын эхээр хариуцагч талын 3 хүн байсан. Хэн гэдгийг мэдэхгүй, ачаад л явсан. Надад тийм хүнд өгөөрэй гэж тодорхой хэлээгүй, 1000 ширхэг тулаас төмөр байгаа, үүнийг л ачуулж явуулна шүү гэж надад хэлсэн. Тулаас төмрийг урдаас оруулж ирсэн, түүний үнийг би мэдэхгүй... гэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох ач холбогдол бүхий мэдүүлэг гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын зүйл болсон хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх 1000 ширхэг тулаас төмрийн нэг бүрийн үнэ хичээн төгрөг болох, 1000 ширхэг тулаас төмрийг хэдийд, хэнд хэрхэн хүлээлгэн өгсөн талаар холбогдох бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох, баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулахаар заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна гэж шүүх дүгнэв.

Иймээс, шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл болохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сан-Эрчим ХХК-иас 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Отгонсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ